Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/00417

 

 

2023 оны 02 сарын 00 өдөр     Дугаар 183/ШШ2023/00417      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Маршал таун, 000 дүгээр байр 00 тоот хаягт байрлах, Ш ХХК /РД:0000000/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Маршал таун, 000 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, Ш.Ш ХХК /РД:0000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, Мегават ХХК-ийн байрны 000 тоот хаягт байрлах, Ч.Л.Д.Г ХХК /РД:0000000/-нд холбогдох

Хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 4.500.000 ам доллар, алданги 2.250.000 ам доллар, нийт 6.750.000 ам доллар буюу 19.228.792.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2003 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн 1000 км хурдны автозамын төсөл эзэмшигч Ч.Л.Д.Г-Шинэ хөгжлийн зам ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр манай компаниуд нийт 60 км хурдны заын ажлыг гүйцэтгэх, баталгаа 4,500,000 ам.долларыг хариуцагч компанийн дансанд байршуулах, замын ажлыг хийж гүйцэтгэсний дараа эргүүлэн авахаар тохиролцсон.Манай талаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж 4,500,000 ам.долларыг тохирсон хугацаанд шилжүүлсэн. Талууд энэхүү 4,500,000 ам.долларыг шилжүүлсэн болон хүлээн авсан асуудлаар харилцан маргадаггүй бөгөөд 2008 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэрээнд нэмэлт оруулж ...2008 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө зам барилга угсралтын ажлыг албан ёсоор эхлүүлэх, эхлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэлийн баталгаа 4,500,000 ам.долларыг алдангийн хамт 6,750,000 ам.доллароор буцаан төлөх-өөр харилцан тохисон байна.Гэтэл өнөөдрийг хүртэл Ч.Л.Д.Г ХХК нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны автозамын төслийн ажлыг эхлээгүй, мөн Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 000 тоот Концессын гэрээ цуцлах тухай тогтоол гарч зам барилгын ажил цаашид явагдах боломжгүй болсон байна.Мөн гэрээнд заасан хугацаа өнгөрч Ч.Л.Д.Г ХХК-ийн замын ажлаа эхлүүлээгүй, үүргээ биелүүлээгүй бөгөөд 4,500,000 ам.долларын алданги 2.250.000 ам.доллар нийт 6.750.000 ам.долларыг буцаан өгөхгүй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотолсон баримт буюу Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөс гадна холбогдох зарим төлбөрийн баримт, төлбөр хүлээн авсан талаарх албан бичгүүдийг тус тус хавсарган өгсөн болно.Нөгөөтэйгүүр Ч.Л.Д.Г ХХК-ийн хувьд манай компаниас 4,5 сая ам.доллар хүлээн авснаа зөвшөөрсөн албан бичгүүд удаа дараа ирүүлсэн бөгөөд нэмэлт гэрээнд алдангид 2,25 сая ам.доллар төлөхөөр зөвшөөрснийг энд жич дурдаж байна. Компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас хариуцагч Ч.Л.Д.Г ХХК-ийн хүсэлтээр төлбөр тооцоог гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэсэн. Талууд төлбөр тооцоог үүрэг гүйцэтгүүлэхээр шаардах үеийн ханшаар тооцно гэж гэрээнд заасан учраас нэхэмжлэлийн үнийг 2021 оны 09-р сарын 05-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцсон болно.Иймд Ч.Л.Д.Г ХХК-иас 6.750.000 ам.долаар буюу 19.228.792.500 төгрөг гаргуулан манай Ш.Ч ХХК-д олгуулж өгнө үү.

2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч талын хэлсэн шиг гэрээ хэлэлцээр хийгдсэн гэвч гүйцэтгэлийн баталгаа болох мөнгөн дүн Чингис лэнд девелпмент ХХК-д орж ирээгүй. Хариуцагч талаас нэг зүйл дээр маргадаггүй ба 3.500.000.000 төгрөг орж ирсэн. Ам.доллароор орж ирсэн мөнгө бол байхгүй. Гэхдээ манай талаас 3.500.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Нэгт хэрэгт авагдсан итгэмжлэл буюу Н.Тгэдэг хүн энэхүү нэхэмжлэлийг гаргасан байгаа. Итгэмжлэл дээр нэхэмжлэлийн үнийн дүнг тусгаагүй байдаг ба Н.Тнь дур мэдэж хэд өндөр үнийн дүнг нэхэмжилсэн гэж үзэж байна. Хоёрт хамтран нэхэмжлэгчээр байсан Ш.Ш ХХК-ийн тайлбар мөн хамтран нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь Ш.Ш ХХК нь 3.500.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Ш.Ч ХХК шилжүүлээгүй гэх ба нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Ш.Ш ХХК-аас Ш.Ч ХХК-д шаардах эрх шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба тийм баримт байхгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.9.30-ны өдрийн итгэмжлэл, 2021.10.13-ны өдрийн Монгол банкны зарласан ханшийн лавлагаа, 2003.08.14-ний өдрийн №00 дугаар Хамтын ажиллагааны гэрээ,2008.00.08-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2004.02.26-ны өдрийн дансны хуулга, 2021.09.02-ны өдрийн 0000 тоот Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хандсан албан бичиг, 2020.11.17-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2009.06.03-ны өдрийн хамтын ажиллагааны тухай,2009.6.19-ний өдрийн 000 дугаар концессын гэрээ цуцлах тухай, 2022.03.17-ны өдрийн итгэмжлэл,Ч.Л.Д.Г ХХК-иас Ш.Ш ХХК-нд ирүүлсэн 2003.08.23-ны өдрийн тодорхойлолт, Ч.Л.Д.Г ХХК-иас Ш.Ш ХХК-нд ирүүлсэн 2004.02.15-ны тодорхойлолт, Ч.Л.Д.Г ХХК-иас Ш.Ш ХХК-нд ирүүлсэн 2004.08.12-ны өдрийн 000 тоот хэлэлцээрт урих тухай албан бичиг, Ч.Л.Д.Г ХХК-иас Ш.Ш ХХК-д ирүүлсэн 2004.08.12-ны өдрийн 000тоот Хурдын авта замын тухай албан бичиг, Ч.Л.Д.Г ХХК-иас Ш.Ш ХХК-нд ирүүлсэн 2004.09.08-ны өдрийн 000 тоот Шав тавих ёслолын ажиллагааны тухай албан бичиг, Ч.Л.Д.Г ХХК-иас Ш.Ш ХХК-нд ирүүлсэн 2007.06.12-ны өдрийн00/00 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Ч.Л.Д.Г ХХК-иас Ш.Ш ХХК-нд хүргүүлсэн 2007.10.06-ны өдрийн Гэрээнд хийгдэх нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдэгдэл, Ч.Л.Д.Г ХХК-иас Ш.Ш ХХК-д ирүүлсэн 2007.11.29-ний өдрийн 0/00 тоот албан тоотын хариу гэх албан бичиг, 2009.05.29-ний өдөр Ш.Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2008.00.08-ны өдрийн №00/00 дүгээр Хамтын ажиллагааны гэрээнд нэмэлэт өөрчлөлт оруулах тухай баримуудын нотлох баримтыг шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: 2021.12.20-ны өдрийн итгэмжлэл, 2023.00.13-ны өдрийн №00/00өдрийн ЗГ-ын 000 дүгээр тогтоолын тухай, 2009.11.20-ны өдрийн 128/ШЗ2021/0000 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,2009.6.19-ний өдрийн концессын гэрээ цуцлах тухай, Ч.Л.Д.Г шинэ хөгжлийн зам ХХК-д концессын гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн байна.

Шүүх зохигчийн хүсэлтээр Ш.Ш ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Ш.Ш ХХК-ийн зээлийн хувийн хэрэг, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2009.06.19-ний өдрийн 000 дүгээр концессын гэрээ цуцлах тухай тогтоол, нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.С-ээс гэрчийн мэдүүлэг авсан болно

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК, Ш.Ш ХХК нь Ч.Л.Д.Г ХХК-нд холбогдуулан 6.750.000 ам доллар буюу 19.228.792.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ч.Л.Д.Г ХХК-ин өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа 3.500.000.000 төгрөг орж ирсэн, хамтын ажиллагааны гэрээний дагуу ам.доллар орж ирээгүй. Манай талаас 3.500.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан итгэмжлэл буюу Н.Тнэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргасан байгаа. Итгэмжлэл дээр нэхэмжлэлийн үнийн дүнг тусгаагүй ба Н.Тнь дур мэдэж хэд өндөр үнийн дүнг нэхэмжилсэн гэж үзэж байна. Хамтран нэхэмжлэгчээр байсан Ш.Ш ХХК-ийн тайлбар мөн хамтран нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь Ш.Ш ХХК нь 3.500.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Ш ХХК шилжүүлээгүй гэх ба нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргаж байна.

2003 оны 08 сарын 14-ний өдөр Ч.Л.Д.Г ХХК, Ш ХХК нарын хооронд 00 дугаартай хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, концессын гэрээний эрх эзэмшигч бөгөөд төслийг хэрэгжүүлэгч А тал төслийн хүрээнд 30 км хурдны замыг Б талаар бариулахыг зөвшөөрч, Б тал гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 2.500.000 ам долларыг гэрээнд заасны дагуу А талд гаргаж өгөхөөр тохирсон.

2008 оны 00 дүгээр сарын 08-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 00/00 тоот гэрээгээр 00 тоот хамтын ажиллагааны гэрээний 3 дугаар зүйлийн А талын үүрэг, хариуцлага 8 заалтад дор дурдсан өөрчлөл оруулж, А талын байршуулсан гүйцэтгэлийн баталгаа болох 2.5 сая америк долларыг А тал Б талд 2008.06.31-ний дотор эргүүлэн олгоно. Б тал гэрээний үүргээ амжилттай биелүүлэн зам барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн болон А тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа болох 4.5 сая ам долларыг А талаас эргүүлэн авна гэжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсны дагуу зохигч хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох мөнгийг А тал буюу Ч.Л.Д.Г ХХК-нд байршуулсан байна.

Хариуцагч ам доллар байршуулаагүй, 3.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн, үүнийг Ш.Ш ХХК шилжүүлсэн тул Ш ХХК-нд олгох үндэслэлгүй, нэхэмжлэгчээс Тунгалагт олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй гэжээ.

Ш ХХК 2021 оны 09 сарын 30-ны өдөр Д.Т-т итгэмжлэл олгож, тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан, өөрөөр хэлбэл итгэмжлэлд заавал нэхэмжлэлийн үнийн дүнг тусгах хууль зүйн зохицуулалтгүй болно.

Хариуцагч ам доллар аваагүй, 3.5 тэрбум төгрөг орж ирсэн гэх бөгөөд нэхэмжлэгч 2004.02.26-ны өдөр 2.000.000 ам долларыг тухайн үеийн ам долларын ханшид шилжүүлэн бодож, 3.5 тэрбум төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.

Гэрч Г.С шүүхэд мэдүүлэхдээ гэрээний үүргийн баталгаа 4.500.000 ам долларын 2.5 сая ам долларыг бэлнээр, 2 сар ам долларыг дансаар шилжүүлсэн гэх бөгөөд хариуцагч 2.5 сая ам долларыг бэлнээр аваагүй гэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй байна.

Талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны, түүний нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

Ш ХХК ажил гүйцэтгэх гэрээний баталгаа болгож Ч.Л.Д.Г ХХК-нд 4.5 сая ам доллар шилжүүлсэн болох нь гэрчийн мэдүүлэг, 2008.00.08-ны өдрийн 00/00 хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт оруулсан тухай гэрээ, 2009.06.03-ны өдрийн албан тоот зэрэг баримтаар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан 2008.00.08-ны өдрийн 00/00 хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 8-д Б талын байршуулсан гүйцэтгэлийн баталгаа болох 2.5 сая америк долларыг А тал Б талд 2008.06.31-ний дотор эргүүлэн олгоно, 3-д Б тал гэрээний үүргээ амжилттай биелүүлэн зам барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн болон А тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу биелүүлэх хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа болох 4.5 сая ам долларыг А талаас эргүүлэн авна, 3.10-д А тал нь энэхүү гэрээний 3.8, 3.9-д заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгаа болох нийт 4.5 сая америк долларыг барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Б талд төлнө. Б талд эргэн төлөгдөх мөнгөний хэмжээ 6 сая 750 мянган ам доллар байхаас 4 сая 500 мянган ам доллар нь гүйцэтгэлийн баталгаа хөрөнгө, 2 сая 225 мянган ам доллар алданги байна гэж заажээ.

Хариуцагч Ч.Л.Д.Г ХХК талуудын хооронд байгуулсан гэрээний талаар маргаагүй, харин гэрээг сүрдүүлгийн шинжтэй зүйл ярьж, танай тал гарын үсэг зурахгүй бол цагдаад өгч шалгуулна, танай ажил бүгд зогсонги байдал орно гэх мэтээр сүрдүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 000 дүгээр тогтоолоор Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл-ийн концесс эзэмшигч Ч.Л.Д.Г -Шинэ хөгжлийн зам ХХК-тай байгуулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Б-д даалгажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009.11.20-ны өдрийн 128/ШЗ200/0000 дугаар шүүгчийн захирамжаар ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг тус тус баримтлан "Чингис лэнд девелолмент групп - Шинэ хөгжлийн зам" ХХК-аас Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан ...Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн "Концессийн гэрээг цуцлах тухай 000 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй болсон байна.

Эдгээр баримтаар хариуцагчийн төслийн асуудал дуусаагүй ба үргэлжлээд явж байгаа. Одоо ч гэсэн Үндэсний аюулгүй байдлын газар дээр яригдаад дуусаагүй, бодиттой хэрэгжих нь тодорхой гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заасны дагуу 6.750.000 ам долларыг 2021.10.13-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 2.848,71 төгрөгөөр тооцож, 19.228.792.500 төгрөгийг хариуцагч Чингис лэнд девелопмент ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Ш ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хамтран нэхэмжлэгчээс татгалзасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Чингис лэнд девелопмент ХХК-иас 19.228.792.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 96.300.912,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Л.Д.Г ХХК-иас 96.300.912,50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    Г.СОЛОНГО