| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/01983/И |
| Дугаар | 183/ШШ2023/00432 |
| Огноо | 2023-02-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2023/00432
| 2023 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2023/00432 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Д.Д, Б.Д
хариуцагчийн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч С.С
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д, Б.Д нар хариуцагч ТУ ХХК-д холбогдуулан
а/нэхэмжлэгч Б.Д хөрөнгөд засвар үйлчилгээ хийх зардалд 2 158 177 төгрөг, тухайн баригдсан агуулахаас нар болон утасны сүлжээ хаагдсантай холбоотойгоор үнэ цэнэ буурсны хохиролд 1 960 708 төгрөг, нийт 4 118 885 төгрөг,
б/нэхэмжлэгч Д.Д хөрөнгөд засвар үйлчилгээ хийх зардалд 2 158 177 төгрөг, тухайн баригдсан агуулахаас нар болон утасны сүлжээ хаагдсантай холбоотойгоор үнэ цэнэ буурсны хохиролд 3 722 938 төгрөг, нийт 5 881 115 төгрөг төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч Д.Д, Б.Д нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манайх Хан-уул дүүргийн 9-р хорооны буянт ухаа 23 гудамж, ******* б тоотод оршин суудаг. Манай хашаатай хөрш залгаа оршин байрлах Хан-уул дүүргийн 9-р хорооны буянт ухаа 23 гудамж, **** хашаанд оршин байрлах Ту ХХК нь 2016 оны 06 сараас эхлээд том хэмжээтэй байшингийн суурь цутгаж, үйлдвэрлэлийн зориулалттай агуулах барьсан. Дээрх барилгыг барьж байх үед бид тухайт бүр 2016 оны 06 сарын 14-ний өдөр, 2016 оны 08 сарын 01-ний өдөр, 2017 оны 02 сарын 07-нд удаа дараа Нийслэлийн хот төлөвлөлтийн Ерөнхий газарт, Мэргэжлийн хяналтын газарт тус тус хандаж байсан. Тухайн үед дээрх эрх бүхий байгууллагуудаас Хэлтсийн дарга Т.Э нь өргөдөл гомдлыг шилжүүлж, өргөдөл гомдлын дагуу Хяналтын архитектор Б.Н үүрэг болгож, Өргөдөл гомдлыг шийдвэрлэлээ Хариу: Таны гомдлын дагуу шалгаж үзэхэд иргэн Д.Г нь үйлдвэрийн 2 давхар барилга барьж байгаа юм байна гэж***** тоот шаардлага хүргүүлсэн гэсэн. Ийнхүү шаардлага хүргүүлээд байхад барилгын ажлыг үргэлжлүүлэн, дур мэдэж, бидний хашаа байшинг халхлан нар тусахгүй болгож, суурь хийж, цутгах үйл явцдаа газар индүүдэх үед бидний байшинд цууралт үүсэж, маш их хохирол амсаад байна. Байраа засах гэхээр мөнгө санхүүгийн нөхцөл байдал хүнд учир хэцүү байна. Мөн хууль зөрчин, хөрш залгаа айл өмчлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байх тул хохирол төлбөрөө гаргуулан авах хүсэлттэй байна. Бидний байшингийн зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар буурсан нар тусахгүй, эвдрэл гэмтэлтэй бүх хана тааз цууралт өгсөн хүн амьдрах боломжгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдаж байна. 2017 оны 05 сарын 25-ны өдрийн ДХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээний тайлангаас харахад №***** тоот үнэлгээний тайлангаас байшингийн үнэлгээ нь Хан-уул дүүргийн 9-р хороо Буянт Ухаа ***** тоотод байрлах 69 м.кв байшин 21 000 000 төгрөгөөс хувийн сууц авто граж баригдаж, нар болон утасны сүлжээ хаагдсантай холбоотойгоор үнэ цэнэ нь буурч 1 960 708 төгрөг болж, мөн Хан-уул дүүргийн 9-р хороо Буянт Ухаа ***** тоотод байрлах 108.99 м.кв хувийн сууц зах зээлийн үнэлгээ нь 40 000 000 төгрөг байгаад хувийн сууц авто граж баригдаж, нар болон утасны сүлжээ хаагдсантай холбоотойгоор үнэ цэнийн бууралтын дүн нь 3 722 938 төгрөгийн хохирол учраад байна. Иргэний хуулийн 135.3-д зааснаар Хөрш залгаа газрын эзэмшигч нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр болон газар доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй гэснийг үндэслэн, мөн 135.2-д зааснаар барилгын хохирол төлбөрт гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Б.Д би үнэ цэнэ буурсны хохирол 1 960 708 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа учир засвар үйлчилгээний мөнгө 2 158 177 төгрөг, нийт 4 118 885 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Д.Д би үнэ цэнэ буурсны хохирол 3 722 938 төгрөг, байрандаа засвар үйлчилгээ хийлгэх зардалд 2 158 177 төгрөг, нийт 5 881 115 төгрөг нэхэмжилж нэхэмжлэгч Д.Д, Б.Д бид нийт хохиролд 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа Үйлдвэрийн агуулахын барилгыг хууль бусаар барьсан гэж бичжээ. 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** тоот Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар 3-р ангиллын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг барихад инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй 2 давхар хүртэлх, 3600 м.куб хүртэлх эзлэхүүнтэй иргэний барилга болон амины орон сууцны инженерийн барилга байгууламж барихад албан ёсны зөвшөөрөл авах шаардлагагүй гэж заасан байдаг. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ажиллагааны тухай хуулийн 17-2,4,17-11 -р заалтууд,Усны тухай хуулийн 24, 25-р заалтуудыг нэхэмжлэгч нар ноцтой зөрчсөн. Төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр нь хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй байх бөгөөд тэдгээрийн дэглэмийг Усны тухай хуулийн 31.3, 31.4-т заасны дагуу тогтооно. 17.4.Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг аймаг, нийслэл, сум, Дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах байдлаар тогтоож, хэрэгжилтийг хангуулна: 17.4.1. хот, суурины төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метр, хамгаалалтын бүсийг 200 метрээс багагүй зайд; 17.4.2. төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийг Усны тухай хуулийн 31.3-т заасны дагуу; 17.4.3. төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт урсгал уснаас шууд тэжээгдэх худгийн усыг ашиглахдаа хамгаалалтын бүсийг мэргэжлийн хяналтын байгууллагын хот, суурины ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн 500 метрээс багагүй зайд; 17.4.4. урсгал усыг төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа тохиолдолд тухайн газрын хөрс, чулуулгийн тогтолцоо, голын урсацыг харгалзан хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг Усны тухай хуулийн 31.4-т заасны дагуу 17.11.Иргэн хувийн хэрэгцээндээ зориулж гаргасан усны эх үүсвэрийг ашиглах болон бусад хэрэглэгчийг усаар хангах нөхцөлд хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөнө. 24 дүгээр зүйл.Усны нөөцийг бохирдохоос хамгаалах 24.1-т Усны сан бүхий газарт цацраг идэвхт болон химийн хорт бодис, халдвар үүсгэгч, хог хаягдал, бохир ус хаях, хадгалах, машин техник, бохир зүйлс угаахыг хориглоно. Хаягдал ус хаях, зайлуулах Зөвшөөрлийг хоногт 50 шоо метрээс их, эсхүл энэ хуулийн 10.1.12-д заасан аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно. Ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд сав газрын захиргаа, зохих шатны Засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ. Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ахуйн бохир ус зайлуулах цэгээ эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон журмын дагуу ус тусгаарлагчаар тусгаарлаж тохижуулсан байна. Хаягдал ус зайлуулах зөвшөөрлийг усны мэдээллийн санд бүртгэнэ. Хаягдал ус зайлуулах зөвшөөрөлд заасан хэмжээнээс болон хаягдал усны стандартаас хэтэрсэн бохир усыг удаа дараа хаясан нь ус ашиглах эрхийг цуцлах үндэслэл болно. 24.7.Энэ хуулийн 24.2-т заасан хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загварыг байгаль орчны болон хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 25 дугаар зүйл. Ус бохирдуулсны болон хомсдуулсны төлбөр, нөхөн төлбөр тогтоох Ус бохирдуулагч нь хаягдал усныхаа тоо хэмжээ, найрлагад хяналт тавих, хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн бохир усыг цэвэрлэж зайлуулах, ус бохирдуулсны төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Ус бохирдуулагч нь бохирдуулах бодисыг хаягдал усны стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус бохирдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг ус бохирдуулсны төлбөрийг экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн гурав дахин нэмэгдүүлж бохирдуулах бодис бүрээр тогтооно. 25-З.Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Байгаль орчин, уур амьсгалын санд төлнө. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хот, суурин газарт эзэмшиж, ашиглаж байгаа барилга, цардсан талбайн хэмжээгээр ус хомсдуулсны төлбөр төлнө. Ус бохирдуулсны болон хомсдуулсны төлбөрийн хэмжээг хуулиар тогтооно. 25.6.Гэм буруутай этгээд энэ хуулийн 25.2-т заасан нөхөн төлбөр төлсөн нь түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.гэж заасан байдаг. Хэрвээ шугам хоолой засварлах, шинэчлэл хийх асуудал гарвал энэ айл байшингаа буулгаж чөлөөлж өгч чадах уу. Сүүлийн үед манай шингэн эм үйлдвэрлэдэг эмийн үйлдвэрийн цэвэр ус бохирдолтой гарах болсон. Энэ нь цэвэр усны шугаман дээр айл бууж, ил бохирын цооног үүсгэсэнтэй холбоотой. Цэвэр усны шугамын сул булсан шороон дээр нэхэмжлэгч нар бууж байшин барьснаас байнга цууралт өгч суулт өгдөг. Үүнийгээ манай барьсан агуулахын сэндвичэн барилгаас болсон гэж бичжээ. Агуулахын барилгыг барихад суурь ухаагүй бөгөөд газрын үндсэн хөрсөн дээр нь хашмал бетонон цутгалт хийж газрын доод түвшиндээ 1,7 м.дээд түвшиндээ 20 см -ийн өндөржилттэй хийсэн. Хашмал цутгамал хэв дотроо шороо дүүргэж 2 тонн индүүгээр индүүдэж нягтаршуулж тэгшилсэн. Индүүгээр шороог нягтруулах үед ямар нэгэн доргилт чичиргээ огт байхгүй бөгөөд сул шороог хүнд даацын хүчээр нягтаршуулдаг. Иймээс шороог индүүдэх үед доргилт үүсэж байшинд нь цууралт үүсэх ёсгүй. Хэрэв цууралт үүссэн бол тухайн үед нь манайд хандаж мэдэгдэх ёстой. Зөвхөн нар халхалж барилаа гэсэн шаардлага тавьж байсан. Иймээс хохирол болон засварын мөнгийг нэхэмжлэхгүй эрхгүй юм. Цаашид нэхэмжлэгч талууд барилгын суурийн хөрсөндөө шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай. Манай зүгээс Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Алба, Хан-Уул Дүүргийн Газрын Алба, Ус сувгийн удирдах Газруудад албан бичиг өгсөн. Хариуг хүлээж байна. Иймээс дээрх нэхэмжлэл үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст төлбөрийн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.10.16-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2016.10.16-ны өдрийн зарлагын баримт, фото зураг, 2017.05.12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2017.07.19-ний өдрийн 2016.10.09-ний өдрийн зарлагын баримт, 2016.10.09-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2016.09.24-ний өдрийн зарлагын баримт, 2016.08.01-ний өдрийн бүргэл хяналтын карт, ДХХК-ийн 2017.05 дугаар сарын Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-55/
4. Хариуцагчаас Улаанбаатар хотын ус сувгийн удирдах сувгийн баримт, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах ***** тоот аж ахуйн гэрээний нэмэлт, газрын байршлын кадастрын зураг, Мэргэжлийн хяналтын газрын 2017.08.14-ний өдрийн ******* тоот албан бичиг, Ус сувгийн удирдах газрын 2017.09.06-ны өдрийн ******** тоот албан бичиг, кадастрын зураг, Ус сувгийн удирдах газрын 2017.08.24-ний өдрийн албан шаардлага, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, 2019.10.04-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, фото зураг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 66-71, 73-79, 111-120/
5. Иргэдийн төлөөлөгч Б.Бт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...Хан-уул дүүргийн 9-р хорооны Буянт-Ухаа 23-р гудамж, ***** тоотод оршин суудаг. Манай хашаатай хөрш залгаа оршин байрлах Хан-уул дүүргийн 9-р хорооны Буянт-Ухаа 23-р гудамж, **** хашаанд оршин байрлах Ту ХХК нь 2016 оны 06 сараас эхлээд том хэмжээтэй байшингийн суурь цутгаж, үйлдвэрлэлийн зориулалттай агуулах барьсан. Ийнхүү барилгыг барих явцдаа бидний хашаа байшинг халхлан нар тусахгүй болгож тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг бууруулсан, мөн суурь хийж, цутгах үйл явцдаа газар индүүдэх үед бидний байшинд цууралт үүсэж, маш их хохирол амсаад байна. Байраа засах гэхээр мөнгө санхүүгийн нөхцөл байдал хүнд учир хэцүү байна. Мөн хууль зөрчин, хөрш залгаа айл өмчлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байх тул хохирол төлбөрөө гаргуулан авах хүсэлттэй байна. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... Агуулахын барилга нь 24х26м-ийн харьцаатай 5.5 метрийн өндөртэй 3432 м.куб эзлэхүүнтэй барилга юм. Өөрсдийн амьдран суудаг барилгад цууралт өгч хохирол учирсан гэж бичжээ. 2010 оноос эдгээр айлууд үйлдвэрийн хашааны хойд талд Нисэхийн дэнжийн ус байнга урсдаг жалга, гуу дээр бууж хашаа барьсан. Ямар замаар газрын зөвшөөрөл авсныг мэдэхгүй. 2015 оны 05, 09 саруудад газрын зөвшөөрлүүдийг гарган авчээ. ХУД-ийн Яармагийн усан сангуудыг хангадаг цэвэр усны 2003 онд хийгдсэн төслийн шугаман дээр дур мэдэн бууцгаасан. Бид тухай бүр мэдэгдэж байсан боловч хүлээн аваагүй. Уг шугамыг 3 метрийн гүнтэй ухаж булсан сул шороон дээр байшингаа барьсан учраас тоосгон барилгад нь цууралт өгч байгаа. Манай агуулах яг урд нь баригдсан нь үнэн. Гэвч өөрсдөө манай хашаанд тулгаж барьсан бөгөөд нар хаадаг зүйл байхгүй, зөвшөөрөхгүй. гэж маргажээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Б.Д нь Хан-Уул дүүргийн 9-р хороо, Буянт ухаа 23-р гудамж **** тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон хувийн сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Y-********, Г-********* дугаар гэрчилгээнүүдээр,
Нэхэмжлэгч Д.Д нь Хан-Уул дүүргийн 9-р хороо, Буянт ухаа 23-р гудамж **** тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон хувийн сууц, гражны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Y-*******, Г-********* дугаар гэрчилгээнүүдээр тус тус тогтоогдож байна.
6. Хариуцагч ТУ ХХК нь Хан-Уул дүүргийн 9-р хороо, 114 дүгээр сургуулийн баруун талд нэгж талбарын ******* дугаар бүхий 5 535 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй этгээд болох нь Э-********* дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч Д.Д, Б.Д нар нь 23-р гудамжинд ***** тоотод хөрш амьдардаг ба хариуцагч ТУ ХХК-ийн газар нь нэхэмжлэгч нарын хашааны урд хэсэгт залгаа байрлалтай /гудамжгүйгээр ар, өврөөр нийлсэн байрлалтай/ болох нь хавтаст хэрэгт авагдсан фото зургууд болон кадарстрын зураг, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч ТУ ХХК-ийн хашаатай залгаа буюу урд талдаа барьсан болох нь, мөн ТУ ХХК нь Агуулахын барилга нь 24х26м-ийн харьцаатай 5.5 метрийн өндөртэй, нэхэмжлэгч нарын байшингуудын харалдаа урд хэсэгт нь баригдсан болох тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлаар маргаангүй байна.
8. Харин дээрх агуулахын барилгыг барьснаас нэхэмжлэгч нарын барилгын хананд цууралт үүсч, улмаар уг засвар хийлгэхэд шаардлагатай зардалд нэхэмжлэгч Б.Д нь 2 158 177 төгрөг, нэхэмжлэгч Д.Д 2 158 177 төгрөг, нийт 4 316 354 төгрөг гаргуулахаар шаардаж, бэлэн мөнгөний орлогын баримт, зарлагын баримтууд, цууралт үүссэн гэх фото зураг зэргийг хавтаст хэргийн 12-23 талд ирүүлсэн байна.
Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ТУ ХХК-ийн агуулахын барилга баригдсанаар тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хана цуурч, хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба энэ талаараа нэхэмжлэгч нар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй.
9. Хэрэгт авагдсан фото зургаас /хариуцагч ирүүлсэн/ үзэхэд нэхэмжлэгч, Б.Дийн орон сууцны хоёр цонх, нэхэмжлэгч Д.Дгийн 2 давхар орон сууцны 1, 2 давхрын хоёр цонх нь хариуцагч ТУ ХХК-ийн агуулахын барилга руу харсан болох нь тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч нар нь агуулахын барилга нь бидний амьдардаг байшинг халхлан нар тусахгүй болгож, түүнчлэн гар утасны сүлжээ хүртэл муудаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг бууруулсан гэж тайлбар гаргаж, энэ үндэслэлээр ДХХК-иар үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ буурсныг тогтоолгосон үнэлгээг гаргуулж, ирүүлсэн байх ба тухайн үнэлгээг үндэслэлгүй талаар хариуцагч тал маргаагүй байна.
10. Иймд талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд хариуцагч ТУ ХХК-ийн гэм буруутай дээрх үйлдлээс нэхэмжлэгч нарын байшинг халхлан нар тусахгүй болгож тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг бууруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Дид эд хөрөнгийн үнэ цэнэ буурсны хохиролд 1 960 708 төгрөг, нэхэмжлэгч Д.Дд эд хөрөнгийн үнэ цэнэ буурсны хохиролд 3 722 938 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ТУ ХХК нь шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч дүгнэлт гаргуулах шаардлагагүй үндэслэлээр ТУ ХХК-ийн захирал Д.Г нь уг хүсэлтээсээ татгалзсан болно./хх-ийн ****/
13. Шүүх 2023.01.30-ны өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын**** дүгээр тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Бт шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч нар болон хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТУ ХХК-аас эд хөрөнгийн үнэ цэнэ буурсны хохиролд 1 960 708 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дид, эд хөрөнгийн үнэ цэнэ буурсны хохиролд 3 722 938 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 316 354 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ТУ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 46 321 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дид, улсын тэмдэгтийн хураамж 74 517 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ
Г.СОЛОНГО