Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/488

 

 

 

 

 

 

              

 

С.Б, М.Снарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Г.Мөнхзул, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Сы өмгөөлөгч Г.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Б, М.Снарт холбогдох эрүүгийн 2006039532887 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. /;

2. /;

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд нэн ховор амьтан болох борцгор бор хотон шувууны хушууг хадгалсан, тээвэрлэсэн,

шүүгдэгч М.С нь 2013 оны 7 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын хооронд нэн ховор амьтан болох борцгор бор хотон шувууны хушууг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Б, М.Снарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт С Б, К овогт М С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй тэдгээрийн түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б, М.Снарт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Снарт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Снараас амьтны аймагт учирсан хохирол болох 13.140.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 6.570.000 төгрөг гаргуулж, Нийслэлийн байгаль орчны газарт орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 48 см урттай, цайвар шаргал өнгөтэй, борцгор хотон шувууны хошууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч С.Б, М.Снар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй /ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйл/, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн /ЭХХШТХ-ийн 39.7 дугаар зүйл/ гэсэн үндэслэлээр ялтан М.Сы өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн  2.11,  2.13 дахь хэсэгт заасан  эрх, үүргийнхээ дагуу энэхүү гомдол гаргаж байна.

1. ...шүүгдэгч М.Сд холбогдох хэргийн тухайд хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.  Үүнд:

а. Шүүгдэгч М.С "...2013 оны 7 сард өөрийн нутаг Баян-Өлгий аймаг явж байхдаа Ховд аймгийн Зэрэг сумын нуурын эрэг дагуу явж байгаад зэгс өвсөн дундаас тэр шувууны хушууг олсон , ...Улаанбаатарт гэртээ авч ирээд ганц хоёр хүнд сонирхох уу гэж хэлэхэд энэ чинь өгөршсөн, хүмүүс авахгүй гэхээр нь юманд боогоод балкон дээр тавьчихсан. Хотон шувууг нэн ховор амьтан, эд эрхтнийг нь зарах хориотой гэдгийг мэдээгүй" гэж мэдүүлсэн. 2015 оны Эрүүгийн хууль үйлчлэхээс өмнө одоогийнх шиг үйл явдал болсон бол 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол" эрүүгийн хариуцлага хүлээлгэх байсан ба шүүгдэгч Сакен нэн ховор борцгор хотон шувууг агнаагүй, бариагүй, харин уг хушууг хадгалж байсан тул ан агнуурын хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэнэ.

b. Нөгөөтэйгүүр нэн ховор амьтны ... түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, ... үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд шинээр эрүүжүүлсэн, энэ хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн байхад хэргийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй /ЭХ-ийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/.

c. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Снараас амьтны аймагт учирсан хохирол болох 13.140.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 6.570.000 төгрөг гаргуулсан. ...холбогдох хууль тогтоомжийн заалтаас үзэхэд шүүгдэгч нар амьтны аймагт хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Сакен хушууг нуурын ойролцоох зэгс өвстэй газраас санамсаргүй тохиолдлоор олж авсан гэдэг нь нотлогдсон ба хүний хүчин зүйлээр бус, байгалийн жамаар үхэж үрэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ утгаараа төрийн өмч гэж үнэлэх боломж үгүйсгэгдэнэ. Мөн Сакены олж авсан үйлдлийн улмаас амьтны аймагт хохирол учруулсан гэх шалтгаант холбоо байхгүй. Уг хушууг хууль бус аргаар олж аваагүй, амьд амьтныг хууль зөрчиж агнасан, барьсан үйлдэл хийгээгүй, тогтоолд тэмдэглэсэн шиг хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай үйлдлээр түүнийг олж аваагүй, үхэж үрэгдсэн шувууны толгойн хэсэгтэй санамсаргүй таарч түүнийг сонирхоод авсан (гэм буруугүйгээр) тохиолдолд   Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан зөвшөөрөлгүй хадгалсан, тээвэрлэсэн гэж буруутгах, 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхойлолт аваагүй гэж нөхөн төлбөр оногдуулах үндэслэл болохгүй.

2. Шүүгдэгч  М.Сы 2013 оны 7 сараас 2020 оны 8 дугаар сарын хооронд "Нэн ховор амьтан" болох "Борцгор бор хотон шувууны хушуу"-г хадгалсан гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна." гэж заасны дагуу гэмт хэрэг таслан зогсоогдсон үеэс буюу 2020 оны 8 дугаар сараас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бий болоогүй гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал байна.

2002 оны Эрүүгийн хуульд үргэлжилсэн гэмт хэргийн тухай зохицуулалт байгаагүй. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйл /Хууль үйлчлэх цаг хугацаа/-ийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно." гэж хуульчилсан байхад 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн явдал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

...2015 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйл /Гэмт үйлдэл, эс үйлдэхүй/-ийн 3 дахь хэсэгт заасан "Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно." гэсэн үргэлжилсэн гэмт хэрэгт тооцох нөхцөл байдал бүрдээгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг хэрэглэсэн. Уг хушууг урт хугацаанд хадгалсан нь дангаар үргэлжилсэн гэмт хэргийн шинж болохгүй.

...М.Сыг гэм буруутайд тооцож ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол энэ хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай. Харин энэ хэргийг үйлдсэнээс хойш 7 жил өнгөрсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хангаагүй /жишээ нь: ЭХХШТХ-ийн 27.2 дугаар зүйл/, хуурч мэхлэх аргаар ирүүлж үзлэг хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгчийн гэм буруу тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх" шинжийг тогтооход хамааралтай үйл баримт (шүүгдэгчийн "идэшний адуу болгоод өгөөч" гэснээс өөр) байхгүй байна.

Шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Сы өмгөөлөгч Г.Мөнхзул "Шүүгдэгч М.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас тус хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамгийн бага торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв" гэжээ. Миний бие өмгөөлөгчийн хувьд М.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал тавьсан байхад үндэслэлгүй мэдээлэл оруулсанд харамсалтай байна. Эдгээр үндэслэл бүхий нөхцөл байдлуудыг хянан   хэлэлцэж шүүгдэгч М.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, амьтны аймагт учирсан хохирол болох 13.140.000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй...” гэв.  

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.С, С.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт нотлогдвол зохих байдлууд бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. М.С нь 2013 оны 7 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын хооронд нэн ховор амьтан болох борцгор бор хотон шувууны хошууг хадгалсан болох нь гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн үйлчлэх хугацааг маш тодорхой зааж өгсөн бөгөөд энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь, 2020 оны 8 дугаар сараас буюу үйлдэл төгссөн үеэс гэмт хэргийн цаг хугацаагаар тоолно. Гэмт хэргийн хор уршиг илэрснээс үл хамааран гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцохоор хуульчилсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг С.Б, М.Снарт холбогдох эрүүгийн 2006039532887 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд нэн ховор амьтан болох борцгор бор хотон шувууны хушууг хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч М.С нь 2013 оны 7 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын хооронд нэн ховор амьтан болох борцгор бор хотон шувууны хушууг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

М.Сы яллагдагчаар мэдүүлсэн: “...2013 оны 7 сард өөрийн нутаг Баян-Өлгий аймаг руу явж байхдаа Зэрэг сумын нуурын эрэг дагуу явж байгаад тэр шувууны хошууг олсон юм. ...Улаанбаатарт гэртээ авч ирээд ганц хоёр хүмүүст сонирхох уу гэж хэлэхэд энэ чинь их өгөршсөн муу юм байна ийм хошууг хүмүүс авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь юманд боогоод тавьчихсан байсан. ....Тэрнээс хойш 7 жил гаруй хугацаанд манай гэрт байсан. 2020 оны наадмаар Батхүү морь уяад тэр нь түрүүлсэн гэхээр нь би надад хотон шувууны хошуу байгаа зараад өгөөч. танай нутгийнхан сонирхох болов уу идэшний адуу болгоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Батхүү надад авч ирээд өгчих гэсэн. Би Батхүүд 2020 оны 8 сарын сүүлээр хотон шувууны хошуу өгсөн. ...” /хх 139-140/,

С.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын сүүлээр манай компанийн хөдөө орон нутгийн борлуулагч Сакен гэх залуу идэшний адуу болгоод өгчих гэж надад өгсөн. Би аваад 10 гаруй хонож байсан. Зарах гэж байгаад цагдаа нарт баригдсан. Сакенаас шувууны хошуугаа аваад удалгүй зар тавьсан байсан. Тэгээд зар тавьснаас хойш хошууг чинь авья гэж утсаар яриад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудал дээр байхад цагдаа нар байсан. ...” гэх мэдүүлгүүд /хх 145-146/,

хэргийн газрын үзлэг хийсэн: “... 98-29 УАК улсын дугаартай бүхээгтэй цагаан өнгийн Воngo III маркийн тээврийн хэрэгсэл байна. ...жолоочийн хүрдний урд талын салоны хэсэг буюу урд салхины шилний доод ... хэсэгт цагаан өнгийн тортой зүйл байна... нээн үзэхэд 48 см урттай ямар нэгэн амьтны хошуу байх бөгөөд... эд мөрийн баримтаар тооцож, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-19/,

хохирогчийн төлөөлөгч Ц.Цолмонбаатарын: “...Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Борцгор хотон шувуу нэн ховор амьтны жагсаалтад орсон. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.” гэж заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлд “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасан. Нэн ховор амьтан тэдгээрийн түүхий эдийг цуглуулсан худалдсан, худалдан авсан бол тухайн зүйл ан амьтныг агнасантай адилтган үзэж нөхөн төлбөр оногдуулна гэж хуульчилсан байгаа. Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар 6.570.000 төгрөг гэж үнэлсэн. Үүнийг Амьтны тухай хуулийн дагуу 2 дахин үнэлэхээр 13.140.000 төгрөг, амьтны аймагт учирсан хохирлыг хууль журмын дагуу нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Иймд хуулийн дагуу агнасан, барьсантай адилтгаж үзнэ. ..." гэх мэдүүлэг /хх 22-25/,

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний шинжээчийн: “...Хотонгийнхон (Реlecanidae) овгийн, хотон төрөлд хамаарагдах 1 бодгаль Борцгор хотон шувууны хушуу (толгойн араг, хушууны дээд, доод хэсгийн хамт) болохыг тогтоолоо. Энэхүү БОРЦГОР ХОТОН /Pelecanus crispus/ шувууны зүйл нь монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу. Их нууруудын хотгорын цөөн нууранд үрждэг. Говийн нуур, цөөрмүүдээр нүүдлийн үедээ ховор тохиолддог.

Хушуу, толгойн хамт 47.5 см, хушуу дангаараа 39 см урт хэмжээтэй байна. Дух зулайг өд бүхий арьс нэлэнхүйдээ бүрхсэн. Өнгө хуучирч, хатан саарал болсон зулайгаасаа доош хушууны угруу түрж орж ирсэн арьсны хэлбэр, нүд тойрсон сарьс, өдний өнгө зэргээр нь Борцгор хотон шувуу болохыг тодорхойллоо.

Шувууны агнагдсан цаг хугацаа, нас, хүйсийг тодорхойлох боломжгүй.

Борцгор хотон шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн Амьтны тухай хуулийн 7.1 заалтаар Нэн ховор зүйлийн жагсаалтад орсон байдаг.

Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хувьд "эмзэг", Монгол орны хувьд "устаж болзошгүй" зэрэглэлд хамаарна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн (СIТЕS) нэгдүгээр хавсралтад бүртгэлтэй.

Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд тусгагдсанаар 6,570,000 төгрөг байна" гэх дүгнэлт /хх 36/,

шинжээч Б.Энхтуяагийн: “...Шувууны бие байхгүй болохоор тэр шувуу өөрөө үхсэн, агнагдсан, амьтанд бариулсан гэдгийг хараад тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хушууны хувьд хушуу бүрэн бүтэн, хуучирсан удсан болов уу гэж харагдахаар боловч яг хэдий цаг хугацаанд хадгалсан гэдгийг тогтоох боломжгүй болохоор шинжээчийн дүгнэлтэд тодорхойлох боломжгүй гэж тусгасан... Монгол улсад ийм төрлийн шинжилгээ хийдэг лаборатори байхгүй. Хэдэн жилийн өмнө агнагдсан гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа юм."  зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.

М.Сы нэн ховор амьтан болох борцгор хотон шувууны хушууг 2013 онд Баян-Өлгий аймгаас өөрт ашиг олох зорилгоор тээвэрлэн Улаанбаатар хотод авчирсан, 2020 оны 8 дугаар сар хүртэл хадгалж байсан, мөнгө эсхүл идэш болгож арилжихаар С.Бд өгсөн  үйлдэл нь,

шүүгдэгч С.Бгийн  “...М.Сы санал болгосноор нэн ховор амьтны хушууг худалдах эсхүл арилжаалах зорилгоор 2020 оны 8 дугаар сард М.Саас авч 2020 оны 9 дүгээр сарын 11-ний хугацаанд хадгалсан, тээвэрлэж явсан...” үйлдэл нь тэдний үйлдлийн гэм буруугийн санаатай хэлбэрийг нотолж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид буюу 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “...“...Нэн ховор амьтны ...гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан...” үйлдлийг тусгайлан гэмт хэрэгт тооцохоор заасан тул шүүгдэгч С.Б, М.Снарын Монгол орны улаан номонд бүртгэлтэй, Амьтны тухай хуулийн 7.1 заалтаар нэн ховор зүйлийн жагсаалтад орсон “Борцгор хотон шувуу” гэсэн нэн ховор амьтны хушууг хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Нэн ховор амьтны ...гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан...” гэсэн шинжтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй  гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн:

2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тоолно.”,

3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна." гэж зааснаар М.С, С.Б нарын тус нэн ховор борцгор хотон шувууны хушууг арилжиж, ашиг олох зорилгоор хадгалж, тээвэрлэж явсан үйлдэл таслан зогсоогдсон 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацааг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд тооцож,

1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно." гэж зааснаар 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

М.С, С.Б нарын тус нэн ховор борцгор хотон шувууны хушууг хадгалж, тээвэрлэж явсан үйлдэл таслан зогсоогдсон 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд тооцох тул тэдний үйлдсэн “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх”ялтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Анхан шатны шүүх С.Б, М.Снарт тус тус арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан нь С.Б, М.Снарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн аргад тохирсон байна.

Тэдэнд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна. “ гэж тусгайлан заасан төдийгүй, тус зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”, 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж зааснаар борцгор хотон шувууны нөхөн төлбөр 13,140,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч М.Сы өмгөөлөгч Г.Мөнхзулын гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Г.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ