Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/00317

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр        Дугаар 183/ШШ2023/00317           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө байрлах, У.Х.Т.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, 000-ын 00 тоотод байрлах, Э.Э.Ж.КХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11.211.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Х.Г, хариуцагчийн төлөөлөгч Д.Э-А, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: У.Х.Т.Э нь хариуцагч Э.Э.Ж консракшн ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ХА/00 дугаар бүхий Бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч тал гэрээний хавсралтад заасан 14 нэр төрлийн барааг тус эмнэлэгт худалдаж, суурилуулан хүлээлгэж өгөхөөр нийт 9.894.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусган хүлээлгэн өгөх байсан боловч цар тахлын улмаас ажлыг гүйцэтгэх боломжгүй байгаа гэсэн шалтгаан тавьж гэрээний үүргээ биелүүлээгүй. Харин манай эмнэлэг гэрээний үүргээ бүрэн биелүүлж, 2020 оны 10 дугаар сард гэрээний үнэ болох нийт 9.894.000 төгрөгийг бүрэн төлсөн. Тус эмнэлгийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр тухайн гэрээтэй холбогдох асуудалд зөрчил заагдаж гэрээний дагуу тус компанид мэдэгдсэн боловч асуудлыг шийдвэрлэхгүй, ирэхгүй, уулзахгүй байгаа тул маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандахаас аргагүй болсон. Тус эмнэлгийн Ерөнхий захирлын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/00 дугаар бүхий тушаалын дагуу байгууллагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэрээт ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаад Э.Э.Ж.КХХК нь гэрээний хавсралтад заасан барааг нийлүүлж, суурилуулах ажлаас 2.424.000 төгрөгийн гэрээний үүрэг гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн. Э.Э.Ж.КХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй, маргаж байгаа тул нийлүүлээгүй бараа, түүнийг суурилуулах ажлын хөлсний урьдчилан төлсөн 9.894.000 төгрөгнөөс тус компанийн нийлүүлсэн бараа, суурилуулсан ажлын хөлс 2.424.000 төгрөгийг хасч тооцоход 7.474.000 төгрөгийн хохирлыг тус эмнэлэгт учруулсан байна. Иймд гэрээний үүрэгт 7.474.000 төгрөг, алданги 3.737.000 төгрөг, нийт 11.211.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч Д.Э-А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нагац ах Б.Б нь сайд нарын 2 дугаар эмнэлэгт ажил хийх гэсэн юм. Танай компаниар хийж болох уу гэж гуйн 2 хуудас гэрээ хийгээд тамга даруулаад явсан. Энэ ажлыг манай компанийн нэрээр Б.Б хийсэн. Ажлын хөлс компанийн данс руу орж ирснийг Б.Б-т шилжүүлж өгсөн. Иймд манай компани энэ ажилд оролцоогүй тул Б.Б дээр гомдол гаргаж хэргийг нааштайгаар шийдэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ХА/00 тоот Бараа худалдах, худалдан авах гэрээ, нийлүүлэх барааны нэр, төрөл, үзүүлэлт, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ажлын хэсэг байгуулах тухай захирлын тушаал, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн У.Х.Т.Э хурлын тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын Б/00 тоот тушаал, Улсын хоёрдугаар эмнэлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг дүгнэсэн акт баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Нотлох баримт ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

У.Х.Т.Э хариуцагч Э.Э.Ж.КХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 11.211.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э.Э.Ж.КХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ ажлыг манай компани гүйцэтгээгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд 2020.10.05-ны өдөр ХА/16 тоот бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 15 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, угсралт суурьлуулатын ажлын хөлс 3.200.000 төгрөг байхаар тохиролцож, хариуцагч Э.Э.Ж констранкшн ХХК-ийн захирал Д.Э-А гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ.

Хариуцагч Э.Э.Ж.КХХК-ийн захирал Д.Э-А шүүх хуралдаанд тайлбарлахдаа гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан, гэрээний дагуу 9.894.000 төгрөг 2020 онд манай компанийн дансанд орсныг нагац ахдаа бэлнээр авч шилжүүлж өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Мөн хариуцагч нагац ахыгаа хариуцагчаар оролцуулж өгнө үү гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хамтран хариуцагч татах эрхийг нэхэмжлэгч эдлэх бөгөөд хариуцагчид энэ эрхийг хуулиар олгоогүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан бөгөөд гэрээнд хариуцагч Э.Э.Ж.КХХК-ийн захирал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, У.Х.Т.Эт гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Э.Э.Ж.КХХК-иас 11.211.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Х.Т.Эт олгож шийдвэрлэв.

Хариуцагч Э.Э.Ж.КХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Э.Э.Ж.КХХК-иас 11.211.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Х.Т.Эт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 194.326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э.Ж.КХХК-иас 194.326 төгрөг гаргуулж, У.Х.Т.Эт олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ     Г.СОЛОНГО