| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/03542/И |
| Дугаар | 183/ШШ2023/00146 |
| Огноо | 2023-01-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2023/00146
2023 оны 01 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/00146 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, Ч овогт П.А /РД:ЗЕ00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, шарав гудамж 00 а байр 000 тоотод оршин суух, Б овогт Н. С-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А миний бие Усны нөөцийн савны угсралт худалдаа эрхэлдэг юм. 2021 оны 10 сарын 20-ны өдөр 00000000 утаснаас надруу залгахад Монос шинэ эмийн үйлдвэрт 4х4х4х2 харьцаатай усны савыг худалдан авч тухайн газарт угсарч байршуулж өгөхийг хүссэн юм. Бид утсаар тохирохдоо тухайн ажлыг нийт 22.800.000 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэж яриж тохирсон бөгөөд надад тухайн үед урьдчилгаа 5.000.000 төгрөг миний дансруу шилжүүлж өгсөн юм.Би утсаар тохирсон залуутай өөрийн биеээр огт уулзаагүй утсаар тохироод шууд ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.Би тэр залуугийн хэлсэн ёсоор Цэвэр усны сав худалдах гэрээ-г файлаар нөгөө залуугийн facebook-н Samdan Namsraijav гэх хаяг руу явуулж Н.Сгэж нэрийг нь мэдсэн. Ингэж явуулсан байхад болно гэж С хэлсэн. Би тохирсон ёсоор 2021 оны 10 сарын 20-ны өдрөө шууд ажлыг хийж эхэлсэн бөгөөд гурав хоногт хийж дуусгасан. Ажлаа хийж дуусгаад хүлээлгэж өгье гэж утсаар хэлтэл Н.С нь та надруу зургийг нь дараад явуулчих Моносын ажилтанууд нь хүлээгээд авна гэж хэлсэн. Би хэлсэн ёсоор нь Моносын талбайн инженер гэх хүнд хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн.Нэгэнт ажлаа хийж дуусгасан тул тохирсон ёсоор үлдэгдэл 17.800.000 төгрөгөөр надруу шилжүүлчих гэж би Н.Сд утсаар 2021 оны 23-ны өдөр хэлтэл Н.С нь за тэгте асуудалгүй гэж хэлээд үүнээс хойш утсаа авахгүй, хаяа нэг надруу мессеж бичдэг ингэж мессеж бичихдээ төлнө байж бай гэх утгатай мессеж бичдэг юм. Би аргаа бараад Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж өгсөн боловч гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Иймд 17.800.000 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа хариуцагч Н.С 5.000.000 төгрөг төлсөн тул одоо 12.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.С шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.02.01-ний өдрий 000 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2021.10.20-ны өдрийн 000 дугаар Цэвэр усны сав худалдах гэрээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зураг, талуудын хооронд харилцсан фэйсбүүк чат зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
П.А ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Н.Сд холбогдуулан гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгөөр багасгаж, 12.800.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н.С 4х4х2 хэмжээтэй угсардаг савыг худалдан авах, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр П.Атой гэрээ байгуулж, ажлын хөлс 22.800.000 төгрөгөөр тохирчээ.
Хариуцагч Н.Сд шүүх нэхэмжлэлийн хувийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны дотор шүүхэд хариу тайлбар гаргах хугаца олгосон боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Хариуцагч Н.С Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэх заалтын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14:30 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Н.Сд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд хариуцагч Н.Сгаас 12.800.000 төгрөгийг гаргуулж, П.Ат олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Сгаас 219.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Ат олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Сгаас 12.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Ат олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар П.А шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Сгаас 219.750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Ат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО