Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 115

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

      Прокурор                                                   А.Ариунзаяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

    Хохирогч                                                  

      Нарийн бичгийн дарга                          Б.Болормаа нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох *******  тоот хэргийг  хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрэх хааны 1-р баг 3-05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын *******, /РД:*******/

 

  Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Сөдтэй даваа” нэртэй газарт мод бэлтгэх явцад нь хөрөөдсөн модонд ******* толгойн тус газраа цохигдон, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.******* 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймаг Шаамар суманд эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2016 оны 10 сард эхнэр *******, охин *******, хүү ******* нарын хамт манай ахын найз гэх хашаанд амьдрах болсон юм. Хүдэр суманд ирээд эрхэлсэн ажилгүй хэцүү байсан. Хуурай ах болох хашаанд гэр барьж амьдраад 8 сар болж байна. Би О ахтай хамт ойр зуурын хөрөө рам дээр ажиллаж, түлээний мод бэлтгэдэг байсан.  2017 оны 05 сарын сүүлээр манай баз хүргэн талийгаач Э нь надтай утсаа ярьж “Ах нь хамгаалагчийн ажлаасаа гарчихсан болохоор ажилгүй гэртээ байна хотод хийх ажил хайгаад олдохгүй байна., наана чинь ажил байгаа юу” гэх мэт зүйлүүдийг асууж байсан. Тэгээд талийгаач Э “би ер нь наана чинь очиж ажил хийнээ” гээд 2017 оны 06 сарын 27-нд Хүдэр суманд ирсэн.Э ах ирээд байх газар байхгүй учраас манайд түр байх болсон. Э ах ирсэн өдрөөсөө хойш ажилгүй гэрт байсан. Би 06 сарын 29-ний өглөө хуурай ах 37-34 улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машиныг өөрөөс нь асууж зөвшөөрөл аваад ойрхон газарт очиж мод бэлтгэе гэж бодож байсан. Энэ талаараа талийгаач Э ахад хэлэхэд “Би хамт явъя, намайг дагуулаад яваач” гэж хэлэхээр нь дагуулж явахаар болсон . Би уул нь Э ахаас өөр хүн дагуулж модонд явъя гэж бодож байсан юм. Өглөө явах гэж байхад Э ахын 2 хүүхдүүд нь ахыг дагаад уйлаад явуулахгүй байхаар нь би “Та өнөөдөртөө гэрт үлдчих, дараа таныг дагуулж” гэж хэлсэн чинь “Ах нь зүгээрээ хамт явъя” гээд байхаар нь яах ч аргагүй дагуулж явахаар болсон. Талийгаач бид хоёр 06 сарын 29-ний өглөө 11 цагийн үед Хүдэр сумын 1-р баг “Сөдтэй Даваа” гэх нэртэй газарт очсон. Тэгээд бид хоёр дэлгүүрээс авсан 2 ширхэг бэлэн гоймонгоо идчихээд Э нь эхнэртэйгээ яриад дууссан. Тэгээд би эхлээд цахилгаан  гар хөрөөгөөр эхний модыг тайрч унагасан. Дараа нь дахиад 2 дахь модоо хөрөөдөж байхад талийгаач Э ах мод унах зүгт зогсож байсан. Би тэгэхээр нь Э ахад хандаж орилоод “та миний хажууд ирээд зогсоо, таны наад зогсож байгаа газрын чиг рүү мод унана шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн Э ах миний хажууд буюу баруун гар талд 1 метр орчим зайтай хажууд зогссон. Миний хөрөөдсөн мод унаж байхад би баруун гараараа Э ах миний ард зогс гэж дохио зангаа үзүүлсэн гараа хөдөлгөсөн. Би тэгээд унаж байгаа мод руугаа анхаарал хандуулж мод унаж байхыг харчихаад цахилгаан гар хөрөөгөө унтраах гээд тонгойход мод хугарах чимээ сонсогдсон юм. Тэгээд эргээд хартал Э ах доошоо хараад уначихсан байсан. Би тэгэхээр нь Э ахыг дээш нь харуулаад харсан чинь ухаангүй байдалтай, амнаас нь цус гарчихсан бас сэтэрчихсэн байсан. Тэгээд би хэсэг яах учраа олохгүй сууж байгаад О ах руу залгаж болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд талийгаачийг тэврээд машинд аваачиж хэвтүүлээд Хүдэр сумын төв рүү явж байхад О ах Төмөртэйн уурхайн, төмөр замын гарам өнгөрөөд явж байхад өөдөөс Портер маркийн машинтай Оын хамт дайралдаад бид нар шууд Хүдэр сумын эмнэлэгт талийгаачийг хүргэж ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/,

2. Шүүгдэгч Б.*******ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 сарын 29-ний өглөө уг нь ганцаараа модонд явах гэж байхад талийгаач ******* нь “би хамт явъя” гэж хэлэхээр нь “та хэрэггүй, дараа надтай хамт яв” гэж хэлсэн чинь “надад мөнгө хэрэгтэй байна, чи намайг дагуулаад явчих, хоёулаа хамт явъя” гэж надаас гуйгаад байхаар нь би хамт дагуулж явахаар болсон. Тэгээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р баг “Сөдтэй даваа” гэх нэртэй газар очиж мод бэлтгэхээр болсон. Тэгээд 1 мод унагасан. Дараа нь дахиад нэг бүдүүн мод унагаах үед цаана нь байсан жижиг хус модны мөчирт талийгаач ******* цохигдож нас барсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51-р ху/,

3. Шүүгдэгч Б.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Манай баз ах хотоос хөдөө Хүдэр суманд ирсэн. Хотод хийдэг ажил төрөл нь тааруухан гээд ирсэн. Хотоос ирээд 2 хоноход нь ажил гараагүй, 3 дахь өдөр нь мод бэлтгэхээр аваад явсан. Тухайн өдөр хоёр хүүхэд нь уйлаад байхаар нь “та нэг өдөр үлдчих, би таныг маргааш аваад явъя” гэсэн боловч “ахад нь мөнгө төгрөг хэрэгтэй байна, чи мэдэж байгаа шүү дээ” гэхээр нь яах ч аргагүй дагуулаад явсан.  Хуурай ах машиныг гуйж аваад ууланд очоод эхний модоо унагаасан, хоёр дахь модоо хөрөөдөх үед Э ах мод унах чигт зогсож байхаар нь дуудаад “наашаа миний хажууд зогс” гээд өөрийнхөө ард зогсоосон.Тэгээд хөрөөдсөн мод унаж байхад нь би баруун гараараа Э ахыг “миний ард зогс” гэж дохио зангаагаар үзүүлсэн, тэгээд хөрөөгөө унтраах гээд тонгойход мод хугарах шиг болсон. Эргээд хартал Э ах газар доошоо хараад уначихсан байсан. Би сандраад очоод дээш нь харуултал Э ах ухаангүй байдалтай, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд Э ахыг маншиндаа суулгаад төв рүү явсан. Төв рүү явахаасаа өмнө яах учраа олохгүй байсан болохоор О ах руу утсаар ярьсан байсан. Замдаа О ахтай таарч бид нар Хүдэр сумын эмнэлэгт машинтай ирж зогсоод үүдэн дээрээс нь Э ахыг дамнуурганд дамнаад оруулсан, маш их харамсаж байна. Хохиролд нэхэмжилсэн 1 сая төгрөгийг төлж барагдуулсан. ...гэх мэдүүлэг,

      4. Хохирогч ын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 сарын 29-ний өдөр 18 цагийн үед манай бэр эгч У над руу залгаж, “ах чинь модонд дарагдаад нас барчихлаа” гэж хэлсэн. Би ахыг нас барсан талаар аав, ээжид мэдэгдсэн. Тэгээд 06 сарын 29-ний орой 19 цагт Улаанбаатар хотоос бэр эгч У, хадам аав З нарын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ирсэн юм. Э ахыг нас барсан талаарх нарийн зүйлүүдийг мэдэхгүй байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 18-р ху/,

5. Хохирогч ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...******* нь түргэн ууртай болохоос их сэргэлэн хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хүнтэй энгийн найрсаг харьцаатай архи хааяа уудаг, тамхи бол татдаггүй, ажилч хөдөлмөрч, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Талийгаачийн эхнэр У нь эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдээ хардаг. Талийгаачийн амьдрал ахуй тааруу, өрхийн орлого багатай, Э ах гэрээсээ ганцаараа ажил хийж байсан. Хүүхдүүд нь бага насны хүүхдүүд байдаг. Талийгаачийн оршуулгын зардлын баримтыг хэрэгт хуулбарлан хавсаргасан байгаа тул уг гарсан зардал болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р ху/,

6. Хохирогч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Намайг хотод байхад ах маань “Хүдэр суманд байна” гэж “баз нь дуудсан” гээд “2 хоногоос ажил гарлаа” гээд ярьсан. Би ганцаараа байхдаа 2 хүүхдийг нь хараад байж байсан. Тэгээд 2 хоногийн дараа эхнэр нь “нас барчихлаа” гэж хэлсэн. Гомдол, саналгүй. Сая нэхэмжилсэн 1.000.000 төгрөгөө авсан тул нэхэмжлэх зүйлгүй. ...гэх мэдүүлэг,

7.Гэрч *******ын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 дугаар сарын 29-ний өглөө *******, манай хүргэн ах Э хадам ээж О нар нь гэрт байсан. Өглөө хадам ээж О нь “мал авна” гээд найзынх руугаа 09 цагийн үед явсан. Ээжийг явсны дараа *******, Э нар “гэрээс модонд явлаа” гэж хэлээд гараад явсан. Үдээс хойш санагдаж байна, цагийг нь хэлж мэдэхгүй байна. Манай хадам ээж ирээд мах чанаж байхад манай хадам ээжийн утас нь дуугараад хүнтэй ярьж байгаад гараад явах шиг болсон. Би хүргэн ах Эийг нас барсныг орой надад хадам ээж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р ху/,

8.Гэрч ийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 06-р сарын 29-ний өглөө гэрт хүү *******, бэр У, талийгаач Э нарын хамт байж байгаад 09 цагийн үед хөдөө айл руу хонь авахаар явсан. Манай хүү *******, бэр У, талийгаач Э нар гэртээ үлдсэн. Би үдээс хойш гэртээ ирэхэд бэр хүүхдүүдийн хамт байсан. Талийгаач Э хүү ******* нар байхгүй байсан. Тэгээд намайг гэртээ мах чанаж байхад утас руу эмнэлэгээс залгаад “*******той хамт явж байсан Э гэх залуу эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү явж байхад Хүдэр сумын цагдаагийн хэсгийн гадаа *******, О нар хамт зогсож байхаар нь очоод уулзахад “Эийг модонд цохиулаад нас барсан гэж хэлсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р ху/,

9.Гэрч Б. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 сарын 29-ны өглөө 10 цагийн үед гэртээ унтаж байхад ******* манай гэрт орж ирээд надад “та машинаа өгч байгаач, би ийшээ базтай модонд явчихаад ирье” гэж хэлэхээр нь “за за” гэж хэлээд машинаа өгсөн. Тэгсэн өдөр 13 цагийн үед ******* нь миний дугаар руу залгаад “ Агаа мод унагааж байсан чинь, унагааж байсан модонд манай баз цохиулаад уначихлаа” гэж утсаар ярьж хэлсэн. Би тэгэхээр нь *******ын өөдөөс машинтай очиж байхад замд миний машинд *******ын баз нь ухаангүй байсан. Тэгээд шууд л эмнэлэгт хүргэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

10.Гэрч ийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би талийгаач Эийг ямар шалтгаанаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ирсэн талаар мэдэхгүй байна. Надтай утсаар холбогдож ярихдаа “Хүдэр суманд ажил хийвэл өдөрт 60-70 мянган төгрөгийн цалинтай” гэж ярьж байсан. “Манай баз намайг дуудсан, би хөдөө 1 сар гаран ажил хийж байгаад яваад ирье” гэж утсаар ярьсан. Би ямар ажил төрөл хийх гэж байгаа талаар  нь мэдэхгүй, надад хэлээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/,

11.Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2017 оны 07 сарын 27-ны өдрийн №67 тоот:

1.Талийгаач *******ийн биед орой ясанд хугарал, тархины эдийн няцрал, хуйхан доорх цусан бүлэн, зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний дээд зовхи, толгойн хуйх, баруун зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн сарвуу, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилтын үед үүсгэгдэнэ.

3. Талийгаач ******* нь дээрхи гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

4. Талийгаач ******* нь гавал тархины битүү гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн няцралын улмаас нас баржээ.

5. Талийгаач *******т эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй байжээ.

6. Талийгаач ******* нь ямар нэг архаг хууч өвчингүй байжээ.

7. талийгаач ******* нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

8. талийгаач ******* нь АВ (IV) бүлгийн цустай байжээ. ...гэх дүгнэлт /хх-ийн 35-р ху/,

12.Хүдэр сумын Тарвагатай 1-р багийн нутаг “Сөдтэй даваа” нэртэй газраас иргэн Б.*******ын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 7 метрийн урттай 2 ширхэг нойтон нарсан гуалин 1.873 м3 болж байна. Экологий эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд 1.873*120.000=224.760 төгрөг болж байна....гэх үнэлгээ /хх-ийн 40-р ху/,

 

13.Шүүгдэгч Б.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх-ийн 47-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 45-46-рху/, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 49-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх-ийн 50-51-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 36,41--р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 37,42–р ху/,  эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, , / хх-ийн 9-р ху/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 10-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р ху/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15-р ху/,цогцосонд хийсэн үзлэгийн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 30-33-р ху/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56-р ху/, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59-60-р ху/, Талийгаачийн нас барсны гэрчилгээ, хохиролын баримтууд /хх-ийн 66-73-р ху/ зэрэг болно.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Сөдтэй даваа” нэртэй газарт мод бэлтгэх явцад нь хөрөөдсөн модонд ******* толгойн тус газраа цохигдон, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн, мөн хохирогчийн өгсөн мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл,  шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, цогцосонд хийсэн үзлэгийн тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгч Б.*******ыг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Сөдтэй даваа” нэртэй газарт мод бэлтгэх явцад *******ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

        Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, цахилгаан хөрөө эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна..

            Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзаж хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялыг  тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх бол  хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэж байхыг үүрэг болгох нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  Б.*******ыг 01 /нэг/  жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 01 /нэг/  жилийн  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 01 /нэг/  жилийн хорих ялыг 01 /нэг/  жилийн  хугацаагаар тэнсэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байхыг шүүгдэгч Б.*******од үүрэг болгосугай.

6.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хятад цахилгаан хөрөөг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7 Шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН