| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/04245/И |
| Дугаар | 183/ШШ2023/00210 |
| Огноо | 2023-01-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2023/00210
2023 оны 01 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2023/00210 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бээжингийн гудамж, Жи би плаза, 000 тоотод байрлах Х.М.И ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, морин, 0 гудамж, 000 тоотод оршин суух, Ш овогт Л-О Ц /РД:ЙД00000000/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4.462.213,72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Х.М.ИББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.М.ИББСБ ХХК нь зээлдэгч Л.Ц-тай 2021.06.04 өдөр 00/00/00/000 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 3.664.710 төгрөгийг үнэт эдлэл авах зориулалтаар 2.748.000 төгрөгийн зээлийг нэг сарын 3,9 хувийн хүүтэйгээр, 6-н сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2021.12.04-ний өдөр дууссан боловч зээлдэгч Л.Ц- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна. Иймд зээлдэгч Л.Ц-аас үндсэн зээлийн үлдэгдэл 2.748.000 төгрөг, зээлийн хүү 1.596.128,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 298.084,97 төгрөг, нийт 4.642.213,72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Л.Ц- шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.09.19-ний өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.06.04-ний өдрийн 00/00/00/000 дугаар барьцаат зээлийн гэрээ, зээлийн төлөх хуваарь, зээлийн хүүгийн тооцоолол, 2021.6.4-2022.8.06-ны өдрийн зээлийн дансны хуулга, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Х.М.ИББСБ ХХК зээлийн гэрээний үүрэгт 4.462.213,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Л.Ц-т холбогдуулан шаарджээ.
Хариуцагч Л.Ц-д нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Х.М.И ББСБ ХХК 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 00/00/00/000 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, Л.Ц-т 2.748.000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгожээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөр төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Л.Ц- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэх заалтын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Ц-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд хариуцагч Л.Ц-аас зээлийн гэрээний үүрэгт 4.642.213,72 төгрөгийг гаргуулж, Х.М.ИББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц-аас 89.226 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.М.ИББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ц-аас 4.642.213,72 төгрөг гаргуулж, Х.М.И ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х.М.И ББСБ ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц-аас 89.226 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.М.И ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО