Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 81

 

С.Ц нарын 9 иргэний нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                     Х.Батсүрэн

                                     Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын гаргасан “А” ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээг нэхэмжлэгч нарын газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах шийдвэр олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах тухай.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “А” ХХК-ийн газартай давхардаж, орц, гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй С.Ц нарын 9 иргэнийг нүүлгэж, газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн Газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд тус тус даалгах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/730 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0886 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч С.Ц, С.Цо, С.Б, Б.Э,

Нэхэмжлэгч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г,

Нэхэмжлэгч Б.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н,

Нэхэмжлэгч Б.Э-гийн өмгөөлөгч Л.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Д.Б нар,

Гуравдагч этгээд “А” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/730 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 27, 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ц, С.Цо, Ч.Д, С.Б, С.Б, С.Б, А.Ж, П.Э, Б.О нарын гаргасан ““А” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан, Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дээрх 9 иргэний оршин суудаг газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “нэхэмжлэгч 9 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “А” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0886 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд “А” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Тус компанийн хууль ёсны дагуу ашиглах эрх бүхий газар нь урд болон баруун хэсгээрээ бусдын эзэмшил газартай шууд хиллэдэг. Маргаан үүсгэж буй иргэд буухаас өмнө зүүн талаасаа орц гарцтай байсныг Ч.Д нарын иргэд зүүн болон хойд хэсгийг таглан манай газар дээр өөрсдийн дураар зөвшөөрөлгүйгээр бууж, үлдсэн хэсэгт ямар ч орц, гарцгүй, тээврийн хэрэгсэл байтугай явган хүн орох боломжгүйгээр хааж өөрсдийн хашааг барьсан.

4. ...Газрын асуудал хариуцсан төрийн байгууллага, түүний ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд иргэд нь эхлээд дээр дурдсанчлан эхэндээ зөвхөн гэр барин бууж, байгаад улмаар тойруулан зөвхөн хашаа төдийг барьдаг бөгөөд ямар нэгэн зөвшөөрөлгүй учраас байшин барилга барьдаггүй, хэзээ нэг цагт нүүх болохоо эртнээс ойлгож мэддэг.

5. Иргэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 9 иргэн нь Зайсангийн аманд төрж өссөн, он удаан жил амьдарсан уугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн ... хорооны иргэд гэжээ. Гэтэл иргэн Ч.Д нь анх Зайсангийн аманд зөвшөөрөлгүйгээр амьдардаг байсан бөгөөд бусдын эзэмшил газар тул тэндээс хөөгдөн улмаар манай газар дээр нэг өвөл л өвөлжье, хавар нүүнэ гэж гуйж амьдарсан. Улмаар өөрийн хүүхдүүд болох С.Б, С.Ц, С.Б нарт задгай гэр барин амьдарч хэлсэн нь эхний зурагнаас илт нотлогдож байна. Анх амьдарч байсан газар нь манай ашиглах эрх бүхий газраас 1 км хүрэхгүй газарт байсан бөгөөд тухайн газарт байх үедээ авсан тодорхойлолт, бүртгэлийн дэвтрээ ашиглан уг газарт он удаан жил амьдарсан уугуул иргэд хэмээн шүүхийг төөрөлдүүлэн итгүүлэхийг оролдож буй нь бодит байдалд нийцэхгүй.

6. Эдгээр иргэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хүрээнд өөрсдийн амьдарч буй газраа бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэхээр хандсан боловч дээрх ажлын хэсэг судалж үзээд “хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглах эрх олгох боломжгүй” гэж шийдвэрлэсэн. Учир нь хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчих тул мөн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тухайн газрын ашиглах эрхийг шийдвэрлэдэг яам шалгаж үзээд боломжгүйг тогтоогоод байхад шүүхэд хандан, худал хуурмаг материал бүрдүүлж хууль зөрчихөөр хандаж байгаа нь зүйд нийцэхгүй.

7. Иймд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шүүхэд гаргасан тайлбар болон бодит нөхцөл байдлын хувьд илтэд тодорхой нь иргэдийн хууль ёсны газар ашиглах эрхийг хөндөж “А” ХХК-д давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон бус, харин иргэд тус компанийн хууль ёсны эрх ашиг, хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчин, хууль бусаар оршин сууж байна. Тиймээс эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 352 дугаар тогтоолоор заасан нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүйгээс хэргийн оролцогчдын тайлбарын үндэслэл болж буй нотлох баримтууд зөрүүтэй хэвээр байна гэж үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасанд нийцсэн байна.

9. Маргааны үйл баримтад холбогдох гуравдагч этгээдийн “...“А” ХК-ийн нэрээр 1994 онд дуудлага худалдаагаар авсан Зайсан дахь эмийн баазын барилга”-ын газар, 2007 оны 4... дугаар газар ашиглах гэрчилгээгээр баталгаажсан 0.8 га газар нь нэг газар болох талаарх баримтууд хангалттай биш байна. Шинжээчийн дүгнэлтийн хавсралт зургаар үзүүлсэн “гуравдагч этгээдийн ашиглаж буй газар дээрх 2 объект”-ыг нэхэмжлэгч нараас “Ч гэдэг хүний байшингууд, эдгээрийг гуравдагч этгээд худалдаж авсан” гэж, гуравдагч этгээдээс “...эмийн үйлдвэрийн угаалгын газар, агуулах” гэж зөрүүтэй тайлбарласнаас үзвэл, нэхэмжлэгч нарын “...1994 болон 2007 оны газрууд өөр өөр...” гэх, гуравдагч этгээдийн “...ашиглаж байгаа газрыг анх 1994 онд дуудлага худалдаагаар 2 давхар объект худалдан авч ашиглаж эхэлсэн” гэх тайлбаруудын үндэслэл болгож байгаа нотлох баримтууд бүрэн шалгагдаагүй, иймээс маргаантай уг байдлыг баримтаар тогтоож, дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.

10. Анхан шатны шүүх эргэлзээтэй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч А.Ж “...ажилчдын байрны .... тоотод 1987 оноос хойш оршин суусан, ...худалдаж авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан, иргэн Б.Э-гийн /эхнэр/ хүсэлтийн дагуу шүүх түүнийг эрх залгамжлагчаар оролцуулсан, Б.Э маргаан бүхий газарт 556.35 м.кв газар ашиглах эрхийг 2015 онд авсан, А.Ж-гийн “хашаалсан” гэх газрын зарим хэсэг газар нь гуравдагч этгээдийн газарт давхцалтай талаар шинжээчийн дүгнэлт гарсан, шүүх А.Ж-гийн газар ашиглах эрх зөвхөн оршин сууж байсан байрны хэмжээгээр хөндөгдөнө гэж үзжээ. Нэхэмжлэлийн үндэслэл, эрх залгамжлагчийн тайлбар зэргээс үзвэл А.Ж, эрх залгамжлан авсан Б.Э нарын ашиг сонирхол өөр өөр гэж үзэхээр байхад Б.Э нь “эрх залгамжлан авбал зохих этгээд” болох эргэлзээгүй баримтыг шүүх авч, шалгаагүй байна.

11. Нэхэмжлэгч нарын маргаж буй газарт амьдарч байсан хугацаа, нөхцөл зэрэг нь өөр өөр, хариуцагчаас “...газар ашиглах эрх бүхий этгээдийн газарт давхцалтай гэж нэхэмжлэгч нарын оршин сууж буй газрыг гэрчилгээжүүлэх”-ээс татгалзсан, зарим нэхэмжлэгч нарын хувьд гуравдагч этгээдэд “тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх” үүсэхээс өмнө нь төдийгүй тухайн харилцааг зохицуулсан 1994 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө маргаан бүхий газарт “он удаан жил” оршин суусан байж болох зэрэг нөхцөл байдлыг, нэхэмжлэгч тус бүрийн шаардлагын үндэслэлд холбогдуулан дүгнэж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзнэ.

12. Иймд, гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирлын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0886 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ