Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/шш2022/03704

 

 

 

2022 оны 12 сарын 13 өдөр            Дугаар 183/ШШ2022/03704               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 9 дүгээр байр, 00 тоотод оршин суух, Т овогт Ш. Ц /РД:ЦБ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 9 дүгээр байр, 00 тоотод оршин суух, Х боржигон овогт Э.Б /РД:ШЗ00000000/-д холбогдох,

            Талийгаач Г.Э-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид:

             Нэхэмжлэгч Ш.Ц,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Т.М-О,

             Хариуцагч Э.Б,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

               1. Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөгшинтэйгөө нийт 30 жил 8 сар орчим амьдарсан. Үүнийгээ шүүхээр тогтоолгосон. Тухайн үед ажил явдал болсон, сэтгэл санаа гундуу байсан учир хүүхдүүдэд гомдолтой байсан. Ажил явдлаас хойш Э.Бтой 8 сар хүртэл хамт амьдраад 8 дугаар сарын 18-нд нүүнэ гэж хэлээд нүүсэн. Ажил ядвал дууссаны дараа би хүүхдүүдэд намайг битгий орхиорой гэж хэлсэн минь буруу болсон. Энэ хугацаанд хүүхдүүдийн гаргасан муу муухай зан бүгдийг уучилсан. Шүүхээс яаж шийднэ би бүгдийг хүлээн зөвшөөрнө үү гэв.

                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М-О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол үл хөдлөх хөрөнгөөс талийгачийн эзэмшлийн хувийг Ш.Ц-д шилжүүлэх хүсэлт гаргасан. Иргэний хууль 520 дугаар зүйлийн 520.3-т хэдийгээр хууль ёсны өвлөгч биш гэсэн талийгчтай сүүлийн нэг жил хамт амьдарч байсан этгээд нь өөрөө хууль ёсны өвлөгчийн нэгэн адил эрх эдэлнэ гэж заасан ба Ш.Ц нь хууль ёсны өвлөгч мөн байна гэж үзэж байна. Учир нь сүүлийн 1 жил биш 30 жил амьдагч байсан. Иргэний хуулийн 528-т зааснаар тухайн өв нээгдсэнээс харьяа дүүрэгт өв хүлээн авах хүсэлтэй гаргах ба энэ хугацаанд өв хүлээн авах хүсэлтэй гаргаагүй нь өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ гэж хуульд заасан байдаг. Талийгчийн өвийг хүлээн авах хүсэлтийг бусад өв хүлээн авах эрхтэй этгээдүүд гаргаагүй байгаа. Ш.Ц дангаар хүсэлт гаргасан байгаа нь нэхэмжлэгч өвийг ганцаар авах эрхтэй этгээд гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

               2. Харуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав дөрвөн хүүхэдтэй байсан. Яг идэр залуу 30 насандаа энэ хүнтэй суусан. Тэр цагаас хойш дөрвөн хүүхдийн амьдрал утгаа алдаж бүгд гадуур амьдрах болсон. Энэ байр нь миний талийгч аав болон миний нэр дээр байдаг. Миний эмээ буюу аавын ээжээс өвлөгдөж ирсэн байр юм. Манай аав энэ хоёр хүний дундаас үүссэн өмч биш тул нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй гэв.

               3. Нэхэмжлэгч талаас 2021.06.11-ний өдрийн 183/ШШ0000/00000 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

                Хариуцагч талаас хариу тайлбар болон 2020.12.11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн лавлагааг, гэрчилгээ, 2022.01.17-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

               Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооноос хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, өв хүлээн авах хүсэлт, нотариатчдын танхимаас лавлагаа зэргийг шүүхийн журмаар гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Ц Г.Э-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Ү-0000000000 бүртгэлтэй эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийг Э.Б-д холбогдуулан гаргажээ.

 Хариуцагч Э.Б энэ үл хөдлөх эд хөрөнгийн өвлөгч Ш.Ц биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ш.Ц талийгаач Г.Э-тай 1990 оны 04 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хамтран амьдарсан бөгөөд Г.Э- 2020.11.01-ний өдөр нас баржээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар хууль ёсны өвлөгч болохоор хуульчилжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ0000/00000 дугаар шийдвэрээр Ш.Цг Х б овогт Г. Э-тай 1990 оны 04 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон.

 ГэР бүлийн тухай хуульд зааснаар Ш.Ц, талийгаач Г.Э-тай 20 жил хамтран амьдарсан боловч Гэр бүлийн тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр болоогүй буюу төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг, гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хуульчилсан.

Энэ үндэслэлээр Ш.Ц нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар талийгаачийн эхнэр биш тул хууль ёсны өвлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-тЭнэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заасан тул Ш.Цг өвлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 Ш.Ц Г.Э-ыг нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүнтэй хамт амьдарч байсан боловч талийгаачийн асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гэх байдал баримтаар тогтоогдоогүй байна.

 Маргаан бүхий Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 120 мянгат 9 байр, 11 тоот 28 м.кв орон сууц нь Ш.Ц, Г.Э- нарын дундын эд хөрөнгө биш байх бөгөөд 1997 онд төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөгчөөр Ч.Д, Г.Э-, Э.Б нар бүртгэгджээ.

Иргэний хуулийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зохицуулсан бөгөөд орон сууцны өмчлөгч Э.Б өв хүлээн авахаас татгалзах тухайгаа мэдэгдээгүй байгаа тул түүнийг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан эсхүл нотариат буюу баг сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан байх бөгөөд хариуцагч Э.Б маргаан бүхий орон сууцны хууль ёсны өвлөгч тул өв хүлээн авах хүсэлт гаргах шаардлагагүй юм.

Эдгээр үндэслэлээр Э.Б-д холбогдох талийгаач Г.Э-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай Ш.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Э.Бод холбогдох талийгаач Г.Э-ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай Ш.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ц-гаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.СОЛОНГО