Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/489

 

 

 

 

 

 

             

Х.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд, Б.Бямбадагва,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Ө.Учрал,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Бд холбогдох эрүүгийн 1902008030292 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

666666Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

Х.Б нь:

- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "13" даваа гэх газар байрлан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ"-ний дагуу үйл ажиллагаа явуулж байсан "Өргөн Ерөө" нөхөрлөлтэй хамтран ажиллаж байсан Н.Дыг 2019 оны 6 дугаар сард "та манай төрийн бус байгууллагатай хамтран ажил, хамтран ажиллахын тулд 50-60 сая төгрөг өг, тэгвэл уурхайн үйл ажиллагаа хэвийн явна. Манай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны С блок 31 тоот оффис дээр ирж уулз, хамтарч ажиллахгүй бол цахим орчинд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаль орчныг бохирдуулж байна, хууль бус гадаад улсын иргэдийг ажиллуулж байна гэсэн мэдээ тараана" гэж бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн,

- Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр "Хүйтний гол" гэх газар байрлан ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан "Барилга Орд" ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Эг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр "Танай бичиг баримт бүрэн эсэх нь хамаагүй, танайхыг унагахад бэлэн байна, сошиал ертөнцөд байгаль орчныг сүйтгэж буй бичлэгийг чинь тавина, 5 кг алт өгчих тэгвэл бичлэгийг чинь асуудалгүй болгоно" гэх зэргээр бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны С блокийн 31 тоотод бэлнээр 10.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, "Теди" төвийн гадна машин дотор "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Агийн төрсөн хүүхэд А.М-ийн "Хаан" банкны 5037581203 тоот дансаар 10.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 20.000.000 төгрөг авсан,

- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бугант тосгоны "Хүнгүйч зүр хүзүү" гэх газар байрлан ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Капитал авто сервис" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан "ТВС пластинг консалтинг" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Э-ыг 2019 оны 6 дугаар сард "танай уурхай одоо ажиллахгүй, ажиллахаар бол манай байгууллагатай хамтран ажил, ажиллахгүй бол төрийн бус байгууллагын хүмүүс явуулна, нэг хүний 500 сая төгрөг өг, 3 хүний 1.5 тэрбум төгрөг, цахим орчинд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэсэн бичлэг, холбогдох материалаа гаргана" гэх зэргээр бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 18.000.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны С блокийн 31 тоотод бэлнээр авч, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Хаан банкны салбарт "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Агийн төрсөн хүүхэд А.М-ийн Хаан банкны 5037581203 тоот дансаар 30.000.000 төгрөг шилжүүлэн авч, нийт 58.000.000 төгрөг авсан,

- 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэр "Хүйтний гол" гэх газарт "Хастөмөрийн Бээжинг дэмжигчид" нэртэй фэйж хуудсанд өнгөрсөн жил бид Сэлэнгэ аймагт хууль бусаар ажиллаж байгаа 100 гаруй уурхайг илрүүлэн цагдаа болон Ерөнхий сайд Хүрэлсүхэд мэдээлж Сэлэнгэ аймагт нэг ч нинжагүй болсон. Харин 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр тус газруудаар хяналт хийж очиход өнөөдрийг хүртэл хууль зөрчигч байхгүй, Сэлэнгийн цагдаа нар сайн ажиллаж байна. Гэвч биднийг буцаж явах замд доорх том хүнд даацын техникийг байгаль сүйтгэж хулгайн алт олборлуулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахмад Зам гэгч нөхөр оруулж байхтай таарав. Мөн Шарын голоос 25 км зайд гол ус ойн сан бүхий хуулиар хориглосон газар байгаль сүйтгэж алт олборлож байгаа "Барилга орд" гэх компанийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг баримтжуулсныг хуулийн байгууллагад шалгуулна. Ерөнхий сайд Хүрэлсүх, Байгаль орчны сайд Сарангэрэл нар хурдан ажилдаа орж анхаарлаа хандуулж ажлаа хийнэ үү. Эдгээр хүмүүст шэйрлэж хамтдаа тэмцээрэй гэсэн" илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Замын нэр төр, алдар хүндэд, "Барилгын орд" ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэмт хэргүүдэд холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас:

Х.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Б овогт Х.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

 мөн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуун/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын нэг хоногийг 15 /арван тав/ нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож нийт 60 /жар/ хоногийн хорих ялд шилжүүлэн, нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Х.Бгийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Бгээс нийт 78.000.000 /далан найман сая/ төгрөг гаргуулж, хохирогч С.Э-д 20.000.000 /хорин сая/ төгрөг, Г.Э -д 58.000.000 /тавин сая/ төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхгийг хэрэгт нь үлдээж, Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Бд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ. 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тодруулбал: 1 дүгээр хавтаст хэргийн 31-41 дүгээр талд авагдсан “Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд дурьдагдсан Х.Бгийн гэрээс хураан авсан “...саарал өнгийн жижиг сейфнээс марк загвар тодорхойгүй /уран хэмжигч гэх/ багаж 1 ширхэг, улаан өнгийн хайрцагтай /уран хэмжигч гэх/ 1 ширхэг, хар өнгийн хайрцагтай “WCH-350Х” гэсэн бичиг бүхий хэмжигч багаж...” зэргийг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан. ...Уг хураан авсан хөрөнгийг мөрдөн байцаалтын шатанд өмчлөгч Х.Бд буцаан өгөөгүй, уг эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэх талаар яллах дүгнэлтэд тусгаж хэргийн хамт шүүхэд шилжүүлээгүйг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм” гэж өмгөөллийн дүгнэлт гаргасаар атал анхан шатны шүүх анхаарч шийдвэрлэсэнгүй.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй:

а. ...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хувь иргэний хувьд Н.Д, С.Э, Г.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц ямар баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлсэн нь болох нь нотлогдож тогтоогдоогүй.

...Н.Д, С.Э, Г.Э гэх хувь иргэнийг хохирогчоор тогтоох нь үндэслэлгүй бөгөөд харин “Өргөн Ерөө” нөхөрлөл, “Барилга-Орд” ХХК, “ТВС пластинг консалтинг” ХХК зэрэг хуулийн этгээдүүд нь хохирогчоор тогтоогдох байсан эсэхэд шүүх дүгнэлт хийх нь зүйтэй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан хэрэгт холбогдуулан хохирогчоор иргэн Б.Зам болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар хоёрын аль нь тогтоогдох байсан эсэхэд ч шүүх үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Зам мэдүүлэхдээ би Цагдаагийн байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мэдүүлэг өгсөн гэж мэдүүлсэн атал энэ байдлыг шүүх анхаарсангүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг бүрэн, эргэлзээгүйгээр мөрдөн байцаалтын шатан тогтоож чадаагүй учир энэ байдлыг нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулж тодруулж, тогтоох нь хуульд нийцнэ.

б. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-т заасан хохирогч Н.Д, С.Э, Г.Э нарын “эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл” байна гэж яллах дүгнэлтэндээ дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл гэх нотлох баримт огтхон ч байхгүй. Прокуророос Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах гэж байгаа бол дээр дурьдсан баримт, мэдээллийг нотлох баримтаар хэрэгт авч, цаашилбал уг баримт, мэдээллийг хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц гэдгийг зайлшгүй нотолж тогтоох ёстой.

в. Тус шүүхийн 2020.03.25-ны өдрийн 2020/ШТ/30 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” тогтоолын зарим хэсэг биелэгдээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.  ...Х.Бгийн гомдлыг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар хаасан талаарх прокурорын тогтоол болон бусад дээрх асуудлыг тодруулсан баримтууд хэрэгт авагдаагүй.

Шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, үндэслэлтэй байх хуулийн шаардлага байдаг атал энэ шаардлага биелэгдсэнгүй.

г. Х.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараасан гэх үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд нотолж тогтоож чадаагүй атлаа уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. ...Х.Бг худал мэдээлэл тараасан гэж үзэж байгаа бол уг мэдээлэл нь худал болохыг тогтоож дүгнэх ёстой бөгөөд энэ талаар шалгуулахыг хүссэн Х.Бгийн гомдлыг эцэслэн шийдвэрлэх, уг шийдвэрт хуульд зааснаар гомдол гаргах эрхийг хангах ёстой байсан.

д. Х.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар үүсгэсэн эрүүгийн хэрэгт хохирогчоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Зам болон “Барилгын орд” ХХК нь тус тус тогтоогдсон бөгөөд үүнтэй холбоотойгоор дараах 2 асуудал үүсч байгаа.

...М.Ань “Барилга орд” ХХК-ын захирлын албан тушаалтай бөгөөд, хэрэгт авагдсан баримтаар М.Ань “Барилга орд” ХХК-ыг төлөөлөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгоё гэсэн итгэмжлэлийг албан бичгээр өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд хохирогчийг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон прокурорын шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. “Барилгын орд” ХХК гэсэн нэршилтэй өөр хуулийн этгээд ч үйл ажиллагаа явуулж байх боломжтой бөгөөд энэ нь үг үсгийн буюу техникийн шинжтэй алдаа ч гэж үзэж болохгүй шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй алдаа учир мөрдөн байцаалтанд буцааж засуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэрэг гэдэг нь хувь хүний хувьд “нэр төр, алдар хүнд”-д халдсан байх, хуулийн этгээдийн хувьд “ажил хэргийн нэр хүндэд” халдсан байх хууль зүйн ойлголт юм. Энэ утгаараа хохирогчийг буруу тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заасангүй. Үүнд: 

а. Уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Э нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт харилцан зөрүүтэй мэдүүлэг өгдөг. ...үнэн зөв гэдгээ илэрхийлсэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт Х.Бд учруулсан хохирлоо өгсөн, ямар нэгэн байдлаар дарамт шахалтаар мөнгө өгсөн зүйл байхгүй талаараа мэдүүлдэг.

Давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлүүд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэвэл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч Х.Б нь 3-27 насны 7 хүүхэдтэй. Одоо эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Х.Б нь арваад жил Монгол орны байгаль орчны төлөө төрөл бүрийн аргаар тэмцэж байсан, одоо “Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-ийн тэргүүнээр ажилладаг. 2020 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт чихирийн шижин, 2021 оны 2 дугаар сард Интермед эмнэлэгт ходоодны хорт хавдар зэрэг өвчнөөр оношлогдон эмчилгээ хийлгэж байхдаа анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн. Хорих 409 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа буюу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Covid-19” өвчнөөр, нэг талын уушгины хатгалгаа, дагалдах онош нь бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл өвчний улмаас цэргийн төв эмнэлэгт 18 хоног хэвтэн эмчлүүлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хорих 461 дүгээр ангийн эмчийн тодорхойлолтоор ходоодны улаан хоолойн сөөгөө, ходоодны их махиа хэсгийн цус алдалтын ургацагтай, ходоодны архаг шархлаа, чихрийн шижин хэв шинж 2 гэж шинжлэн оношлогдоод архаг суурь өвчтэй, өвчний явц хүндрэх эрсдэл өндөр байна гээд ХӨСҮТ-д хэвтүүлэх шаардлагатай гээд хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс ХӨСҮТ-ттэй холбогдсон байдаг. Гэтэл эмнэлгээс зөвшөөрөөгүйн улмаас 2021 оны 4 дүгээр сарын 9-нөөс 4 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Улмаар 2021 он 5 дугаар сарын 12-ны өдөр дахин хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шулуун гэдэсний ойролцоох өөхөн эдийн үрэвсэл, гадагшаа цорготой гэсэн оноштойгоор одоо хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Ходоодны хорт хавдар, чихрийн шижин, шулуун гэдэсний ойролцоох өөхөн эдийн үрэвсэл гэсэн оноштой биеийн байдал нь хүнд байгаа. Хэдийгээр гэм буруутайд тооцож хариуцлага оногдуулах ёстой ч нөгөө талаараа Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийн асуудал хөндөгдөж байна. Иймд шүүхээс мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэвэл хувийн баталгаа авах, эсхүл барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү...” гэв.   

Шүүгдэгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь хэргийн жинхэнэ нөхцөл байдлаас огт өөр байдаг. Хэрэгт огт хамааралгүй этгээдүүдийг гэрчээр асууж, хохирогч гэх хүмүүс намайг илт гүтгэж байна гэдгийг фото зураг, видео бичлэгээр няцааж чадна. Энэ талаарх баримтуудаа өмгөөлөгчөөр дамжуулж өгөх мөрдөгч, прокурорт хянуулахаар удаа дараа өгөх гэсэн боловч татгалзсан хариу ирүүлсэн. Прокурор, мөрдөгч хэргийг тал бүрээс нь нягталж судалж бодит байдлыг үнэн зөвөөр тогтоох байсан. Хэрэв миний баримтуудыг авсан бол бодит байдал бүрэн тогтоогдох байсан. Үйлдэл бүрийг би Цагдаагийн Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, Бугант тосгоны цагдаагийн газар зэрэгт тэр дор нь мэдэгдэж, тэр бүгдээ баримтжуулж байсан. Хэрэв надад байгаа нотлох баримтуудыг үзсэн бол би энэ бүх гүтгэлгээс өөрийгөө хамгаалж, няцааж чадах байсан. Шийтгэх тогтоолд хохирогч, гэрч гэж дурдагдсан хүмүүсийн мэдүүлэг бүгдийг би баримттай няцааж чадна. Прокурор нотлох баримтууд их байхад яагаад авахгүй, нэг талыг барьж, байгаль сүйтгэж байгаа худал хүмүүсийн үгэнд орж намайг гүтгэж байгааг ойлгохгүй байна. Би үүнийг шалгуулж, үнэн зөвийг нь олуулах хүсэлтэй байна. Мөрдөгч, прокурор миний гаргаж өгсөн баримтуудыг авахгүй, цагаатгах талын нотлох баримтуудыг илт нуун дарагдуулж, намайг хүнд зүйл ангиар ял шийтгүүлсэн. Тухайлбал, Монгол Улсад 12-13 үйл ажиллагаа явуулдаг банк байдаг бөгөөд эдгээрээс миний Голомт банкны дансны хуулгыг авахуулаагүй, нуусан. Уг дансны хуулгаар намайг ажилтай, орлоготой гэдгийг нотлох байсан. Гэтэл бусад банкинд би дансгүй учир намайг орлогогүй, амьдралын эх үүсвэр болгож гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхойлсон. Энэ нь ажлын алдаа биш, санаатай хийсэн үйлдэл бөгөөд бараг гэмт хэрэг гэж үзэхээр байна. Мөн намайг Б.Зам гэх цагдаагийн ахмадыг гүтгэсэн гэж буруутгасан. Би “Зам ахмадын шалгасан бичиг баримт нь хууль бус, дутуу учраас хууль бус техник оруулсан” гэж пост бичсэн. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хуралдаанд шүүгч Б.Замаас “хууль ёсны бичиг баримт гэж юуг хэлээд байна вэ” гэж асуухад Б.Зам “тэр техник нь тухайн очих гэж байгаа компанитайгаа хамтран ажиллах гэрээтэй бол хууль ёсных болно” гэж мэдүүлсэн. Гэтэл бодит байдал дээр ахмад Б.Замын шалгасан материал дотор хамтран ажиллах гэрээ огт байгаагүй. Энэ талаар би шүүх хуралдаанд “Зам ахмад өөрөө хэргээ хүлээчихлээ” гэж хэлсэн ч шүүх үүнийг анхаарч үзэлгүй шийдвэрээ гаргасан. Мөн намайг “Барилга Орд” ХХК-ийн нэр төрд халдсан гэсэн. Гэтэл “Барилга Орд” ХХК-ийн нэр дээр огт лиценз байхгүй. Ойн сав бүхий газар гэмт хэрэг үйлдэж байхыг нь хараад би видео бичлэг хийж, оруулсан. Мөн үүнийг шалгуулах гээд өгтөл “хууль ёсны байна” гээд хамгаалдаг. Хэрэгт хавсаргасан “Барилга Орд” ХХК-ийн гэрчилгээ, лицензийн регистрийн дугаар, нэр зөрүүтэй байдаг. Иймд хэргийн үнэн зөвийг тогтоолгох хүсэлтэй байна. Хохирогч гэх хүмүүс худал ярьж байгаа талаарх баримтууд бүгд надад байна. Энэ бүгдийг прокурорын байгууллага авахгүй байх тул хэргийг дахин шалгуулмаар байна...” гэв.  

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчоор тогтоогдсон Н.Д, С.Э, Б.Энхбат, Б.Зам, “Барилга Орд” ХХК нарыг буруу тогтоогоогүй. Х.Бгийн хувьд Н.Д, С.Э, Б.Энхбат нарын үүсгэн байгуулсан хамаарал бүхий уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ашиг сонирхолд халдаж, хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байхад хууль бусаар явуулдаг мэтээр олон нийтэд ойлгуулах зорилгоор дүрс бичиж, тэдгээрийн үйл ажиллагааг зогсооно гэж сүрдүүлж, улмаар эд хөрөнгө хохирогч Н.Д, С.Э, Б.Энхбат нараас шаардсан, хувийн дансаар болон бэлнээр мөнгө авсан болох нь тогтоогдсон. Иймд тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Д, С.Э, Б.Энхбат нарын хувийн дансаар шилжүүлэн авч буй, тухайн хамаарал бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагааг зогсооно гэж сүрдүүлж мөнгө авсан нь хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учруулсан. Тухайн этгээдүүдийг биш хуулийн этгээдийг хохирол хүлээсэн гэж компаниудыг хохирогчоор тогтоох үндэслэлгүй.

Хохирогч Б.Замыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан тул Дархан-Уул аймгийн цагдаагийн газрыг хохирогчоор тогтоох нь үндэслэлтэй гэх асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Гэтэл “Хастөмөрийн Бээжинг дэмжигчид” нэртэй нүүр хуудсаар дамжуулж олон нийтэд тараасан мэдээ мэдээлэл нь “биднийг буцаж явахад доорх том, хүнд даацын тээврийг байгаль сүйтгэж, хулгайн алт олборлуулахаар Дархан-Уул аймгийн цагдаагийн ахмад Зам гэгч нөхөр оруулж байхтай таарав” гэж Б.Замын нэр төр, алдар хүндэд шууд халдсан үйлдэл хийсэн байдаг тул хохирогчоор Б.Замыг тогтоосон нь үндэслэлтэй. Мөн “хуулиар хориглосон газар байгаль сүйтгэж, алт олборлож байгаа “Барилга Орд” ХХК-ийн гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгуулахаар шилжүүлэв” гээд мөн нийтэлсэн нь “Барилга Орд” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн нотлогдвол зохих байдлыг нотолж тогтоогоогүй гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар тухайн гэмт хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Өнө орших булаг” ХХК-ийн эзэмшлийн 16-05 УНН улсын дугаартай “Hyundai” маркийн эксковаторыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт гэх газар байрлах “Монле трэйд” ХХК-ийн уурхайд үйл ажиллагаа явуулахаар “Монле трэйд” ХХК-ийн эзэмшлийн газарт шилжүүлж явуулсан зөвшөөрөл, албан бичиг, тодорхойлолтууд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гэтэл Б.Зам хууль бусаар алт олборлуулахаар өөрийн эзэмшлийн газар руу оруулж байгаа мэтээр олон нийтэд худал мэдээлэл тараасан. Түүнчлэн “Барилга Орд” ХХК-ийг өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулахгүйгээр өөр газарт байгаль орчныг сүйтгэж байгаа мэтээр олон нийтэд тараасан. Мөн ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг болон Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албанд бичгээр тухайн тараасан гэх газарт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэг хийж, солбицол авахад тухайн солбицол бүхий газар нь “Барилга Орд” ХХК-ийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газартай давхцаж байгаа болох нь тогтоогддог. Мөн “Барилга Орд” ХХК нь тухайн газартаа ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн үйл ажиллагаа явуулахаар барилга, техникийн үзлэг оношилгоо хийж, техникүүдээ засаж байсан болох нь тогтоогддог. Гэтэл хууль бусаар үйл ажиллагаа явуулж, тухайн газар нь байгаль орчныг сүйтгэсэн мэтээр бичлэг хийж, олон нийтэд илт худал мэдээлэл тараасан болох нь тогтоогддог. Хохирогчоор тогтоогдсон этгээдүүд хууль ёсны тул тэдгээрийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж биелээгүй гэх асуудлыг шүүгдэгч талаас ярьж байна. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Х.Б 02-58 УНУ улсын дугаартай автомашинаар зорчиж явахдаа голд живсэн талаар татгалзсан материал хэрэгт авагдаагүй, энэ талаарх холбогдох шалгах ажиллагааг явуулаагүй гэж байна. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 58-76 дахь хуудсанд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгасан ЗАХ658 дугаартай зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал нотлох баримтын хэмжээнд хуулбарлагдан хэрэгт авагдсан. Мөн үүнтэй холбогдуулж тухайн материалыг шалгасан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мөрдөгч Энхбаатараас татгалзсан үндэслэлтэй нь холбогдуулж гэрчээр мэдүүлэг авсан. Энэ нь 4 дүгээр хавтаст хэргийн 211-212 дахь талд авагдсан. Иймд шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанууд бүрэн хийгдсэн.

Шүүгдэгч Х.Б мөрдөгч, прокурор гаргаж өгсөн нотлох баримтыг огт авдаггүй талаар ярьж байна. Х.Б болон түүний өмгөөлөгч нараас  мөрдөн байцаалт болон прокурорын шатанд өгсөн хүсэлт, гомдол бүгдийг нь авч хэрэгт тусгасан.

Мөн шүүгдэгчийн ярьж байгаагаар дансны хуулгыг прокурор нуусан мэт боловч энэ бүгд хэрэгт авагдсан байдаг. Прокуророос баримт нуусан, гаргаж өгсөн баримтуудыг нь авахаас татгалзсан зэрэг асуудал байхгүй.

Хураан авсан эд хөрөнгийг шийдвэрлээгүй гэх асуудал ярьж байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мөрдөж мөшгих зүйл ангиар 190200926 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тухайн хэрэгт Х.Бгийн гэрээс хураан авсан бусдыг чагнах, мөрдөн мөшгих зориулалттай техник хэрэгслүүдийг эд мөрийн баримтаар тооцож, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Түүнээс биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгасан 1902 00803 0292 дугаартай хэрэгт тухайн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон асуудал байхгүй. Тиймээс энэ эд хөрөнгийг энэ хэрэгт холбогдуулж шийдвэрлэх асуудалгүй.

Гомдолд дурдагдсан Г.Э-ыг шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад зөрүүг нь арилгахгүйгээр зөвхөн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн гэж байна. Г.Эаас мөрдөн байцаалтын шатанд нийт 4 удаа мэдүүлэг авсан. 2020 оны 4 дүгээр сард шүүх хуралдаан явагдах үед Г.Э өөрөө “миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өмнөх шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед Бээжинг дэмжигчид гэх хүмүүс надад маш их дарамт шахалт ирсэн. Мөн Бээжингээс намайг дарамталж сүрдүүлсэн тул би голд живүүлсэн автомашиныг нь засуулахаар 58 сая төгрөгийг өгсөн гэсэн. Гэхдээ би тэр автомашин живүүлсэн асуудалд хамаагүй. Бээжин манай үйл ажиллагаа явуулдаг компанийн үйл ажиллагааг явуулахгүй, байгаль орчинд хор хохиролтой үйл ажиллагаа явуулж байна гэж олон нийтэд тараана гэсэн учраас би 58 сая төгрөг өгсөн” гэдэг. Иймээс хохирогчийн өгсөн мэдүүлэг ямар нэг эргэлзээ бүхий, зөрчилтэй гэх зүйл тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргах дүгнэлт байхгүй гэв.  

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Х.Бд холбогдох эрүүгийн 1902008030292 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Х.Б нь:

1. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "13" даваа гэх газар байрлан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ"-ний дагуу үйл ажиллагаа явуулж байсан "Өргөн Ерөө" нөхөрлөлтэй хамтран ажиллаж байсан Н.Дыг 2019 оны 6 дугаар сард "та манай төрийн бус байгууллагатай хамтран ажил, хамтран ажиллахын тулд 50-60 сая төгрөг өг, тэгвэл уурхайн үйл ажиллагаа хэвийн явна. Манай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны С блок 31 тоот оффис дээр ирж уулз, хамтарч ажиллахгүй бол цахим орчинд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаль орчныг бохирдуулж байна, хууль бус гадаад улсын иргэдийг ажиллуулж байна гэсэн мэдээ тараана" гэж бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр "Хүйтний гол" гэх газар байрлан ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан "Барилга Орд" ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Эг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр "Танай бичиг баримт бүрэн эсэх нь хамаагүй, танайхыг унагахад бэлэн байна, сошиал ертөнцөд байгаль орчныг сүйтгэж буй бичлэгийг чинь тавина, 5 кг алт өгчих тэгвэл бичлэгийг чинь асуудалгүй болгоно" гэх зэргээр бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны С блокийн 31 тоотод бэлнээр 10.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, "Теди" төвийн гадна машин дотор "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Агийн төрсөн хүүхэд А.М-ийн "Хаан" банкны 5037581203 тоот дансаар 10.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 20.000.000 төгрөг авсан,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бугант тосгоны "Хүнгүйч зүр хүзүү" гэх газар байрлан ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Капитал авто сервис" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан "ТВС пластинг консалтинг" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Э-ыг 2019 оны 6 дугаар сард "танай уурхай одоо ажиллахгүй, ажиллахаар бол манай байгууллагатай хамтран ажил, ажиллахгүй бол төрийн бус байгууллагын хүмүүс явуулна, нэг хүний 500 сая төгрөг өг, 3 хүний 1.5 тэрбум төгрөг, цахим орчинд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэсэн бичлэг, холбогдох материалаа гаргана" гэх зэргээр бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 18.000.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны С блокийн 31 тоотод бэлнээр авч, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Хаан банкны салбарт "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Агийн төрсөн хүүхэд А.М-ийн Хаан банкны 5037581203 тоот дансаар 30.000.000 төгрөг шилжүүлэн авч, нийт 58.000.000 төгрөг авсан болох нь:

Х.Б нь зохих журмын дагуу эрхлэн явуулж байсан үйл ажиллагааг нь зогсооно гэж сүрдүүлсэн, бичлэг хийж, бичлэгээ олон нийтэд цацаж үйл ажиллагааг нь зогсоолгоно, шалгуулна гэх зэргээр сүрдүүлж, харин эд зүйл /мөнгө, олборлосон алт/ өгвөл хамтран ажиллаж болно гэсэн болохыг мэдүүлсэн хохирогч Н.Дын “...2019 оны 6 дугаар сарын 6 байна уу 7-ны өдөр билүү Дэлхийн монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллагын тэргүүн Хастөмөрийн Бээжин гэх хүн өөрийгөө танилцуулаад манай уурхай дээр ирсэн. Тэгээд Х.Б манай компанийг энд юу хийж байгаа юм гэж асуухаар нь би нөхөрлөлөөр гэрээ хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд байж байна гэж тайлбарласан. ...Х.Б ...манай кемпийн гэрт хоёулхнаа уулзаж байхдаа бичлэг хийж байсан залууг гэрээс гаргаад "та тавиас жаран сая төгрөг өг, тэгвэл үйл ажиллагаа хэвийн явна, тэгэхгүй бол уурхайн
олборлох ажил чинь явахгүй шүү дээ" гэж хэлсэн. Тэгээд хот руу оффис дээр ирж
уулз гэсэн юм. Тухайн үед би Бээжин
гийн амыг дагуулаад тэгье тэгье очиж уулзъя гэсэн.
Х.Бгийн уурхай дээр байн байн ирж бичлэг хийн дарамталж байгаа талаар
манай ажилчид бүгд мэднэ.
... Хастөмөрийн Бээжин нь 50.000.000 төгрөг авахаар манай нөхөрлөлийг хууль бусаар алт олборлож байна гэж цахим орчинд тараана гэж заналхийлж, сүрдүүлж байсан нь үнэн. ...” гэх мэдүүлэг /2хх 159-162, 4хх 200-201/,

хохирогч С.Эы “...2019 оны 8 дугаар сарын 27-ны
үед намайг Улаанбаатар хотод ирсэн байх үед Бээжин гэх хүн миний үйл ажиллагаа

явуулж байсан Хүйтний гол гэдэг газарт хэдэн хүний хамт очиж хууль бусаар алт
олборлосон гэж бичлэг хийсэн байсан. Тухайн үед манай уурхайд байсан хүмүүс
бичиг баримт нь бүтэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэхэд нь голтой
ойрхон байна, ус, байгаль орчин бохирдууллаа гэх зэргээр бичлэг хийгээд явсан
байсан.
Би ...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр баруун 4 замын Голомт хотхоны С блокт очиж Х.Б гэх хүний өрөөнд нь орж уулзсан. Тэгээд би түүнээс ямар учраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газар очиж бичлэг хийж байгаа талаар нь асуухад, танай бичиг баримт бүрэн эсэх нь хамаагүй, ногоон байгаль сүйтгээд байна, танайхыг унагаахад бэлэн байна, хамгийн гол ерөнхий сайдад бичлэг болон албан тоот хүргүүлнэ. Цахим ертөнцөд бичлэгийг чинь тавина гэх зэргээр намайг ерөөсөө юм яриулахгүй байсан. Тэгэхэд
өрөөнд нь бид 2 байсан ба хажуу өрөөнөөс нэг залууг дуудаад дроноор хийсэн бичлэг үзүүлээд байсан. Ингээд Бээжин надаас ямар туслалцаа байна гээд байхаар нь түүнд юм хэлэлгүй сууж байгаад түүнээс яахав машины бензин тосны туслалцаа, урсгал зардлын туслалцаа үзүүлэх үү гэсэн чинь Х.Б надаас тэгвэл 5 кг алт өгчих, тэгвэл бичлэгийг чинь асуудалгүй болгоно. Бид нар чинь цаанаа надаас гадна хүмүүс байгаа тэд нарт өгнө, ярьж зохицуулна, мөнгөөр чинь ногоон дэлхийгээ хамгаалах үйлсэд зориулагдана гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд тийм их алт өгч чадахгүйгээ хэлсэн ба Бээжингээс гуйсаар байгаад 1 кг алт өгөхөөр болсон. Бээжин надад 1 кг алт 100.000.000 төгрөг болно, тэгэхээр одоо талыг нь зохицуулчих буухдаа талыг зохицуулчих гэж хэлсэн. Тухайн өдөр би түүнд хандан найзуудтайгаа яриадахъя гээд гарч яваад АТМ орж 10.000.000 төгрөг аваад эргэж ороод Бээжинд 10.000.000 төгрөг өгсөн. ... 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг өгөхөөр тохироод өрөөнөөс нь гарсан. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөгийг нь өгч чадаагүй. Энэ талаараа Бээжинд хэлээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Бээжинтэй Теди төвийн гадна машин дотор нь уулзаад Бээжинд манай уурхай нөхөн сэргээлт хийгээд ажиллаж чадахгүй, чиний юмыг зохицуулж чадахгүй юм шиг байна гэсэн чинь чиний юмыг гэж яриад байх юм, цаанаа нөгөө хүмүүстэйгээ үл ойлголцоод байна, намайг аваад идчихсэн гээд байна гэж хэлсэн. Бас надад зовлон ярихгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би түүнд 10.000.000 төгрөг л байна, дансаар чинь өгье гэсэн чинь Бээжин нэг хүнтэй утсаар ярьж байгаад надад Хаан банкны 5037581203 дугаартай данс өгөхөөр нь би тус данс руу 10.000.000 төгрөг хийсэн юм. Түүнээс хойш Бээжин над руу залгаж юу болж байна гэж асуусан юм. Би түүнд нөхөн сэргээлтээ төлөвлөгөөний дагуу хийж байна, мөнгө байхгүй гэдэг талаараа хэлж байсан. Тэгээд миний үзэж байгаагаар манай уурхай бичиг баримтаа бүрдүүлээд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад Х.Б нь ерөнхий сайдад бичлэгийг чинь хүргэж сошиалд тавина гэх зэргээр дарамталж надаас 20.000.000 төгрөг авсан учир би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...” гэх мэдүүлэг /2хх 175-179, 4хх 205-206/,

хохирогч Г.Э-ын “...Тэгээд Х.Бг хотод ирсэн байхад утсаар холбогдоод баруун 4 замын Голомт хотхонд байх оффист нь Бээжинтэй очиж уулзсан. Уулзахад танай уурхайг манай төрийн бус байгууллага шалгасан, манайх МУ-ын Ерөнхий сайдын удирдамжаар шууд уурхайг шалгадаг гэсэн. Тэгэхээр нь би танайх төрийн байгууллагатай хамтарч шалгадаггүй юм уу гэж асуутал тийм юм байхгүй, өөрсдийн төрийн бус байгууллагын толгойтой үнэн худлаа нь мэдэгдэхгүй зузаан цаас үзүүлэхээр нь харах гэтэл харуулахгүй өөрөө буцаагаад авсан. Тэгээд Х.Б шууд танай уурхай одоо ажиллахгүй,
ажиллахаар бол манай байгууллагатай хамтран ажилла, ажиллахгүй бол өөрийн
төрийн бус байгууллагын хүмүүс явуулна гэх зэргээр шантаачилж эхэлсэн. Тэгэхээр
нь би чи юу яриад байгаа юм бэ гэх зэргээр асуусан чинь манайх бол хүрээлэл ихтэй
төрийн бус байгууллага танай уурхай яаж ч чадахгүй гэх зэргээр хоорондоо
маргалдсан. Тэгсэн чинь хажуу өрөөнөөс Г.А ороод ирэхээр нь би
Х.Бд хандан
хоёулаа эр хүн шиг яриад тохиръё гэсэн чинь Г.Агаа
Х.Б өрөөнөөсөө гаргаад нэг хүний 500 сая төгрөг өг, нийт 3 хүн явж байсан, 3
хүний амь 1.5 тэрбум төгрөг нэхэмжилж байна гэсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ машиныг чинь уснаас гаргаж өгөөд тус болж байхад гэсэн чинь за тэгвэл чи хэдийг өгөх юм гээд надтай наймаалцаад эхэлсэн. Тэгэхээр нь та яг хэдийг авмаар байгаа юм гэсэн чинь 500 сая болоод 300, 200 сая төгрөг өг гэсэн... Би Х.Бтэй уулзаад ажлаа эхлүүлмээр байна гэсэн чинь Х.Б дахин танайхаар очихгүй өөр хөдөлгөөн, төрийн бус байгууллага очуулахгүй. Үлдсэн мөнгөө яаралтай хийгээрэй, чиний өгсөн мөнгийг төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулж байгаа, газар нутгийнхаа төлөө том буян хийлээ гэж бодоорой гэх зэргээр юм ярьж байгаад салсан. ... Би Х.Бд бэлнээр болон дансаар нийт 58 сая төгрөг өгсөн, манай уурхайг хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр цахим орчинд гаргана гэх зэргээр дарамталж их хэмжээний мөнгө авсан. ...” гэх мэдүүлэг /2хх 196-199, 4хх 202-204, 207-208/,

сүрдүүлж, шахсаных нь улмаас үйл ажиллагаагаа хэвийн, зогсоолгохгүй, тасралтгүй явуулахын тулд Х.Бд бэлнээр 10,000,000 төгрөгийг, Х.Бгийн хэлсэн "Хаан" банкны 5037581203 тоот А.Мөнх-Эрдэнэ гэсэн нэртэй дансаар 10,000,000 төгрөгийг, нийт 20,000,000 төгрөгийг өгсөн болохоо мэдүүлсэн хохирогч С.Эы мэдүүлэг /2хх 175-179, 4хх 205-206/,

сүрдүүлж, шахсаных нь улмаас үйл ажиллагаагаа хэвийн зогсоолгохгүй, тасралтгүй ажиллахын тулд Х.Бд 10,000,000 төгрөгийг, 18,000,000 төгрөгийг тус тус бэлнээр,  “Х.Бгийн хэлсэн Хаан банкны 5037581203 тоот А.Мөнх-Эрдэнэ гэсэн хүний дансаар 30,000,000 төгрөгийг шилжүүлэн, нийт 58,000,000 төгрөгийг Х.Бд өгсөн” болохоо мэдүүлсэн хохирогч Г.Э-ын мэдүүлэг /2хх 196-199, 4хх 202-204, 207-208/,

               хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Т.Энхтөр /2хх 221-222/, Л.Мөнхцэцэг /2хх 223-224/, Б.Энхсоёл /2хх 233-234/, Д.Төгс-Ялалт /2хх 241/, С.Мөнх-Эрдэнэ /2хх 230/, Д.Болд /2хх 203-205/, Т.Гансүх /2хх 215-217/, Б.Ганболд /2хх 219/, Ш.Энхбаатар /4хх 211-212/ нарын мэдүүлгүүд,  

Х.Бтэй хамт ажилладаг гэх Г.Агийн хүү А.М-ийн “...Би Хаан банкны 5037581203 дугаартай дансыг эзэмшиж байна. ...Манай аав Алтанзаяа 2019 оны 2 дугаар сарын үед өөрийнхөө картыг алга болгочихсон юм уу  сайн мэдэхгүй байна, надаас картыг маань үе үе авдаг байснаа, сүүлийн үед байнга өөртөө байлгадаг болсон. ...” гэх мэдүүлэг /2хх 206-207/,

Гадаадын иргэн, харьяатын газрын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 14/46 дугаартай "..."Өргөн Ерөө" нөхөрлөлийн газар талбайд очиж, шалгахад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд байгаагүй. ..."Өргөн Ерөө" нөхөрлөлийн захирал ажилтай Н.Д нь Дэлхийн Монгол ногоон хөгжил төрийн бус байгууллагын тэргүүн Эрдэнэчулуун, Бээжин нар манай уурхай дээр ирээд... би танай уурхайтай хамтран ажилламаар байна. Хэрэв хамтран ажиллахгүй гэвэл танай уурхайн уул ус ургамал сүйтгэж байгаа БНХАУ-ын иргэдийг хууль бусаар ажиллуулж байгаа гэж бичлэг хийж цахим орчинд байршуулна гэж хэлсэн. Яаж хамтран ажиллах юм гэхэд танайх манай машины моторыг солих мөнгийг өгчих 56-60 сая орчим болно манай контор дээр ирж уулзаарай гэж хэлээд явсан... Нөгөө нөхөрлөлийн дарга нь манай дээр бас ирсэн, бас тэгж хэлсэн. Манайх айгаад 30 сая төгрөгийг өгөөд явуулсан гэж хэлсэн..." гэх илтгэх хуудас /1хх 10-11/,

зохих журмын дагуу бичил уурхай ажиллуулж байсан болохыг нотолж буй хохирогч Н.Дын нөхөрлөлийн "Өргөн Ерөө" нөхөрлөлийн гэрчилгээ, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ" /2хх 142-156/,

А.М-ийн 5034723333 дугаарын дансанд Энхтайван гэсэн утгаар
10.000.000 төгрөгийн орлого хийгдсэн
, 5130020409 дугаарын данснаас орлого” гэсэн утгаар  30.000.000 төгрөгийн хийгдсэн болохыг нотолж буй Хаан банкны 5034723333 дугаарын дансны хуулга /1 хх 115-117, 135/, хохирогч Г.Э-ын Хаан банкны 5130020409 дугаартай дансны хуулга /1хх 155/,

              "Дэлхийн   Монгол   Ногоон   Нэгдэл"   хуулийн   этгээдийн   улсын  бүртгэлийн лавлагаа, "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" төрийн бус байгууллагын дүрэм /2хх 63, 68-73/,

              Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас шалгасан ЗАХ-653 дугаартай зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материалын хуулбар "...02-58 УНҮ улсын дугаартай автомашиныг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хүнгүйч гэх голд живүүлсэн" гэх зөрчлийн материалыг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тогтоол /1хх 58-76/,

              зохих журмын дагуу алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан болохыг нотолж буй хохирогч С.Эаас гаргаж өгсөн "Барилга орд" ХХК-ийн гэрчилгээ, 13331А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /2хх 164-173/,     

2. 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэр "Хүйтний гол" гэх газарт "Хастөмөрийн Бээжинг дэмжигчид" нэртэй фэйж хуудсанд “...биднийг буцаж явах замд доорх том хүнд даацын техникийг байгаль сүйтгэж хулгайн алт олборлуулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахмад Зам гэгч нөхөр оруулж байхтай таарав. Мөн Шарын голоос 25 км зайд гол ус ойн сан бүхий хуулиар хориглосон газар байгаль сүйтгэж алт олборлож байгаа "Барилга орд" гэх компанийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг баримтжуулсныг хуулийн байгууллагад шалгуулна. Ерөнхий сайд Хүрэлсүх, Байгаль орчны сайд Сарангэрэл нар хурдан ажилдаа орж анхаарлаа хандуулж ажлаа хийнэ үү. Эдгээр хүмүүст хүртэл шэйрлэж хамтдаа тэмцээрэй гэсэн..." мэдээллийг олон нийтэд тарааж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Замын нэр төр, алдар хүндэд, "Барилгын орд" ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

              цагдаагийн албан хаагчийн үүргээ гүйцэтгэх хугацаандаа 31-27УБГ улсын дугаартай машины тээвэрлэж явсан 1605УНГ улсын дугаартай экскаваторыг зохих журмын шалгасан, зөрчилгүй байсан, тус тээврийн хэрэгсэл бичиг баримтад заасан газар руугаа явж байгааг шалгаад нэвтрүүлсэн байхад Х.Б нь төрийн албан хаагчийн нэр хүндэд нь халдаж, худал мэдээллийг олон нийтэд тараасанд гомдолтой байгаагаа мэдүүлсэн хохирогч Б.Замын мэдүүлэг /5хх 111, 118-119/,

              зохих хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй “Барилга орд” ХХК-ийн үйл ажиллагааны талаар үйл ажиллагаа, нэр хүндэд нь хууль бусаар халдаж байгаад гомдолтой байгаа талаараа мэдүүлсэн хохирогч М.Алтанхүүгийн мэдүүлэг /5хх 113-114/,

               экологийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Замын үүргийн дагуу 31-27УБГ улсын дугаартай машины тээвэрлэж явсан 1605УНГ улсын дугаартай экскаваторыг шалгаж, нэвтрүүлсэн болохыг мэдүүлсэн цагдаагийн алба хаагч Б.Баярмаа /5хх 125-128/, О.Баярсайхан /5хх 129/, Б.Гэрэлцогт /5хх 130/ нарын мэдүүлэг,

               1605УНГ улсын дугаартай экскаваторыг ачаад 31-27УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан Уул аймгийн Хуурай гэх газраар өнгөрөх үед цагдаагийн ахмад Б.Зам шалгаж нэвтрүүлсэн болохыг мэдүүлсэн гэрч Б.Мөнхбаяр /5хх 133/-ын мэдүүлэг, Б.Батмөнх /5хх 134-135/ нарын мэдүүлгүүд, 

              “Барилга орд” ХХК өөрийн зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан талаар мэдүүлсэн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должингийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /5хх 120-121/,

               хохирогч Б.Замаас хэрэгт гаргаж өгсөн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 16-05 Ун улсын дугаартай Хьюндай маркийн Экскаватор, 31-27 УБГ улсын дугаартай Трайлерийг шалгасан талаар баримт гэрэл зургийн үзүүлэлт /5хх 108х/,

               "Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг хүйтний даваа гэх газар байрлах хяналтын 1 дүгээр постоор... 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 02-85 УНҮ улсын дугаартай Х.Б Шарын гол, Улаанбаатар хот нэвтэрсэн..." гэх баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 55-57/,

               2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр "Хастөмөрийн Бээжин Дэмжигчид" нэртэй пэйж хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 58-61/,

               Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должингийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл /5хх 64/,

               “...танай байгууллагаас ирүүлсэн солбилцлыг үндэслэн зураглал үйлдэхэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний гол гэх газарт байрлах "Барилга-Орд" ХХК-ийн МУ-013331 дугаартай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй талбайд багтаж байна" гэх Дархан-Уул аймгийн Газрын харилцаа. барилга хот байгуулалтын газрын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 721 дугаартай албан бичиг/5хх 66-67/,

               ...солбицол бүхий хоёр талбай нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь Барилга-Орд" ХХК-ийн хүчин төгөлдөр ашигт малтмалын МУ-013331 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байна..." гэх Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 8/3683 дугаартай албан бичиг /5хх 69/,

М.А-ээс хэрэгт гаргаж өгсөн "Барилга-Орд" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн материалууд /5хх 70-107/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Х.Бгийн:

зохих хууль, журмын дагуу ашигт малтмал олборлох аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй Н.Д, С.Э, Г.Э нарыг үйл ажиллагаагаа явуулж байхад нь очиж, “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нэрийг хэлж, тус тус “...манай “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” төрийн бус байгууллагатай хамтран ажилла,  мөнгө /алт/ өг , тэгэхгүй бол үйл ажиллагаа, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээллийг  олон нийтэд тараана, зохих газруудаар шалгуулж тэдний эрхлэн явуулж буй үйл ажиллагааг нь тасалдуулж шалгуулна, зогсоолгоно...” гэх зэргээр  сүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан  “...Бусдыг эд хөрөнгө, …шилжүүлэн өгөхийг шаардаж ...эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн... гэсэн гэмт хэргийн шинжийг,   

Х.Бгийн явах замд түүнтэй огт тааралдаагүй, албаны чиг үүргээ зохих журмынх нь дагуу гүйцэтгэсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Замын нэр төр, алдар хүндэд халдсан “...биднийг буцаж явах замд доорх том хүнд даацын техникийг байгаль сүйтгэж хулгайн алт олборлуулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахмад Зам гэгч нөхөр оруулж байхтай таарав. ....Ерөнхий сайд Хүрэлсүх, Байгаль орчны сайд Сарангэрэл нар хурдан ажилдаа орж анхаарлаа хандуулж ажлаа хийнэ үү. Эдгээр хүмүүст хүртэл шэйрлэж хамтдаа тэмцээрэй ..." гэсэн ,

хууль тогтоомж, журмыг зөрчөөгүй, зохих журмын дагуу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байсан  "Барилга орд" ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж “...Шарын голоос 25 км зайд гол ус ойн сан бүхий хуулиар хориглосон газар байгаль сүйтгэж алт олборлож байгаа "Барилга орд" гэх компанийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг баримтжуулсныг хуулийн байгууллагад шалгуулна. Ерөнхий сайд Хүрэлсүх, Байгаль орчны сайд Сарангэрэл нар хурдан ажилдаа орж анхаарлаа хандуулж ажлаа хийнэ үү. Эдгээр хүмүүст хүртэл шэйрлэж хамтдаа тэмцээрэй..." гэсэн мэдээллийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Хастөмөрийн Бээжинг дэмжигчид" нэртэй фэйж хуудсандаа нийтэлж олон нийтэд тараасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан...” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Х.Бгийн үйлдлүүдийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүхээс Х.Бд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялаас торгох ялыг сонгож, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Х.Бгийн хохирогч С.Эг заналхийлж авсан 20,000,000 төгрөгийг, Г.Э-ыг заналхийлж авсан 58,000,000 төгрөгийг тус тус Х.Бгээс гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                 ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                 ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ