Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 65

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                               Л.Энхтайван

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Р.Атарцэцэг

 Нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1-д заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт Цагаан туг овогт Чойсүрэнгийн Начинд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 201718000094 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:       

       Монгол улсын иргэн. 1974 оны 01 сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин 1-р баг, Ганга гудамж 14-540 тоотод оршин суух хаягтай, “МТЛ” ХХК-д төмөр замчин ажилтай, урьд ял шийтгэлгүй, Цагаан туг овогт Чойсүрэнгийн Начин /РД:МЕ74012111/

     

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Начин нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “МТЛ” ХХК-ны хашаан дотор тус компанид замчин ажилтай Д.Дэлгэрмөнхтэй мод хөрөөдөх, хөрөө ирлэх асуудлаас болж маргалдан, улмаар толгойн тус газарт нь төмрөөр цохиж, бие махбодид нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

     1.Шүүгдэгч Ч.Начингийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ….. Би н.Дэлгэрмөнхийг над руу яаж ууралсныг мэдэхгүй байна. Би ажлаасаа буучихаад танхим руу орж ажлынхаа эд ангийг үзсэн, эргээд гараад ирсэн. Дэлгэрмөнх та хөрөөгөө ирлэхгүй хаагуур яваад ирж байгаа юм бэ? гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ? гэсэн чинь та хөрөөгөө ирлэхгүй хаагуур юу хийгээд байгаа юм бэ гэхээр нь би ажлынхаа тайлан мэдээг гаргачихаад ирлээ гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг чирээд сагсны шийд рүү явсан. Чирэх явцдаа миний хувцсыг тайлсан. Хувцсыг минь өмсүүлээд өгөөч гэсэн чинь өөрөө өмс гээд намайг хараагаад явсан. Хувцсаа өмсөөд эргээд хөрөө рүү гээ модоо хөрөөдөх гээд явсан чинь дахид над руу дайрч ирэхээр нь Мөнхзориг барь авсан. Мөнхзориг салгалаа гэж бодоод мод руугаа явахад араас өшиглөсөн, би шургаад унасан. Унахад өмнө төмөр байхаар нь би аваад цохьсон. Урдаас дайрахаао нь би айгаад шидчихсэн. Дэлгэрмөнхийн толгой нь хагарсан байсан. Тэгээд би эмнэлэгт очоод толгойг нь оюулаад буцааж гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь “...Дархан явж үзүүлье гэж гэрт нь очсон чинь чи юугаараа үзүүлдэг юм бэ? чамд хүнд өгөх юм байгаа юм уу?...” гэж хэлээд яваагүй. Би хоёр ч удаа эмнэлэг явъя гэж гуйсан явахгүй гэсэн. Тэгээд Дархан руу эмчилгээнд явсан гэж дуулаад би Дархан руу явсан. Эмнэлэгт байхад нь эргээд, эмчтэй нь уулзаад “...дахиад эмчлүүлэх шаардлага байна уу...” гэж  эмчээс асуухад эмч “...шаардлага байхгүй...” гэсэн. Ээж нь ирсэн гэхээр очихдоо “...эмчилгээний зардал авах уу?...” гэхэд “...чам шиг гуйлгачинаас юуг нь авдаг юм бэ?...” гээд аваагүй. Дэлгэрмөнхөд би эхнэр хүүхэдтэй болоход нь чадахаараа тусалсан, байшин барилгыг нь барилцсан, хоол ундгүй үед өөрөөсөө илүүчлээд  тусалж байсан. Ийм зан гаргаж байгааг ойлгохгүй байна гэв.

     2. Хохирогч Д.Дэлгэрмөнхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байсан юм. Энэ өдөр ажлаа хийгээд оройны 17 цагийн үед ажил дуусаад тарах болсон. Гэтэл манай ажлын Начин ах хөрөөгөө ирлэж мод хөрөөднө гэхээр нь та хөрөөгөө эртхэн шиг ирлэчихгүй яасан юм бэ? харих болохоор ажил гаргаж ирээд оройтуулаад байх юмаа гэсэн утгатай хэлэхэд өөдөөс Начин ах чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд намайг учир зүггүй заамдаж аваад чирээд барилдах гээд байгаа юм шиг үйлдэл хийхээр нь “та  яасан барилдах гээд байгаа юм уу” гэсэн чинь “тэгье” гэж хэлсэн ба бид 2 зууралдаж яваад сагсны талбай дээр очоод хоорондоо барилдсан. Ингэж барилдах явцдаа зууралдаад би хувцаснаас нь татаад гадуурх хантаазных нь баруун гарын ханцуйг мултлаад гарнаас нь гаргасан ба би барилдахаа болиод цаашаа салаад явахад араас “хөөе хувцас өмсүүлж өг пизда минь” гэж хэлэхээр нь “өөрөө өмсөхгүй юу” гэж хэлээд явахад араас хүрч ирээд миний урд гараад өөдөөс гарын салаавч хэд хэдэн удаа гаргахаар нь “та яасан хүнтэй муухай харьцдаг юм бэ?” гэж хэлэхэд өөдөөс “чи муу юу гээд байгаа пизда вэ?” гэж хэлээд хажууд зогсож байгаад цаашаа яваад өгсөн ба газраас юм хайгаад байх шиг доошоо хараад яваад байсан ба газраас нэг төмөр аваад над руу дөхөж ирээд намайг цохих гэхээр нь нүүрээ дараад доошоо тонгойход толгойны ард дагз хэсэг рүү төмрөөр цохьсон. Ингээд толгойн дагз хэсгээс маш их цус гараад миний дотор муухай оргиод би газар хэвтсэн ба толгой эргээд чих дүнгэнээд байсан. Гэтэл Мөнхзориг, Баяртулга, Начин ах нар намайг дээшээ өргөөд Ерөө сумын эмнэлэг рүү явсан. Шархыг цэвэрлээд оёо тавьсан. Энэ өдрөө гэртээ өвдөж хоноод маргааш өглөө нь мөн гэртээ хоноод 2017 оны 03 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг руу явж Нэгдсэн эмнэлэгт биеэ үзүүлээд эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн ба 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлгээс гарсан юм....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/

    3.Хохирогч Д.Дэлгэрмөнхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Начин ах бид хоёр маргаад хэн хэндээ уурлаад зодолдох гэж байхад дундуур Мөнхзориг орж салгасан. Энэ үед би Начин ахыг араас нь өшиглөсөн энэ үед намайг Мөнхзориг салгаад “боль” гээд бариад зогсож байсан ба би Мөнхзоригоос салаад эргэж хараад явах гэж байхад Начин ах газраас төмөр хайж олж аваад над руу дөхөж ирээд цохих гэхээр нь би доошоо тонгойход буюу толгойгоо доошоо болгоход шууд толгойн ар дагз хэсэг рүү цохиод миний толгой хагарсан юм. Тухайн үед бид хоёр барилдах гэж ноцолдоод би хувцасыг нь дээш нь татахад Начин ах их уурлаад “өмсүүл” гэхээр нь “чадахгүй өөрөө өмс” гэж хэлэхэд “пизда, лалар” гэх зэргээр намайг хэлэхээр нь миний уур хүрээд бид 2 барьцалдаад авахад Мөнхзориг дундуур орж салгаад би салгах үед нь араас нь өшиглөөд салахад Начин ах газраас төмөр хайж олж аваад над руу дөхөж ирээд цохих гэхээр нь айгаад нүүрээ хамгаалаад доошоо тонгойход шууд толгойн ар дагз хэсэг рүү төмрөөрөө цохиж толгойг маань хагалсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

     4.Гэрч С.Ганбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...””Би “МТЛ” ХХК-д замчин ажилтай 2017 оны 03 сарын 27-ны өдөр оройны 17 цагийн үед байх Начин ах мод хөрөөддөг цахилгаан хөрөөний ирийг нь ирлэж байхаар нь орж хөдөлмөр хамгааллалын зааварчилгаа өгсөн би хөрөөг чинь эрлэе гэж хэлээд хөрөөг нь эрлээд үлдсэн. Харин Начин ах ажлын байр руу орж хөдөлмөр хамгаалалын зааварчилгаа биччихээд гарч ирэхэд нь би хөрөөг нь ирлээд сууж байхад Начин ах сагсны талбайн тийшээ яваад өгсөн. Миний байсан газраас 30 метр орчим зайтай байсан. Би хөрөөг ирлэж байхад Начин ах Дэлгэрмөнх 2 сагсны талбайн тэр хавьд зууралдаад барилдаад  байгаа юм уу гэлтэй үйлдэл хийж харагдахаар нь тоолгүй хөрөөгөө ирлээд зогсож байхад гэнэт Дэлгэрмөнх “яая” гээд орилсон. Тэгэхээр нь би яасан юм бол гэж бодоод яваад очиход Дэлгэрмөнхийн толгойн дагз хэсэг хагарсан цус гарсан байдалтай харагдсан. Ингээд Начин ах машинтайгаа Дэлгэрмөнхийг аваад явсан. Дэлгэрмөнх Начин ахыг толгойг хагалчихлаа гээд байх шиг байсан, юу болсныг сайн ойлгоогүй. Дэлгэрмөнхийн дэргэд Начин ах, Мөнхзориг, Баяртулга нар байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас/

  5. Гэрч Л.Баяртулгын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 сарын 27-ны өдөр воган замаа янзалж байгаад оройны 17 цагийн үед ажил дуусаад ажлын байр руугаа ирж багажаа үлдээгээд ажлын байрны урагшаа сагсан бөмбөгийн талбайн тийшээ очоод ажлын газрын Ганбаатар, Мөнхзориг нартай юм яриад зогсож байхад цаанаас Дэлгэрмөнх ирээд хажууд зогсож байсан. Начин ах мөн ирээд надад хандаж “ахын дүү очоод модны мөс хусаатах ах нь хөрөөгөө ирлээтэхье” гэж хэлэхээр нь “за за” гэж хэлээд модны мөсийг хусаж унагаж байхад Начин ах хөрөөгөө ирлэх гээд зогсож харагдсан. Нэг харсан Ганбаатар хөрөөг нь ирлээд зогсож байсан би модны мөс унагаж байхад Начин ах ажлын байр руу хөдөлмөр хамгаалалын зааварчилгаа бичих гээд яваад орчихсон. Дэлгэрмөнх Ерөө сумынх учир Ерөө рүү гэр рүүгээ явах гээд машинаа хүлээгээд зогсож байсан юм. Ингээд байж байхад удалгүй Начин ах ажлын байрнаас гараад ирсэн ба нэг харсан чинь Начин ах хөрөөнийхөө дэргэд очоод зогссон. Дэлгэрмөнх дэргэд нь очсон харсан зогсож байсан ба Дэлгэрмөнх Начин ахын куртикийг дээш нь татаад хувцасыг нь үрчийлгэсэн байсан хоорондоо барилдах гээд л ноцолдсон юм шиг байгаа юм. Ингээд барилдах гээд ноцолдож байгаад нэг нэгийгээ тавиад салцгаасан ба Дэлгэрмөнх цаашаа хараад явж байхад Начин ах газраас нэг нарийн труба гартаа барьсан харагдсан. Би модны мөсийг хусаад зогсож байхад Дэлгэррмөнх яая гээд орилоод доошоо суусан, би эргэж хараад юу болов оо гээд гүйгээд очиход толгойгоо дараад газар хэвтээд байсан. Би толгойг нь харахад хуйх нь ярагдсан маш их цус гараад байсан өөрөө учир зүггүй орилоод байсан. Ингээд сандраад Начих ах Дэлгэрмөнхийг аваад шууд Ерөө сумын эмнэлэг үзүүлэхээр явсан ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

      6.Гэрч С.Мөнхзоригийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 сарын 27-ны өдөр байсан өглөөний 08 цагт ажилд гараад оройны 17 цагт ажлаас буугаад ажлын байран дээр ирсэн ба ажил тарахад Начин маргааш ажилд хэрэглэх мод хөрөөдөх хэрэгтэй байна гэж хэлсэн ба Начин ах цахилгаан хөрөөгөө ирлэе гэхэд манай ажлын Ганбаатар би хөрөөг чинь ирлээд өгье гээд ирлэсэн. Хөрөөдөх модны гаднах хэсэг цас мөс болон наалдсан байсан учир Баяртулгыг цасыг нь унагаагаатах гэж Начин ах хэлээд цэвэрлүүлсэн. Харин Начин ах ажлын байр руу орж хөдөлмөр хамгаалалын зааварчилгаа бичихээр явсан. Дэлгэрмөнх бид хоёр юм яриад зогсож байсан. Тухайн үед Баяртулга, Ганбаатар Дэлгэрмөнх Начин ах гээд бид хэд байсан. Сагсны талбайн тэнд ажлын байрнаас зайтай мод хөрөөдөхөөр бэлтгэх байсан. Дэлгэрмөнх Начин ахад хандаж “хаагуур яваад байгаа юм бэ? өөрөө хөрөөгөө эрлэхгүй яасан юм” гэж хэлэхэд Начин ах өөдөөс нь “хүн ирлэж байгааг харж байна уу чи яах гээд байгаа юм” гэж уурлангуй хэлэх үед Дэлгэрмөнх учир зүггүй Начин ах руу явж очоод барьж аваад барилдах гээд байгаа юм шиг хэн хэнийгээ бариад ноцолдоод байсан. Ингэж зууралдаж байгаад сагсны талбай хүрээд Начин ахын хувцасыг нь дээш нь татаад хантаазных нь баруун гар талыг мулталсан юм гэтэл Начин ах Дэлгэрмөнхөд хандаж “миний хувцасыг өмсүүлж өг” гэж хэлэхэд Дэлгэрмөнх “чадахгүй өөрөө өмс” гээд эргэж хараад алхаж явсан би хөндлөнгөөс хараад зогсож байсан. Гэтэл Начин ах өөрөө хувцасаа өмсөөд нилээн ууртай төрхтэй Дэлгэрмөнх рүү хүрч ирээд хэн хэнийгээ барьж аваад зодолдох гээд байх шиг болохоор нь би “больцгоо” гэж дундуур нь ороод Начин ахыг цааш түлхэж холдуулсан. Дэлгэрмөнхийг цааш нь түлхэх үед Начин ахын араас Дэлгэрмөнх өшиглөсөн. Ингээд би “болио” гээд Дэлгэрмөнхийг хөдөлгөхгүй бариад зогсож байхад гэнэт тас хийгээд Дэлгэрмөнхийн толгой нь хагарч цус гарсан. Тухайн үед богино цагаан өнгийн турбагаар цохиж толгойг нь хагалсан байсан. Начин ахыг харахад жаахан зайтай зогсож байсан би бодохдоо Начин ахыг төмөр аваад шидчихлээ гэж ойлгосон ойр хавьд өөр хүн байгаагүй Баяртулга мод цэвэрлээд Ганбаатар хөрөө ирлээд нилээн зайтай зогсож байсан. Ингэж Дэлгэрмөнхийн толгой нь хагарч цус ихээр гараад чангаар яая гэж орилоод газар хэвтсэн ба Баяртулга, Ганбаатар нар гүйгээд ирсэн. Ингээд Начин ах сандраад бригадын даргад мэдэгдээд Дэлгэрмөнхийг эмнэлэг рүү авч явсан юм. ..” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас/

            7.Гэрч Б.Одгэрэлийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 сарын 27-ны өдөр байсан санагдаж байна. Эмнэлэг дээрээ байхад оройны 18 цагийн үед хүнд зодуулсан цус алдсан гэсэн мэдээлэлтэй Дэлгэрмөнх гэх залуу хүргэгдэн ирсэн ба тухайн хүнийг хүлээн авахын өрөөнд оруулаад биед нь үзлэг хийхэд толгойн дагз хэсэгтээ хуйх нь зүсэгдсэн юм шиг ангайсан цус ихээр гоожсон, хавалттай нэг том ангайсан шархтай байсан. Ингээд шархыг нь хэмжиж үзэхэд урт нь 5 см, хавалтын урт нь 2.5 см, шарх руу гараа хийж мэдрэхэд толгойн яс тэмтрэгдэж байсан. Ясанд гэмтэл үгүй цөмрөөгүй байсан. Ингээд шархыг цэвэрлээд 4 оёо тавьсан. Биед нь өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй биеийн байдлыг үзэхэд даралт хэвийн судасны цохилт хэвийн, биеийн байдал гайгүй байхаар нь гэр рүү нь явуулсан. Эмнэлэг дээр хэсэг хугацаанд хэвтүүлж биеийн байдлыг анзаарахад хэвийн байсан. Ингээд гэмтлийн эмчид дахин сайтар үзүүлэх шаардлагатай том ангайсан шарх байсан талаар нь хэлээд гэр рүү нь явуулсан. ...” гэх мэдүүлэг

/хавтаст хэргиийн 70 дугаар хуудас/

            8.Гэрч П.Ууганцэцэгийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Зоригт гэдэг эмч Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дүрс оношлогооны эмч хийдэг. Манай эмнэлэг томографийн зураг аваад авсан зургаа Зориг эмч рүү мэйл хаягаар явуулж уншуулаад оношийг нь бичүүлж буцааж мэйл хаягаар аваад томографийн зургийг нь хавсаргаад үйлчлүүлэгчид өгдөг юм. Манай эмнэлэгтэй Зоригт эмч албан ёсны гэрээ хийсэн .Д.Дэлгэрмөнх гэдэг хүн 2017 оны 3 сарын 29-ний өдөр томографийн зураг авахуулсан нь компьютер дээр шивэгдэж орсон байна.....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/

9.Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №400 тоот:

1.Д.Дэлгэрмөнхийн биед гавал тархины битүү гэмтэл, дагзны баруун хэсгийн болон дагз хоорондын завсрын хязгаарлагдмал цус харвалт, тархи догилт, дагзны хэсгийн хуйхны шарх тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Д.Дэлгэрмөнхөд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эичилгээ эдгэрэлтээс шалтгаална....” гэх дүгнэлт

/хавтаст хэргиийн 80 дугаар хуудас/

10.Шинжээч Д.Туяагийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн......2017 оны 04 сарын 04-ний өдөр Д.Дэлгэрмөнхийнг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Үзлэг хийхэд дагзны хуйханд 4.5 см хэмжээтэй шархтай байсан. Үүнээс гадна гавал тархины компьютер томографийн зураг, зургийг уншсан эмч Зоригийн тэмдэглэл зэргийг үзэж №400 дугаартай дүгнэлтэнд бичигдсэн дагзны баруун хэсгийн болон дагз хоорондын завсрын хязгаарлагдмал цус харвалт гэсэн онош гэмтэл тавьсан. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл юм гэдгийг 400 тоот дүгнэлтийн 3-т зааж бичсэн байгаа. Дагзны хуйхны шарх нь гавал тархины битүү гэмтлийг үүсгэж хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа юм. Биед өөр гэмтэл байгаагүй уг гэмтэлд л хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон...гэх дүгнэлт

/хавтатс хэргийн 97-98 дугаар хуудас/

11.Хэргийн учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/

12.Хохирогч Д.Дэлгэрмөнхийн эмчилгээний зардал /хавтаст хэргийн 09-54 дүгээр хуудас/

13.Эд мөрийн баримт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

14.Хохирогч Д.Дэлгэрмөнхийн эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл, хийлгэсэн эмчилгээ өвчний түүх /хавтатс хэргийн 83-96 дугаар хуудас/

15.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн  119 дүгээр хуудас/

16.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тавин багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 110 дугаар хуудас/

17.“МТЛ” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/

18.Шүүгдэгч Ч.Начингийн  2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр өгсөн”.....Тухайн өдөр бид хоёр маргалдаад ноцолдож, барилдах үед миний хувцасыг Дэлгэрмөнх дээш нь татаад би “хувцасыг маань янзалж өг” гэж хэлэхэд чадахгүй “өөрөө өмс” гэсэн юм. Энэ үед миний уур хүрээд бид хоёр барьцалдаж авах үед Мөнхзориг дундуур орж ирээд салгасан ба энэ үед намайг Дэлгэрмөнх араас өшиглөсөн юм. Ингээд би газраас төмөр олж аваад Дэлгэрмөнх рүү яваад очиход нүүрээ дараад доошоо тонгойсон ба би гартаа барьж байсан төмрөөрөө толгойн дагз хэсэг рүү нь нэг удаа цохиод төрмийг газар хаячихсан. Энэ үед Дэлгэрмөнхийн толгой нь хагараад цус ихээр гараад би шоконд орсон. Дэлгэрмөнх намайг дээрэлхээд томроод байхаар нь миний уур маш их хүрсэн насаар надаас бага хүүхэд хирнээ миний өөдөөс томроод байхаар нь арга барагдаад уурандаа ийм зүйл хийчихлээ. Одоо үнэхээр их харамсаж байна. ....гэх  мэдүүлэг

/хавтаст хэргийн 106 дугаар хуудас/

19.Шүүгдэгч Ч.Начингийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 

нотлох баримтуудад үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Чойсүрэнгийн Начинг 2017 оны 03 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “МТЛ” ХХК-ны хашаан дотор тус компанид замчин ажилтай Д.Дэлгэрмөнхтэй мод хөрөөдөх, хөрөө ирлэх асуудлаас болж маргалдан, улмаар толгойн тус газарт нь төмрөөр цохиж, бие махбодид нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд хэргийн оролцогч талуудаас Ч.Начинг 2017 оны 03 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчим иргэн Д.Дэлгэрмөнхтэй “ажил, амралтын цаг хэтрүүллээ” гэсэн маргааны улмаас толгойн тус газар нь төмрөөр цохиж, гавал тархины битүү гэмтэл, дагзны баруун хэсгийн болон дагз хоорондын завсрын хязгаарлагдмал цус харвалт, тархи доргилт, дагзны хэсгийн хуйхны шарх зэрэг гэмтэл учруулсан гэдэг дээр санал зөрсөнгүй. Харин дээрхи гэмтэл нь Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №400 дугаар дүгнэлтээр гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарах нь тогтоогдсон байна.  

             Мөн хохирогч Д.Дэлгэрмөнх, /хх 59-62/ гэрч С.Ганбаатар /хх63-65/, Л.Баяртулга /хх66/, С.Мөнхзориг /хх67-69/, Б.Одгэрэл /хх70/, П.Ууганцэцэг /хх73-74/, нарын мэдүүлгүүдээр тухайн өдөр болсон хэрэг явдлын талаар давхар нотолжээ.                 

              Иймд Ч.Начинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.

            Хохирогч Д.Дэлгэрмөнх эмчилгээний зардалд 1.229.400 нэхэмжилснээс шүүгдэгч Начин 750.000 төгрөг төлж барагдуулсан ба үлдэгдэл 479.400 төгрөгийг төлөөгүй тул шүүгдэгчээр төлүүлж хохирогч Дэлгэрмөнхөд олгуулах нь зүйтэй гэж үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 74 см-ийн урт, 15 диаметр трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар устгалд оруулж, хохирогч Дэлгэрмөнхийн толгойны томографийн зургийг мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй. Хохирогч Д.Дэлгэрмөнхийн зүгээс хохиролыг гүйцээж төлүүлэх, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг шүүхэд нээлттэй үлдээж өгөхийг хүссэн байна. Шүүх эрүүл мэндэд учруулсан хохиролын хэмжээнээс үлдсэн хэсгийг хохирогчид гаргаж олгуулахаар шийдвэрлэж, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг шүүхэд нээлттэй үлдээх талаар боломжгүй гэж үзэв. Учир нь: Хохирогчийн зүгээс цаашид хэрхэн, ямар эмчилгээ хийлгэх, хэзээ хийлгэх талаар ямар нэгэн баримт сэлт шүүхэд ирүүлээгүй ба, энэ шаардлагаа нотлох санаачлага гаргаагүй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Цагаан туг овогт Чойсүрэнгийн Начинг мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Чойсүрэнгийн Начинд 252 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар уг ялын биелэлтэд хяналт тавьж Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийг ял эдлүүлэхээр гүйцэтгэх хуудасны хамт шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 74 см-ийн урт, 15 диаметр трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар устгалд оруулж, хохирогч Дэлгэрмөнхийн толгойны томографийн зургийг мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

5.Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ч.Начингаас 479.400 төгрөг гаргаж хохирогч Д.Дэлгэрмөнхөд олгосугай.

7.Шүүгдэгч Ч.Начинд урд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймгийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.НАЦАГДОРЖ