Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/700

 

Н.Б-, С.Н-, М.М- нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

хохирогч, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Баясгалан,

хохирогч, шүүгдэгч С.Н-, шүүгдэгч М.М-, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/534 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Н.Б-, шүүгдэгч М.М- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Б-, С.Н-, М.М- нарт холбогдох эрүүгийн 2006008020841 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

      1. С.Н-, 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

      2. М.М-, 1987 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

      3. Н.Б-, 1966 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

С.Н-, М.М- нар бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт” худалдааны төвийн гадна Н.Б-тай маргалдан улмаар өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Н.Б- нь  2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт” худалдааны төвийн гадна иргэн С.Н-той маргалдаж, улмаар гараараа түүний толгой тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Н-, М.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Н-, М.М- нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Н-, М.М- нарыг тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Н-, М.М- нараас нийт 3.036.660 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Н.Б-д, Н.Б-аас 10.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Н-од тус тус олгож, хохирогч С.Н-, Н.Б- нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Н.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүхээс Н.Б-ыг гэм буруутай гэж үзсэн нь буруу бөгөөд мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хууль бусаар нотлох баримт бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх анхааран үзсэнгүй. Шүүхээс Н.Б-ыг гэм буруутай гэж үзсэн нотлох баримт нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4621 дугаартай дүгнэлт юм. Шүүх дараах нотлох баримтыг буруу үнэлсэн ба хэргийн нөхцөл байдлыг анхааран үзээгүйгээс үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнд, С.Н- нь анхны мэдүүлэгтээ ...тухайн үед би ямар нэг хийлгээгүй, өвчний түүх нээлгээгүй...”  /хх 16/ гэдэг. Гэтэл түүний өвчний түүх хэмээх хаанаас хэн, хэзээ өгсөн нь тодорхойгүй эмчилгээний карт гэх баримт байхад түүнийг хуулийн дагуу цуглуулсан гэж үзсэн буруу болсон. /хх 90/ С.Н-ын өвчний түүхийг үйлдсэн Д.Б гэх хүнээс 4 дүгээр сарын 20-ны өдөр 11 цаг 50 минутаас 12 цаг 30 минутын хооронд мөрдөгч Ц.М нь мэдүүлэг авсан баримт байх бөгөөд энэ мэдүүлэг дээр зурсан гарын үсэг /хх 112-114/ илт зөрсөн байгааг шүүх анхаарсангүй. Мөн фото зургийг хэн авсан нь тодорхойгүй байхад шүүх түүнийг үндэслэл болгосон. /хх 108-109/ Эмч Д.Б нь “тархи доргилт” гэсэн онош тавьж байгаа бол түүнийг ямар техник ба шинжилгээгээр тогтоосон талаарх баримтыг хавсаргах ёстой. Гэтэл ийм баримт байхгүй байна. Тархи доргилт авсан хүн 200 гаруй км замыг автотээврийн хэрэгсэл жолоодон явж чадах уу гэсэн асуулт зүй ёсоор үүсэхийг шүүгч анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, С.Н-ын өвчний түүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 зүйлийн З дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэсэн заалтыг зөрчсөн байгаа тул мөн хуулийн 16.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасны дагуу нотлох баримт болж чадахгүй бөгөөд 16.1 зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” болохыг шүүх анхааран үзсэнгүй. Анхдагч нотлох баримт гэх зүйл нь хуульд заасан шаардлага хангахгүй тул түүнийг үндэслэл болгосон тул Б.Н-од гэмтлийн зэрэг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт мөн нотлох баримт болохгүй. Мөн Н.Б-д учирсан хохирлыг тооцохдоо эд хөрөнгийг үнэлгээнд заасан куртикны үнэ болох 290.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 18.000 төгрөг, MRI төлбөр 260.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох С.Н-оос гаргуулаагүй нь буруу болсон. Иймд Н.Б-ыг цагаатгаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Б.Н-оос нийт 3.530.600 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д олгох тухай” өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлалгүй зөвхөн Н.Б-ын үндэслэлгүй худал мэдүүлэгт үндэслэж намайг гэм буруутайд тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, миний бие 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Эрхэт” худалдааны төвийн гадна өөрийн нөхөр С.Н-ыг Н.Б-тай маргаж, муудаж байхад нь нөхрөө салган авч явсан үйлдэл байгаа болохоос биш нөхөртэйгээ бүлэглэн Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл огт байхгүй болно. Үүнийг тухайн хэргийн газарт байсан гэрчүүд болох О.В.Юр, Ж.Т, мөн манай нөхөр С.Н- болон миний мэдүүлгээр давхар нотлогдоно. Н.Б- гэх хүнийг би огт танихгүй, өш хонзон, өр авлагын асуудал байхгүй. Тэрээр маш дээрэлхүү, уур омог ихтэй хүн байсан. “Prius” унасан гуйлгачид, дээл өмссөн хөдөөний “орк” гэж намайг үг хэлээр доромжилсон. Бас “Би бол баян хүн, шүүх цагдаад танилтай, та хоёрыг шоронд оруулна” гэх зэргээр заналхийлж орилж байсныг нь манай автомашины урд зогсож байсан 05-77 УБУ улсын дугаартай хар өнгийн “Camry” загварын автомашины жолооч харсан, сонссон. Энэ жолоочоос мэдүүлэг авахыг удаа дараа хүссэн боловч хайхралгүй өнгөрөөсөн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь, энэ хэргийн Н.Б-д холбогдох хэсэг нь илт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, санаатайгаар бусдыг гэмт хэрэгт холбогдуулсан, хүн хэлмэгдүүлж яллахад чиглэсэн мөрдөгч, прокурорын хууль бус үйл ажиллагаа байна гээд хэргийг тусгаарлах хүсэлт гаргасан. Хэрэгт авагдсан холбогдогч нарын анхны мэдүүлэг болон Н.Б-д холбогдуулан цуглуулсан баримтууд нэг нь ч нотлох баримтын шаардлага хангаагүй. Хэн, хэзээ, хаанаас, ямар үндэслэлээр хурааж авсан, гэрчийг хаанаас, юунд үндэслэж авчирч мэдүүлэг авсан талаар ямар нэг ч баримт байхгүй байхад Д.Бадамцэцэг гэх хүн “...эмчид үзүүлж байсан, Жаргалант сумын эмч...” гэсэн мэдүүлэг гарч ирсэн бөгөөд уг өвчний түүхийг хэн, хаанаас гаргаж өгсөн, хэн гэдэг мөрдөгч бэхжүүлж авсан нь тодорхойгүй байдаг. Мөн куртикны үнэлгээг 290.000 төгрөгөөр тогтоосныг шүүх шийтгэх тогтоолдоо дурдаагүй. 260.000 төгрөгийн хувьд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээчээр “MRI” шинжилгээ хийлгэж ир гээд мөнгийг нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн байхад шүүх үүнийг дутуу үнэлж оруулсан байсан. Иймд Н.Б-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, гаргуулбал зохих хохирлын хэмжээг 3.530.600 төгрөгөөр тогтоож өгөхийг хүсье. ...” гэв.

            Хохирогч, шүүгдэгч С.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний эхнэр энэ хэрэгт огт оролцоогүй. Үүнийг олон хүн гэрчилнэ. Н.Б- нь хууль зүйн мэдлэг, мэргэжил эзэмшсэн хүн байсан учраас бүлэглэж зодсон гэж Эрүүгийн хуулийн зүйл ангийг хэлж, бичлэг хийж авсан. Н.Б- анхны мэдүүлэгтээ “нэг хүн намайг цагдаа дууд гэж хэлсэн. Би тэр хүний хэлсний дагуу цагдаа дуудсан” гэж мэдүүлсэн. Гэтэл тухайн хүнийг байцаахад “тийм зүйл огт яриагүй, намайг ирэхэд зодсон гээд байж байсан” гэж мэдүүлдэг. Н.Б-ын хувьд намайг автомашин дотор сууж байхад “ядуу, гуйлгачин” гэж дуудаж эхэлсэн тул тэрээр энэ хэрэгт буруутай. ...” гэв.

            Хохирогч, шүүгдэгч С.Н-, шүүгдэгч М.М- нарын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.М-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тухайлбал, шүүх хэргийн байдлыг бүх талаас нь бүрэн бодитой хянаж үзэлгүй шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд, шүүх зөвхөн Н.Б-ын мэдүүлгээр М.М-ыг гэм буруутай гэж дүгнэсэн. Өөр бусад гэм буруутай гэж үзсэн ямар нэг нотлох баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” талаар заасан. Тиймээс Н.Б-ын “М.М- С.Н-той хамтарч намайг зодсон” гэж мэдүүлснийг баталсан нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хэргийн материалд байгаа гэрч О.В.Юрьевин, Ж.Тэгшбаатар нарын мэдүүлгээр тухайн үеийн нөхцөл байдал маш тодорхой байдаг. Иймд М.М-ын бусадтай бүлэглэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдоогүй учраас түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.Н-ын хувьд давж заалдах шатны шүүхийн шатанд хохирол төлбөрт 1.200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх “С.Н-ын хэрэгт авагдсан хохирлын баримт харагдахгүй байна” гээд 10.000 төгрөг гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд хуулбар баримтын эх хувь болох 550.000 төгрөгийн баримт гаргаж өгснийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү. С.Н-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, үлдсэн төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа тул түүний үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

                Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, бусадтай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед халдсан этгээд, учирсан гэмтлийн талаар мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч Н.Б-ын “...2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хажуу талын “Эрхэт” төвийн үүдэнд автомашинтайгаа орох гээд байж байтал *** улсын дугаартаа автомашины жолооч ард тулаад хөдлөхгүй болохоор нь би автомашинаасаа бууж ар талд нь очоод машиных нь копудыг тогшоод “Урдаас автомашинууд гарах гээд байна, жоохон урагшилчихаач, би автомашин гаргаадахъя” гэхэд “Чадахгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Дахин “Жоохон урагшилчихаач” гэхэд бууж ирээд намайг заамдаад зуурахаар нь би гарыг нь тавиулаад түлхэхэд эхнэр нь бололтой дээлтэй эмэгтэй бууж ирээд араас хөл рүү өшиглөхөд нөгөө залуу дахин намайг заамдаад нүүр лүү 4-5 удаа гараараа цохиход эмэгтэй нь араас үсдээд газар унагаагаад, эрэгтэй нь миний баруун гарыг бетон зам дээр нэг хөлөөрөө миний зүүн гарыг гишгэж байгаад нөгөө хөлөөрөө 2-3 удаа дэвсэлсэн. Гэтэл миний зүүн гарын яс нь ёрдойгоод гараад ирсэн байсан. ... жолооч нь үгийн зөрүүгүй “чи машин цохидог хэн бэ” гээд намайг заамдаад авахаар нь би түүний гарыг тавиулаад цохиход миний дух руу 1-2 удаа цохиход миний нүдний шил газарт унасан. Би нүдний шилээ авах гэж байхад миний уруул руу заамдаж байхдаа 3-4 удаа цохисон. Энэ үед түүний эхнэр гэх эмэгтэй машинаасаа бууж ирээд миний зүүн гарын сарвуун дээр дэвссэн. Энэ хооронд түүний эхнэр миний толгой руу 2 удаа өшиглөсөн. ...” /1хх 14-15, 2хх 8-9, 116-117/,

- хохирогч, шүүгдэгч С.Н-ын “...2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын хажуу талын “Эрхэт” төвийн зүүнээс баруун руу явах чиглэлд түгжрээд зогсож байхад жолооч талын арын копуд руу 2-3 удаа хүн цохисон. Тэгээд би толиндоо харахад нэг танихгүй хүн миний автомашины арын дугуй руу өшиглөж байгаа харагдсан. Би цонхоо доошлуулаад “Та яаж байна, яагаад автомашин цохиод байгаа юм бэ” гэхэд “Муу Приус унасан орк минь та нараас болж түгжрэл үүсдэг, урсгал сөрөөд яваад байна шүү дээ” гэхэд нь би “Миний урд талын автомашин хойд талын автомашин бүгдээрээ л явж байна, яагаад над руу уурлаад байгаа юм бэ” гэхэд миний автомашин дээр ирээд манай эхнэрийг харчихаад “Оркууд дээлээ ч гэсэн өмсчихсөн” гэж доромжлоод байсан. Тухайн үед гэр бүлээрээ хөдөө явах гээд манай эхнэр дээл өмсчихсөн байсан. Тэгэхээр нь би “Приус ч гэсэн автомашин шүү дээ” гэхэд “Чиний наад автомашин чинь 10 гаран сая төгрөгийнх, харин минийх 100 гаран сая төгрөгийнх за юу, ялгаа байгаа биз дээ, цагдаа шүүхэд олон танилтай, та хоёрыг шоронд хийнэ шүү” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би эхнэр лүүгээ хараад “Ямар мэдрэл хүн бэ” гэж хэлсэн чинь миний толгойны дагз хэсэгт гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд миний толгой манас хийгээд би автомашинаасаа бууж очоод “Та яаж байна аа” гэхэд хойшоогоо 2-3 алхсан. Тэгэхээр нь би өөдөөс нь алхаад очиход миний зүүн нүд рүү хүчтэй цохисон. Тэгээд би болиулах гээд тэр хүнийг тэврээд авахад намайг цохиод байсан ба намайг мөргөх шиг болоод шүд нь миний толгойн зулай хэсэгт мэдрэгдсэн. ... Миний тархи хөдөлсөн байсан, нэл улайлттай хөхөрсөн байсан, толгойны зулай хэсэг хавдсан байсан. Энэ гэмтлийг надтай маргалдсан Б- гэгч автомашин дотор байхад миний дагз руу хүчтэй 1 удаа цохисон. Автомашинаас гараад “Та яаж байна” гэхэд миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь түүнийг тэврээд авахад миний зулай руу мөргөсөн. ...” /1хх 16-18, 89-90, 239-241, 2хх 115/,

- болсон үйл явдал болон түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч Ж.Т-ийн “...2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэр лүүгээ явж байхад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Эрхэт” худалдааны төвийн ойролцоо байдаг бөөний төвөөс хүнсний ногоо авчихаад гэр лүүгээ явж байхад үл таних 40-50 орчим насны хар өнгийн “Ланд Круйзер” загварын автомашинтай эрэгтэй хүн “Намайг зодчихлоо” гээд гараа үзүүлэхээр нь “Гар чинь яасан юм бэ” гэхэд “Намайг эхнэр, нөхөр хоёр зодсон” гэсэн. Тэгэхээр нь “Гарыг чинь яаж ийм болгосон юм бэ” гэхэд “Тэр хоёр миний гаран дээр дэвссэн” гэж хэлсэн. ...” /1хх 24-25/,

- гэрч О.В.Ю-ы: “... “Эрхэт” худалдааны төвийн урд явж байхад цагаан өнгийн “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан залуувтар эрэгтэй, гарцаас ухарч байсан “Ланд Круйзер” загварын настай жолоочтой маргалдаж эхэлсэн. Миний хувьд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Ингээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан бөгөөд би хэрхэн юу болсон талаар мэдээгүй. Гэхдээ “Ланд Круйзер” унаж явсан настай жолоочийн гараас цус гарсан байдалтай гараа өргөөд яваад байсан. Тэгэхэд “Тоёота Приус” загварын автомашин унаж байсан залуу нь “Ланд Круйзер” унаж байсан настай хүн рүү дайрч давшилсан байдалтай байсан бөгөөд залуугийн араас эхнэр бололтой дээлтэй эмэгтэй татаж чангаагаад байсан. ...” /1хх 184-185/,

- шүүгдэгч М.М-ын “...тэр хүнд метр ч ойртоогүй, нөхрөө салгаж аваад машин руугаа суулгасан. Би тухайн үед доромжлоод байхаар нь уурлаад үл таних хүнд үг хэлсэн байхаа. Би хохирогчийн биед огт хүрээгүй. Хохирогч намайг биед нь халдаагүй байхад худал мэдүүлэг өгч гүтгэж байгаад би гомдолтой байна. Бид хоёр хохирогчийн автомашиныг хааж зогссон зүйл огт болоогүй. Хохирогч эхлээд автомашины хойд салхины шил рүү цохиод, автомашины хойд тал руу өшиглөсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Ийм гэмтэл учруулсан байх ёсгүй, ямар ч зодоон цохион болоогүй. Манай нөхөр хохирогч хоёр бие биеэ түлхэлцсэн. Би автомашиндаа сууж байсан. Би ямар ч гэм буруугүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй. Харин хохирогч худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. ...” /1хх 21-23, 96-97, 2хх 115/ гэсэн мэдүүлгүүд,

- хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1995 дугаартай “1.Н.Б-ын биед зүүн сарвууны 5 дугаар хурууны үе хоорондын ил мултрал, шарх, духны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстын дунд хэсэгт язарсан шарх, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, 1 шүдний булгарал, баруун шилбэний урд доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 7.8. Дээрх гэмтлүүдийн зүүн сарвууны 5 дугаар хурууны үе хоорондын ил мултрал, шарх, духны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстын дунд хэсэгт язарсан шарх, цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин баруун  шилбэний урд доод хэсгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 9.10. Шүдний булгаралт гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алданги 5 хувь алдагдуулна.” /1хх 29-30/ гэсэн дүгнэлт,

- амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1хх 73-83/, “Оргил дент” эмнэлгийн тодорхойлолт /1хх 80/,

-  хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1238 дугаартай: “1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1995 дугаар дүгнэлтийн 1.4 дүгээр хариултын зүүн сарвууны 5 дугаар хурууны үе хоорондын ил мултрал, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 924 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтийн 2 дугаар хариултын зүүн сарвууны 5 дугаар хурууны үе хоорондын ил мултрал гэсэн нь үндэслэлгүй, бусад хариултууд үндэслэлтэй байна. 2. Н.Б-ын биед зүүн сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал шарх, духны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстын дунд хэсэгт язарсан шарх, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, 1 шүдний булгарал, баруун шилбэний урд доод хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хохирогч Н.Б-ын биед зүүн сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал шар гэмтэл учирсан ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Н.Б-ын биед учирсан зүүн сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, шарх, духны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстын дунд хэсэгт язарсан шарх, цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун шилбэний урд доод хэсгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 1 шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1хх 213-217/,

- хохирогч Н.Б-ын хувцсанд учирсан гэмтлийн шинж байдлыг тогтоосон криминалистикийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1489 дугаартай “...2. Шинжилгээнд ирүүлсэн хүрэмд ханзралт, гогдолт гарсан байна. 3. Хүрэмд гарсан 135мм, 30 мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Хүрэмд гарсан 5х15х5мм, 5х5мм, 20х8мм хэмжээтэй гэмтлүүд хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд байна.” /1хх 33-34/ гэсэн дүгнэлт,

- хохирогч С.Н-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4621 дугаартай “1. С.Н-ын биед тархи доргилт, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх 48-49/ гэсэн дүгнэлт,

- хохирогч С.Н-ын биед учирсан гэмтлийн гадна байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх 103-104/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчийн үзлэг /1хх 105-107/,

- оноштой холбогдуулан тайлбар хийсэн гэрч Д.Б-ийн: “...Н- гэх хүн надад 3 удаа үзүүлсэн. Анх 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн орой 21-22 цагийн хооронд, дараа нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр орой 18 цагаас хойш цагийг нь санахгүй байна. Хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө 07 цаг 50 минутын үед тус тус үзүүлсэн. Анх 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Н- нь үзүүлэхдээ түүний зүүн нүдний хөмсөгний доод өнцөгт хөхөлбөр туяатай бага зэрэг улаагаад хөхөрсөн нүдний салст руугаа улайсан байсан ба нүүрэнд өөр гэмтэл байхгүй хүзүүний урд хэсгээс эгэм хүртлээ самардуулсан юм шиг зулгарсан шинэ 10-аад шархтай байсан. Энэ гэмтлийг яаж авсан бэ гэхэд үл таних хүн хувцасны захаас заамдсанаас болоод үүссэн гэсэн. Хүзүүнд учирсан шарх нь ойролцоогоор 10-аад см орчим урттай байсан. Хүзүүний хойд талд болон биед өөр шарх сорви байхгүй байсан. Би өмнө нь бичиж өгсөн эмчилгээгээ үргэлжлүүлээд бичиж өгөөд “Одоо над дээр ирээд хэрэггүй, чи КТГ-т үзүүл” гэж хэлэхэд үзүүлээгүй байсан. Тэгээд чимээгүй байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө “Эмчээ миний толгой өвддөг зовиур арилахгүй, зүүн нүд бүрэлздэг болоод байна” гэхээр нь” КТГ хийлгэ” гээд ганц хоёр эм бичиж өгсөн байхаа. Би тархи доргилт гэх гэмтлийг бодит үзлэг, асуумж хоёрыг үндэслээд энэ оношуудыг тавьсан. ...” /1хх 112-114/ гэсэн мэдүүлэг,

 - хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1189 дугаартай “1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4621 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. С.Н-ын биед тархи доргилт, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Шинжээч эмч Ш.Ц нь хохирогч С.Н-ын биед учирсан гэмтлийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн үзлэг болон 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Д.Бадамцэцэг эмчийн үзлэгээр гэмтлийн зэргийг тогтоосон байна. 4. Эмч Б нь С.Н-ыг үзэж зовуурь, мэдрэлийн үзлэгээр илэрсэн өөрчлөлтүүдэд үндэслэн тархи доргилт гэж оношилсон байна. 5. Амбулаторийн картад тусгагдсан 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн С.Б эмчийн үзлэг болон шинжээч эмчийн үзлэгээр гэмтлийн зэрэг тогтоосон нь үндэслэлтэй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” /1хх 197-198/ гэсэн дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн судлахад,  

шүүгдэгч Н.Б-, С.Н- нар нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт” худалдааны төвийн гадна, “Автозам чөлөөлсөнгүй” гэх шалтгааны улмаас харилцан маргалдах явцдаа, С.Н- нь Н.Б-ыг цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Н.Б- нь С.Н-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед, хохирогч С.Н-ын “...эмч Д.Бадамцэцэгт үзүүлсэн гэх нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэж, гаргаж өгсөн...” байж болзошгүй үйлдлийг шалгасны эцэст прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 4321 дугаартай тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Хохирогч С.Н-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор удаа дараагийн шинжилгээ хийхдээ түүний биед хийсэн үзлэгийн үр дүн, амбулаторын картад тусгагдсан эмчийн үзлэг, онош зэрэгт үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд эдгээрийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Түүнчлэн дээрх шинжилгээг хийлгэх болон холбогдох гэрчээс мэдүүлэг авах явцад хууль сануулсан, шинжээч нар нь гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээдүүд байх тул шинжээчийн дүгнэлтийг гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймээс хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-, С.Н- нарын гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоожээ.

Харин прокуророос шүүгдэгч М.М-ыг С.Н-той бүлэглэн Н.Б-тай маргалдаж, улмаар өшиглөх, цохих зэргээр биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болсон байна.

Учир нь, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад хохирогч Н.Б- нь “...жолооч нь бууж ирээд намайг заамдаж зуурахаар нь би гарыг нь тавиулаад түлхэхэд эхнэр нь бололтой дээлтэй эмэгтэй бууж ирээд араас хөл рүү өшиглөхөд нөгөө залуу дахин намайг заамдаад нүүр лүү 4-5 удаа гараараа цохиход эмэгтэй нь араас үсдээд газар унагаагаад эрэгтэй нь миний баруун гарыг бетонон зам дээр нэг хөлөөрөө миний зүүн гарыг гишгэж байгаад нөгөө хөлөөрөө 2-3 удаа дэвсэлсэн...” гэж өөрийн биед халдсан этгээдүүдийн үйлдэл оролцооны талаар мэдүүлдэг боловч болсон үйл явдлын талаар мэдүүлсэн хөндлөнгийн этгээдүүд болох гэрч Ж.Т-аас “...Ланд Круйзер загварын машинтай 40-50 орчим насны эрэгтэй хүн намайг эхнэр, нөхөр хоёр зодчихлоо гэж хэлсэн...” гэж, гэрч О.В.Ю-ээс “...Приус загварын машин унаж явсан залуу нь Ланд Круйзер загварын машин унаж явсан настай хүн рүү дайрч давшилсан байдалтай байсан бөгөөд залуугийн араас эхнэр нь бололтой дээлтэй эмэгтэй татаж чангаагаад байсан ... болсон асуудлыг тодорхой хараагүй болохоор санахгүй байна...” гэж тус тус мэдүүлжээ.

Үүнээс үзвэл, шүүгдэгч М.М- нь хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хохирол учруулах ямар үйлдэл хийсэн нь тодорхой бус, эргэлзээтэй байх бөгөөд хохирогч Н.Б-ын мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.

Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд энэ нь манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай зохицуулалт нь мөрдөгч, прокуророос хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг гүйцэд бүрдүүлж, хэргийг шүүхэд шилжүүлсний эцэст хэрэгт цугларсан баримтуудаар хэргийн үйл баримтыг бодитой тогтоож чадаагүй, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайг хөдөлбөргүй тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхэд эргэлзээ үүссэн тохиолдолд сая тэдгээрт ашигтайгаар буюу гэм буруугүйд тооцож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт юм.

Дээрх байдлаас дүгнэлт хийхэд, шүүгдэгч М.М- нь С.Н-той бүлэглэн  Н.Б-тай маргалдаж, улмаар өшиглөх, цохих зэргээр биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хэрэгт цугларч, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу прокуророос М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд, энэ талаар гаргасан шүүгдэгч М.М-ын давж заалдах гомдлыг хүлээн авав.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан, прокуророос С.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

Хохирогч Н.Б-ын зүгээс өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардалд нийт 3.530.600 төгрөгийг нэхэмжилснээс Шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт төлсөн 8000 төгрөг /1хх 28/, ХУДЭМТ-д боолт хийлгэхэд төлсөн  32.400 төгрөг /1хх 78-79/, “Оргил дент” эмнэлэгт имплант хийлгэхэд төлсөн 2.900.000 төгрөг /1хх 80, 2хх 107/, эм тариа авсан 35.660 төгрөг /1хх 81, 2хх 109/, MRI шинжилгээ хийлгэхэд төлсөн 260.000 төгрөг /2хх 109/, гэмтсэн куртикны үнэлгээ болох 216.000 төгрөг /1хх 40/, уг үнэлгээг хийлгэхэд төлсөн 18.000 төгрөг /1хх 38/, нийтдээ 3.470.060 төгрөгийн хохирол баримтаар тогтоогдсон бол томографийн шинжилгээ хийлгэхэд төлсөн гэх 160.000 төгрөг, СиДи бичлэг хуулбарлахад төлсөн гэх 15.000 төгрөгийн зардлыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй байх ба шатахуун, гараж, зогсоолын зардалд төлсөн гэх 141.000 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Харин хохирогч С.Н-ын зүгээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардалд нийт 590.680 төгрөгийг нэхэмжилснээс Шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт төлсөн 8000 төгрөг /1хх 47/, эм тариа авсан 52.680 төгрөг /1хх 108/, эмчилгээний төлбөрт 530.000 төгрөг /1хх 109/, нийтдээ 590.680 төгрөгийн хохирол баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Н.Б-, С.Н- нарын шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж шийдвэрлэсэн гэх боловч энэ талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтын шаардлагад нийцүүлэн дээрх байдлаар нөхөн дүгнэж, хохирогч Н.Б-д учирсан 3.470.060 төгрөгийн хохирлоос тус шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч С.Н-оос нөхөн төлсөн 1.214.664 төгрөгийг хасч, үлдэх 2.255.396 төгрөгийг түүнээс гаргуулахаар, хохирогч С.Н-од учирсан 590.680 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Б-аас гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж хууль хэрэглэх журмыг тогтоосон бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд шүүгдэгч Н.Б-, С.Н- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хамаарч байх тул шүүхээс тухайн зүйлд зааснаар Н.Б-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, С.Н-од оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, гэм буруу, шинжээчийн дүгнэлт, хохирлын асуудлаар маргасан хохирогч, шүүгдэгч Н.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хэлбэр, бүтцэд тавигдах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 3 дахь хэсгийн 3.1, 3.5 дахь заалтуудын шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч С.Н-, М.М- тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлж чадаагүйгээс гадна, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох” саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, түүнчлэн шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хөнгөн төрлийн ялыг сонгож оногдуулах болсон шалтгаан үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангасан, хэрэгсэхгүй болгосон, эсхүл хэлэлцэхгүй орхисон эсэх үндэслэлүүдийг огт тусгаагүй, үүнийгээ давж заалдах шатны шүүхээр нөхөн гүйцэтгүүлдэг зөрчил олон удаа давтагдаж байгааг цаашид анхааруулж тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/534 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч М.М-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “С.Н-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, С.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж,

- 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг...” гэснийг ард “...505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг...” гэснийг нэмж, “...3.036.660 төгрөгийг...” гэснийг “...2.255.396 төгрөгийг...” гэж, “...10.000 төгрөгийг...” гэснийг “...590.680 төгрөгийг...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас, шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Хохирогч, шүүгдэгч Н.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН