Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 114

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

      Прокурор                                                   Л.Энхтайван

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        С.Чулуунбаатар

      Нарийн бичгийн дарга                          Б.Болормаа нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энэбишийн Баярнэмэхэд холбогдох 201718000095  тоот  хэргийг  хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 19-нд Архангай   аймгийн Цэнхэнр суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, шүхэрчин, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 10-р хороо 7-25 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Энэбишийн Баярнэмэх /РД:АО77071914/

 

  Шүүгдэгч Э.Баярнэмэх нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цаг 10 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал дээр ховор амьтан болох баавгайн савар 8 ширхэг, халиун бугын сүүл 5 ширхэгийг бусдаас худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Э.Баярнэмэхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 01 сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хил дээр ОХУ-ын буриад хүнтэй танилцсан. Нэрээ Сухой билүү Сүхэе гэж байсан. Бид 2 танилцаад архи хувааж уусан ба архи ууж суухдаа урдаас бараа таваар зөөж зарж борлуулдаг талаараа ярьж суухад “чамд хэрэгтэй зүйл надад байна, чи хямдхан ав, чамд үзүүлье” гээд намайг цайны газарт орхиод ганцаараа гарч явсан. Удалгүй орж ирээд намайг “дагаад яв, чамд үзүүлье” гээд хогийн цэгийн хог хаядаг хүнгүй газар руу дагуулж очоод хогийн цэг дээрээс нэг цүнхтэй зүйл гаргаж ирээд нээж үзүүлсэн юм. Харахад баавгайн савар, бугын сүүл байсан. Ингээд “үүнийг авах уу” гэхээр нь “чи хаанаас авсан юм, наадах чинь хориотой шүү дээ” гэхэд “зүгээрээ манай Орост  энэ бол зөвшөөрөлтэй байдаг юм. Айх юм байхгүй, хямдхан ав” гээд байхаар нь 200.000 төгрөг өгөөд 2 шил архи авч өгөөд худалдаж авсан. Тухайн үед хаанаас агнасан, хэнээс авснаа надад хэлээгүй. Ингэж худалдаж аваад салаад машинд суугаад шууд хот руу явсан. Хотод очоод гэрийнхээ арын бургас модонд өлгөж нуугаад 2017 оны 02 сарын 12-ны өдөр төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудалд явж байгаад цагдаад саатуулагдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 121-122-р ху/,

2. Шүүгдэгч Э.Баярнэмэхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрт холбогдох хэргийн талаар удаа дараа мэдүүлсэн байгаа, нэмж хасах хэлэх зүйл алга. Өөрийн гэм буруутай үйлдлийг ухамсарлаж ойлгож байна .....гэх мэдүүлэг, /хх-ийн 125-р ху/,

          3. Шүүгдэгч Э.Баярнэмэхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 сарын 23-ны өдөр хотоос Алтанбулаг руу хүнс цуглуулах гэж явсан. Хотоос таксинд сууж ирсэн. Алтанбулагт ирээд гадаад паспортоо үзсэн чинь паспортын хугацаа дуусчихсан байсан. Жаахан архи уучихсан байсан болохоор нэмж архи уусан. Нэг хүнтэй таараад архи уусан, тэр хүн өөрийгөө Сухай билүү Сухое ч билүү тэгж танилцуулсан. “Чи ингэж явж байгаа юм уу, чамд мөнгө төгрөг байгаа юу” гэхээр нь 500.000 төгрөг байснаас 200000 төгрөг байна гэсэн. Тэгээд нэг цайны газар оруулаад өөрөө гарч яваад эргэж ирээд намайг “дагаад яв, чамд үзүүлье” гээд хогийн цэгийн хог хаядаг хүнгүй газар руу дагуулж очоод хогийн цэг дээрээс нэг цүнхтэй зүйл гаргаж ирээд нээж үзүүлсэн юм. Харахад баавгайн савар, бугын сүүл байсан. Ингээд “үүнийг авах уу” гэхээр нь “чи хаанаас авсан юм, наадах чинь хориотой шүү дээ” гэхэд “зүгээрээ манай Орост  энэ бол зөвшөөрөлтэй байдаг юм. Айх юм байхгүй, хямдхан ав” гээд байхаар нь 200.000 төгрөг өгөөд 2 шил архи авч өгөөд худалдаж авсан. Би гэртээ аваачаад бургасан дээр нуучихсан. 2017 оны 01 сарын 12-ны өдөр Баттулга ахыг “замын үүд хүргээд өг” гэсэн. Тэгээд би “билетээ бичүүлээд ирье” гээд явсан чинь Баттулга ахыг 2 хүн барьсан байсан болохоор айгаад явчихсан. Ховор амьтны эд зүйл тээвэрлэсэн, худалдан авсан гэдгээ  зөвшөөрч байна, хэрэг хийсэндээ гэмшиж байна. ...гэх мэдүүлэг,

4. Хохирогч О.Батсайханы 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Надад хэлж яриад байх зүйл алга байна. Э.Баярнэмэх гэдэг хүн баавгайн савар, бугын сүүл авч яваад баригдсан гэдгийг ойлголоо. Ховор амьтны хориглосон ан амьтан агнасан байна. Учирсан хохирлыг барагдуулаасай гэж хүсч байна ....гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р ху/,

5. Хохирогч О.Батсайханы шүүхэд гаргасан хүсэлтэнд: Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй учраас орон нутгийнхаа БОГ-аас хохирогч иргэний нэхэмжлэгчийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.2.4, 17.2.4-д зааснаар оролцуулах нь зүйтэй. Тус аймгийн цагдаагийн газраас тухайн хэрэг нь Нийслэлийн прокурорын газарт шилжиж ирж байгаа гэж БОАЯ-нд хандсаны дагуу яамнаас хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон. Орон нутагт шалгагдаж байгаа хэрэгт яамнаас хүн оролцох хуулийн болон ахуйн боломж байдаггүйг анхаарч үзнэ үү. Энэ хэрэгт хохирлыг төлүүлэх саналтай байна, хураагдсан эд зүйлсийг улсын орлогод оруулах, өөр нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болно.  ...гэх хүсэлт

 6.Гэрч Б.Баттулгын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 02 сарын 12-ны өдөр над руу Э.Баярнэмэх залгаад “би жаахан ачаатай байна, та өргөөд вокзал хүргээд өгөөч” гэхээр нь “тэгье” гээд уулзахаар болж Улиастайн эцсийн цэцэрлэг дээр 2 дүүгээ цэцэрлэгээс нь аваад явж байхад Э.Баярнэмэх ирээд бид 2 уулзаад 2 дүүг гэрт нь хүргэж өгөөд Э.Баярнэмэхийн хамт явсан. Цүнхтэй нилээн хүнд зүйлийг нуруундаа үүрээд Улиастайн эцсээс Офицер хүртэл автобусанд суугаад Офицер дээрээс вокзал орох тролейбусанд сууж явсан. Ингээд вокзал дээр буугаад шууд вокзал орсон Э.Баярнэмэх “би ороод билет аваад ирье, та нүхэн гарцаар гараад байж бай” гэхээр нь би цүнхтэй зүйлийг нь гартаа бариад нүхэн гарцаар дээш гарч явтал нүхэн гарцны аман дээр нэг цагдаа зогсож байсан ба “та цүнхтэй зүйлээ шалгуулна уу” гэж хэлэхээр нь “энэ ахынх нь биш ээ, манай дүүгийнх байгаа юм, би эзэн нь биш байна” гэхэд “хамаагүй ээ шалгуул” гэхээр нь цүнхтэй зүйлийн амсарыг тайлаад онгойлгож харахад хар уутанд боосон зүйл байсан. Цагдаа нэг бүрчлэн үзээд “энэ чинь баавгайн савар байна шүү дээ” гэж хэлэхээр нь “би үүнийг мэдэхгүй, дүү өөрөө мэдэж байгаа, намайг өргөөд яваад өгөөч гэхээр нь өргөж наашаа ирсэн юм” гэхэд “тэр хүн чинь хаана байна” гэж асуухаар нь сая билет авахаар вокзал руу орсон гэж хэлэхэд намайг дагуулаад явсан. Вокзал руу ороод Баярнэмэхийг надтай цуг хайгаад олоогүй юм, хаачсаныг нь би мэдэхгүй. Ингээд надаас байцаалт авахад нь би болсон зүйлийг л хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 117-1180-р ху/,

7.Шинжлэх ухаан академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №04 тоот дүгнэлт:

Асуулт 1-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг сарвуу нь Баавгайн овгийн баавгайн төрөлд хамаарах хүрэн баавгайн сарвуу мөн, 5 ширхэг сүүл нь бугын овгийн бугын төрөлд хамаарах халиун бугын сүүл зэрэг нь 2 зүйлийн амьтны эд эрхтэн мөн болно.

Асуулт 2-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн 8 ширхэг сарвуу, халиун бугын 5 ширхэг сүүл нь зэрэг эд эрхтнээр нь эр эмийг тогтоох боломжгүй болно.

Асуулт 3-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгай, халиун буга зэрэг амьтад Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн.

Асуулт 4-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгай, халиун бугын эд эрхтнээр агнагдсан хугацааг тогтоох боломжгүй болно.

Асуулт 5-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн эр бодгалийн экологи-эдийн засгийн үнэлгээ 6.500.000 төгрөг, эм бодгалийн буюу эвшний экологи-эдийн засгийн үнэлгээ 7.500.000 төгрөг, халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6.600.000 төгрөг, эм бодгалийнх 7.500.000 төгрөг байдаг байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 33-34-р ху/

8.Шинжлэх ухаан академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №12 тоот:

Асуулт 1-ийн хариулт : Шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг сарвуу нь баавгайн авгийн баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн сарвуу мөн байсан бөгөөд 2 бодгаль амьтных болно. Хураагдсан 8 ширхэг хүрэн баавгайн сарвууны 4 ширхэг нь урд хөлийнх, үлдсэн 4 ширхэг нь хойд хөлийнх байна.

Асуулт 2-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн 8 шихэг сарвуугаар эр, эм болохыг тогтоох боломжгүй. Мөн тус 8 ширхэг сарвууны хэлбэр хэмжээ зэргээс үзэхэд нас бие гүйцсэн хүрэн баавгайн сарвуу болно.

Асуулт 3-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг сарвуу нь 2 бодгаль хүрэн баавгайн сарвуу байсан бөгөөд эр, эмийг тогтоох боломжгүй. Хүрэн баавгайн эр бодгалийн экологи–эдийн засгийн үнэлгээ 6500000 төгрөг, эм бодгалийн буюу эвшний эколги-эдийн засгийн үнэлгээ 7500000 төгрөг байдаг байна.

Асуулт 4-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сүүл нь Бугын овгийн бугын төрөлд хамаарах Халиун бугын сүүл мөн байсан бөгөөд нас хүйс зэргийг тогтоох боломжгүй болно.

Асуулт 5-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сүүл нь 5 бодгаль халиун бугын сүүл байсан бөгөөд эр, эмийг тогтоох боломжгүй болно. Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6600000 төгрөг, эм бодгаль 7500000 төгрөг байдаг байна. ....гэх дүгнэлт /хх-ийн 94-95-р ху/,

9.Шүүгдэгч Э.Баярнэмэхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 130-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх-ийн 70-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 71-73, 121-122-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 74-77-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 124-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх-ийн 125-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 17-18-р ху/, хүний бие ачаа тээшинд үзлэг хйисэн тухай тэмдэглэл/хх-ийн 16-р ху/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, /хх-ийн 108–р ху/,  шинжээчийн 04 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зураг, /хх 35–р ху/, улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт, /хх-ийн 36-52-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 98-р ху, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 129-р ху/, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 23-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 128-р ху/, хохирлын үнэлгээ хүснэгтээр гаргасан баримт, /хх-ийн 99-р ху/ зэрэг болно.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Э.Баярнэмэхийг  2017 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цаг 10 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал дээр ховор амьтан болох баавгай савар 8 ширхэг, халиун бугын сүүл 5 ширхэгийг бусдаас худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Баярнэмэх нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох хүний бие, ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,  эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол,   шинжээчийн 04 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зураг,  улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, хохирлын үнэлгээ хүснэгтээр гаргасан баримт зэргээр  түүний үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгчийг 2017 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цаг 10 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал дээр ховор амьтан болох баавгай савар 8 ширхэг, халиун бугын сүүл 5 ширхэгийг бусдаас худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

        Шүүгдэгч Э.Баярнэмэх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хүрэн баавгайн 8 ширхэг сарвуу, халиун бугын сүүл 5 ширхэг хураагдаж ирсэн ба шүүгдэгч нь улсад экологи эдийн засгийн хохиролд 46.000.000 төгрөг төлөх төлбөртэй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

            Шүүгдэгч Э.Баярнэмэх нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, экологи эдийн засгийн хохиролд 46.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзаж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-р зүйлийн 1-д заасан “...ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялыг нь тэнсэж хянан харгалзах нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,  3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус  удирдлага    болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Энэбишийн Баярнэмэхийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан заасан “...ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  Э.Баярнэмэхийг 01 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярнэмэхэд оногдуулсан 01 /нэг/ жилийн  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч  Э.Баярнэмэх нь энэ гэмт хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Баярнэмэхээс 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 9-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан экологи эдийн засгийн хохиролд 46.000.000 төгрөгийг   2017 оны 09-р сарын 01-нээс хойш 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг тэнсэгдсэн Э.Баярнэмэхэд үүрэг болгосугай.

7. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э.Баярнэмэхэд оногдуулсан 01 /нэг/ жилийн  хорих ялыг 01 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх бол  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

8.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн баавгайн 8 ширхэг сарвуу, халиун бугын 5 ширхэг сүүлийг  шийдвэр хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.

9. Шүүгдэгч Э.Баярнэмэхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Г.Энхцэцэгт даалгасугай.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

13.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН