Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/03795

 

 

 

 

2022 оны 12 сарын 00 өдөр        Дугаар 183/ШШ2022/03795     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, СТ-000-00 тоотод оршин суух, Ч овогт Ц.А /РД:ОА00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, стадион оргил-1, Х.Бцамхагт байрлах, Х.БХХК /РД:0000000/-нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А миний бие Хаан банкны Улаанбаатарын иргэдийн банкны Баянзүрх салбарын Гачуурт тооцооны төвийн ахлах харилцааны менежрээр хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж байсан билээ. Хаан банкны Хүний нөөц хариуцсан дэд захирлын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00/0000 дугаар тушаалаар намайг харилцагчид муу зээлийн түүхийн ангиллыг хэвийн болгож зээл авах талаар зөвлөгөө өгч, зээлийн түүхийн ангиллыг өөрчлүүлэхээр иргэн болон харилцагчийг зуучилж, банкны нэр хүндэд сөргөөл нөлөөлөх үйлдлээр Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.6,4.2.7, 4.2.8, 4.4.1, 4.4.2, Хаан банкны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.2.2, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.2, 2.3, 2.8, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6,3.2.9, 3.2.16 дах заалтуудыг зөрчсөн гэж үзэж Хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Миний бие дээрх тушаалд заасан заалтуудыг огт зөрчөөгүй сахилга ёс зүйн ямар ч зөрчил гаргаагүй байхад нотлогдож тогтоогдоогүй зүйлээр намайг зөрчил гаргасан гэж хууль бусаар миний эрхийг зөрчиж намайг ажлаас халсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 004.2-т Хөдөлмөрий эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 000 дүгээр албан бичгээр тус дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороо байгуулагдаагүй тухай хариу өгсөн тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч Х.Б ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь Хаан банкны Улаанбаатарын иргэдийн банкны Баянзүрх салбарын Гачуурт тооцооны төвийн ахлах харилцааны менежерээр албан тушаалд ажилладаг байсан. Харилцааны менежер нь зээлийн бүтээгдэхүүнийг борлуулах ба удирдлага доор нь ажиллаж байгаа харилцааны менежерүүдийг удирдах ажиллах, чиг үүргийг нь чиглүүлж хяналт тавьж ажиллах ёстой байсан. Гэтэл Ц.А зээлтэй холбоотой хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллаагүй ба сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаж Монгол банкны ажилтанд 5.000.000 төгрөгийн авлига өгөх талаар зөвлөсөн байдаг. Энэ талаар харилцагч гомдол гаргасны үндсэн дээр аудитын шалгалт хийгдсэн ба шалгалтын хүрээнд зөрчил бүрэн тогтоогдсон. Мөн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад ч бас н.О нэг удаа тусалчих юмсан гэх бодлоор харилцаж тодорхой үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрдөг. Эдгээр үйлдлээр зөрчил нь тогтоогдож баталгаажсан гэж үзэж байна. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр харилцагч гомдол гаргахад зөрчил үргэлжилж байсан 1.000.000 төгрөгийн үлдэгдлийг харилцагчид төлж барагдуулаагүй байсан. Мөн хөдөлмөрийн маргаанд тодорхой бодит хохирол учирсан байхыг шаарддаггүй ба энэхүү харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод дүрэм журмаар зохицуулагддаг. Банк гэдэг нь харилцагчийн итгэл дээр тогтож ажилладаг. Гэтэл Ц.А нь харилцагчийн итгэл найдварт халдсан хууль бус, ноцтой үйлдэл гаргасан байна. Ц.А-тай Х.Б хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тодорхой тусгасан ба эдгээр үйлдлийг гаргавал хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах үндэслэл болно гэж зааж өгсөн байтал хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтыг зөрчсөн. Хүний нөөц хариуцсан дэд захирлын гаргасан сахилгын шийтгэл хуульд нийцсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс талаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.07.27-ны өдрийн Хаан банкны захирлын 00/0000 дугаар тушаал, 2022.08.00-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.08.11-ний өдрийн 000 тоот Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн албан бичиг, 2022.08.01-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, гүйцэтгэх захирлын 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 00/000 тоот тушаалын хуулбар, Хаан банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 01/01 тоот тушаалын хуулбар, Хаан банкны Хөдөлмөрийн дотоод журам, Хаан банкны ёс зүйн дүрмийн шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын 2000 оны 6 сарын 24-ний өдрийн 00/000 тоот тушаалын хуулбар, Хаан банкны ёс зүйн дүрэм, Ц.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Ц.А-ын ажлын байрны тодорхойлолт, сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудасны хуулбар, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудасны хуулбар, 2022 оны 07 сарын 00-ний өдрийн Дотоод аудитын дүгнэлт, харилцагч Б.О-тэй утсаар ярьж тайлбар авсан аудитор О.Т-ын тэмдэглэл зэргийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн.

Хаан банкны 2021.10.29-ний өдрийн 0000000000 дансны гүйлгээ, Ц.А-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтыг шүүх гаргуулсан, аудитор О.Т-ын емайл хаяг, харилцагч Б.О-тэй холбогдсон ярианы бичлэг зэрэгт шүүх үзлэг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.А нь түүнийг ажлаас чөлөөлсөн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00/0000 дугаар тушаалыг гардан аваад Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандсан боловч тухайн хэлтсээс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 000 тоот албан бичгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул дараагийн шатны зохих байгууллагад хандахыг зөвлөсөн байх тул Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 008 дугаар зүйлийн 008.2, 008.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Х.Б ХХК Ц.А хөдөлмөрийг гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Х.Б ХХК 2000.08.14-ний өдөр Ц.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, ахлах харилцааны менежер албан тушаалд 2000.08.14-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай туршилтын хугацаатай байгуулсан. Энэ туршилтын ажилуулах хугацаа дуусгавар болоход хоёр тал гэрээг дуусгавар болгох, цуцлах, сунгах, өөрчлөх тухай мэдэгдээгүй, ажил үүргээ үргэжлүүлэн гүйцэтгэж байгаа эсхүл мэдэгдснээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно гэж байгуулжээ.

Улмаар 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус банкны захирлын 00/0000 дугаар тушаалаар Ахлах харилцааны менежер Ц.А нь харилцагчид муу зээлийн түүхийн ангиллыг хэвийн болгож, зээл авах талаар зөвлөгөө өгч, зээлийн түүхийн ангиллыг өөрчлүүлэхээр иргэн болон харилцагчийг зуучилж, банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдлээр ХДЖ-ын 4.2.6, 4.2.7, 4.2.8, 4.3.8, 4.4.1, 4.4.2, Хаан банкны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.2.2, АБТ-ын 2.1, 2.2, 2.3, 2.8, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9, 3.2.16 дахь заалтуудыг зөрчиж, 5.7.1-д заасан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул түүнд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д Хаан банкны эрх ашиг, сонирхолд харш сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар зохицуулжээ

Ц.А харцагч Б.О-т таны өмнөх зээл Монголбанкинд муу зээлийн ангилалтай байна гэсэн хэд хоногийн дараа холбогдож надтай хамт сурч байсан Г-ын танил хүн гэх хүний утасны дугаарыг өгсөн, Б.О Б гэх хүнд 5.000.000 төгрөг өгсөн. Муу зээлийн ангиллыг засч өгөөгүй тул нөгөө хүнээсээ мөнгө авах гэтэл 4.000.000 төгрөгийг өгөөд 1.000.000 төгрөгийг өгөөгүй байна. А тухайн үедээ би А төрх дээр байна. Эхнэр төрөх гээд байна, би учрыг нь олж өгнө гэж байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 5.7.1-д заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй, ажлын байрандаа ажиллаж байхдаа Хаан банкны эрх ашиг, сонирхолд харш сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл Ц.А харилцагч Б.О-т зөвлөгөө өгсөн гэх үйлдлийг ажлын байрандаа гаргаагүй, тэрээр төрөх эмнэлэгт байхад харилцагч нь түүний хувийн утсаар холбоо барьсан үйлдлийг 5.7.1-д заасан үйлдэл, эс үйлдлэхгүй гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Хаан банкны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус банкны захирлын 00/0000 дугаар тушаалаар Ц.А-ыг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 008 дугаар зүйлийн 008.2.2-т зааснаар нэхэмжлэгчийг Х.Б ХХК-ийн Улаанбаатарын иргэдийн банкны Баянзүрх салбарын Гачуурт тооцооны төвийн ахлах харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.А 2022 оны 7 дугаар сард ээлжийн амралттай байсан тул 2022 ны 4-6 дугаар сарын дундаж цалин хөлснөөс бодох нь зүйтэй байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/000 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн 2022 оны 4 дүгээр сарын цалин 2.306.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын цалин 1.775.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын цалин 2.468.000 төгрөг байх ба нийт 6.549.000 төгрөг ба дунджаар нэг сард 2.183.000 төгрөгийн цалин хөлс олгогдохоор байна.

Дээрх журмын 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг бодоход 6.549.000 төгрөгийг 3 сарын хугацаанд ажилласан, ажиллах байсан нийт 65 хоногт хуваахад нэг өдрийн цалин 100.753 төгрөг болох ба нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 00-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан ба нийт 4 сар ажлын 00 хоногийн дундаж цалин хөлс /2.183.000 х 4=8.732.000, 100.753 х 00=1.000.295/, 8.732.000+1.000.295=10.243.295/ 10.243.295 төгрөгийг ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Ц.А-ын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 00-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Х.БХХК-д даалгаж шийдвэрлэлээ.

Улсын эмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.БХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 178.842,72 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 000000000000 тоот дансанд оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 008 дугаар зүйлийн 008.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.А-ыг Х.Б ХХК-ийн Улаанбаатарын иргэдийн банкны Баянзүрх салбарын Гачуурт тооцооны төвийн ахлах харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Х.Б ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 10.243.295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.А-ын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 00-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х.Б ХХК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.Б ХХК-иас 178.842,72 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 000000000000тоот дансанд оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.2, 100.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ             Г.СОЛОНГО