Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 110/ШШ2023/0015

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                           зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                                 болгох тухай

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, тус аймгийн  Прокурорын газраас, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Б холбогдуулан гаргасан, “Эрх бүхий албан тушаалтан Т.Б  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №0001821 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”  шаардлагатай 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн дагуу захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд,

Миний бие байгаль орчны хяналтын улсын байцаагч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №0001821 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн М.С-т гаргасан зөрчилд нь торгууль оногдуулсан. Энэхүү зөрчлийн хэрэг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас манай аймгийн Прокурорын газарт шилжиж ирсэн бөгөөд хяналтын прокуророос надад “энэ хэргийн хугацаа нь дуусаж байгаа юм байна ,3 хоногт багтаагаад хянан шийдвэрлээрэй” гэснээр нь би энэхүү зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, дээрх шийтгэлийн хуудсыг бичсэн байсан. Харин хугацааг сунгасан нь хууль зөрчсөн эсэхийг би мэдээгүй. Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

            Баян-Өлгий аймгийн  Прокурорын газрын ерөнхий прокуророос “Эрх бүхий албан тушаалтан Т.Б  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №0001821 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлагатай  дүгнэлт гаргасан ба маргаан бүхий захиргааны акт болох   тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Б  гаргасан уг шийтгэлийн хуудсаар иргэн М.С Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300 000 төгрөгөөр  торгож,  хохирол нөхөн төлбөрт 1000000 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

            Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3-т мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг орон тоо, төсөв, ашиглаж буй компьютер техник, хэрэгслийн хамт одоо эрхэлж байгаа чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасан байгууллагад шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах” гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Т.Б  тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2023 оны оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/19 дугаартай тушаалаар байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилон ажиллуулсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

             Тухайн шийтгэл оногдуулсан шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтан болох одоо  тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа хариуцагч Т.Б нь “2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0001821 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” Баян-Өлгий аймгийн  Прокурорын газрын ерөнхий прокуророос гаргасан дүгнэлтийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар  гаргасан байна.

            Хариуцагч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн  Прокурорын газрын  Эрх бүхий албан тушаалтан Т.Б  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0001821 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох  шаардлагатай 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын нэхэмжлэлтэй /дүгнэлт/, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Б холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого  болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

     ШҮҮГЧ                                          С.ЕРКЕШ