Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/701

 

Э.М-, Н.О-, Ц.Э- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Л.Жавзмаа,

шүүгдэгч Н.О-, Ц.Э- нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/578 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Н.О-, түүний болон шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.М-, Н.О-, Ц.Э- нарт холбогдох эрүүгийн 2106000000488 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Э.М-, 2000 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, эхнэрийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 632 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            2. Н.О-, 2000 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            3. Ц.Э-, 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 5, эх, эхнэр, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Э.М- нь 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 13 цагийн үед ***  дугаар хороо, Зэвсэгт хүчний ***  дугаар ангид хугацаат цэргийн албанд “дэд түрүүч” цолтой алба хааж байхдаа тус ангийн харуул үйлчилгээний тусгай ротын цэргийн амрах байрны 2 дугаар давхарт байлдагч Б.Ш-тай харилцахдаа дүрмийн бус харьцаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт,

            Н.О- нь 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 13 цагийн үед ***  дугаар хороо, Зэвсэгт хүчний ***  дугаар ангид хугацаат цэргийн албанд “байлдагч” цолтой алба хааж байхдаа тус ангийн харуул үйлчилгээний тусгай ротын цэргийн амрах байрны 2 дугаар давхарт байлдагч Э.Х-тай харилцахдаа дүрмийн бус харьцаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт,

            Ц.Э- нь 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 13 цагийн үед ***  дугаар хороо, Зэвсэгт хүчний ***  дугаар ангид хугацаат цэргийн албанд “байлдагч” цолтой алба хааж байхдаа тус ангийн харуул үйлчилгээний тусгай ротын цэргийн амрах байрны 2 дугаар давхарт байлдагч Ц.А-тай харилцахдаа дүрмийн бус харьцаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.О-, Ц.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                        

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.О-, Ц.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар Э.М-, Н.О-, Ц.Э- нарыг тус бүр 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.О- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд санамсар болгоомжгүйн улмаас сахилга бат алдсандаа гэмшиж байна. Хорих ялыг хөнгөрүүлж эсхүл тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Н.О-, Ц.Э- нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...миний үйлчлүүлэгч нар гэм буруугийн асуудлаар маргаагүй. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд Н.О-, Ц.Э- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байх тул шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг баталсан тул энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Э.М-т оногдуулсан 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож буй өмгөөлөгч нараас гаргасан санал хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг өршөөлд хамруулахад татгалзах зүйлгүй. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

                Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            - тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, зохисгүй үйлдэл гаргасан этгээдүүдийн талаар мэдүүлсэн хохирогч Э.Х-ы “...2020 оны 10 дугаар сард шиг санаж байна. Манай тасгийн дэд түрүүч Би- байлдагч Ш-ыг дуудаад дагуулж явсан. Хал цэргүүдийн байрладаг баруун талын хэсэг рүү харахад хал цэргүүд Ш-ыг гар тулж хэвтүүлээд суниалгаж байсан. Байлдагч Г- намайг дуудаж “Ш-аас гар утас гарч ирсэн. Чамд гар утас байгааг мэдэж байна. Гар утсаа гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад гар утас байхгүй” гэхэд хал цэргүүд намайг “худлаа яриад бай, үнэнээ хэл” гэж хэлсэн. Тэр үед байлдагч Мө- бусдадаа хандан “наадахыг чинь цаазалчихъя” гэж хэлэхэд байлдагч О- орны доор өвдөг, шагай нугалахгүй шулуун суулгаад, толгойг хөлийн дээр байрлуулан орны доод хэсэгт хийж, хоёр гарын бугалга, тохойгоор нугалахгүй үеийн эсрэг өргөж татсан. ...” /1хх 157-159/,

            - хохирогч Ц.А-гийн: “...тухайн бичлэгт хамгийн сүүлд толгойн дагз хэсэгтээ цохиулж байгаа хүн нь би юм. Хэрэг гарсан гэх өдөр ротын ээлжтэй байсан. Хал цэргүүд намайг дуудахаар нь яваад очтол байлдагч Ш-, Х- нарыг шийтгэж байсан. ...” /1хх 164-167/,

            - хохирогч Б.Ш-ын: “...би гар утас зөвшөөрөлгүй ашиглаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр баригдсан. Тухайн өдөр 13 цагийн орчимд хал цэргүүд намайг дуудан, гар тулуулж хэвтүүлээд ойролцоогоор 20 орчим минут суниалгасан. Байлдагч О- Х-ы хоёр хөлийг нь алцайлгаж суулгаад, толгойг нь урагшаа тонгойлгож орны доод тал руу оруулсан. Миний мэдэж байгаагаар ойролцоогоор 1-2 минут болсон. Тэр үеэр намайг доошоо хагас суу, хоёр гараа дээш нь өргө гэж хэлсэн. Би энэ үйлдлийг 30 минут орчим давтаж хийсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 152-153/ гэсэн мэдүүлгүүд,

            - гэрч С.Г-ийн: “...бага дарга М- өөрийнхөө гар утсаар бичлэг хийж байлдагч Ш-ыг хөл дээр нь хагас суулгаж, гарыг нь 902 градуст бариулж байгаад дуу дуул гэж тушаасан. Ш-ыг дуу дуулж байх үед М- толгой дээр нь календарь, баруун, зүүн гарын гадна хэсэгт зүү утасны набор, шүдний сойз тавьсан. Тухайн үед мөн байлдагч О- Х-ы хөл толгойг орон доор хийж байгаад баруун, зүүн гарыг нь хойш татаж 2-3 минут орчим суулгасан. ...” /1хх 170-172/,

            - гэрч Э.Мө-ийн: “...дэд түрүүч М- нь байлдагч Ш-ыг орны хөлд хагас суулгаад дуу дуулуулсан. Байлдагч О- нь Х-ыг миний орон доор суулгаад хоёр гараас нь дээш татаж дэглэсэн. ... /1хх 174-176/,

            -  гэрч Э.Эн-ын: “...бичлэг дээр гарч байгаа байлдагч А-гийн дагз хэсэг рүү цохиж байгаа хүн бол байлдагч Э-. ... /1хх 178-179/,

            - гэрч У.Би-ын: “...үүдний хэсэгт зогсож байсан байлдагч А-гийн толгой руу цохиж байгаа хүн бол Э-. ...” /1хх 205-207/ гэсэн мэдүүлгүүд,

            - мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч Э.М-ын “...хуучин цэргүүд Ш-, Х- нар нь гар утас барьж байгаад баригдсан гэж хэлсэн. Би тухайн үед юу болсон талаар асуухад дэд түрүүч Би- нь Ш-, Х- нар гар утас оруулж ирж байгаад баригдсан жоохон дасгал хийлгэе гэж хэлсэн. Тухайн үед хал цэргүүд нь тойрч байгаад жаахан дэглэсэн. Би тухайн үед гар утас гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэгээд Ш-ыг цонх болон орны завсар буланд зогсоож байгаад нэгдүгээр 14 тоот дасгал хийлгүүлж, дуу дуулуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /3хх 10-11/,

            - шүүгдэгч Н.О-ын “...2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр биднийг ногоо хураалтаас ирээд амарч байхад хуучин цэргүүд бөөгнөрөөд 2 шинэ цэрэг гар утас барьсан талаар ярьж байсан. Цэргийн дүрмээр гар утас барихыг хориглодог учраас дасгал, хөдөлгөөнөөр шийтгэсэн. Би шинэ цэрэг болох байлдагч Х-ыг орон доогуур хийгээд сунгалтын дасгал хийлгэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /3хх 11/,

            - шүүгдэгч Ц.Э-ын “...цэргийн алба хаах хугацаандаа байлдагч цолтой байсан. 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хоолоо идсэний дараа гадаа тамхи татаж, турник дээр суниаж байгаад 13 цаг өнгөрч байх үед харуул үйлчилгээний тусгай ротын цэргийн амрах байрны 2 дугаар давхарт гарсан. Намайг очих үед байлдагч О-, Х-ы хоёр хөлийг орон доогуур жийлгээд, толгойг нь орны доод хэсэг рүү хийж, хоёр гарыг нь хойш хөшиж татсан байдалтай байсан. Би хохирогч А-гийн толгойн дагз хэсэгт нь цохисон. ...” /2хх 59-60/ гэсэн мэдүүлгүүд,

            - тухайн цаг хугацаанд болж буй үйл явдлыг харуулсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19-26/,

            - дээрх бичлэгтэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Ч.Эрдэмболорын “...бичлэгт гарч байгаагаар хүний гарыг татаж чангаах, хөших, хагас суугаа байдалд зогсооход хүний биед зовуурь шаналал үүсэх боломжтой. ...” /2хх 22-23/ гэсэн мэдүүлэг,

            - Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт “Цэргийн дотоод албаны дүрэм” /2хх 118-124/,

            - Зэвсэгт хүчний ***  дугаар ангийн захирагчийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/79 дугаартай “Э.М-ыг 1 дүгээр салааны 2 дугаар тасгийн захирагчаар томилж, дэд түрүүч цол олгосон тухай” тушаал /2хх 125/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,  

            2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 13 цагийн үед, ***  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний ***  дугаар ангийн харуул үйлчилгээний тусгай ротын цэргийн амрах байрны 2 дугаар давхарт тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан тасгийн захирагч, дэд түрүүч Э.М- нь байлдагч Б.Ш-тай харилцахдаа түүгээр дуу дуулуулж, толгойн дээр нь хуанли тавьж, уг үйл явдлыг гар утасны бичлэгээр дүрсжүүлсэн, байлдагч Н.О- нь байлдагч Э.Х-тай харилцахдаа толгой хэсгийн нь орон доогуур оруулж сунгалтын дасгал хийлгэсэн, байлдагч Ц.Э- нь байлдагч Ц.А-тэй харилцахдаа толгой руу нь цохисон зэргээр Цэргийн дотоод албаны дүрэмд заасан цэргийн алба хаагчийн нийтлэг болон тусгай үүргийг зөрчин дүрмийн бус харьцаж, хүч хэрэглэсэн гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

            Дүрмийн бус байдлаар харьцана гэдгийг Монгол Улсын цэргийн дүрмээр тогтоосон журмыг илтэд зөрчиж, эрх чөлөөг нь хасан боогдуулан, дүрэмд заагаагүй үйлдэл хийлгүүлэх, үүрэг гүйцэтгүүлэхийг ойлгодог.

            Цэргийн дотоод албаны дүрмийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт цэргийн алба хаагч нь “эелдэг зан харилцааг эрхэмлэж, ... нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээг ёсчлон сахих.” гэсэн нийтлэг үүргийг, мөн дүрмийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тасгийн захирагч нь “тасгийн бие бүрэлдэхүүний ... нэр төр, эрхийг хүндэтгэн хамгаалах, дүрмээр тогтоосон хэм хэмжээнд харьцаж удирдах” гэсэн тусгай үүргийг биелүүлэхээр тогтоожээ.

            Хэргийн үйл баримтаас үзэхэд, тасгийн захирагч, дэд түрүүч Э.М- нь “цэргийн ангид зөвшөөрөлгүй гар утас ашигласан” гэх шалтгаанаар байлдагч Б.Ш-ыг Э.Х-, Ц.А- нарын хамт дуудан ирүүлж, улмаар тухайн зөрчлийн талаар ангийн удирдлагад мэдээлэхгүйгээр Б.Ш-аар дуу дуулуулж, толгойн дээр нь хуанли тавьж, уг үйл явдлыг гар утасны бичлэгээр дүрсжүүлэх зэргээр Цэргийн дотоод албаны дүрмийн 13 дугаар зүйлийн 13.8, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийг, энэ үед байлдагч Н.О- нь Э.Х-ы толгой хэсгийг орон доогуур оруулж сунгалтын дасгал хийлгэх, байлдагч Ц.Э- нь Ц.А-гийн толгой руу нь цохих зэргээр мөн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-ыг дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.О-, Ц.Э- нарыг бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.          

            Гэвч ийнхүү дүгнэхдээ, шүүгдэгч нар нь цэргийн дүрмээр тогтоосон ямар заалтыг зөрчсөн талаар тодорхой тусгаагүй, түүнчлэн шүүгдэгч Н.О-, Ц.Э- нарыг “дэд түрүүч” цолтой байхдаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр өрөөсгөл дүгнэснийг давж заалдах шатны шүүх дээрх байдлаар нөхөн дүгнэсэн болно. 

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-, Н.О-, Ц.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.М- нь хохирогч Б.Ш-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар тус бүрт 6 сарын хорих ял оногдуулсан гэх боловч шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог ялгамжтай авч үзээгүй байгааг дурдаж байна.

            Шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Н.О-, Ц.Э- нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан нар гаргасан давж заалдах гомдолдоо “...шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн боловч тус шүүх хуралдаанд давж заалдсан гомдлынхоо үндэслэлийг өөрчилж “...шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж өгөхийг...” хүсчээ.

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд шүүгдэгч Э.М-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болон шүүгдэгч Н.О-, Ц.Э- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байх тул шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Иймээс энэ талаар гаргасан шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Н.О-, Ц.Э- нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.О-ын “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Э.М- урьд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 632 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт уг ялаа биелүүлсэн эсэх талаарх баримт нотолгоо авагдаагүй, энэ талаар анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзээгүй байгааг дурдав.

Түүнчлэн, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хэлбэр, бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга...”-ыг тусгалгүй, яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг жагсаан хуулж бичсэн байгааг цаашид анхааруулж тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/578 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас, шүүгдэгч Н.О-, Ц.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Э.М-, Н.О-, Ц.Э- нар нь 2021 оны 5 дугаар сарын 17-ноос 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 65 хоног тус бүр цагдан хоригдсоныг дурдаж, шүүгдэгч Э.М-, Н.О-, Ц.Э- нарыг нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Н.О-, Ц.Э- нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан “...шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хангаж, шүүгдэгч Н.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН