Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0234

 

 

   2023         03           16                                     128/ШШ2023/0234

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Т*******,

Нэхэмжлэгч: Д.М*******,

Нэхэмжлэгч: Б.А*******,

Нэхэмжлэгч: А.Э*******, 

          Нэхэмжлэгч: Т /T/

            Нэхэмжлэгч Ж.Т*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,

            Нэхэмжлэгч А.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

            Нэхэмжлэгч Б.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Б,

            Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М, Ц.Нарант*******,

            Гуравдагч этгээд: “Э” ХХК,

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О, Д.У,

            Маргааны төрөл: Газар,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгч Б.Ариунбодын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарант*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 80 дугаарт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, У, 11 дүгээр байрны зүүн урд талд байрлах 17 гараашийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ.

1.3. Нэхэмжлэгч Ж.Т*******, А.Э*******, Д.М*******, Б.А*******, Т /T/ нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэл Засаг даргын А/388 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 80 дахь хэсэгт заагдсан 17 гараашийг буулгах тухай захирамж гарсан. Энэхүү хавсралтын 80 дахь хэсэгт заагдсан 17 гараашны 6 гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан.

           

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн засаг дарга Д.С******* 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр "Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай" А/388 тоот захирамж гаргасан ба уг захирамжийн 1-д газар чөлөөлөх байршлуудыг хавсралт ёсоор баталсугай гэжээ. Нийслэлийн засаг даргын энэхүү захирамжийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, "2022 оны 08 дугаар сарын 03-ны дотор гараашны газрыг чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна" гэсэн Мэдэгдэх хуудсуудыг бидний эзэмшиж байгаа дээрх гараашнуудын хаалган дээр наасан байдаг. Эдгээр мэдэгдэх хуудас болон газар чөлөөлөх арга хэмжээтэй бид бүгд санал нийлэхгүй байгаа юм. Учир нь Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Уны 3-р байрны баруун талд байрлах 6 ширхэг гарааш нь анхнаасаа "Г" компанийн зураг төслийн дагуу төлөвлөгдөж, тухайн үеийн хот төлөвлөлт, барилгын эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр барилгатайгаа хамт /барилгын бүрэлдэхүүнд орж/ баригдан 2001 онд ашиглалтад орсон бөгөөд орон сууцаа худалдан авахдаа гараашны төлбөрийг нэмж төлөн дээрх гараашнуудыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан билээ. Нийслэлийн засаг даргын А/388 тоот захирамж. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дээрх мэдэгдэл нь иргэд бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хувийн өмчид халдсан арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн засаг даргын А/388 тоот захирамжийн Хавсралт хэсгээс Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Уны 3-р байрны баруун талд байрлах 6 ширхэг /№1-6 тоот/ гараашнуудыг хасах шийдвэрийг гаргаж өгнө үү.

1. Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Уны 3-р байрны баруун талд байрлах 6 ширхэг гарааш нь анхнаасаа "Г" компанийн зураг төслийн дагуу төлөвлөгдөж, тухайн үеийн хот төлөвлөлт, барилгын эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр барилгатайгаа хамт /барилгын бүрэлдэхүүнд орж/ баригдан 2001 онд ашиглалтад орсон. Эдгээр гараашнуудыг "Г" ХХК-тай нэмэлт гэрээ байгуулан, гараашны төлбөрийг төлж иргэд бид өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байдаг юм. Энэхүү нэхэмжлэлд хавсаргасан Гарааш худалдах, худалдан авах гэрээ, "Г" ХХК-иас олгосон гараашны гэрчилгээ, "Г" ХХК-иас Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан Тодорхойлолт зэрэг нь энэхүү үндэслэлийн баталгаа болно гэж үзэж байна.

2. Анх дүүргийн Газрын албанаас эдгээр гараашнуудын кадастрын зургийг хийлгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ /А5-ын хэмжээний цаасан дээр, цайвар ногоон өнгөтэй/ гаргаж өгсөн байсныгаа "сольж, шинэчилж өгнө" гэж хэлээд хурааж авсан ба шинээр дахиж олгоогүй. Эдгээр гараашнуудыг ашиглаж эхэлснээс хойш Сүхбаатар дүүргийн Газрын албатай "Газрын төлбөрийг тодорхойлох акт"-ыг үйлдэж гараашны газар ашигласны төлбөрийг жил бүр, хугацаанд нь төлж ирсэн ба ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Нэхэмжлэлд дүүргийн Газрын албатай үйлдсэн "Газрын төлбөрийг тодорхойлох акт", кадастрын зураг болон жил бүрийн газрын төлбөрийн баримтуудыг хавсаргав.

3. Эдгээр гарааш нь уны 3-р байрны хашаан дотор байрладаг бөгөөд захирамжид заасны дагуу ямар нэгэн байдлаар "нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа" зүйл байхгүй, энэ талаар байр орчмын иргэд, оршин суугчдаас санал гомдол гаргаж байгаагүй болно. Манай гараашны өмнө болон баруун залгаа хэсэгт зарим иргэд гарааш барьж худалдсан ба эдгээр гараашнууд нь зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй бөгөөд тэдгээрийг буулгахдаа зөвшөөрөлтэй манай 6 гараашийг хамтад нь буулгахаар шийдвэр гаргасан байж болзошгүй юм. Түүнчлэн эдгээр 6 гарааштай залгаа энэ орчмын орон сууцны байруудыг цахилгаан эрчим хүчээр хангадаг дэд өртөө ТП-6/0.4кВа байрладаг ба нэгэнт энэ орчмын газрыг чөлөөлж байгаа бол энэ дэд өртөөг шилжүүлэх эсэх нь тодорхойгүй, шилжүүлэх тохиолдолд их хэмжээний зардал гаргах шаардлагатай болно, шилжүүлэн байрлуулах газар нь тодорхойгүй, тийм газар олдохгүйгээс энэ дэд өртөө үлдэх нь тодорхой болоод байна. Энэ тохиолдолд энэ орчмын газар чөлөөлөлт нь үр дүн багатай арга хэмжээ болно гэж үзэж байна.

4. Нийслэлийн засаг даргын А/388 тоот захирамж нь тухайн байршилд оршин сууж байгаа иргэд, оршин суугчдын саналыг аваагүй, гараашнуудыг анх барихад хот төлөвлөлт, барилгын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсан эсэхийг нягталж шалгаагүй, тухайн гараашнуудын байршил нь А/388 захирамжид заасны дагуу "нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа" эсэхийг судалж тогтоогоогүй, тооцоо судалгаа муутай, хэт ерөнхий зорилгыг агуулснаас хэрэгжүүлэх шатанд ихээхэн хүндрэл учруулж, зарим иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хувийн өмчид халдаж байгаа үндэслэл муутай шийдвэр гэж үзэж байна.

5. Хөрөнгийн ангиллаар нь авч үзвэл аливаа гарааш нь үл хөдлөх хөрөнгийн ангилалд багтдаг бөгөөд түүнийг барьж байгуулахад ихээхэн хөрөнгө, хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг. Анхнаасаа аливаа гараашнуудыг барьж байгуулж байхад Нийслэл, дүүргийн хот төлөвлөлт, барилгын болон газрын асуудал хариуцсан эрх бүхий байгууллагууд мэдээгүй, эсвэл тэдгээрээс ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй барьсан гэхэд иргэд бид итгэхгүй байна. Зөвшөөрөл олгоогүй бол хотын доторх гараашнуудыг бариулахгүй байх эрх нь төрд, төрийн төрөл бүрийн хяналтын байгууллагууд болон дээр дурдсан эрх бүхий байгууллагуудад байсаар ирсэн. Гэтэл хэн нэгэн иргэн, хуулийн этгээд олон тооны гарааш барьж, иргэд түүнийг нь худалдаж аваад, эцэст нь газар чөлөөлөх нэрийдлээр юу ч үгүй хохирч үлдэж байгаа нь шударга ёс, хариуцлагын тогтолцоо, төр иргэнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн тод жишээ болж байна. Иймд Нийслэлийн засаг даргын 2022 оны А/388 тоот захирамжийн Хавсралт хэсгээс Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Уны 3-р байрны баруун талд байрлах 6 ширхэг /№1-6 тоот/ гараашнуудыг хасах шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Ж.Т*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Балсандож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр газрын зөрчил арилгах тухай арга хэмжээ авахаар А/388 дугаар захирамж гаргасан. Уг захирамжийн 1 дүгээр хавсралтад газар чөлөөлөх байршлуудыг зааж өгсөн байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхээр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор газар чөлөөлөх мэдэгдэл бүхий бичиг наасан байсан. Нэхэмжлэгч нарын зүгээс Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдлийг эс зөвшөөрсөн агуулгатай албан тоот хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны у, 3 дугаар орон сууцыг “Г” ХХК зураг төслийг нь гаргаад барьсан. Энэхүү орон сууцыг анх баригдахад баруун талд нь хавсралтад заагдсан 17 гараашнаас 6 гарааш нь “Г” ХХК-ийн зураг төслөөр анх орон сууцтай хамт баригдсан. Нэхэмжлэгч нарын зүгээс тухайн 6 гарааш анх орон сууцтайгаа хамт зөвшөөрөл авагдсан тул зөвшөөрөлтэй гараашнууд гэж үзэж байна. Хоёрдугаарт зөрчилд заасан буюу зам талбай, орц гарцыг хаасан болон хөдөлгөөнд саад учруулсан зүйл байхгүй. Бусад гараашнуудын тухайд сүүлд нэмэлтээр баригдсан тул зөвшөөрөлгүй байх боломжтой. “Г” ХХК-ийн барьсан орон сууцтай хамт зөвшөөрөл авагдсан гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогддог. Үүнд “Г” ХХК-аас олгосон гараашны гэрчилгээ, “Г” ХХК-аас гарааш худалдаж авахаар хандсан иргэдийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдоно.             Тухайн захирамжид дурдсан нийтийн эзэмшлийн газрын орц гарц, хөдөлгөөнд саад учруулсан зүйл байхгүй. Нийслэлийн Засаг даргаас нарийн шинжилгээ судалгааны үндсэн дээр нөхцөл байдалтай танилцаж байж шийдвэр гаргаагүй бөгөөд олон хүний газрыг нэг захирамжаар шийдвэрлэх нь буруу гэж үзэж байна. Мөн тухайн захирамжийг гаргахдаа гарааш эзэмшигч иргэдийн санал, хүсэлтийг аваагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргаас захиргааны шийдвэр гаргахдаа тухайн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд уулзаж санал, хүсэлтийг нь авах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй байх тул Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийн хавсралтад заасан зөвшөөрөлтэй гэж үзэж буй 6 гараашинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Төрийн захиргааны байгууллагаас гарах шаардлагатай баримт бичгүүд олдохгүй байна. Тухайн баримт бичиг нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хамгаалах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэж байна. “Г” ХХК-ийн барилга барихад олгосон газрын хэмжээ, газрын зөвшөөрөл зэрэг баримтуудад маргаан бүхий 6 гарааштай холбоотой зүйл багтсан гэж үзэж байх учир тухайн нотлох баримтуудыг гаргуулж авалгүйгээр шүүх шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна. Төрийн захиргааны байгууллагаас шаардаж холбогдох шаардлагатай баримтуудыг ирүүлсний дараа шүүх шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд тухайн нотлох баримт гарах хүртэл хугацаанд Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийг түдгэлзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

2.3. Нэхэмжлэгч Б.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие  “Г” ХХК-тай 1997 онд байр орон сууц худалдаж авах гэрээ байгуулсан. Энэхүү байр нь гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд 2000 онд ашиглалтад орсон бөгөөд “Г” ХХК-тай байгуулсан гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт өгөөд байрны гэрчилгээг авсан. Харин гараашны гэрчилгээг өгөх боломжгүй гээд өгөөгүй. Сүхбаатар дүүргийн газрын албатай газар ашиглах гэрээ байгуулсан энэхүү гэрээний дагуу жил болгон 144,000 /зуун дөчин дөрвөн мянган төгрөг/ төлдөг. 2020 онд татвараа төлөх гэсэн боловч татвар авахгүй гэсэн бөгөөд шалтгаан нь тухайн гарааш байрлаж буй газар нь хувь хүний газар болсон тул татвар төлөх шаардлагагүй гэдэг хариу өгсөн. “Г” ХХК нь орон сууц зарахдаа орон сууцны зураг болон гараашны зургийн хамт үл хөдлөх хөрөнгийн газарт өгч байсан.

“Г” ХХК тухайн гараашийг барихдаа хажуу талд нь 120 вольтын дэд өртөө барьсан бөгөөд тухайн дэд өртөөтэй залгаад гараашнуудаа барьсан. Тэгэхээр дэд өртөөний баримт бичигтэй хамт кадастрын зураг болон холбогдох баримт бичиг байх ёстой.” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан болно. Одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашнууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно. Иймд нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарант******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан. Одоогийн байдлаар маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашнууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно. Маргаан бүхий захиргааны актын зорилго нь Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд зөрчил арилгах захиргааны акт байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Г” ХХК-аас гарааш эзэмших эрх олгосон тухай нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан. Үүнд тайлбар өгөхөд “Г” ХХК нь газрын харилцааны асуудал хариуцсан байгууллага биш тул ямар нэгэн газар эзэмших эрх олгогдоогүй. “Г” ХХК нь тухайн үед байр худалдаж авсан иргэдэд гарааш эзэмших эрх олгосон гэрчилгээ олгосон бөгөөд энэ гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Маргаан бүхий захиргааны акт нь нийтийн эрх ашгийн төлөө, аюулгүй, тухтай орчинд амьдрах боломжийг хангах зорилгоор гаргасан. Мөн “Г” ХХК нь тухайн газрыг хуульд заасны дагуу эзэмшиж байгаа тохиолдолд тухайн газрыг эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шүүхэд гаргаж өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгч чадаагүй бөгөөд “Г” ХХК-ийн барьсан орон сууцны бүрдэл хэсэгтэй холбогдох нотлох баримтыг шаардсан боловч мөн гаргаж өгөөгүй. Иймд анхнаасаа гэрээ, гэрчилгээ аваагүй буюу хууль ёсны дагуу эзэмшиж аваагүй гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар:

            4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй буюу захиргааны байгууллага нь хуульд заасан журмыг зөрчиж захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байгаа бөгөөд мөн шүүх хуралд гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Т*******, А.Э*******, Д.М*******, Б.А*******, Т /T/ нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэл Засаг даргын А/388 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 80 дахь хэсэгт заагдсан 17 гараашийг буулгах тухай захирамж гарсан. Энэхүү хавсралтын 80 дахь хэсэгт заагдсан 17 гараашны 6 гараашинд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Нэхэмжлэгч нар нь зөвшөөрөл бүхий газарт баригдсан авто гараашийг “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу худалдаж авсан,

- Орон сууцыг анх баригдахад баруун талд нь хавсралтад заагдсан 17 гараашнаас 6 гарааш нь “Г” ХХК-ийн зураг төслөөр анх орон сууцтай хамт баригдсан

- Зөрчилд заасан буюу зам талбай, орц гарцыг хаасан болон хөдөлгөөнд саад учруулсан зүйл байхгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаартай “Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн 1 дэх заалтаар “нийслэлийн оршин суугч иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газрыг чөлөөлөх байршлуудыг баталсан хавсралт”-ын 80 дугаарт “У 11 дүгээр байрны зүүн урд талд 17 гарааш” гэсний дотор нэхэмжлэгч нарын 6 тооны гарааш багтжээ.

3. Улмаар маргаан бүхий А/388 дугаар захирамжийн 2.1 дэх заалтаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа, энэ захирамжийн хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн байх ба газар чөлөөлөх тухай “Мэдэгдэх хуудас” өгсөн тухайд хариуцагч маргаагүй.

4. Нэхэмжлэгч нараас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, У, 3 дугаар байрны баруун талд байрлах,

4.1. 2 тоот гараашийг иргэн Д.М******* 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06/2018 дугаар “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”-ээр Ж.Т*******гаас,

4.2. 4 тоот гараашийг Австрали улсын иргэн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”-ээр С.Эээс,

4.3. 5 тоот гараашийг мөн Грахам Тейлор 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаартай “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”-ээр Д.Энхт*******гаас,

4.4. 6 тоот гараашийг 2000 оны 05 дугаар сарын “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр Ё.Б/нэхэмжлэгч Б.А*******ын аав-итгэмжлэгдсэн төлөөлөгч/ “Г” ХХК-иас тус тус худалдсан авсан,

4.5. Мөн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэгж талбарын *******5 тоот 18мкв газрын төлбөр тодорхойлох актыг Ж.Т*******д, нэгж талбарын ******* тоот 19мкв, нэгж талбарын ******* тоот 19мкв газрын төлбөр тодорхойлох актыг тус тус Тд, нэгж талбарын ******* тоот 19мкв газрын төлбөр тодорхойлох актыг Б.А*******од тус тус олгож, газрын төлбөр хурааж байсан гэж тайлбарласан.

5. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/2125 тоот албан бичигт “... газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдээлэлд бүртгэлтэй байсан байна. Харин газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мэдээлэлд дээрх нэгж талбаруудын байршилд 146 дугаар бүхий 480 мкв талбайтай газар “Э*******” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байна” гэжээ.

6. Гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын 146 дугаар бүхий 480 мкв газрыг анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 295 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянгол зочид буудлын баруун тал/1хх-189 дэх талд/-д “М” ХХК-ийн ашиглалтад олгогдож байсан байх боловч нийслэлийн Засаг даргын 2011 оны 904 дүгээр захирамжаар иргэн Б.Гын эзэмшилд шилжүүлж, мөн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар газрын байршлыг Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороонд болгож өөрчилжээ.

7. Улмаар нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/834 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд “Э” ХХК-д шилжүүлж 2020 оны 06 дугаар сарөн 20-ны өдөр мэдээллийн санд бүртгэсэн болох нь нэгж талбарын 146 дугаар бүхий газрын газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан баримтууд, фото зураг болон агаар сансрын зураг, мөн газрын кадастрын мэдээллийн сангийн нээлттэй мэдээллээр тус тус тогтоогдож байна. /https://egazar.gov.mn/map?parcel_no=146/.

8. Энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн үндэслэл болсон “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, газрын зөрчил арилгах” гэсэн зорилт хэрэгжих боломжгүй байна.

8. Өөрөө хэлбэл, нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн гараашнууд байрлаж буй газар буюу гуравдагч этгээд “Э” ХХК-ийн эзэмшилд олгогдсон 480мкв газар нь “контор”-ын зориулалттай байгаагаас үзвэл, уг газарт явган хүний зам талбай, эсхүл ногоон байгууламж юм уу авто зам бус харин конторын барилга баригдахаар байх тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасан зарчимд нийцээгүй байна.

9. Мөн нийслэлийн Засаг даргаас 2018 оны А/834 дүгээр захирамжаар иргэн Б.Гын эзэмшил газрын байршлыг шилжүүлэх үед нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн гарааш баригдсан байсан болох нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан фото зураг, агаар сансрын зураг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/2125 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зурагт тусгагдсан байх тул хариуцагч нь тухайн газрыг бодитоор эзэмшиж буй гарааш эзэмшигч иргэдээс газрыг эзэмших эсэхийг тодруулалгүйгээр бусдын эзэмшилд олгосон байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

10. Хэдийгээр нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь гарааш байрлаж буй газрыг эзэмших эрхгүй(хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй), нэхэмжлэгч нарын гаргаж буй гарааш худалдан авсан баримт, газрын төлбөр тогтоосон акт нь газар эзэмших эрхийг нотлохгүй байх боловч маргааны тохиолдолд зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаснаараа актын зорилго хангагдахааргүй, харин конторын барилга баригдана гэж үзэхээр байх тул хариуцагч нь шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг харгалзах шаардлагатай байна.

11. Түүнчлэн нэхэмжлэгч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Орон сууцны баруун талын 6 гарааш нь “Г” ХХК-ийн зураг төслөөр анх орон сууцтай хамт баригдсан” хэмээн тайлбарласныг үгүйсгэх, эсхүл нотлох баримт илэрсэнгүй. Тодруулбал,

11.1. Нэхэмжлэгч нар нь “Г” ХХК-иас 2006 онд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар/хуучин нэрээр/-т гаргаж байсан “... тус хорооллын 48 айлын орон сууцны дэргэдэх ... тоот гараашийг захиалан, худалдан авсан нь үнэн болно” гэх агуулга бүхий тодорхойлолтууд, мөн тус компаниас олгосон гэх “Гарааш эзэмших эрхийн гэрчилгээ”-ний хуулбаруудыг шүүхэд ирүүлсэн,

11.2. Харин “Г” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/02 тоот албан бичигт “... Манай компани нь ашиглалтад өгсөн барилгуудын холбогдох баримт бичгийг тухайн барилгыг ашиглалтад оруулснаас хойш 10 жилийн хугацаанд хадгалдаг. Манай компани нь 2001 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн, 5 дугаар хороо, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 48 айлын орон сууцны барилгыг захиалан бариулж ашиглалтад өгч байсан бөгөөд тус барилга нь ашиглалтад орсноос хойш өдийг хүртэл 21 жил өнгөрөөд байна. Иймд дээр дурдсан шалтгаанаар тухайн барилгатай холбоотойгоор шүүхээс шаардсан баримт бичиг манай компанийн архивд байхгүй байгааг та бүхэн ойлгож хүлээн авна уу” гэсэн,

11.3. Үндэсний төв архивын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/1254 тоот албан бичигт “... “Г” ХХК-ийн 2001 онд барьж ашиглалтад оруулсан 3 дугаар байрны холбогдох баримт бичиг нь Зураг төслийн баримтын архивд шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна”,

11.4. Нийслэлийн Архивын газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/922 тоот албан бичигт “... Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2001 оны баримтыг тус тус шүүн үзэхэд “Г” ХХК-ийн 2001 онд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, У 3 дугаар байрыг ашиглалтад оруулсан комиссын акт, кадастрын зураг болон холбогдох баримт байхгүй болно”,

11.5. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/4768 тоот албан бичигт “... 3 дугаар байрыг хүлээж авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт тус газар байхгүй”,

11.6. Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2/29 тоот албан бичигт “... барилгыг хүлээж авахтай холбоотой бичиг баримтууд манай төвийн архивд байхгүй тул Үндэсний төв архивд хандана уу”,

11.7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6/536 тоот албан бичигт “... У 3 дугаар байрны баруун талд байрлах 1, 2, 3, 4, 5, 6 тоот гараашнууд уг барилгын бүрэлдэхүүнд багтсан эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байна” гэжээ.

12. Гуравдагч этгээдээс “Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй буюу захиргааны байгууллага нь хуульд заасан журмыг зөрчиж захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байгаа...” гэх агуулга бүхий тайлбар гаргасан тул тус хуулийн этгээдээс өөрийн газар эзэмших эрх нь бусдын эзэмшил бүхий газартай давхцалтай болохыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх, улмаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгох эсэх, эсхүл газрыг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байна.

13. Нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд тухайн газрыг чөлөөлөх эсэх асуудал нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хариуцагч хэрхэн шийдвэрлэхээс хамаарахаар, энэ нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хавсралтын 80 дугаарт дурьдсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, У, 11 дүгээр байрны зүүн талд байрлах 1, 2, 4, 5, 6 тоот гараашнуудад холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

14. Нэхэмжлэгч А.Э*******оос тус газарт байрлах 3 тоот гараашийг эзэмшдэг, эсхүл худалдан авсан талаарх аливаа баримтыг баримтыг ирүүлээгүй тул түүнээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хавсралтын 80 дугаарт “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, У, 11 дүгээр байрны зүүн талд байрлах 17 гарааш” гэсний Ж.Т*******, Д.М*******, Б.А*******, Австрали улсын иргэн Т /T/нарын 1, 2, 4, 5, 6 тоот гараашнуудад холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Э*******оос нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хавсралтын 80 дугаарт “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, У, 11 дүгээр байрны зүүн талд байрлах 17 гарааш” гэсний Ж.Т*******, Д.М*******, Б.А*******, Австрали улсын иргэн Т /T/нарын 1, 2, 4, 5, 6 тоот гараашнуудад холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Т*******д олгосугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ