| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/02712/И |
| Дугаар | 183/ШШ2023/00012 |
| Огноо | 2022-12-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2023/00012
2022 оны 12 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2023/00012 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, С.Шарав гудамж, 00-000 тоотод оршин суух эхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Х.-О хотхон, 00-00 тоотод оршин суух, С.Ч/РД:ЧГ00000000 /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Зайсангийн гудамж, Х.ОСӨХ /РД:000000/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү СӨХ-ны харуулын байрны үүдэнд цоожоод тавьсан байсан унадаг дугуйгаа алдсан тул Х-О СӨХ-өөс нэхэмжилж байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж хэрэг эзэн холбогдогч нь олдоогүй байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтээр дугуйг 800.000 төгрөг үнэлсэн. Миний хувьд 2008 оноос харуул хамгаалалтын буюу СӨХ-ны төлбөр байнга төлж ирсэн. Энэ асуудалд Х.ОСӨХ буруутай гэж үзэж байгаа тул 800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь алдсан гэх унадаг дугуйны асуудал СӨХ-ны төлбөртэй ямар ч хамааралгүй. Хувь хүний өмчийг СӨХ болон СӨХ-н харуул харж хамгаалах үүрэггүй бөгөөд уг асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан бол тэр журмаараа шийдвэрлэгдэх ёстой. Энэ хоёр маргааны үйл баримт нь тус тусдаа шийдвэрлэгдэх учиртай. СӨХ-н эрх үүрэг, хариуцах ажил нь тусдаа дүрэм журмаар зохицуулагддаг. Оршин суугчдын хувийн эд хөрөнгийг харж хамгаалах үүрэг хүлээгээгүй болно. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банкны төлбөрийн баримт, 2022.05.27-ны өдрийн 0000дугаартай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: 2022 оны Сууц өмчлөгчдийн холбоо сууц өмчлөгч иргэд хоорондын нийтийн зориулалттай орон сууц ашиглалтын явцад үүсэх харилцаанг зохицуулах гэрээ, Х.-О СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан өгсөн байна.
Шүүх Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс 2021.04.30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Х.-О СӨХ-ны харуулын дэвтэрийг нотлох баримтаар гаргуулан хэрэгт авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ч хариуцагч Х.-О СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч Х.ОСӨХ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, түүний дугуйд алдагдсанд манай СӨХ буруугүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Х.-О СӨХ-ны харуулын байрны хажууд дугуйны зогсоол дээр байсан нэхэмжлэгч С.Ч-ын хүүхдийн дугуй алдагдсан бөгөөд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй шалгагдаж байгаа талаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн албан тоотод дурджээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн дугуй алга болгосон гэдэг асуудлыг манайх үгүйсгээгүй. Алга болсон асуудлыг хуулийн байгууллага тогтоох ёстой. Манай СӨХ орон сууц, гарааш зэрэг оршин суугчдын өмчлөөд авчихсан өмчийг ус дулаан, цэвэрлэгээ гэх мэт үйл ажиллагаагаар хангах үүрэгтэй, түүнээс оршин суугчдын хувийн хөрөнгийг харж хамгаалах үүрэггүй гэж маргаж байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар хуульчилжээ.
Зохигч 2022 онд Сууц өмчлөгчдийн холбоо сууц өмчлөгч иргэд хоорондын нийтийн зориулалттай орон сууц ашиглах явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээнийн 1-д ...орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцан, найдвартай ажиллагааг ханган, ... амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, СӨХ-ны зүгээс хяналт тавих, сууц өмчлөгчдийн өмч болон дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбогдсон харилцааг зохицуулах-аар тусгасан, Х.О СӨХ-ны дүрмийн хоёр дугаар зүйлд холбооны эрхийг тусгаж, хүлээх үүргийг тусгаагүй байна.
Х.-О СӨХ хуульд зааснаар орон сууцны дундын өмчлөлийн үйлчилгээтэй холбоотой зардлыг оршин суугч нарт хариуцуулахдаа харуул, хамгаалалтын зардалд 16.000 төгрөгийг сар бүр авдаг бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн Төрийн банкны 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Х.-О СӨХ-ны харуулын рапортын 2020-2021 оны дэвтэрт 2021.04.24-ний өдөр гарсан зөрчилгүй гэж тэмдэглэсэн байх боловч хариуцагч нь дугуй алдагдсан үйл баримтын талаар маргаагүй, харуул нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн гэх үйл баримтыг үгүйсгээгүй болно.
Х.ОСӨХ-ны харуул машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй, жижүүрийн төлбөрийг оршин суугчид авдаг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оршин суугчдын машины зогсоол, дугуйн зогсоол дээрх хувийн хөрөнгийг харж хамгаалах үүрэггүй гэх тайлбараар үгүйсгэгдэж байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий дугуйны үнийн талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн хүүхдийн дугуй алдагдсан үйлдэлд хариуцагч Х.-О СӨХ-ны харуулын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байх тул С.Ч Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан тул Х.-О СӨХ-ноос гэм хорын хохирол 800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ч-ад олгох нь зүйтэй байна.
Шүүх иргэдийн төлөөлөгч Ц.С томилогдсон бөгөөд тэрээр эмнэлэгт хэвтэж байгаа тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзахгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Х.-О СӨХ-ны харуулын рапортын 2020-2021 оны дэвтэрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Х.-О СӨХ-нд буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.-О СӨХ-ноос 800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ч-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.-О СӨХ-өөс 35.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ч-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Х.-О СӨХ-ны харуулын рапортын дэвтэр /2020-2021/-ийг хариуцагч Х.-О СӨХ-нд буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Д.ЭНХЦЭЦЭГ