Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/01347

 

 

 

 

 

 

 

2023 03 16

101/ШШ2023/01347

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 27-3 тоот хаягт байрлах Батжинбат-Ирээдүй ГХОХХК /РД:55051584/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай 106 дугаар байр 8 тоот хаягт оршин суух, А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,634,654.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгштогтох, Э.Энхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Амартүвшин нь Батжинбат-Ирээдүй ГХОХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1902/429 тоот зээлийн гэрээ байгуулж 1,600,000 төгрөгийг 30 хоног 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 9360 УНО улсын дугаартай Hyundai Avante XD маркын тээврийн хэрэгсэл барьцаалж зээл авсан.

Мөн 2019 оны 8 сарын 20-ны өдөр 1902/518 дугаартай гэрээ байгуулж, 2,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлж, 6913УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн барьцаалсан. 2019 оны 9 сарын 24-ны өдрийн 1902650 тоот зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 3830 УНК улсын дугаартай TOYOTA Allion маркын тээврийн хэрэгсэл барьцаалж тус тус авсан.

Хариуцагч нь зээлээ хугацаа хэтрүүлэн төлж байгаад 2020 оны 5 дугаар сараас хойш зээлийн төлбөр огт хийгээгүй.

Иймд 1902/429 тоот зээлийн үлдэгдэл төлбөр 1,395,241.67 төгрөг, хүү 283,699.14 төгрөг, алданги 839,470.40 төгрөг нийт 2,518,411.21 төгрөг, 1902/518 тоот зээлийн үлдэгдэл төлбөр 2,459,166.67 төгрөг, хүү 500,030 төгрөг, алданги 1,479,598.62 төгрөг нийт 4,438,795.85 төгрөг, 1902/650 тоот зээлийн үлдэгдэл төлбөр 3,244,250 төгрөг алданги 1,622,125 төгрөг нийт 4,866,375 төгрөг буюу гурван гэрээний үүрэгт 11,823,582.06 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь дээрх тээврийн хэрэгслүүдийг өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа Авто тээвэр өөрөө явагчийн татвар, зам ашигласны албан татвар торгууль зэрэг нийт 811,072 төгрөгийн төлбөр гаргасан байна.

Иймд энэ төлбөрийн хамт нийт 12,634,654 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн гэрээнүүдийн хүү алданги нь харилцан адилгүй, мөн хүү алданги нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалттай зөрчилдөж байна. Нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан ба тээврийн хэрэгсэлийг барьцаалсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

Эдгээр тээврийн хэрэгслүүдээс 38-30УНК дугаартай тээврийн хэрэгслийг Бямбацогт, түүний эхнэр Оролзод, Бямбацогтын төрсөн ах Наранхүү, түүний эхнэр Мөнгөнсаран нар авч явсан бөгөөд 2020 оны 5 сараас хойш эдгээр хүмүүс зээлийн төлөлт хийгээгүй байна.

69-13 УНБ дугаартай автомашиныг Б.Отгонбаатар, Б.Отгонтэнгэр нар авч явсан ба зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар эдгээр хүмүүстэй тохиролцож гэрээг бичгээр хийсэн. Эдгээр хүмүүс нь төлбөрөө төлөөгүй намайг хохироосон бөгөөд олон удаа хайж сураглаж байгаа боловч машиныг авто задаргаанд өгсөн гэж хэлсэн.

93-60 УНО машиныг Дэмбэрэлнямбуу гэх хүн авч явсан бөгөөд цааш нь бусдад дамлаж зарсан гэсэн. Авсан хүн нь Хөвсгөл аймаг байгаа талаар би хөөцөлдөж олж мэдсэн.

Иймд эдгээр хүмүүс хариуцах ёстой бөгөөд хариуцагчаа зөв тодорхойлох нь зүйтэй байна.

Ш.Амартүвшин нь нэхэмжлэгч компанитай хамтран ажилладаг. Удаа дараа зээлийн гэрээ байгуулж автомашин худалдаж авч байсан.

Энэ гурван тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр байгаа тул хариуцагчийн хувьд эрхийг нь хязгаарлуулах, тээврийн хэрэгслийг хаана байгаа талаар олж мэдэх ямар ч боломжгүй байна. Цагдаагийн байгууллагад хандахаар та өмчлөгч нь биш тул өргөдөл хүсэлт гаргах эрхгүй гээд хэргийг хаадаг. Нэхэмжлэгч нар өөрсдөө тээврийн хэрэгслээ олоод авах бүрэн боломжтой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: 2019 оны 8 сарын 01-ний өдрийн 1902/429 дугаартай барьцаат зээлийн гэрээ, гэрээний хавсралт, зээл төлөлтийн график, Ш.Амартүвшингийн Батжинбат Ирээдүй ХХК-нд гаргасан гаргасан өргөдлүүд, 2019 оны 8 сарын 20-ны өдрийн №1902/518 дугаартай барьцаат зээлийн гэрээ, хавсралт, зээл төлөлтийн график, 2019 оны 9 сарын 24-ний өдрийн №1902/650 Барьцаат зээлийн гэрээ, гэрээний хавсралт, татварын албаны нэхэмжлэхүүд, торгуулийн мэдээлэл, зээлдэгчтэй байгуулсан нийт гэрээний жагсаалт, зөрчлийн мэдээлэл зэрэг баримтуудыг

Хариуцагчаас: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Ш.Амартүвшингээс Б.Отгонбаатарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл, тэмдэгтийн хураамжийн төлбөрийн баримт, Отгонбаатар... гэх гар бичмэл баримт, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтооол, зээлийн төлбөр төлсөн хуулга, тооцооллын баримт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр авто тээврийн үндэсний төвийн түүхчилсан лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Батжинбат-Ирээдүй ГХОХХК нь хариуцагч Ш.Амартүвшинд холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт 11,823,582.06 төгрөг, тээврийн хэрэгслүүдийн зам ашигласны төлбөр, татвар торгуультай холбоотой хохирол 811,072 төгрөг, нийт 12,634,654.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигч талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1,600,000 төгрөгийг зээлдүүлэн, сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай №1902/429 тоот гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгийг зээлдүүлэн, сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай №1902/518 тоот гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 3,500,000 төгрөгийг зээлдүүлэн, сарын 5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай төлж дуусгах 1902650 тоот гэрээг тус тус байгуулан, гэрээний үүргийн гүйцэтгэлд 93-60 УНО, 69-13 УНБ, 38-30 УНК улсын дугаартай, тээврийн хэрэгслүүдийг зээлдэгч тал өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь зохигч талуудын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-15 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүрэг, гэрээний агуулга болон хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээ гэж үзнэ.

Тодруулбал Батжинбат ирээдүй ГОХХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд тус гэрээг байгуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Хуулийн зохицуулалтын хувьд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 болон 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан гэрээнүүд нь тус хуулийн 24 дүгээр бүлэг буюу Зээл гэсэн бүлэгт хамаарч байх тул Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний хувьд зээлийн гэрээний ерөнхий нөхцлийг журамлан хэрэглэх хуулийн зохицуулалттай байна.

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгч тал гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан байх тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдож, мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт зааснаар тус зээлийн гэрээ хэлбэрийн хувьд шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дурдсан гэрээ нь хэлбэрийн шаардлагаас гадна агуулга, субъект болон субъектив шинжийн хувьд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардлага гаргах нь хуульд нийцэж байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болон 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдүүлэгч тал шаардах эрхтэй байна.

Хариуцагчаас фидуцийн гэрээ байгуулагдсан тул гэрээнд дурдагдсан тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэх тайлбарыг гаргаж маргасан.

Дээрх гэрээнүүдийн 4 дэх хэсгээр тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг талууд харилцан тохиролцож автомашиныг барьцаалах аргыг сонгосон байх боловч гэрээний 4.2 дахь зохицуулалтаар автомашинуудыг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон зэрэг агуулгаар талууд хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан Фидуцийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээлийн харилцааг тусгайлсан хууль тогтоомжоор зохицуулаагүй, Иргэний хуулийн 24 дүгээр бүлгээр зохицуулж байх тул иргэний хуулийн ерөнхий үндэслэл, иргэний эрх зүйн зарчмын хүрээнд тус гэрээний харилцаанд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчмын үүднээс зээлдүүлэгч фидуцийн гэрээний агуулгаар гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Фидуцийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлийн автомашиныг зээлдүүлэгч тал өмчлөх эрхдээ шилжүүлэн бүртгүүлсэн ч энэ үйлдлээр зээлдэгчийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэхгүй онцлог зохицуулалттай байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангах аргын дагуу буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэйгээр гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Хэдийгээр тус гэрээний хувьд фидуцийн дагуу өмчлөлд байгаа эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар тус харилцаа дуусгавар болох хэдий ч талуудын тайлбараар зээлдэгч Ш.Амартүвшин нь тээврийн хэрэгслүүдийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр бусдад худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд тээврийн хэрэгслүүд бичиг баримтын хувьд зээлдүүлэгчийн өмчлөлд байгаа хэдий ч энэ нь гэрээний үүргийг дуусгавар болох хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн сонголт буюу эрхийн асуудал тул шүүх хуралдааны үед зээлийн гэрээний үндсэн үүргийг шаардана, үүргийн гүйцэтгэлийг хангах аргын дагуу шаардлага гаргахгүй гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээ буюу үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс №1902/429 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,395,241.67 төгрөг, хүү 283,699.14 төгрөг, алданги 839,470.40 төгрөг, 1902/518 тоот зээлийн гэрээний үүрэгт 2.459,166.67 төгрөг, хүү 500,030.56 төгрөг, алданги 1,479,598.62 төгрөг, №1902650 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,244,250 төгрөг, алданги 1,622,125 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөр, хүүгийн тооцоолол харилцан адилгүй, тооцооллыг буруу гэх тайлбарыг гаргаж байх хэдий ч тайлбараа нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллыг няцаасан, үгүйсгэсэн баримтыг ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбараа өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас №1902/429 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,395,241.67 төгрөг, хүү 283,699.14 төгрөг, нийт 1,678,940.81 төгрөг, 1902/518 тоот зээлийн гэрээний үүрэгт 2.459,166.67 төгрөг, хүү 500,030.56 төгрөг, нийт 2,959,197.23 төгрөг, №1902650 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,244,250 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс №1902/429 тоот зээлийн гэрээний алдангид 839,470.40 төгрөг, 1902/518 тоот зээлийн гэрээний алданги 1,479,598.62 төгрөг, №1902650 тоот зээлийн гэрээний алданги 1,622,125 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Талууд гэрээний 1.7 дахь заалтаар анз буюу алдангийг 0,5 хувиар тооцон төлүүлнэ гэж тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтрэхээр бол мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцно гэсэн журмыг баримталсан нь хуульд нийцнэ гэж үзэв.

Иймд алдангид 3,941,194.02 төгрөг /839,470.4+1,479,598.62+1,622,125/-ийг гаргуулах шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаар гэрээний дагуу зээлдэгч автомашиныг ашиглах явцад гарсан үр дагаварыг хариуцахаар тохиролцсон тул Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгууль, татвар, зам ашигласны төлбөр 811,072 төгрөгийг төлүүлнэ гэжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс төлсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэхээргүй байна.

Мөн торгууль, татварууд нь тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг байна.

Иймд хариуцагчаас 811,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 11,823,582.06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 811,072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Амартүвшингээс 11,823,582.06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Батжинбат-Ирээдүй ГХОХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 811,072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Батжинбат-Ирээдүй ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ш.Амартүвшингээс 204,127 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Батжинбат-Ирээдүй ГХОХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА