| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/1311/Э/220/2025/0751 |
| Дугаар | 2025/ШЦТ/1460 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1460
2025 06 02 2025/ШЦТ/1460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Ц.Цэрэнбалжир, хохирогч Ц.*******, шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь Баянгол дүүргийн *** дугаар хороо *** гудамж ** япон сэлбэгийн дэлгүүрийн баруун замд 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 06 минутын орчимд “**************” маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1 “явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.*******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Ч.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******: “...Тухайн үед би Баянхошуунаас уруудаад явж байсан. Намайг цагаан зураас даваад явж байхад хажуугаас тас гээд явчихсан. Би Ц.*******ыг мөргөөгүй, хажуугаас гараад ирсэн. Би хохирогчийг дэлгүүрийн хажууд суулгаж байгаад зүгээр үү гэж асуухад хохирогч гарцгүй газраар явахаар цагдаа тоодоггүй юм байна лээ гэж хэлсэн. Тухайн үед би хохирогчийг мөргөөгүй хохирогчийн барьж явсан шар сав л дугарсан....” гэв.
Хохирогч Ц.*******: “...2025 оны 02 дугаар сарын 24-ний дөр усанд явах гээд зам гарах гээд зогсож байсан. Гэтэл намайг нэг машин дайрсан, ухаан алдсан учир хаанаас яаж мөргөсөнд санахгүй байна. Ослын улмаас хэвтрийн дэглэм барих шаардлага болж охин маань намайг энэ хугацаанд ажлаасаа чөлөө авч асарсан. Тэр хугацааны цалин хөлс хэрэгт өгсөн сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрөө нэхэмжилж байна...” гэв.
Гурав. Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10, 12-13 дахь тал),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11 дэх тал),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дах тал),
Хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...осол болсон өдрийн 16 цагийн орчимд ус авах гээд 2 усны сав бариад гэрээсээ гарсан. Явах замдаа 7-н бурхан хүнсний дэлгүүрийн зүүн талын явган хүний замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байтал намайг нэг машин ирээд мөргөчихсөн. Мөргөсний улмаас ухаан балартсан байсан учир би өөр зүйл сайн санахгүй байна. Нэг мэдсэн дэлгүүрийн үүдэнд намайг суулгаж байсан. Тэр автомашин намайг яг хаагуураа мөргөснийг би мэдэхгүй байна ....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг танилцуулахад иргэний журмаар жич нэхэмжилнэ гэсэн баримт (хавтаст хэргийн 20 дах тал),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0725/3700 дугаартай:
“...1. Ц.*******ын биед баруун 2,3,4,6,7-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цус хуралдалт, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 30-31 дэх тал),
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл ( хавтаст хэргийн 58 дахь тал),
Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан хохирол төлбөрийг төлсөн тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1492 дугаартай: “1. *******ий *******ын сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалсан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дах тал),
Шүүгдэгч Ч.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 79-81 дэх тал),
Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 63-67 дахь тал),
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 128 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 100 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.*******ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Ч.******* нь Баянгол дүүргийн *** дугаар хороо *** *** япон сэлбэгийн дэлгүүрийн баруун замд 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 06 минутын орчимд “***********” маркийн **************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1 “явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.*******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0725/3700 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 30-31 дэх тал),
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дэх тал),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дах тал),зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг нь жолооч авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, хор уршгийг хүсээгүй боловч бий болгосон буюу бусдын эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1 “явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ч.*******ы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас гэм буруугийн хуралдаанд “...Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Шүүхийн шатанд гаргаж өгч байгаа баримт нь хэзээ, ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй байх тул өөрт учирсан эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 1 дүгээр зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 9 дахин нэмэгдүүлсэн дүнтэй тэнцүү буюу 5.940.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах. Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус зүйл заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...”дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх, шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг тус тус харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож ажиллахыг болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогчийн зүгээс эмчилгээний зардал болох эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, зардал бусад эд зүйлс, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан баримтуудыг шүүхийн шатанд гарсан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэлгүй орхиж хохирогч нь эмчилгээ үйлчилгээ авсан болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаар тушаалын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож болох зохицуулсан тул мөрдөн шалгах ажиллагаанд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч Ц.*******ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон /хавтаст хэргийн 68-70 дахь тал/ байх тул хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн тул тухайн гэмт хэрэг хэргийн гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан хохирол, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг арван найм аравны нэг дахин нэмэгдүүлэн тооцож /660.000х9=5.940.000/ нийт 5.940.000 (таван сая есөн зуун дөчин мянга) төгрөгөөр хохирлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж нийт 5.940.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.*******д олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт Ч.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
1. ******* овогт *******ын *******ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 (зургаа) сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.*******аас нийт 5.940.000 (таван сая есөн зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.******* /******* дүүрэг ******* хороо хувьсгалчид ******* тоот, РД:*********/-д олгосугай.
5. Хохирогч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар асаргааны төлбөр, эмчилгээ үйлчилгээ авсан зардал зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ч.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял болон 06 (зургаа) сарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.
10. энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
12. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ