Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2023/00431

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2023/00431

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

 Хариуцагч: 

Гэм хорын хохиролд 973 154 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Б.Э

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

/Хариуцагч Г.Б шүүх хуралдааны товыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн байх ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйгээр шийдвэрлэв./

 

Нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.А хариуцагч Г.Бт холбогдуулан авто машинд учруулсан гэм хорын хохиролд 973 154 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч М.А нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2022 оны 5 сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ***** УНИ улсын дугаартай Мерседес бенз маркийн автомашинтай Хаан Хийлс хотхоны зогсоолд зогсож байхад Г.Б нь ***** УАС улсын дугаартай Тоёота Ланд-78 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ нэхэмжлэгчийн машиныг мөргөсөн. Тухайн үед замын цагдаагийн газраас ирж хэмжилт хийсэн бөгөөд хариуцагч Г.Бийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэг бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан бусдын нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээч чөлөөлөгдөхгүй гэж заасныг зөрчиж, Бусдын эд хөрөнгөд хохирол учруулж зам тээврийн осол гаргасан талаар дүгнэлт гаргасан. С үнэлгээ ХХК-ийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 5 973 154 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд даатгалын байгууллагаас 5 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч Г.Б нь хохирлын үнэлгээний үлдэгдэл төлбөр болох 973 154 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй болно. Иймд хариуцагчаас гэм хорын хохирол 973 154 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа Миний бие Г.Б нь 2022.05.16-ны орой өөрийн биеэр ***** УИН М.Аын машинтай ухрах үйлдэл хийж байгаад шүргэлцсэн болно. Тухай үед би өөрийгөө буруу үйлдэл хийсэн гэж бодоогүй учир цагдаад дуудлага өгч хэмжилт хийлгэсэн болно. Ослын шалтгаан миний буруугаас болсон гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байгаатай санал нийлэхгүй байгаа бөгөөд тэр хэмжээтэй холбоотой зөрчлийг дахиж нягталж үзэхийг хүсэж байна. Яагаад гэвэл би байрнаасаа 60 см ухрахад араар дайрч орон өөрөө мөргөсөн болно. Гэсэн хэдий ч би үнэлгээ хийлгэнэ. Даатгалаас 5 000 000 төгрөг гаргаж өгсөн ч надаас дахин 973 000 төгрөг нэхэж байгаатай санал нийлэхгүй учир гомдол гаргаж байна. Иймд та бүхэн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст 2022.05.16-ны өдрийн тэмдэглэл, ******* дугаар шийтгэлийн хуудас, 2022.05.16-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал, жолоочийн лавлагаа, мэдээлэл, С үнэлгээний газрын 2022.05.18-ны өдрийн *** дүгээр автомашин техникийн үнэлгээний тайлан, техникийн тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг /хх-5-13/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр тээврийн хэрэгслийн лавлагаа зэргийг хэрэгт хавсаргав. /хх-ийн 57-58/

 

5. Иргэдийн төлөөлөгч О.Нд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хөдөө орон нутагт явж байгаа очиж чадахгүй гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ***** УНИ улсын дугаартай бенз маркийн автомашинтай Хаан хийлс хотхоны зогсоолд зогсож байхад Г.Б нь ***** УАС улсын дугаартай Тоёото ланд 78 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэх хийхдээ нэхэмжлэгчийн машиныг мөргөсөн. Хохирлын үнэлгээгээр 5 973 154 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд даатгалын байгууллагаас 5 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч Г.Б хохирлын үнэлгээний үлдэгдэл төлбөр болох 973 154 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ 2022.05.16-ны орой өөрийн биеэр ***** УНИ улсын дугаартай М.Аын машинтай ухрах үйлдэл хийж байгаад ширгэлцсэн. Тухайн үед миний буруу гэж бодоогүй байсан учир цагдаад дуудлага өгсөн. Гэтэл миний буруу гэсэн. Үүнтэй санал нийлэхгүй байна, гэсэн ч даатгалын газраас 5 000 000 төгрөгийг гаргаж өгсөн. Гэтэл дахиад 973 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2022 оны 5 дугаар сарын 16-ны орой 22 цаг 15 минутын үед Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Хаан хилс хотхоны зогсоол доторх замд Тоёото ланд 78 маркийн ***** УАС тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Б ХХК-ийн Мерседенс бенз маркийн ***** УНИ тээврийн хэрэгслийн жолооч М.Аын машиныг ухрах үедээ мөргөсөн нь Замын хөдөлгөөний тухай хуулийн 10.14-т Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх ба С үнэлгээний байгууллага нь хохирлын үнэлгээг тогтоосон байна. /хх-ийн 5, 11/

 

Тус үнэлгээнд ... уг машины баруун урд крыло хонхойж халцарсан, баруун урд хаалга хонхойж халцарсан байв, нийт үнэлгээгээр тогтоосон дүн 5 973 154 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигч талуудын тайлбар болон С үнэлгээний байгууллагын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр үнэлгээний тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Б нь даатгалын байгууллагаас 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Ад өгсөн байх ба уг асуудлаар талууд мараагүй бөгөөд автомашин техникийн эвдрэл, хохиролд 973 154 төгрөгийг хариуцагч нь төлөөгүйгээс уг маргаан үүссэн байна.

 

5. Б ХХК нь Мерседенс бенз маркийн ***** УНИ тээврийн хэрэгсэлтэй холбоотой маргаанд нэхэмжлэл гаргах шаардах эрхийг 2022.06.07-ны өдрийн 2022/193 дугаар албан тоотоор жолооч Г.Бт байх тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасантай нийцсэн байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэв.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Г.Бийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч М.Аын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

6. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

 

Харин хариуцагч ...Миний буруутай үйлдлээс болоогүй. Намайг ухарч байхад дайрч орж ирсэн. Ослын шалтгааныг миний буруугаас болсон гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Даатгалаас 5 000 000 төгрөгийг гаргаж өгсөн. 973 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасантай нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т .Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.

 

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

 

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

7. Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч Г.Бийн гэм буруутай үйлдлээс М.Аын унаж явсан ***** УНИ улсын дугаартай Мерседенс бенз маркийн автомашиныг мөргөж, автомашинд хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч Г.Б нь дээрх хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нөгөөтэйгүүр, ***** УАС улсын дугаартай Тоёото ланд 78 маркийн хэрэгсэл нь тухайн осол гарах үед буюу 2022 оны 5 сарын 16-нд О. О өмчлөлд /НкББСБ ХХК-ийн барьцаанд/ бүртгэлтэй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна.

Харин хариуцагч Г.Б нь тээврийн хэрэгслийн өмчлөгч биш гэж маргаагүй ба тухайн үед тээврийн хэрэгслийг унаж, эзэмшиж, ашиглаж байсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

8. Иймд ***** УНИ улсын дугаартай Мерседенс бенз маркийн автомашины техникийн эвдрэл, хохиролд 973 154 төгрөгийг хариуцагч Г.Бээс гаргуулах нь зүйтэй байна.

9. Шүүх 2022.11.23-ны өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын **** дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч О.Нд шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шлатгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бээс гэм хорын хохиролд 973 154 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ад олгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ааас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27 910 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд 27 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ

 

Г.СОЛОНГО