| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 195/2025/2013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2259 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2259
2025 09 29 2025/ШЦТ/2259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Б.Урангоо
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Хүннү молл” худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр тухайн цаг хугацаанд үүсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас ***, ***нартай маргалдан, улмаар хохирогч ***ы нүүр рүү гараараа олон удаа цохиж түүний эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, дух, баруун мөр, тохой, өвдөг, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий гэмтлийг, хохирогч ***нүүр рүү гараараа цохиж, цээж, гар руу нь өшиглөж, түүний биед зүүн зовхинд шарх, хоёр зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хөмсөг, өвчүү, зүүн шуунд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт бүхий гэмтлийг тус тус учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин тухай үед хохирогч нар согтуу, би эрүүл байсан. Би ТҮЦ рүү орох гэтэл нэг нь оруулах гээд хаалга дараад тэгснээ намайг эхлээд цохисон. Тэгэхээр нь би тэр хүнийг цохитол нөгөөх нь бас ирээд надтай муудалцаж зодолдсон. Надаас ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, би хохиролд гэж мөнгө төгрөг өгөөгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч ***“... 2025 оны 1 дугаар сарын 28-ны шөнө найз ***хамт Халдварт орж хүнтэй уулзчихаад Юби каб такси үйлчилгээгээр таксинд суугаад 120 мянгат дээр буугаад тэндээсээ гар өргөөд таксинд суусан юм. Тэгээд Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо, “Хүннү молл” дэлгүүрийн урд байдаг автобусны буудал дээр буугаад тэнд байсан ТҮЦ рүү орсон. ТҮЦ-ээс найз бид хоёр гоймон аваад би босоогоороо идээд манай найз ***хажуу талд суугаад идэж байсан. Тэгэхэд бид хоёрыг буулгасан таксины жолооч орж ирээд намайг чирээд аваад гарсан. Тэгээд намайг ТҮЦ-ний ард аваачаад миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгээд хажуу талаас нь найз бас 1-2 удаа цохисон. Тэгэхэд ***болиулах гээд орж ирэхэд намайг чирээд гарсан таксины жолооч нүүр рүү цохиод авсан. Цаашаа юу болсныг санахгүй байна, бид нар зууралдаад нөгөө хүмүүс яваад өгсөн. Тэгсэн нэг машинтай хүн зогсоод цагдаагийн хэлтэс дээр бид хоёрыг хүргэж өгсөн. Цагдаа нар түргэн дуудаж үзүүлсэн. Миний биед 120 мянгатаас таксинд явсан жолооч миний нүүр рүү 4 удаа цохисон. Тэгээд тэр залуу Мягмарсүрэнг болиулах гээд орж ирэхэд нь 1 удаа 3 нүүр рүү нь цохисон” /хх-н 15/ гэж,
хохирогч ******“... 2025 оны 1 дүгээр сарын 28-ны шөнө найз ***хамт Халдварт орж хүнтэй уулзчихаад Юби каб такси үйлчилгээгээр таксинд суугаад Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо Хүннү молл дэлгүүрийн урд байдаг автобусны буудал дээр буугаад тэнд байсан бор өнгийн ТҮЦ рүү орсон. Бид хоёр нийт 12 лааз пиво ууссан байсан. Тэгээд бид хоёр ТҮЦ-д гоймон идээд би ТҮЦ-ний үүд хэсэг буюу хогны саван дээр суучихсан, манай найз ***босоод зогсчихсон байдалтай байсан. Тэгээд 2 залуу орж ирсэн. Тэгсэн юунаас болсныг мэдэхгүй байна. Манай найзыг 2 залуу аваад гарсан. Тэгэхээр нь би араас нь гартал миний нүүр рүү нэг цохих шиг болоод би нүүрээ дараад доошоо хэвтэхэд намайг өшиглөөд байсан. Би хэдэн удаа өшиглөснийг нь санахгүй байна. Намайг ямархуу хүн цохисныг харж амжаагүй, би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна. Ямар ч гэсэн нэг машин зогсоод найз бид хоёрыг суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Миний биед хүн халдахаас өмнө духны гол хэсэгт хуучин сорви байсан. Тэрнээс өөр ямар нэгэн шарх сорви байгаагүй. Миний зүүн нүдний ухархай хэсэг, дух болон баруун хөмсөгний орчим хавдсан цус гарсан. Тэгээд шанаа хэсгээр хөхөрсөн байдалтай байна” /хх-н 18/ гэж тус тус мэдүүлжээ.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ы биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, дух, баруун мөр, тохой, өвдөг, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн ***дугаартай дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 32-33/
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***биед зүүн зовхинд шарх, хоёр зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал,баруун зовхи, хөмсөг,өвчүү, зүйн шуунд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн ***дугаартай дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 26-28/
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***овогт ******“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.
Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 53/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-н 54/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 56/, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-н 57/, гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол, төлбөрийн хувьд;
Хохирогч ***, *** нар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***овогт ******“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ