2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2116

 

 

 

 

 

 

 

 

 

 2025          09           10                                    2025/ШЦТ/2116

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Ц.Ганцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн **********тоот дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***********

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **********нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Толгойтын эцэс “**********”-ийн харалдаа урд талын замд “**********” маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч насанд хүрээгүй ********** 15 настай, эрэгтэйн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **********мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Зам тээврийн ослын талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-10 дахь тал/,

 

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********:

“...Тухайн өдөр 11 цагийн үед нэг дугаараас залгаад ********** гэж хүүхдийн ээж мөн үү гэж асуугаад юу болсон талаар асуухад танай хүүхэд машин мөргүүлсэн гэж хэлээд та ирэх боломж байна уу гэхээр нь би осол болсон газрыг асууж яваад очсон. Очиход манай хүүхдийг замын хажуу талын явган хүний зам дээр хэвтүүлчихсэн мөргөсөн гэх машин нь ********** маркийн ********** улсын дугаартай авто машин байсан ба мөргөөд зогссон гэх газраа буюу явган хүний гарц дээр зогсож байсан. Тэгээд очоод удаагүй байж байхад яаралтай түргэн тусламж хүрч ирээд манай хүүхдийг үзээд гэмтэл орж үзүүлэх шаардлагатай байна. Өөрөө гэмтэл рүү авч яваад үзүүл гэхээр нь би хүүхдээ аваад гэмтэл рүү авч очиж үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэлтэй байна шагайны хамгаалалт зүүлэг тархины томографид харуул нарийн шинжилгээ өг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.**********:

“...Миний эзэмшлийн автомашин юм. Би тухайн үед хамт байгаагүй тул сайн мэдэхгүй байна. Дараа ахаасаа осол болсон талаар сонссон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...хуулийн заалтыг ойлголоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-21 дэх тал/,

 

Иргэнийн нэхэмжлэгч Д.Гантуяагийн:

“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.********** нь эрүүл мэндийн төвөөс нийт 213.000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 213.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь **********дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-27 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Ц.**********2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ********** дугаартай:

“...Н.**********н биед зүүн өсгий, тахилзуурын холбоосны хэсэгчилсэн урагдал, суналт, шагайн үений холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.**********2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн **********дугаартай:

“...Жолооч **********нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

 Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн **********дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-43 дэх тал/,

 

Жолооч Д.**********жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65-72 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч **********нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Н.**********н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” шүүгдэгчээс 213.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.**********холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч **********нь:

2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Толгойтын эцэс “**********”-ийн харалдаа урд талын замд “**********” маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч насанд хүрээгүй ********** 15 настай, эрэгтэй/-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:

- Зам тээврийн ослын талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.**********, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.**********, иргэний нэхэмжлэгч Д.**********нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Ц.**********2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ********** дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.**********2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн **********дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн **********дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.                                   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.**********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.**********н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гарсан байна.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Д.**********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Иймд шүүгдэгч Д.**********гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.           

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 280 /хоёр зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

            6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.**********213.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.**********урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ