Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 183/2021/03971/И |
Дугаар | 183/ШШ2023/00108 |
Огноо | 2023-01-10 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2023/00108
2023 оны 01 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/00108 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 0-00 тоотод байрлах, Т ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, 000в байр 0 тоотод байрлах, А.Б ХХК /РД:0000000/-нд холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 50.740.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, О.Б, Н.А, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК болон А.Б ХХК нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр түрээслүүлэгч нь улсын 0000УН дугаартай, LIUGONG sig000 маркийн индүүдэгч машин болон улсын дугааргүй 20 тн-ы даацтай далангийн шар индүүдэгч машиныг операторын хамт 1 сарын 32.000.000 төгрөгөөр түрээслүүлж, түрээслэгч нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний 2 сарын төлбөрийг 64.000.0000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болоход урьдчилгаа 20.000.000 төгрөгийг А.Б ХХК нь төлөх бөгөөд үлдэгдэл 44.000.000 төгрөгийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Мөн түрээсийн техникийг ажлын талбайгаас Улаанбаатар хот хүртэл зөөвөрлөх автомашины түлшний зардлыг 4.000.000 төгрөгөөр тохирсон бөгөөд 2.000.000 төгрөгийг урьдчилан байршуулахаар болсон. Ингээд А.Б ХХК нь 2 инүүдэгч машиныг Улаанбаатар хотоос өөрсдийн зардлаар Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг руу ажлын талбай руу авч явсан. Түрээсийн төлбөрийг урьдчилгаа 20.000.000 төгрөг төлсөн. Гэвч гэрээний явцад А.Б ХХК нь төлбөр төлөх болон техникийг Улаанбаатар хот руу зөөвөрлөх шатахууны барьцаа төлбөрийг байршуулах үүргээ огт биелүүлээгүй. Ингээд бид 2021.10.16-ны өдрөөс техникээ түрээслэгч байгууллагад ашиглуулахаа больж, 2021.10.25-нд өөрсдийн зардлаар түрээслүүлсэн 2 индүүгээ хот руу ачуулсан. Техникийг ажлын талбайгаас Улаанбаатар хот руу зөөвөрлөхөд гарсан 4.000.000 төгрөгөөс А.Б ХХК нь 616.000 төгрөгийн үнэ бүхий 280 литр түлш болон 1.000.000 төгрөгийг төлсөн. Одоо бидний хооронд дараах тооцоо үлдсэн. 2 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 44.000.000 төгрөг, 2021.10.13-16-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 3.200.000 төгрөг /1 өдрийн 1.066.667 төгрөг/, техникийг ажлын талбайгаас Улаанбаатар хот руу зөөвөрлөхөд гарсан зардлын үлдэгдэл 2.384.000 төгрөг болно. Иймд 50.740.400 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 12-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээгээр хоёр индүүдэгч машиныг 70 хоногийн хугацаатай буюу 2 сар 10 хоногийн хугацаатай түрээслэхээр талууд тохиролцсон. Үүний дагуу түрээсийн нэг сарын төлбөр 32.000.000 төгрөг, хоёр сарын төлбөр нийт 64.000.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан өдөр бол 20.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн. Мөн тухайн тээврийн Дашбалбар сум руу зөөж тээвэрлэхэд түлшний зардалд 2.000.000 төгрөгийг төлсөн. Гэрээний 5.1.2-т бол гэрээний нөхцөлийг бүрэн хангасан, ажил гүйцэтгэх боломжтой эвдрэлгүй тээврийн хэрэгслийг түрээслэгч тал хариуцна гэсэн боловч тухайн тээврийн хэрэгслүүд нь ажлын талбай дээр ажил гүйцэтгэх боломжгүй буюу нэг 00-00УН улсын дугаартай, нөгөө нь улсын дугааргүй индүүдэгч машин байсан. Улсын дугааргүй индүүдэгч машин нь техникийн эвдрэлтэй байсан. Иймд талуудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 12-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, 2021 оны 9 дүгээр сарын 2-ний өдрөөс хойш түрээсийн хугацаа тоологдох ба энэ хугацаанд түрээсийн хугацаа тоологдохгүй байсан. Манай тал нийт 34 хоногийн хугацаанд ажил хийж гүйцэтгэсэн. Энэ 34 хоногоос 16 хоног нь ажилд огт гараагүй, 15 хоногт нь Дашбалбар сумд бороо, цас орсон нь тогтоогдсон. Гэрээний 6.4-т түрээслэгчээс шалтгаалсан техникийн эвдрэл гэмтэл мөн бусад шалтгаанаас ажилд гаралгүй зогссон тохиолдолд гэрээний төлбөрөөс хасаж тооцно гэсэн заалт байгаа. 64.000.000 төгрөгийг 70 хоногт хувааж үзвэл нэг өдрийн 914.285 төгрөг байгаа. Энэ 914.285 төгрөгийг 34 өдөрт үржүүлэхэд 31.110.000 төгрөг байгаа. Үүнээс 20.000.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 11.110.000 төгрөг, замын зардал 2.384.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа юм гэв.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.11.22-ны өдрийн итгэмжлэл, 2021.08.12-ны өдрийн 002 дугаар түрээсийн гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК-ийн компанийн дүрэм, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.08-ны өдрийн дансны хуулга, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: 2022.02.08-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, компанийн дүрэм, ажилчдын бүртгэл, кассын орлогын баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дорнод аймгийн Ус цаг уур орчны шилжилгээний төвийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Б.Т, Н.Б, Б.А нараас гэрчийн мэдүүлэг шүүх авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК хариуцагч А.Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 50.740.400 төгрөг гаргуулах тухай болгуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 13.494.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 002 тоот түрээсийн гэрээ байгуулагдаж,00-00УН улсын дугаартай Liugong sig000 маркын индүүдэгч машиныг жолоочийн хамт, 70 хоногийн хугацаагаар Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт ашиглуулахаар хариуцагчийн мэдэлд шилжүүлжээ.
Энэ гэрээгээр 0000УН дугаартай, LIUGONG sig000 маркийн индүүдэгч машин, улсын дугааргүй 20 тн-ы даацтай далангийн шар индүүдэгч машиныг операторын хамт 1 сарын 32.000.000 төгрөгөөр түрээслүүлж, нэг сарын төлбөрийг 64.000.0000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болоход урьдчилгаа 20.000.000 төгрөгийг А.Б ХХК нь төлөх бөгөөд үлдэгдэл 44.000.000 төгрөгийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.
Хариуцагч хоёр индүүдэгч машиныг гэрээ байгуулсан өдрөө хүлээлгэж өгөөгүй, манай байгууллага 9 сарын 2-нд хүлээн авч, 34 хоногийн хугацаанд ажил гүйцэтгэсэн. Энэ 34 хоногоос 16 хоног нь ажилд огт гараагүй, 15 хоногт нь Дашбалбар сумд бороо, цас орсон тул гэрээний үнэ 64.000.000 төгрөгийг 70 хоногт хувааж үзвэл нэг өдрийн 914.285 төгрөг байгаа. Энэ 914.285 төгрөгийг 34 өдөрт үржүүлэхэд 31.110.000 төгрөг, үүнээс 20.000.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 11.110.000 төгрөг, мөн тээврийн хэрэгслийн замын зардал 2.384.000 төгрөгийг төлнө гэжээ.
Хариуцагч тухайн хоёр тээврийн хэрэгслийг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан гэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй, мөн зохигчийн хооронд байгуулсан гэрээний 4.1.1-д ажлын талбайд ажил гүйцэтгэх эхлэхэд бэлэн болсон хугацаа буюу 8 сарын 12-ны өдөр болно гэж тохиролсон байгаагаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
Т ХХК-ийн 2 индүүдэгч машиныг А.Б ХХК 2021.08.12-ны өдрөөс ашиглаж, гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээ цуцалж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ 70 хоногийн хугацаатай гэх боловч гэрээнд техникийн төлбөрийг сарын 32.000.000 төгрөг, нийт 64.000.000 төгрөгөөр тохирсон байгаа тул 2021 оны 08 сарын 12-ноос 2021 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 64.000.000 төгрөг, түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас 10 сарын 13-ны өдрөөс техникийг түрээслүүлэгч буцаан авч явсан 2021 оны 10 сарын 16-ны өдрийн түрээсийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүй тухайн техник эвдэрсэн, Дашбалбар суманд 15 хоног аадар бороо орсон гэх боловч энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
Өөрөөр хэлбэл индүүдэгч машины эвдэрсэн бол гэрээний 5.2.5-д зааснаар түрээслүүлэгч талд мэдэгдээгүй, мөн гэрээнд аадар борооны улмаас ажил явагдаагүй гэх боловч энэ талаар гэрээнд тусгаагүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
А.Б ХХК түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн тул тус гэрээний 6.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөх үүрэгтэй
Иймд түрээсийн гэрээний үүрэгт 44.000.000 төгрөг, 2021 оны 10 сарын 13-16-ны хооронд түрээсийн төлбөр 3.200.000, техник зөөвөрлөсөн зардал 2.384.000 төгрөг, алданги 1.156.400 төгрөг, нийт 50.740.400 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Б ХХК-иас 50.740.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 411.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО