Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/00289

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/00289

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч 

Гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 35 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч:Э.А,

хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Ч

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

/Хариуцагч Г.Гт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.С хариуцагч Г.Гт холбогдуулан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 35 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: нэхэмжлэгч М.С хамтран амьдрагч Л.Дөөс салж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгож, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах асуудлаар өмгөөлөгч Г.Гтэй уулзсан байдаг. Г.Г нь гэр бүлийн хэрэг маргаанд туршлагатай гэж хэлсэн тул түүнд итгэж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ****** тоот гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр 35 000 000 төгрөгийг ***************************** тоот Төрийн банкны Г.Гийн дансанд төлсөн. Харин Г.Г нь шүүхийн тэмдэгтийн хураамж төлөх дансыг Төрийн сан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ********* тоот дансыг өгсөн бөгөөд би 6 239 845 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тушаагаад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл маргааш нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс залгаж өгсөн материал буцаасан, улсын тэмдэгтийн хураамж буруу дансанд дутуу тушаасан, шүүхээс буцаасан байдаг. Материалаас харахад Г.Г өмгөөлөгчийн өгсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн данс буруу мөн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг дутуу төлсөн мөн хамтын амьдралтай байсан гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дутуу гаргасан, түүнд холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байсан. Г.Г өмгөөлөгчид энэ хэргээ даатгаж, өмгөөлөгчөөр ажиллуулах итгэлгүй байгаа тухайгаа утсаар мэдэгдсэн бөгөөд Г.Г өмгөөлөгч урьдчилгаанд төлсөн мөнгийг буцааж төлнө гэсэн боловч, өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн мөнгө өгөөгүй. Дээр дурдсан өмгөөлөгчийн хариуцлагагүй үйлдэл нь Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 1 зүйлийн 1.2-т заасан өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг бүрэн дүүрэн тууштай хамгаална гэдгийг зөрчиж байх тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу гэрээнээс татгалзаж байна. Иймээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өмгөөллийн үйлчилгээ ****** тоот гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 35 000 000 төгрөгийг хуульд заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч М.С өөрөө дахин нэхэмжлэл гаргаж, Л.Дтэй эд хөрөнгийн талаар эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа. Энэ нь захирамжаас харагдана. Г.Г нь ямар нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлээгүй хэрнээ нэмэлт гэрээний 1.4-т зааснаар урьдчилгаа төлбөрт өгсөн төлбөрийг буцаан төлөхгүй гэсэн заалтыг хэлээд татгалзах нь үндэслэлгүй. Энэ нь Г.Г өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэл, үйлчилгээ нь үйлчлүүлэгчид ямар нэгэн үр ашиг, үр дүн өгөөгүй. Хуулиар хүлээн зөвшөөрөгдөх улсын тэмдэгтийн хураамж төлөх асуудал хуульч хүний анхан шатны мэдлэг. Тухайн үед татварын сайтаар ороод улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн даалгавар үүсгээд төлдөг байсан. Төлбөрийн даалгаврыг шүүх дээр ирээд үүсгүүлэх эсхүл өөрөө сайтруу ороод төлбөрийн даалгавар үүсгэж болдог. Тэгтэл Г.Г нь төлбөрийн даалгавар үүсгүүлээгүй шууд утсаар данс авсан гэдэг утсаар яриад төлбөрийн даалгавар үүсгүүлээд данс авсан гэвэл өөр байх. Гэтэл шууд данс авсан гээд ярьж байгаа нь тухайн хүний мэргэжил, өөрчлөлт шинэчлэлтэд хир дүйцэж ажиллаж байсан бэ гэдгийг харуулах байх. Талуудын байгуулсан гэрээг харах юм бол нэр, үнийн дүнг л гараар бичсэн, бусад хэсгийг шивсэн байгаа. Үүнээс харахад бэлэн гэрээнд гарын үсэг зуруулдаг бөгөөд энэ нь нөхөх байдлаар хийдэг стандарт гэрээ байгаа юм.  Г.Гийн яриад байгаа энэ хүн салаагүй гээд байгаа үндэслэл нь хамаагүй, үндсэн өмгөөллийн үйлчилгээгээ цуцлаад энэ хүнд итгэл найдвар тавьж чадахгүй байгаа зүйл нь энэ хүний мэргэжлийн ур чадвар, гэр бүлийн хэрэг маргаанд хангалттай туршлагатай биш байна, тийм учраас энэ хүнд их хэмжээний өмч хөрөнгө, хүүхдүүдийнхээ ирээдүйн хувь тавилантай холбоотой зүйлийг даатгаж өгч чадахгүй гэдэг байдлаар татгалзсан. Тийм учраас гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.Г шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:  Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Өмгөөлөгч Г.Гийн өгсөн данс болох Шүүхийн ерөнхий зөвлөл ААлбаны ********* тоот дансанд улсын тэмдэгтийн хураамж төлж нэхэмжлэлээ гаргасан" гэсэн байдаг. Уг нэхэмжпэлийг гаргах үед Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг шуудангаар авч байсан бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөх дансны мэдээллийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас авсан байдаг. Ийнхүү мэдээлэл лавлагааны ажилтны өгсөн дансаар Улсын тэмдэгтийн хураамж тушаасан боловч буруу дансанд тушаасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шүүгчийн захирамж гарсан бөгөөд өмгөөлөгчийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүсэлт гаргаж тэмдэгтийн хураамжид төлсөн 6,239,250 төгрөг, 70,200 төгрөгийг нэхэмжлэгч М.Сгийн дансанд буцаан шилжүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамж М.Сгийн дансанд орсны дараа буюу 2021 оны 11 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар М.Стэй уулзахад Нэхэмжлэлээ гаргахгүй түр байж байгаарай хэмээн хойшлуулсан бөгөөд үүнээс 7 хоногийн дараа надтай холбогдож нөхөртэйгөө эвлэрсэн, нэхэмжлэл гаргахаа болилоо гэсэн. Уг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжпэгчийн нэхэмжлэлд дурдаж буй өмгөөлөгчийн үйл ажиллагаанд итгэлгүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаагүй бөгөөд эсрэгээрээ маргаан бүхий асуудлаар шүүхэд хандахааргүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд 2021 оны 10 сарын 12 өдөр байгуулсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3.2-т заасан Нэмэлт гэрээ-г мөн өдөр байгуулсан бөгөөд нэмэлт гэрээний 1.4-т Урьдчилгаа төлбөрт өгсөн төлбөрийг буцаан төлөхгүй болно гэж заасан нөхцөлийг талууд харилцан хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Түүнчлэн өмнө дурдсанчлан нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах үндэслэл нь өмгөөлөгчийн тэмдэгтийн хураамж буруу тушаасан үйлдлээс болоогүй бөгөөд маргаан бүхий асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахаа больсноос үүдэн гэрээнээс татгалзаж байгаа нь нэхэмжлэлд дурдсан гэрээг цуцлах үндэслэл болж буй заалтад хамаарахгүй байна. Тодруулбал, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 7.1.4-т Гэрээний талууд энэ гэрээнд хориглосон хууль зөрсөн үйлдэл явуулсан тохиолдолд хэдийд ч цуцлах эрхтэй бөгөөд цуцлах мэдэгдлийг нөгөө талдаа 5 хоногийн өмнө бичгээр өгнө. гэсэн заасан бөгөөд Өмгөөлөгч нь гэрээ болон хуулиар хориглосон үйл ажллагаа явуулаагүй төдийгүй үйлчлүүлэгчийн зүгээс гэрээг цуцлах талаар згдох мэдэгдлийг өгөөгүй болно. Дээр дурдсанаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах нөхцөл бүрдээгүй, Нэмэлт гэрээнд урьдчилгаа төлбөрийг буцаан төлөхгүй байхаар талууд харилцан тохиролцсон тул гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрийг нэхэмжилж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд М.Сгийн тус шүүхэд гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч тайлбартаа: Хариуцагчийн гаргаж өгсөн хариу тайлбарыг дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад ярьсан гэрээний үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, М.Сд хохирол учруулахаар нөхцөл байдал байсан гэж тайлбарлалаа. Г.Г гэдэг хүн гэрээний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлж чадсан, чадаагүйгээс үл хамааран гэрээг дуусгавар болгож байгаа юм байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч стандарт нөхцөлтэй гэрээний заалтыг нэхэмжлэлдээ тусгаагүй байна. Гэрээний нөхцөл өөрөө стандарт нөхцөлтэй хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага байх ёстой. Нэмэлт гэрээний 1.4 зүйл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.2 зүйл энэ зохицуулалтууд нь стандарт нөхцөлтай гэрээ, иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 5 үндэслэлүүдийг хүчин төгөлдөр бус байна. Тиймээс энэ гэрээний зохицуулалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгөөчээ гэсэн нэхэмжлэлийн шаардлага байх ёстой гэж ойлгож байна. Яагаад гэхээр энэ нь өөрөө 56 дугаар зүйлд заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш. Хүчин төгөлдөр мөн үү биш үү гэдгийг шүүх тогтоох юм. Асуулт хариултын хүрээнд М.С гэдэг хүн гэрээг хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан нь талууд гэрээний нөхцөлөө өөрсдөө тогтоогоод, өөрсдөө хүлээн зөвшөөрөөд зурсан. Үнэ дээр үнийг их гэдэг юм уу, эсхүл үндэслэлгүй хөрөнгө тогтоосон гэдэг зүйл ярих нь боломжгүй юм. Өмгөөллийн үйлчилгээ бол тогтоосон тариф байхгүй, тухайн өмгөөлөгч өөрийгөө ямар үнээр үнэлж байгаа тэрнээс шалтгаалж гэрээний үнэ өөр байгаа. Гэрээний үнийн дүнг талууд харилцан тохиролцсон зүйл дээр их, бага байна гээд үндэслэлгүйгээр тогтоосон үнэ гээд шүүхэд үнэлэлт хийх боломж байхгүй. Харин талууд чөлөөт байдлын дагуу байгуулсан гэрээн дээрээ тодорхой нөхцөлийг тусгасан байх гэсэн үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж байгаа юм. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж харж байна. Гэрээний 7.1.4 зүйлийг дурдаад нэхэмжлэл гаргаж байгаа, тэр заалт нь гэрээг цуцлах агуулгатай. Талуудын байгуулсан гэрээнд гэрээнээс татгалзах талаар зохицуулаагүй, гэрээг цуцлана гэсэн заалтыг дурдчихаад, нэхэмжлэл гаргахдаа гэрээнээс татгалзана гэж гаргасан. Хууль хэрэглээний хувьд нэхэмжлэгчийн гаргасан шаардлага буюу гэрээнээс татгалзаж байна гэдэг нь боломжгүй байна гэж үзэж байна. Мөн хариуцагч нь гэрээгээр хориглосон, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзлаа гээд байгаа, бодит байдал дээр гэрээнээс ингэж татгалзлаа гэсэн зүйл бичсэн юм байхгүй. Тухайн үед өмнө нь ийм алдаа гаргасан үүнээс болж гэрээгээ цуцлая, мөнгөө авъя гээд бичгээр өгөх ёстой байсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн дурдаж гэрээнээс татгалзаж байна гэж байна, гэтэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд талууд гэрээнээс татгалзвал нөгөө талдаа мэдэгдэнэ гэж байгаа. Мэдэгдсэн талаар баримт хэрэгт байхгүй. Энд дурдсан үндэслэлээр шүүх маргааныг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс хэрэгт Төрийн банкны 2021.11.01-ний өдрийн 35 000 000 төгрөг Г.Гийн дансанд М.Сэс шилжүүлсэн баримт, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2022.06.10-ны өдрийн ********тоот, М.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2021.10.12-ны өдрийн № ****** өмгөөлөгч Г.Г, М.С нарын хооронд байгуулагдсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2021.10.31-ний өдрийн №****** Нэмэлт гэрээ, Төрийн банкны М.Сгийн харилцах дансны 2021.11.17-ний өдрийн гүйлгээний хуулга, 2021.11.08-ны өдрийн 183/ШЗ2021/***** нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэргийг ирүүлсэн.

Талуудын хүсэлтээр иргэн-2014 программаас М.Сгийн нэхэмжлэлтэй Л.Дд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэхэд болон тус шүүхийн шүүгчийн 2012.12.07-ний өдрийн 183/ШЗ2021/***** дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг уншиж танилцуулж, энэ тухай үзлэгийн тэмдэглэл үйлдэж, захирамжийн хамт хэрэгт хавсаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: нэхэмжлэгч М.С хамтран амьдрагч Л.Дөөс салж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгож, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах асуудлаар өмгөөлөгч Г.Гтэй уулзсан байдаг. Г.Г нь гэр бүлийн хэрэг маргаанд туршлагатай гэж хэлсэн тул түүнд итгэж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ****** тоот гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр 35 000 000 төгрөгийг ***************************** тоот Төрийн банкны Г.Гийн дансанд төлсөн. Гэвч Г.Г нь ...улсын тэмдэгтийн хураамж буруу дансанд, дутуу тушаалгаж шүүхээс буцаасан байдаг. Материалаас харахад Г.Г өмгөөлөгч нь ...хамтын амьдралтай байсан гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дутуу гаргасан, түүнд холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байсан. Г.Г өмгөөлөгчид энэ хэргээ даатгаж, өмгөөлөгчөөр ажиллуулах итгэлгүй байгаа тухайгаа утсаар мэдэгдсэн бөгөөд Г.Г өмгөөлөгч урьдчилгаанд төлсөн мөнгийг буцааж төлнө гэсэн боловч, өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн мөнгө өгөөгүй. Дээр дурдсан өмгөөлөгчийн хариуцлагагүй үйлдэл нь Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 1 зүйлийн 1.2-т заасан өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг бүрэн дүүрэн тууштай хамгаална гэдгийг зөрчиж байх тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу гэрээнээс татгалзсан, энэ талаараа утсаар ярьж хэлсэн. гэж тайлбарлав.

Хариуцагч ...улсын тэмдэгтийн хураамж төлөх дансны мэдээллийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас авсан байдаг. Ийнхүү мэдээлэл лавлагааны ажилтны өгсөн дансаар Улсын тэмдэгтийн хураамж тушаасан боловч буруу дансанд тушаасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шүүгчийн захирамж гарсан бөгөөд өмгөөлөгчийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүсэлт гаргаж тэмдэгтийн хураамжид төлсөн 6,239,250 төгрөг, 70,200 төгрөгийг нэхэмжлэгч М.Сгийн дансанд буцаан шилжүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамж М.Сгийн дансанд орсны дараа буюу 2021 оны 11 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар М.Стэй уулзахад Нэхэмжлэлээ гаргахгүй түр байж байгаарай хэмээн хойшлуулсан бөгөөд үүнээс 7 хоногийн дараа надтай холбогдож нөхөртэйгөө эвлэрсэн, нэхэмжлэл гаргахаа болилоо гэсэн. Уг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж буй өмгөөлөгчийн үйл ажиллагаанд итгэлгүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаагүй бөгөөд эсрэгээрээ маргаан бүхий асуудлаар шүүхэд хандахааргүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа гэж үзэх үндэслэлтэй. ... нэмэлт гэрээний 1.4-т Урьдчилгаа төлбөрт өгсөн төлбөрийг буцаан төлөхгүй болно гэж заасан нөхцөлийг талууд харилцан хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Түүнчлэн өмнө дурдсанчлан нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах үндэслэл нь өмгөөлөгчийн тэмдэгтийн хураамж буруу тушаасан үйлдлээс болоогүй бөгөөд маргаан бүхий асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахаа больсноос үүдэн гэрээнээс татгалзаж байгаа нь нэхэмжлэлд дурдсан гэрээг цуцлах үндэслэл болж буй заалтад хамаарахгүй байна. гэж тайлбарлажээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ****** тоот гэрээг, 2021.10.31-ний өдрийн №****** Нэмэлт гэрээг тус тус бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч нь хэлэлцэн тохирсон үйлчилгээний хөлс төлөхөөр тохиролцсон байх ба гэрээний зүйл нь иргэний хэрэгт нэхэмжлэгчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэж заажээ./хх-ийн 8-11/

 

Түүнчлэн нэмэлт гэрээг ****** дугаар гэрээний үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөх харилцааг зохицуулахаар байгуулсан байх ба талууд үйлчилгээний хөлсийг 50 000 000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 35 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний дагуу М.С 2021.11.01-ний өдөр хариуцагч Г.Гийн Төрийн банкны дансанд 35 000 000 төгрөгийг өмгөөллийн урьдчилгаа гэж шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна. /хх-ийн 4/

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. гэж заажээ.

4. Талууд хооронд байгуулсанд гэрээгээр гэрээний зүйлийг иргэний хэрэгт нэхэмжлэгчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх-ээр тохиролцсон, хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас, талуудын тайлбараар хариуцагч Г.Г нь 2021 оны 11 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч М.Сгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад туслалцаа үзүүлсэн асуудлаар талууд маргаагүй ба уг нэхэмжлэлийг 2021.11.08-ны өдрийн 183/ШЗ2021/***** дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийг буруу дансанд тушаасан үндэслэл тогтоогдсон тул хүлээн авахаас татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдал болон нэхэмжлэлд хамтын амьдралтай байсан гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дутуу гаргасан, түүнд холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байсан зэргээс өмгөөлөгч Г.Гт энэ хэргээ даатгаж, өмгөөлөгчөөр ажиллуулах итгэлгүй байгаа тухайгаа утсаар мэдэгдэж, гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

5. Хариуцагч Г.Г нь гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах тухайгаа 5 хоногийн өмнө мэдэгдээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж буй өмгөөлөгчийн үйл ажиллагаанд итгэлгүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаагүй бөгөөд эсрэгээрээ маргаан бүхий асуудлаар шүүхэд хандахааргүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа гэж үзэх үндэслэлтэй гэж, нэмэлт гэрээний 1.4-т Урьдчилгаа төлбөрт өгсөн төлбөрийг буцаан төлөхгүй болно гэж тохиролцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч М.С нь 2021.12.02-ны өдөр Л.Дд холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдүүдийг өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2021.12.07-ний өдрийн 183/ШЗ2021/***** дугаар захирамжаар нэхэмжлэгч М.С нь нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг гаргаснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна./үзлэгээр баталгаажсан/

 

6. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч М.Сгийн гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаанд талуудыг эвлэрүүлэхэд өмгөөлөгч Г.Г оролцсон, түүнчлэн маргаан бүхий асуудлаар шүүхэд хандахааргүй болсон нөхцөл байдлыг бий болгоход гэрээгээр тохиролцсон ямар ажлыг хийж, хууль зүйн туслалцаа үзүүлснээр уг ажиллагаа дуусгавар болсон зэрэгт өмгөөлөгч Г.Г оролцсон үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Талууд гэрээний 7.2-т Үйлчлүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцлах тохиолдолд цуцлахаас өмнөх хугацаанд хамаарах гэрээний төлбөрийг өмгөөлөгчид төлнө. гэж, 8.1.3-т гэрээ хүчинтөгөлдөр байх хугацаа нь хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэх хүртэл хугацаагаар байна. гэж заажээ.

 

Эдгээрээс дүгнэхэд талууд гэрээгээрээ нарийвчилсан хугацаа тохирсон зүйлгүй байх ба Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно. гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2021 оны 11 сарын 17-нд хариуцагч Г.Г нэхэмжлэгч М.Стэй утсаар ярьснаар цуцлагдсан гэх үндэслэлтэй байна.

 

7. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ. гэж зааснаар урьдчилгаанд төлсөн 35 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Харин хариуцагч нь татгалзлын үндэслэлдээ нэмэлт гэрээний 1.4-т Урьдчилгаа төлбөрт өгсөн төлбөрийг буцаан төлөхгүй болно гэж тохиролцсон тул мөнгийг буцаан өгөхгүй гэсэн нь хуулийн дээрх заалтуудад нийцэхгүй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гөөс 35 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Сд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Сгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гөөс улсын тэмдэгтийн хураамжинд 332 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Сд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ