Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2022/0394/З |
Дугаар | 128/ШШ2023/0116 |
Огноо | 2023-02-01 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2023/0116
2023 02 01 128/ШШ2023/0116
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Дэндэвдорж
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сонинбайгаль, Л.Доржпагам
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Базардорж
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Одонгэрэл
Гуравдагч этгээд: Д.Мөнхөө, Д.Оюун
Гуравдагч этгээд Д.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Амгалан,
Гуравдагч этгээд Д.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг
Гуравдагч этгээд Д.Мөнхөөгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэцгээ
Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр, 26 тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Мөнхөө, Д.Оюун нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр, 26 тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Дэндэвдоржийг бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий улсын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дэндэвдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, Л.Доржпагам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Базардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонгэрэл, гуравдагч этгээд Д.Оюун, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, этгээд Д.Мөнхөөгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Дэндэвдорж нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр, 26 тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Мөнхөө, Д.Оюун нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр, 26 тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Дэндэвдоржийг бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал
2.1.Маргаан бүхий эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009425 дугаартай гэрчилгээг анх 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Д.Ладхүү нь бэлэглэлийн гэрээ байгуулж Д.Намсрайг өмчлөгчөөр бүртгэсэн байна.
2.2. 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр иргэн Н.Дуламжав /Ц340030367/ нэмэгдэж, иргэн Д.Намсрай Н.Дуламжав нарын өмчлөлд бүртгэгдэж, уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч иргэн Н.Дуламжав 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан байх бөгөөд 173 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн Н.Дуламжав хасагдаж, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр иргэн Ц.Цэенханд нэмэгдэж, иргэн Д.Намсрай, Ц. Цэенханд нарын өмчлөлд бүртгэгдсэн, тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр иргэн Д.Дэндэвдорж нэмэгдэж, Д.Намсрай, Ц.Цэенханд, Д.Дэндэвдорж нарын өмчлөлд, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөлөөс хамтран өмчлөх хасагдах хэлцлээр Д.Намсрай, Ц.Цэенханд нар хасагдаж, иргэн Д.Дэндэвдоржийн өмчлөлд бүртгэгдсэн байна.
2.3.Иргэн Д.Дэндэвдорж нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Э.Төрболд, Ч.Болормаа нарын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.
Улмаар Иргэн Д.Оюун, Д.Мөнхөө, Д.Цэцгээ нар дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөгч байсан Н.Дуламжавын өв залгамжлагч болохыг тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 101/ШШ2020/00070 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 571 дүгээр магадлалаар иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарыг Н.Дуламжавын өвлөгч болохыг тогтоож, нотариатчийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.
2.4.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 101/132020/12853 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 101/ШШ2020/00070 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 571 дүгээр магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр даалгасан, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсаар уг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн байна.
2.5.Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2-229/33061 дугаартай албан бичгээр уг шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхээр 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож, Д.Намсрай, Ц.Цэенханд нарыг бүртгэлээс хасаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 10 дугаар байрны 26 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр Д.Оюун, Д.Мөнхөө нарыг бүртгэж хариу ирүүлэх талаар дурдаж ирүүлсэн боловч тухайн үед уг орон сууцны өмчлөх эрх 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Э.Төрболд, Ч.Болормаа нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байх тул Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/1986 дугаар албан бичгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжсэн байх тул өвлөх эрхийг бүртгэх боломжгүй гэсэн утга бүхий хариу хүргүүлсэн.
2.6.Иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 10 дугаар байрны 26 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарыг бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 128/Ш32021/0472 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Оюуны дансанд гуравдагч этгээд Д.Дэндэвдорж нь 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг шилжүүлэх, хэрэв 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг шилжүүлээгүй тохиолдолд Ү-2204009425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүчингүй болгохоор тохиролцсон байна.
2.7.Улмаар гуравдагч этгээд Д.Дэндэвдорж нь 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэгчийн дансанд заагдсан хугацаанд хийгээгүйн улмаас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст Э.Төрболд, Ч.Болормаа нарын өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг хүчингүй болгож хариу ирүүлэх талаар дурдсан хоёр удаагийн албан бичгээр мэдэгдэл, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны Шүүхийн 2021 оны 84 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирүүлсэн мэдэгдэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 128/Ш32021/0472 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг хүчингүй болгож, Захиргааны хэргийн Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэн ажилласан байна.
2.8.Нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн хариуд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл байхгүй хэмээн мэдэгдсэн байна.
2.9.Тус шүүхэд нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр, 26 тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Мөнхөө, Д.Оюун нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр, 26 тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Дэндэвдоржийг бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасныг шүүхээс бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн Ерөнхий газар нь Э.Төрболд, Ч.Болормаа нарын улсын бүртгэлийг хүчингүй болгохдоо орон сууцыг Д.Мөнхөө, Д.Оюун нарын өмчлөлд бүртгэсэн гэрчилгээ олгосон бөгөөд Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэл хүчингүй болсон тохиолдолд хууль буюу журмаар зохицуулан өмнөх өмчлөгч буюу Д.Дэндэвдоржийн нэр дээр бүртгэх ёстой байсан.
Д.Дэндэвдорж, Э.Төрболд, Ч.Болормаа нар нь орон сууцыг Д.Мөнхөө, Д.Оюун нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гомдол гаргасан бөгөөд тус гомдлын хариугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 571 дугаар магадлалын дагуу Д.Мөнхөө, Д.Оюун нарыг өмчлөлд бүртгэсэн гэх хариу тоотыг ирүүлсэн.
Улсын бүртгэлийн Ерөнхий газар Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг хүчингүй болгохдоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0472 дугаар захирамжийг үндэслэж хүчингүй болгох байтал өмнө нь дуусгавар болсон иргэний шүүхийн шийдвэр буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00070 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 571 дугаар магадлалыг үндэслэн орон сууцыг Д.Мөнхөө, Д.Оюун нарыг өмчлөлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай, тэдгээрт нийцүүлэн гаргасан журмыг ноцтой зөрчиж Д.Дэндэвдоржийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар Д.Намсрай гэдэг хүнийг тэнэгрэх өвчтэй учир байрыг Д.Дэндэвдоржид шилжүүлэхдээ тухайн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байсан, байнгын асаргаа шаардлагатай хүн байсан. Энэ үндэслэлийг иргэнийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзсэн. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт хэлцлийн үр дагаврыг ойлгохгүй эрх зүйн чадамжгүй байсан байдал нь баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар аливаа этгээдийг эрх зүйн чадамжгүй гэж шүүх тогтоох эрхтэй гэж заасан. Тэгэхээр гуравдагч этгээдийн тайлбар нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал. Иргэний шүүхээр Д.Намсрайг хэлцэл хийх чадвартай гэж үзсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн гол нь хүний өмчлөх эрх гэрээ болон шүүхийн шийдвэрийг үндэслэж үүсдэг. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр өмчлөх эрх үүссэн. Өмчлөх эрх үүсгэсэн гэрээ нь гэрээ болон бүртгэл нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа.
Д.Дэндэвдорж нь байрны 100 хувийн өмчлөгч. Иргэний хэргийн анхан шатны шүүх Н.Дуламжавын өвлөгчөөр Д.Оюун, Д.Мөнхөө нарыг тогтоосон. Иргэний хэргийн анхан шатны шүүхээр байрын өмчлөгч гэж тогтоогоогүй. Зөвхөн өвлөгч гэж тогтоосон. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэгт Н.Дуламжавын өвлөгч нь хүүхдүүд буюу Д.Оюун, Д.Мөнхөө нар. Д.Намсрай нь Д.Мөнхөө, Д.Оюун нарын аав. Н.Дуламжав орон сууцны 50 хувийн өмчлөгч. Тэгэхээр 50 хувийг гурван хүн хувааж авахаар байгаа энэ нь иргэний шүүхийн маргаанд хамаарна. Д.Намсрай байрны 50 хувийн өмчлөгч гэдэгтэй хэн ч маргахгүй. Д.Намсрай н өөрийн эзэмшлийн байрны 50 хувийг Д.Дэндэвдоржид өгсөн. Үлдсэн 50 хувийг Д.Намсрай, Д.Оюун, Д.Мөнхөө ч мөн адил хуваана. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар тухайн хүний эхнэр, нөхөр, хүүхдүүд, эцэг, эх нь байрны өмчлөгч нар байна. гэв.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Доржпагам шүүх хуралдаан дэээр гаргасан тайлбартаа: Д.Дэндэвдоржид Д.Намсрай ах өөрөө эхэлж 2016 онд нас өндөр болсон учраас өөрийн олон хүүхэдтэй дүү н.Эрдэнэд санаа зовж байгаа учраас байрыг зарж мөнгийг н.Эрдэнээгийн хүүхдүүдэд өгөөрэй, зохих хэмжээний мөнгийг аваарай гэж хэлж байсан. 1991 онд Д.Намсрай гэж хүний хүү, эхнэр 2 нас барж түүнээс хойш Д.Дэндэвдорж бид 2 Д.Намсрайг асарч байгаад 2017 онд Д.Намсрай нас барсан. Д.Намсрай Д.Дэндэвдоржид байрыг шилжүүлсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс байрны мөнгийг төлж амьдарсаар байсан. 2017 онд Д.Намсрайг нас барснаас хойш Д.Цэцгээ гэж хүн гарч ирж 2018 онд шүүхийн маргаан эхэлсэн. Шүүх Д.Дэндэвдоржийг байраа шилжүүл гэсэн зүйл яригдаагүй.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Орон сууцны өмчлөгч нар өөрчлөгдөж явсаар Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэл эвлэрлийн гэрээ хүчингүй болсноор байр хэний дээр шилжих ёстой вэ гэдэг нь маргааны гол агуулга. Хариуцагч иргэний шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэлийг хийсэн гэж тайлбарладаг. Хэргийн материалд цугларсан баримтуудаас харахад иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.Оюун, Д.Мөнхөө нарын хүсэлтээр дууссан. Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаан хаагдсан. Гэтэл дуусгавар болсон иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэж Д.Оюун, Д.Мөнхөө нарын нэр дээр бүртгэл хийж байгаа нь хуульд нийцэхгүй.
Хариуцагч Д.Дэндэвдоржийг орон сууцны өмчлөгчөөр бүртгэ гэсэн шийдвэр байхгүй гэж тайлбарладаг. Гэтэл Д.Оюун, Д.Мөнхөө нарыг бүртгэ гэсэн үг, өгүүлбэр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид байхгүй. Хэрвээ Д.Оюун, Д.Мөнхөө нар шүүхийн шийдвэрээр орон сууцны өвлөгч гэдэг нь тогтоогдсон. Үнэхээр байрны өөрсдөд оногдох хэсгийг авъя гэж байгаа бол Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т зааснаар өөрт оногдох хэсгээ өнөөдрийг хүртэл шаардах эрх нь нээлттэй байхад хэрэгжүүлээгүй. Н.Дуламжав маргаан бүхий орон сууцыг дангаа өмчлөгч байгаагүй. Уг байрыг 2014 оноос хойш Д.Намсрай эзэмшиж байгаад Н.Дуламжав, Ц.Цэенханд, Д.Дэндэвдорж нар хамтран өмчлөгчөөр орж хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэсэн хэлцэл хүчингүй болсноор хамгийн сүүлд Д.Дэндэвдорж дангаар байрны өмчлөгч болсон. Д.Дэндэвдоржийн нэр дээр шилжсэн хэлцэл өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр бусад тооцоогүй, хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэлийг хүчингүй болгохдоо Д.Оюун, Д.Мөнхөө нарын нэр дээр шилжсэн гэж шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж бүртгэл хийсэн үйлдэл нь хуульд нийцэхгүй.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гуравдагч этгээд нар нь эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх эрхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д бүртгэх эрхгүй этгээд улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзвэл улсын бүртгэлийн байгууллага бүртгэгдсэн этгээдээс саналыг авч зөвшөөрөөгүй тохиолдолд улсын бүртгэгч дүгнэлт гаргаж шийдвэрлэнэ. Эсхүл шүүхийн журмаар бүртгэлийг хүчингүй болгоно. Энэ хуулийн дагуу Д.Оюун, Д.Мөнхөө нарын дээрх бүртгэлийг хүчингүй болгож Д.Дэндэвдоржийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.
Гуравдагч этгээдүүдийн хувьд Д.Намсрай гэдэг хүн тэнэгрэх өвчтэй өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байсан, иргэний шүүхийн шийдвэрийн дагуу хамгийн түрүүнд Д.Оюун, Д.Мөнхөө нар бүртгэгдэх ёстой гэж тайлбарлаж байгаа. Д.Намсрай ямар ч өвчтэй байж болно гэхдээ энэ хүний эрх зүйн чадамжтай эсэхийг Иргэний хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр тогтооно. Гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаагаар Э.Төрболд, Ч.Болормаа нарын гэрээ хүчингүй болсноор хамгийн түрүүнд Д.Оюун, Д.Мөнхөө нар байрны өмчлөгчөөр бүртгэгдэх ёстой гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолын дагуу иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж дахиж ямар ч ажиллагаа явагдахгүйгээр хаагдсан. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрээс хальсан, заагдаагүй ажиллагааг хийж бүртгэлийг Д.Оюун, Д.Мөнхөө нарын нэр дээр бүртгэсэн нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
4.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 101/ШШ2020/0070 дугаартай шүүхийн шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 571 дугаартай магадлалаар иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарыг талийгаач Н.Дуламжавын өв залгамжлагчаар тогтоосон нотариатын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах иргэн Ц.Цэенханд нэмэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээр өв залгамжлагчаар өмчлөлд бүртгэл болон орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах бүртгэлийг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ 173 дугаартай нотариатчийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээ, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг үндэслэн хууль журмын дагуу бүртгэсэн. Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нотариатчийн үйлдэл үнэн зөв эсэхэд хянаж шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэггүй. Ийм учраас тухайн бүртгэлүүд холбогдох нотлох баримтын дагуу бүртгэгдэж байсан. Энэ бүртгэл шүүхээр хүчингүй болсон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 101/ШШ2020/0070 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 571 дүгээр магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр даалгасан. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гүйцэтгэх хуудсаар уг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2/229/330/61 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл болон мөн өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцлийг Д.Намсрай, Ц.Цэенхандыг бүртгэлээс хасаж маргаан бүхий орон сууцны өвлөгчөөр Д.Оюун, Д.Мөнхөө нарыг бүртгэж ирүүлэх талаар дурдаж албан бичиг ирүүлсэн боловч тухайн үед орон сууц өмчлөх эрх 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр Э.Төрболд, Ч.Болормаа нарын өмчлөлд шилжиж бүртгэгдэн байсан тул Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/1986 дугаар албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн байх тул өвлөх эрхийг бүртгэх боломжгүй гэсэн утгатай хариуг хүргүүлж байсан. Ингэснээр эрх ашиг хөндөгдөж Д.Оюун, Д.Мөнхөө нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын нэр дээр бүртгэгдсэн Ү22049425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШЗ2021/0472 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор иргэн Д.Оюуны дансанд Д.Дэндэвдорж нь 24,000,000 төгрөг шилжүүлэх, хэрэв заасан хугацаанд мөнгийг шилжүүлээгүй тохиолдолд Ү22049425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүчингүй болгохоор тогтоосон байдаг. Гуравдагч этгээд Д.Дэндэвдорж нь 24,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд заасан хугацаанд шилжүүлээгүйн улмаас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Э.Төрболд, Ч.Болормаа нарын өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү22049425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг хүчингүй болгож хариу ирүүлэхээр дурдсан 2 удаагийн албан бичиг мэдэгдэл мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 84 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирүүлсэн албан бичиг, 2021 оны 128/ШЗ2021/0472 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага нь эрхийн бүртгэлийн Ү22049425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж ажилласан. Улмаар Э.Төрболд, Ч.Болормаа нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосноор иргэн Н.Дуламжавын өмчлөгчөөр Д.Оюун, Д.Мөнхөө нарыг өмчлөгч болохыг тогтоож нотариатчийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 571 дугаартай магадлалыг үндэслэж Д.Оюун, Д.Мөнхөө нарын гаргасан мэдүүлэг, хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ч.Болормаа, Д.Мөнхөө нарыг өмчлөгчөөр бүртгэхдээ Э.Төрболд, Ч.Болормаа нарт олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хураан авч бүртгэгчийн хүчингүй тэмдгийг гэрчилгээнд дарж хүчингүйд тооцсон. Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжид Д.Оюун, Д.Мөнхөө нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн оролцогчоор Э.Төрболд, Ч.Болормаа оролцож хүлээн зөвшөөрч мэдсэн. Учир нь уг орон сууцтай холбоотой асуудлаар дахиж маргаан гаргахгүй гэж өөрсдөө хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг дахин гаргахгүй гэсэн тус шүүхийн шүүгчийн 84 дугаартай мэдэгдэл улсын бүртгэлийн байгууллагад ирсэн. Эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож талууд бүгд хүлээн зөвшөөрсөн. Уг шүүгчийн захирамж 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж дараа 8 сарын дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрээг цуцалж төлбөрийг төлсөн акт үйлдсэн байдаг. Гэтэл улсын бүртгэлийн байгууллагад тухайн 2 иргэнийг өмчлөгчөөр бүртгэсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгаа. Энэ үед Зээлээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байсан. Үүнийг эргэж харах хэрэгтэй байна. Он цагийн дарааллыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэнээс 2 сарын дараа гэрээг цуцалсан асуудал бол иргэн Э.Төрболд, Ч.Болормаа, Д.Дэндэвдорж нарын хооронд болдог. Д.Дэндэвдорж бүртгэлийг хүчингүй болохыг мэдсэн, эвлэрлийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Эвлэрлийг баталж холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсаар байхад иргэн Д.Дэндэвдорж эвлэрлийн гэрээг зөрчиж дахиж маргаан үүсгэж нөгөөтэйгөөр эвлэрлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө нэхэмжлэгч талд шилжүүлээгүй тохиолдолд бүртгэл хүчингүй болохыг өөрөө мэдсээр байсан. Мэдсээр байж үүргээ гүйцэтгээгүйгээс бүртгэл хүчингүй болсныг хүлээн зөвшөөрөхгүй дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д иргэн хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Хэрвээ зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж Иргэний хуульд заасны дагуу буцааж бүртгүүлэх эрх нэхэмжлэгч талд байсан. Гэтэл бүртгүүлээгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэх үед зээлээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байсан. Ийм учраас Д.Дэндэвдоржийн эрх ашиг хөндөгдөөгүй. Тэрнээс улсын бүртгэлийн байгууллага зээлээр худалдах худалдан авах гэрээ хүчингүй болсон, тухайн иргэд яагаад бүртгэл нь хүчингүй болсны дараа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаагүй юм бэ? Өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн байгууллага эрх зөрчигдсөн гэж үзэж өмчлөх эрхээ баталгаажуулахаар мэдүүлэг болон хүчингүй болсон гэрээ авчирч бүртгүүлээгүй юм бэ? Хууль зөрчөөгүй бол улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэж өгөх байсан.
Өнөөдрийг хүртэл мэдүүлэг холбогдох баримтаа улсын бүртгэлийн байгууллагад ирүүлж байгаагүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан. Энэ байдлаар гүйцэтгэж гэрээг хүчингүй болгосноо илэрхийлж улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж эрх ашгаа хамгаалуулах боломж байсан. Гэтэл энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй. Өвлөгчөөр тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өмчлөгчөөр Д.Оюун, Д.Мөнхөө нарыг өвлөгчөөр бүртгэсэн. Өвлөгч нь өмчлөх эрхээ бүртгүүлэхээр шүүхийн шийдвэрийг үндэслэж мэдүүлэг гаргасны дагуу бүртгэлийг хийсэн. Д.Дэндэвдорж захиргааны хэргийн шүүхэд үүссэн маргааныг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас хүлээн зөвшөөрч гэрээг хүчингүй болгосон үндэслэлүүдэд зөвхөн өвлөгчөөр бүртгэнэ гэсэн зүйл байхгүй. Зээлээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байсан. Гэрээ хүчингүй болсонтой холбоотой эрхийн акт, баримт бичгийг ирүүлээгүй тул улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.Гуравдагч этгээд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Оюун Д.Мөнхөө нарыг өмчлөгчөөр бүртгэх бүртгэл нь шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэл хийгдсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шаардлагаар бүртгэл хийсэн. гэв.
5.1.Гуравдагч этгээд Д.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.Дэндэвдорж нь 91 настай тэнэгрэх өвчтэй Д.Намсрай гэдэг хүнээс гэрээслэл авах гэтэл нотариатч эрүүл мэндийн бичиг шаардсан. Үүний дараа орон сууцны хамтран өмчлөгчөөр орж, хасагдсан үйл баримт байдаг. Хуулийн цоорхой буюу өмчийг сайн дураараа шилжүүлэхэд эрүүл мэндийн бичиг шаарддаггүй, гэрээслэлээр шилжүүлэхэд заавал эрүүл мэндийн бичиг шаарддаг учраас өөрийн үйлдлийг мэдэхгүй, хүн танихгүй хүнээс өмч хөрөнгийг авсан асуудал гарч ирдэг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөд мөн өөр өмчлөгч байх ёстой гэсэн асуудал гарсан. Д.Оюун, Д.Мөнхөө нар нь орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах гэж байхад нэхэмжлэгч тал байрыг Э.Төрболд, Ч.Болормаа нарт худалдсан. Э.Төрболд, Ч.Болормаа байрыг худалдахдаа байрны мөнгөний 50 хувийг авч 50 хувийг аваагүй худалдсан байдаг. 50 хувийн байрны мөнгийг Д.Оюун, Д.Мөнхөө нар авах ёстой гэж тайлбарладаг. Шүүхээс Д.Оюун, Д.Мөнхөө нарыг байрны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг бүдүүлгээр зөрчсөн бөгөөд цагдаад хандсан. ...Захиргааны шүүх дээр нэхэмжлэл гаргаж эвлэрлийн гэрээ байгуулдаг. Эвлэрлийн гэрээ нь Э.Төрболд, Ч.Болормаа нар нь байрны 50 хувийн мөнгийг төлж үлдэгдэл 50 хувийг төлөөгүй. Үлдэгдэл байрны төлбөрийн 50 хувийн өмчлөгч Д.Дэндэвдоржид төлсөн гэдэг. Төлбөртэй холбоотой маргаан шүүхээр хянагдаж байх үед эвлэрлийн гэрээ байгуулдаг. Д.Оюун, Д.Мөнхөө нар орон сууцны өв залгамжлагч буюу өмчлөгч гэж нэхэмжлэл гаргадаг. Эвлэрлийн гэрээнд Д.Дэндэвдорж нь 24,000,000 төгрөгийг Д.Оюун, Д.Мөнхөө нарт төлбөл Д.Оюун, Д.Мөнхөө нар маргах, эсрэгээрээ Д.Оюун, Д.Мөнхөө нарт байрны төлбөрийг төлсөн тохиолдолд өөрөөр хэлбэл, Д.Дэндэвдорж төлбөрөө авсан тохиолдолд Э.Төрболд, Ч.Болормаа нарын өмчлөх эрхийг хүчингүй болгож өмчлөгчөөр бүртгэгдэх нөхцөлтэйгөөр гэрээ хийгдсэн. Шүүхээр хянагдаж улсын бүртгэл хийгдсэний дараа гэрээг хүчингүй болгож болдог. Тийм учраас улсын бүртгэлийг хүчингүй болгох ёстой. Гэтэл гэрээг хүчингүй болгох зохицуулалт байхгүй учраас шүүхийн шийдвэр гарсан, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой асуудал гарсан учраас үүнд зөвхөн Д.Дэндэвдорж мөнгө авах эрхтэй бөгөөд энэ нь иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой захиргааны маргаанд нэхэмжлэгч нар маргах эрх байхгүй. Яагаад гэвэл захиргааны хэргийн шүүхээр эвлэрлийг баталсан учраас нэхэмжлэгч нь захиргааны журмаар маргаан гаргах эрх байхгүй. Иргэний журмаар шүүхэд хандах эрхээ нэхэмжлэгч тал өөрөө байхгүй болгож байгаа. Хуурамчаар зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж, хуурамчаар баримтаар улсын бүртгэлд бүртгүүлж болохгүй. Сайн дураар эрхээс татгалзсан этгээд өөрийн эрх зөрчигдсөн гэж маргах эрхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.2.Гуравдагч этгээд Д.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахиж нотлох шаардлага байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд энэ нь маш тодорхой байгаа. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 70 тоот Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Оюун, Д.Мөнхөө нарыг өмчлөгчөөр тогтоосон. Улсын бүртгэлийн байгууллага иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж бүртгэл хийсэн. Өвлөгч нар байрны өмчлөгчөөр нэрээ оруулах эрхтэй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Д.Оюун, Д.Мөнхөө нар нэхэмжлэл гаргахад гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэж гуравдагч этгээдээр Д.Дэндэвдорж, Э.Төрболд, Ч.Болормаа нарыг оролцуулсан. Байрны төлбөрийн 50 хувийг авч улсын бүртгэлийг хүчингүй болгож Э.Төрболд, Ч.Болормаа нарт эрхээ шилжүүлж өгсөн. Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж албан бичиг явуулахад бусдад шилжүүлсэн байна гэдэг хариу өгсөн учраас гуравдагч этгээдийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр удаа дараа ханддаг. Улсын бүртгэлийн байгууллага Э.Төрболд, Ч.Болормаа нарт шилжүүлсэн учраас бүртгэлийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдэг хариу өгсөн учир захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээдээр орсон. Эвлэрлийн гэрээгээр Д.Оюун, Д.Мөнхөө нарт оногдох хэсгийг өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. С.Намрайн тэнэгрэх өвчтэй хүний нэр дээр байсан бүртгэлийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Энэ үйл баримтыг шүүх тогтоосон. Эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Эрх зүйн харилцаа өөрчлөгдөж, дуусгавар болох хууль зүйн фактын дагуу Д.Дэндэвдорж хуульд заасан эрхээ алдсан. Д.Оюун, Д.Мөнхөө нар улсын бүртгэлд нэрээ бүртгүүлэх эрхтэй. Энэ эрхийг шилжүүлэх гэж байхад байрыг Э.Төрболд, Ч.Болормаа нарын нэр дээр шилжүүлсэн. Д.Дэндэвдорж өөрийн нэр дээр орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж дараа нь дахин байрыг худалдан борлуулах зорилготой байгаа. Д.Дэндэвдорж өөрийн нэр орон сууцыг бүртгүүлэхээр маргах биш иргэний журмаар байрны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх нь нээлттэй. Улсын бүртгэлийн байгууллага Д.Оюун, Д.Мөнхөө нарын нэр дээр бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй. Орон сууцны 50 хувийн өмчлөгч Д.Дэндэвдорж мөн эсэхийг иргэний шүүх шийдвэрлэнэ. Тэгэхээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай маргахгүй. Д.Дэндэвдорж орон сууцны 100 хувийн өмчлөгч байх үед Д.Оюун, Д.Мөнхөө нар өмчлөгчөөр орох эрхтэй байсан. гэв.
5.3.Гуравдагч этгээд Д.Мөнхөөгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай ээж нас барсны дараа төрсөн дүү Д.Дэндэвдорж байрыг бид нартай зөвшилцөхгүйгээр бид нартай төрөл садны холбоогүй Ц.Цэенхандыг өөрийнх нь төрсөн охин гэж хэлээд Ц.Цэенхандын нэр дээр орон сууцыг шилжүүлсэн. С.Намрай, Ц.Цэенханд нарыг орон сууцны өмчлөгчөөс хасуулж нотариатч н.Шижирбаатар буруу гэрчилснийг шүүх үнэн зөвийг тогтоосон. Д.Оюун, Д.Мөнхөө нарын нэр дээр орон сууцыг шилжүүлсэн боловч Д.Намсрай миний ээжийн хадгаламжийн данс зэрэгт хамтран эзэмшигчээр бүртгэлтэй байсан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “шүүхийн шийдвэрээр иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарыг Н.Дуламжавын өвлөгч болохыг тогтоосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон ч Д.Дэндэвдоржийн орон сууцны өмчлөгчийг шүүхийн шийдвэрээр хөндөөгүй, бүртгэлээс хасаагүй” гэж, хариуцагчаас “101/ШШ2020/00070 дугаар шүүхийн шийдвэр, 2020 оны 571 дүгээр магадлал, 2021 оны 128/Ш32021/0472 дугаартай эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн аль алинд нь иргэн Д.Дэндэвдоржийг өмчлөгчөөр бүртгэх талаар дурдаагүй, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Э.Төрболд, Ч.Болормаа нарын өмчлөлд бүртгэгдсэнээр иргэн Д.Дэндэвдоржийн өмчлөх эрх дуусгавар болсон, бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0472 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо эвлэрлийн гэрээнд гуравдагч этгээд Д.Дэндэвдорж заагдсан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд Э.Төрболд, Ч.Болормаа нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгоно гэж эвлэрлийг баталсан болохоос уг бүртгэл хүчингүй болсноор иргэн Д.Дэндэвдоржийн өмчлөлд орон сууцны өмчлөх эрхийг бүртгэхээр заагаагүй” гэж, гуравдагч этгээд нар “Улсын бүртгэлийн байгууллага Д.Оюун, Д.Мөнхөө нарын нэр дээр бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй. Орон сууцны 50 хувийн өмчлөгч Д.Дэндэвдорж мөн эсэхийг иргэний шүүх шийдвэрлэнэ....” гэж тус тус маргасан.
3.2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Д.Ладхүү, Д.Намсрай нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг үндэслэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 10 дугаар байрны 26 тоот хаягт байрлах 18 м.кв орон сууцны өмчлөгчөөр Д.Намсрайг бүртгэж, 000097890 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.
4.Иргэн Д.Намсрайн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл”-ийг үндэслэн тус маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.Дуламжавыг нэмж бүртгэж, 000041639 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.
5.Маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох иргэн Н.Дуламжав нь 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан байх бөгөөд Н.Дуламжавын өвлөгчөөр Д.Намсрайг тогтоож, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.
6.Иргэн Д.Намсрайн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл”-ийг үндэслэн тус маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр иргэн Ц.Цэенхандыг нэмж бүртгэж, 000430978 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байх бөгөөд тус маргаан бүхий орон сууцны өмчлөгч нар нь Д.Намсрай, Ц.Цэенханд нар болсон байна.
7.Иргэн Д.Намсрай, Ц.Цэенханд нарын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл”-ийг үндэслэн тус маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр иргэн Д.Дэндэвдоржийг нэмж бүртгэж, 000455414 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байх бөгөөд тус маргаан бүхий орон сууцны өмчлөгч нар нь Д.Намсрай, Ц.Цэенханд, Д.Дэндэвдорж нар болжээ.
8.Иргэн Д.Намсрай, Ц.Цэенханд нарын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг үндэслэн тус маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөс иргэн Д.Намсрай, Ц.Цэенханд нарыг хасаж, 000540582 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байх бөгөөд тус маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Д.Дэндэвдорж болсон байна.
9. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Дэндэвдорж, Ч.Болормаа, Э.Төрболд нарын хооронд байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн маргаан бүхий орон сууцыг иргэн Ч.Болормаа, Э.Төрболд нарын нэр дээр бүртгэж, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 000796217 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.
10.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Оюун, Д.Мөнхөө нарыг Н.Дуламжавын өвлөгч болохыг тогтоож, хариуцагч Б.Шижирбаатарын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Д.Цэцгээгийн шаардлага болон 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагад холбогдох хэсгийн тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
11.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 571 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00070 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 528 дугаар зүйлийн 528.1” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
12.Дээрх иргэний шүүхийн шийдвэрүүдээс үзвэл, иргэн Н.Дуламжавын өвлөгчөөр иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарыг тогтоож, иргэн Н.Дуламжавын өвлөгчөөр иргэн Д.Намсрайг болохыг тогтоосон өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл болон иргэн Ц.Цэенхандыг маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан хэлцлийг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байна.
13.Харин тус маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөс иргэн Д.Намсрай, Ц.Цэенханд нарыг хассан хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
14.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, иргэний хэргийн шүүх маргаан бүхий орон сууцны өмчлөлийн маргааныг шийдвэрлэхдээ иргэн Н.Дуламжавын өвлөгчөөр иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарыг тогтоож, нэхэмжлэгч Д.Дэндэвдорж тухайн байрны өмчлөгчөөр ганцаараа үлдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй байна.
15.Дээрхээс үзвэл маргаан бүхий орон сууцны эцсийн өмчлөгч нь иргэн Д.Оюун, Д.Мөнхөө, Д.Дэндэвдорж нар байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
16.Иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нараас тус шүүхэд Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 10 дугаар байрны 26 тоот хаягт байрлах Y-2204009425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШШ2021/0472 дугаар захирамжаар хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
17.Уг захирамжид “... 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Оюуны Хаан банкны 5064121924 тоот дансанд гуравдагч этгээд Д.Дэндэвдорж нь 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг шилжүүлэх, хэрэв 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хаан банкны 5064121924 тоот дансанд 24,000,000 төгрөгийн төлбөр хийгээгүй тохиолдолд Y-2204009425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хүчингүй болгох” гэжээ.
18.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл” 4-155/19884, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Мэдэгдэл” 4-155/24019, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл” 4-155/24147 дүгээр албан бичгүүдээр Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “... 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Оюуны Хаан банкны 5064121924 тоот дансанд гуравдагч этгээд Д.Дэндэвдорж нь 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлэн төлбөр хийх, хэрэв 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хаан банкны 5064121924 тоот дансанд 24,000,000 төгрөгийн төлбөр хийгээгүй тохиолдолд Y-2204009425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хүчингүй болгохыг дурдаж шийдвэрлэжээ, Өмчлөгч Э.Төрболд, Я.Болормаа нар нь байрны гэрчилгээг гарган өгөх боломжгүй талаар тайлбар өгч байх тул дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 10 дугаар байрны 26 тоот хаягт байрлах Y-2204009425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Э.Төрболд, Ч.Болормаа нарын бүртгэлийг хүчингүй болгож, хариу ирүүлнэ үү.” гэх агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн байна.
19.Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарын гаргасан хүсэлт, иргэний болон захиргааны хэргийн шүүхүүдийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдэгдэл зэргийг үндэслэн маргаан бүхий орон сууц болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 10 дугаар байрны 26 тоот хаягт байрлах Y-2204009425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000947519 дугаартай гэрчилгээг олгожээ.
20.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл.“Улсын бүртгэлийн зарчим”, 4.1.“Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 4.1.4.“үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 4.1.5.“нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;” гэж тус тус зааснаас үзвэл улсын бүртгэлийн үйл ажиллагаа нотлох баримтад үндэслэн үнэн зөв, бодитой, хуульд заасан журмын дагуу хөтлөгдөж, хийгдэхээр байна.
21.Маргаан бүхий тохиолдолд, иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарын нэр дээр хийгдсэн улсын бүртгэл нь хуулийн дээрх зарчмуудад нийцсэн байна гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.Дэндэвдоржийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэмсэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл”, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн иргэн Д.Намсрай, Ц.Цэенханд нарыг тухай байрны өмчлөгчөөс хассан “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-үүд хүчин төгөлдөр, мөн маргаан бүхий бүртгэл хийгдэх үндэслэл болсон шүүхийн шийдвэрүүдэд нэхэмжлэгч Д.Дэндэвдоржийг маргаан бүхий байрны өмчлөгч биш, улсын бүртгэлээс хасагдах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн шийдвэр байхгүй байхад маргаан бүхий бүртгэлээр нэхэмжлэгч Д.Дэндэвдоржийг хасаж, иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарын нэр дээр улсын бүртгэлийг хийсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй болжээ.
22.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий байрыг нэхэмжлэгч Д.Дэндэвдорж нь иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарын хамт өмчилж, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэл хийлгэж, хамтран өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах эрхтэй эсэхийг судалж шийдвэрлэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актууд болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 10 дугаар байрны 26 тоот хаягт байрлах Y-2204009425 дугаартай орон сууцны өмчлөгчөөр иргэн Д.Оюун, Д.Мөнхөө нарыг бүртгэсэн бүртгэл болон 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000947519 дугаартай гэрчилгээг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.
23.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.” гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасныг тус тус баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр, 26 тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Мөнхөө, Д.Оюун нарыг бүртгэсэн бүртгэл болон 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000947519 дугаартай гэрчилгээг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ