| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2021/04169/И |
| Дугаар | 183/ШШ2023/00498 |
| Огноо | 2023-02-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2023/00498
2023 оны 02 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2023/00498 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 00 байр, 0 тоот хаягт байрлах А.У.Г ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 дүгээр хэсэг, Астра вилла дүнжгарав гудамж, АОС байр, 000 тоотод оршин суух, Бовогт Д. Б/РД:ЕО00000000/-т холбогдох
Гэрээний үүрэгт 36.596.206 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.5, 3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 75.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. А.У.ГББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Б нь манай байгууллагаас 2018.03.30-ны өдөр ЗГ00000000 тоот зээлийн гэрээ, БГ00000000 тоот барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 560 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж, 2019.10.14-нд зээлийн гэрээний хугацаа дууссан болно. Уг зээлийн барьцаанд Д.Б нь өөрийн эзэмшлийн Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 000000000 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан дүнжингарав гудамж, 000/0 байрны 13 тоотод орших 45,6 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, эрх бүхий байгууллагуудаар батлуулан зээл авсан болно. 2018.06.15-ны өдрийн үндсэн зээлийн төлбөр 2.778.000 төгрөг, зээлийн хүү 1.603.333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130.000 төгрөг, нийт 4.511.333 төгрөг, 2018.10.10-ны өдрийн үндсэн зээлийн төлбөр 5.556.000 төгрөг, зээлийн хүү 331.255 төгрөг тус тус төлсөн. Хүснэгтэд үзүүлсэнчлэн 2018.10.10-аас хойш огт төлөлт хийгээгүй ба зээл эргэн төлөх графикт өдөр болох 2018.10.15-наас зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2019.10.14-нийг хүртэл 364 хоногийн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон. Зээлийн үлдэгдэл 16.666.000 төгрөг, зээлийн хүү 5.257.567 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 964.850 төгрөг, нийт 22.888.417 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2019 оны 10 сарын 14-нөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ыг хүртэл 784 хоногийн тооцоо: Үндсэн зээлийн үлдэгдэл 16.666.000 төгрөг, зээлийн хүү 11.323.991 төгрөг, дээр өмнөх үлдэгдэл болох 5.257.567 төгрөгийг нэмээд нийт зээлийн хүү 16.581.558 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.264.798 төгрөг, өмнөх үлдэгдэл болох 964.850 төгрөгийг нэмээд нийт нэмэгдүүлсэн хүү 3.229.648 төгрөг, нийт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 36.447.206 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 11 удаа очсоны зардал 110.000 төгрөг, шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны хөлс 9.000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлага 36.477.206 төгрөг, нийт 36.596.206 төгрөг болсон. 2022.02.11-ний өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага 1.161.288 төгрөгөөр, 2022.08.29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага 3.449.195 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Хариуцагч талаас шүүх хуралдааныг удаа дараа хийлгэхгүй хойшлуулж, манай байгууллагын хохироож байсан тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байсан. Иймд хариуцагч Д.Бээс үндсэн зээл 16.666.000 төгрөг, хүү 20.423.628 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.998.061 төгрөг, зардал 119.000 төгрөг, нийт 41.206.689 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б нь А.У.Г ББСБ-ыг зээлийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, үйлчлүүлэгчээ хууран мэхлэх, эсвэл зээлийн үйл ажиллагааны болон хууль зүйн мэдлэгтүйг ашиглаж өөртөө давуу байдал олж авдаггүй шударга хуулийн этгээд гэж итгэж, найдаж зээл авахаар хандсан боловч бодит нөхцөл байдал өөр байсан. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээг А.У.ГББСБ, Д.Б нар бичгээр байгуулсан. Тус гэрээгээр зээлдүүлэгч нь 25.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, нэг сарын 2.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу буцаан төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид 25.000.000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон боловч шилжүүлээгүй. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Түүнчлэн зээлийн үйлчилгээний шимтгэл нэрийдлээр мөнгөн хөрөнгийг суутгасан байх магадлалтай. Мөн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээ тооцохдоо 25.000.000 төгрөгөөс тооцсон байдаг. Энэ нь Д.Бийг аваагүй зээлдээ хүү төлөх гэх шударга бус үүргийг ногдуулсан явдал болсон. Хууль зүйн хувьд зээлийн үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа хуулийн этгээдийн орлогын эх үүсвэр, зээлийн гэрээний хариу төлбөр, үнэ нь хүү юм. Гэтэл шимтгэл нэрийдлээр үндэслэлгүйгээр мөнгө суутгаж авсан нь хууль бус. Гэрээний 2.1.5-д зээл үйлчилгээний шимтгэл:зээлийн үнийн дүнгийн 0.3 хувь 3.2-т Зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчээс зээлийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг /унааны хөлс. ажилчдын нэмэгдэл хөлс гэх мэт/ тухай бүр 10.000 төгрөгөөр тооцож төлүүлнэ гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.5-т заасны дагуу хүчин төгөлдөр бус юм. Иргэний хуульд заасан агуулгаас харвал зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч шаардах урьдчилсан нөхцөл нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байх явдал юм. Ийнхүү үүргээ гүйцэтгээгүй бол зээлдүүлэгчийн үүрэг шаардах эрх хязгаарлагдана. Мөн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т Хоёр галын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгее талынхаа емне үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөе тал хариу үүрэг гүйцэтгэхээс емне үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шинэ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоол гарч хөл хорионы дэглэм тогтоож эхэлсэн байдаг. Түүнээс хойш удаа дараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, хугацааг сунгаж байсан. Энэ нь улс орны хэмжээнд болоод нийслэл Улаанбаатар хотод ч хязгаарлалтууд урт хугацаагаар тогтоосон. Дээрх хязгаарлалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ зогсож, санхүүгийн байдал бүрэн доголдсон. Дээрх нөхцөл байдлыг нотлоход Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос Коронавируст цар тахалтай холбоотой бүх нийтийн хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болон хязгаарлалтын дэглэм тогтоосон, зорчих хөдөлгөөн, бизнесийн үйл ажиллагааг зогсоосон. Зээлийн гэрээний харилцаа бол зээлдэгч зээлийг авч ашиглаж, ашигласан хугацаанд хүү төлдөг харилцаа юм. Дээрх хөл хорио тогтоосон хугацаанд хариуцагч зээлийг ашиглах боломжгүй болсон. Гэтэл нэхэмжлэгч энэ хугацаанд хүртэл хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иргэний хуульд заасан агуулгаас харвал зээлдэгч нь зээлийн гэрээгээр өөрийн өмчлөлд авсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж гэрээнд заасан нөхцлөөр буцаан төлөх үүрэгтэй. Харин гэрээнд заасан нөхцлөөр буцаан төлөөгүй бол хууль болон гэрээнд заасан журмын дагуу хариуцлага хүлээх учиртай. Иргэний хуульд энгийн иргэн, хуулийн этгээдүүдийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бол зээлийн гэрээний хариу төлбөр нь хүү байдаг. Харин гэрээний үүргийн зөрчил гаргасан байх, гэрээнд алданги, торгууль зэргийг заасан байх нөхцөл бүрдсэн бол алданги, торгууль оногдуулж хууль зүйн хариуцлага тооцдог. Харин банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн хариу төлбөр мөн л хүү байх ба гэрээний үүргийн зөрчил гарсан нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдүүлсэн хүү эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээний агуулгаас харвал хуульд заасан журмын дагуу хариуцлагыг тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 -т Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 -т Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно 24.2-т Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно гэж заасан. Талуудын өөрсдийн байгуулсан гэрээндээ зээлийн ашиглалтын хугацааг тогтоосон тул нэхэмжлэгчийн хэмжээ хязгааргүй тооцсон хүү нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд маргаан гарсан бол түүнийг шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор шүүхэд хандцаг. Өөрөөр хэлбэл гэрээний зүйн харилцан үйлчлэл дуусгавар болж талуудын харилцааны асуудалд шүүхийн эрх хэмжээнд очдог. Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад үндэслэлгүйгээр их хэмжээний хүүгийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйлчлүүлэгчдээ хүндэтгэлтэй хандах, гэрээний үүргийн зөрчил үүсэхээс сэргийлэх, зээлийн үүргийг шаардах зэрэг ажил үүргийн гүйцэтгэх учиртай. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй болсон бол шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах чиг үүргээ хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн зээлийн үүргийн зөрчлийг ихэсгэж, хүүгийн авлагаа ихэсгэх зорилгоор эс үйлдэхүй гаргаж, өөрийн давуу байдлыг бий болгох зорилгоор хэт шударга бус эс үйлдэхүй хийсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 -т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюү гэрээнд заасан эрх. үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасныг зөрчсөн, нийцэхгүй.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 -т Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлнэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хуганаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ 216.4-т Үүргийн гүйштгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг. эцэст нь хүүг телүүлнэ гэж заасан. Гэтэл хариуцагч төлсөн мөнгөн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцсоны дараагаар үндсэн зээлээс хасч тооцож байгаа нь хууль ёс, шударга ёсонд үл нийцнэ.Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талүуд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах. түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байдаг. Иймээс иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуульд заасан хүрээ хязгаарын хүрээнд гэрээ хэлцэл байгуулах бөгөөд энэ нь хууль зүйн үр дагаварыг үүсгэдэг. Харин хууль зөрчсөн эсхүл хуулийн хүрээ хязгаараас хальсан, өөртөө хэт давуу байдал олгосон гэрээ, хэлцэл, гэрээний заалт зэрэг нь хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд тус тус заасан байдаг. Иргэн Д.Б, А.У.ГББСБ нарын байгуулсан гэх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар ЗГ00000000 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д зээл үйлчилгээний шимтгэл:зээлийн үнийн дүнгийн 0.3 хувь 3.2-т Зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралтад заасан хүваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчээс зээлийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг /унааны хөлс. ажилчдын нэмэгдэл хөлс гэх мэт/ тухай бүр 10.000 төгрөгөөр тооцож төлүүлнэ гэж тус тус заасан. Энэ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна 202.2.5-т гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг еөртеө олгосон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хэлцлийн шинжийг агуулж байна. Учир нь: Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д заасан хүчин төгөлдөр бус байх нөхцлийн талаар зээлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг А.У.ГББСБ нь энгийн иргэнтэй гэрээ байгуулахдаа өөрийн стандарт гэрээндээ хэт шударга бус өөрөөс гараагүй зардлыг зардал гаргасан мэтээр шаардаж авч болох, өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх, эсвэл гаргасан зардлыг нэмэгдүүлж авч болохоор дээрх байдлаар гэрээнд тусгасан. Мөн А.У.ГББСБ нь 25.000.000 төгрөгийг олгох үүрэгтэй атлаа зээлдэгчийн ашиглаагүй мөнгөн хөрөнгө 25.000.000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа нь хэт шударга бус байна. Учир нь: А.У.ГББСБ-ын өөрийн гүйцэтгээгүй үүрэг, хариуцагчид шилжүүлээгүй мөнгөн хөрөнгийг төлөх, мөн түүнд хүү тооцож төлөх нөхцөл бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл зээлдэгч өөрийн аваагүй зээлдээ, хүү нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх нөхцлийг бүрдүүлсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -т заасан хууль зөрчсөн хэлцэл болох талаар Хууль зүйн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай(гэрээ байгуулагдах үед үйлчилж байсан хуулиар) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Зээлийг ашигласан хугадаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан тул зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдээс өөрийн хүүнээс ажиллагааны зардлаа тооцох нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл шимтгэл нэрийдлээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг хууль заасан үндэслэл журмын дагуу, хугацаатайгаар олгох үүргээ гүйцэтгэхгүй байгаа нь хууль ёс. шударга ёсонд үл нийцнэ.Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк. зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк. зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Иймээс зээлийн гэрээг байгуулсан бол зээлдүүлэгч нь гэрээгээр тохиролцсон мөнгөн төлбөрийг зээлдүүлэгчид өгөх, зээлдүүлэгч мөнгөн төлбөрийг шаардаж авах, мөн гэрээгээр тохирсон хугацаанд мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүрэг үүсдэг. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэл мөнгөн төлбөр шилжүүлсэн байх явдал юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хэлцэл, мөн хуулийн 202 дугаар зүйлд гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар хууль тогтоогч хуульчилсан боловч талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан хэлцэлд хамаарах эсэхийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй тохиолдолд эрх зүйн үйлчлэл нь үргэлжлэх, талуудын хоорондын үүргийн гүйцэтгэлийн хүрээ хязгаарыг тодорхойгүй болгосоор байдаг. Иймээс тухайн гэрээний оролцогч эсхүл эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд шүүхэд хандаж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан хэлцэл болохыг тогтоолгож эрх зүйн үйлчлэлийг арилгаж үр дагаварыг шаарддаг.Иймээс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар ЭГ00000000 тоот Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1.5-д зээл үйлчилгээний шимтгэл:зээлийн үнийн дүнгийн 0.3 хүвь 3.2-т Зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчээс зээлийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг /унааны хөлс, ажилчдын нэмэгдэл хөлс гэх мэт/ тухай бүр 10.000 төгрөгөөр тооцож төлүүлнэ гэж тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж байна.Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн бол түүнийг шүүх тогтоож эрх зүйн үр дагаварыг арилгах учиртай. Иймээс дээрх гэрээний хоёр заалт хүчин төгөлдөр бус бол уг хэлцлээр суутгаж авсан гэх 75.000 төгрөгийг А.У.ГББСБ нь Д.Бт өгөх учиртай. Нөгөөтэйгүүр 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэг талаас А.У.ГББСБ, нөгөө талаас Д.Б байгуулсан. Уг гэрээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид 25.000.000 төгрөгийг шилжүүлж өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл зээлийн үйлчилгээний шимтгэл нэрийдлээр 75.000 төгрөгийг шилжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул гэрээний дагуу ч Д.Б нь шаардлага гаргах эрхтэй. Иймээс 2018 оны 03 дугаар сарьга 30-ны өдрийн дугаар ЗГ00000000 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д зээл үйлчилгээний шимтгэлзээлийн үнийн дүнгийн 0.3 хувь 3.2-т Зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралтад заасан хуваярийн лагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчээс зээлийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг /унааны хөлс, ажиллагааны нэмэгдэл хөлс гэх мэт тухай бүр 10.000 төгрөгөөр тооцож төлүүлнэ гэж заасан хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. А.У.ГББСБ-аас 75.000 төгрөгийг гаргуулж Д.Бт олгож өгнө үү гэжээ.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ00000000 дугаартай Зээлийн гэрээний дагуу хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулахыг шаарджээ. Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хүссэн байна. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу бусдаас зээлсэн мөнгөн хөрөнгөө буцааж төлөх нь зүйн хэрэг. Харин бусдын эд хөрөнгийг дур мэдэн барьцаалж, гуравдагч этгээд А.Г-ын эд хөрөнгө юм. Гуравдагч этгээд нь өөрийн хөрөнгөтэй холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сод эра ХХК, А.У.ГББСБ ХХК, Д.Б нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/00000 дугаартай шийдвэрээр барьцааны зүйл болсон улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, дүнжингаравын гудамж, 000/0 дугаар байр, 13 тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон. Ийнхүү өмчлөгч болохыг тогтоохдоо хариуцагч Д.Б болон Сод эра ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхээс гомдлыг хэлэлцүүлэхгүй байхаар тогтоол гарснаар шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Одоогоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Бусдын хөрөнгөөр өөрийн хариуцах үүргийг гүйцэтгүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.12.06-ны өдрийн 2/131 итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2009.10.14-ний өдрийн 0/000 тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, мөнгөний тасалбар, 2018.03.30-ны өдрийн №ЗГ00000000 зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, 2018.03.30-ны өдрийн №00000000 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2022.02.11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.06.03-ны өдрийн 0/000 тоот итгэмжлэл, 2023.06.24-ний өдрийн 0/000 итгэмжлэл, 2022.08.29-ний өдрийн итгэмжлэл, 2022.08.29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.12.15-ны өдөр итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: 2022.01.06-ны өдрийн итгэмжлэл, 2021.12.23-ны өдрийн 102/ШШ2022/00000 дүгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2022.11.22-ны өдөр сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.
Гуравдагч этгээдээс: 2022.09.05-ны өдрийн итгэмжлэл гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа гаргуулсан, А.У.ГББСБ ХХК-иас зээлийн хувийн хэргийг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
А.У.ГББСБ ХХК зээлийн гэрээний үүрэгт 36,596,206 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.5, 3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 75.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч тус тус шүүхэд гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд
2018.03.30-ны өдөр А.У.ГББСБ Д.Б нар зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 560 хоногийн хугацаатай байгуулж, мөн өдрөө 00000000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 000/0 байр, 13 тоот 45.6 м.кв орон сууцыг барьцаалжээ.
Хариуцагч нь зээлийн төлбөрөөс үндсэн зээл 16.666.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү алдангийг төлөхгүй гэж маргаж байх бөгөөд зээлийн хүү, алдангийн төлөхгүй гэх үндэслэлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шинэ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоол гарч хөл хорионы дэглэм тогтоож эхэлсэн. Түүнээс хойш удаа дараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, хугацааг сунгаж, улс орны хэмжээнд болоод нийслэл Улаанбаатар хотод ч хязгаарлалтууд урт хугацаагаар тогтоосон. Хязгаарлалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ зогсож, санхүүгийн байдал бүрэн доголдсон. Дээрх хөл хорио тогтоосон хугацаанд хариуцагч зээлийг ашиглах боломжгүй болсон гэх тайлбар гаргасан боловч хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа цар тахалаас өмнө дууссан, тэрээр гэрээний үүргээ хугацаанд үүргээ биелүүлээгүй тул хүү, алдангиас чөлөөлөх үндэслэлгүй юм.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-д зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар гэрээний уг заалтаар үгүйсгэгдэж байна.
Банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох гэрээгээр банк бус санхүүгийн байгууллага, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2018.04.03-ны өдрийн кассын зарлагын баримт, зээлийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээнд заасан үүргээ тус тус биелүүлсэн байна.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан, гэрээний 2.4, 2.5-д зааснаар хариуцагч Д.Б зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 2.4, 2.5-д зааснаар шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5 Зээлийн үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.3 хувь, 2.3 зээлийн хүү, үндсэн зээдийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө, 2.4 Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй, 2.5-д Зээлдэгчээс зээлийн төлбөрийг хүүгийн хамт бүрэн хэмжээгээр барагдуулсан өдрийг зээл төлөгдсөнд тооцно гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцож байгуулсан.
Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарлажээ.
Эдгээр үндэслэлээр хариуцагч Д.Бээс үндсэн зээл 16.666.000 төгрөг, хүү 20.423.628 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.998.061 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, нийт 41.096.689 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Харин хариуцагчийн гэрт 11 удаа очсон гэх 110.000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 157 дугаар зүйлийн шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд
2018.03.30-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.5, 3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 75.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргажээ.
Талууд зээлийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа 2021.03.30-ны өдөр дууссан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018.03.30-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.5, 3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 75.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Бээс 41.096.689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.У.ГББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 110.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Б шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 000/0 байр, 13 тоот 45.6 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2018.03.30-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.5, 3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 75.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513.692 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 433.633 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.У.ГББСБ ХХК-нд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО