2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар    2025/ШЦТ/2251

 

 

       2025                 9                   29                                                           2025/ШЦТ/2251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*** овогт Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108026161321  дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Б*** овогт Б.Б (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 29, 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хорооллын *** дугаар байрны гадна, мөн тус дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр хорооллын автобусны буудлын орчим иргэн Б.Б-с “газар зарна, татварын мөнгө зээлэх” нэрээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс ээмэг, бөгж, бэлэн мөнгө зэргийг авч 18,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Эрүүл мэндийн байдлын хувьд элэгний хорт хавдартай, биеийн байдал тааруу байна. 5 хүүхэдтэй нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хорооллын *** дугаар байрны гаднах авто зогсоолд хохирогч Б.Б-г “газар зарах гэтэл татварын мөнгө байдаггүй, та мөнгө зээлбэл гомдоохгүй шүү” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8,000,000 төгрөгийг, мөн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр хорооллын автобусны буудлын орчимд 7,500,000 төгрөгийг, дахин 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр алтан бөгж 1 ширхэг, алтан ээмэг 1 хос зэргийг тус тус шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан хохирогчийн өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудас),

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** хороолол, *** дугаар байр ** тоотод амьдардаг, хувиараа таксинд хааяа явдаг ба манай эсрэг талын байранд амьдардаг Б.Б гэх эмэгтэй нөхөртэйгөө хамт *** аймаг руу явах ажилтай байна гэхээр нь би зөвшөөрөөд *** аймаг руу таксинд явсан. Тэгээд явах замдаа хоорондоо танилцсан, маргааш нь бас дахиад *** аймаг руу надтай хамт явсан Б.Б гэх эмэгтэй *** аймаг явах замдаа Сэлэнгэ аймагт хэд хэдэн газартай уг газруудаа “*** ***” ХХК-д нийт 1,000,000,000 төгрөгөөр зарах гэж байгаа, газрын татварт 20,000,000 төгрөг тушааж байж зарах боломжтой болоод байна, та түр мөнгө олоод өгөх боломжтой юу, хэрвээ мөнгө олж өгч туслах юм бол гомдоохгүй гээд надаас гуйсан. Би нөхөр хүүхдүүдтэйгээ амьдардаг эмэгтэй болохоор итгээд мөнгө зээлэхээр аман байдлаар тохироод өөрийн *** банкны ********** дугаартай данснаас ********** дугаартай Д гэх хүний данс руу хоёр хувааж нийт 15,500,000 төгрөг шилжүүлсэн түүний дараа өөрийн алтан бөгж, эхнэрийн алтан ээмгийг Б.Б гэх эмэгтэйд өгсөн. Б.Б надаас авсан ээмэг бөгжөө 2,000,000 төгрөгөөр ломбардад тавьсан гэж хэлсэн. Б.Б гэх эмэгтэй байрны лифтний гадна тааралдаад зээлсэн мөнгө юу болсон талаар асуухад мөнгө удахгүй орно танд одоо байгаа мөнгөө шилжүүлээд өгье гэж хэлээд 1,500,000 төгрөг над руу буцааж шилжүүлсэн түүнээс хойш Б.Б-н ******** дугаар руу залгахад Б.Б би Сэлэнгэ аймагт байна мөнгө орж ирэхээр өгнө газраа зарах гээд хөөцөлдөж байгаа гэж надад хэлсэн. ...Би Б.Б гэх эмэгтэй Сэлэнгэ аймагт газартай тухайн газрыг “*** ***” ХХК-д нийт 1,000,000,000 төгрөгөөр зарах гэж байгаа, зарахаас өмнө газрын татварын мөнгө төлөх хэрэгтэй байна та мөнгө зээлэх боломжтой юу, хэрвээ мөнгө зээлэх юм бол гомдоохгүй шүү гэж хэлхээр нь би мөнгө зээлж болохоор итгэл даах юм шиг санагдаад 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо *** хороолол *** дугаар байрны гадна зогсоол дээрээс өөрийн интернэт банкаар 8,000,000 төгрөгийг ********** дугаартай данс руу, түүний дараа 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр ** дүгээр хорооллын автобусны зогсоолын урд хэсэгт төв замын ертөнцийн зүгээр баруун талд Б.Б-тай уулзаж байгаад өөрийн интернэт банкаар 7,500,000 төгрөгийг ********** дугаартай данс руу шилжүүлсэн. Түүний дараа дахиад мөнгө дутаад байна гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр **дүгээр хорооллын автобусны буудал төв замын ертөнцийн зүгээр баруун талд Б.Б-тай уулзаад өөрийн 11 грамм жинтэй, 999 сорьцтой эрэгтэй хүний бөгж 1 ширхэг, 5 грамм жинтэй, сорьц тодорхойгүй эмэгтэй хүний алтан ээмэг 1 хосыг Б.Б-д өгсөн. Би Б.Б-д эд зүйлсээ өгсний дараа утсаар ярихад ээмэг, бөгжөө 2,000,000 төгрөгөөр ломбардад тавьсан гэж надад хэлсэн. ...Би Б.Б-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, аман байдлаар тохироод дансаар 15,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгөөр ломбардад тавьсан гэсэн алтан ээмэг, бөгж зэрэг зүйлсийг өгсөн, мөнгө зээлж туслах юм бол Б.Б намайг гомдоохгүй гэж хэлсэн, хугацаа болон хүүгийн талаар огт ярилцаагүй. ...Б.Б надад хэлэхдээ би Сэлэнгэ аймагт газартай уг газраа “*** ****” ХХК-д 1,000,000,000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлсэн би ямар нэгэн газрын гэрчилгээ болон бусад баримт бичиг хараагүй, Б.Б-с сонсоод үгэнд нь л итгэсэн. ...Би алтан бөгжөө 2018 онд Солонгос улсаас 11 грамм жинтэй, 999 сорьцтой гээд монгол мөнгөөр 2,500,000 төгрөгөөр авч байсан, одоо 2,500,000 төгрөгөөр, алтан ээмэг, 1 хос 5 грамм жинтэй, сорьц тодорхойгүй одоо 1,500,000 төгрөгөөр тус бүр үнэлж байна. ...Б нь тухайн үед манай байр болох *** хороололд амьдардаг байсан хүмүүст Сэлэнгэ аймгийн *** суманд газартай зарах гэж байгаа гээд хэлээд яваад байдаг байсан. Мөн би такси барьдаг  байхад хэд хэдэн удаа миний таксинд сууж *** аймаг руу явж байсан. Б.Б нь 2022 онд 1,500,000 өгөөд дахин миний хохирол нэмж төлсөн зүйл байхгүй. Надаас өөр хүмүүст мөн газар зараад мөнгөтэй болно гээд мөнгө аваад залилсан байсан. ...Хохирлоо барагдуулж авмаар байна. ...Би мөнгөөр 15,500,000 төгрөг шилжүүлсэн, тэгээд бөгж болон ээмгээ өгсөн уг ээмэг бөгжний үнэлгээ 2,880,000 төгрөг болсон ингээд 18,380,000 төгрөг болсон. Үүнээс надад 1,500,000 төгрөг өгсөн ба одоо үлдэгдэл 16,880,000 төгрөгийн хохирол үүсээд байгаа. Б нь надад өөр хохирол төлсөн асуудал байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Миний хохирлыг барагдуулж надад 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б.Б-н төрсөн охин Б.А нь өөрийн *** банкны ********* дугаартай данснаас 4 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг миний өөрийн эзэмшлийн *** банкны ********** дугаартай данс руу шилжүүлсэн. Үлдсэн 8,380,000 төгрөгийг Б.Б-н ар гэрийн байдлыг харгалзан үзэж, эвлэрлийн гэрээ байгуулан авахгүйгээр тохиролцсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас, 64-65 дугаар хуудас, 67 дугаар хуудас, 70 дугаар хуудас),

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б-тай 20 гаран жил хамт амьдарч байна, дундаасаа 5 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаатай. Бид хоёр Сэлэнгэ аймагт газартай бөгөөд энхэр Б-н нэр дээр хоёр газар, миний нэр дээр нэг газар байдаг юм. 2021 онд хүүхдийн бие муу эмчилгээний зардал хэрэгтэй болоод байсан учир газраа зарахаар зар тавьсан ба нэг хүн авна гэж хэлээд удахгүй мөнгийг нь гэхээр нь эхнэр бид хоёр угаасаа газраа зараад мөнгө олчих юм чинь эхний ээлжинд хүүхдээ эмчилье гэж бодсон. 2021 онд *** аймаг руу эхнэр бид хоёр такси барьж явахдаа Б гэж ахтай танилцаад эхнэр газраа зарах гэж байгаа та мөнгө зээлчих гэхэд тухайн ах бодоод хариу хэлье гэсэн ба эхнэр сүүлд тухайн хүнтэй уулзаад 15,500,000 төгрөг зээлсэн байсан ингээд тухайн мөнгөөрөө хүүхдийн эмчилгээний зардал, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан юм. Тэгсэн манай газрыг авна гэсэн хүмүүс авахгүй болоод эхнэр өөрийн нэр дээр байгаа газраа зарж чадаагүй юм. Эхнэрийн нэр дээр Сэлэнгэ аймагт хоёр газар одоо хүртэл байгаа, тухайн үед эхнэр ял аваад шоронд орсон тул өөрийн газраа зараад хүмүүсээс авсан мөнгөө өгч чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

Гэрч О.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хамаатны ах Б.Б над руу яриад мөнгөний хэрэг гараад байна мөнгө зээлээч гэсний дагуу би 2021 оны 9 дүгээр  сарын 29-ний өдөр Б ахын данс руу өөрийн **********дугаартай данснаас 8,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгө өгсний дараа Б.Б ахаас цааш нь мөнгө зээлж авсан хүн газар зарах гэж байгаа гэсэн боловч үнэн худлаа нь мэдэгдэхгүй мөнгийг нь өгөхгүй удаад байсан учраас Б.Б ах цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Миний хувьд Б.Б ахад л мөнгө хэрэгтэй гэсэн тул ямар нэгэн хүүгүй 8,000,000 төгрөгийг ахад өгсөн. Цаашаа ямар хүнд ямар нөхцөлтэй өгсөн талаар нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний нөхөр Б-с урд талын байранд амьдардаг гэх эмэгтэй мөнгө зээлээч Сэлэнгэ аймагт газар зарах гэж байгаа татварын мөнгө тушаах хэрэгтэй байна гэхээр нь мөнгө хүнээс зээлж өгсөн ба миний алтан ээмэг 1 хосыг өгсөн байсан. Би энэ талаар сүүлд мэдсэн ба манай нөхөр миний алтан ээмгийг захиран зарцуулах эрхтэй би Б-г ямар хүмүүстэй уулзсан юу гэж тохирсон талаар мэдэхгүй байна. Уг хэрэгт хохирогчоор оролцохгүй, манай нөхөр Б уг хэрэгт хохирогчоор оролцоно. ...Би Б нь 15,500,000 төгрөг болон алтан бөгж, алтан ээмгийг бусдад өгсөн гэж сонссон, бусад зүйлсийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-125/11149 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Алтан бөгж 999 сорьц 1,980,000 төгрөг, алтан ээмэг 900,000 төгрөг, нийт 2,880,000 төгрөг...” гэх тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудас),

Хохирогч Б.Б-н эзэмшлийн *** банкны ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 17 дугаар хуудас), Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 173-188 дугаар хуудас), Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 189-194 дүгээр хуудас, 198-212 дугаар), Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 44 дугаартай шүүхийн тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 195-197 дугаар хуудас), Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 238-248 дугаар хуудас), асап сангийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 76 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:

          Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хорооллын *** дугаар байрны гаднах авто зогсоолд хохирогч Б.Б-г “газар зарах гэтэл татварын мөнгө байдаггүй, та мөнгө зээлбэл гомдоохгүй шүү” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8,000,000 төгрөгийг, мөн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр хорооллын автобусны буудлын орчимд 7,500,000 төгрөгийг, дахин 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр алтан бөгж 1 ширхэг, алтан ээмэг 1 хос зэргийг тус тус шилжүүлэн авсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Залилах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл залилагч этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,

бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт хэрэгтэн хэдийгээр мэдэж байсан атал зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсан эс үйлдэхүйг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-н үйлдлүүдийн хувьд үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар ньхэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 18,380,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс хохирогчид 10,000,000 төгрөгийг өгсөн, мөн хохирогч Б.Б болон шүүгдэгч Б.Б-н охин Б.А нар нь хоорондоо эвлэрлийн “...Түүнийг хохирогчид төлөөлж төрсөн охин Б.А хохирогч Б.Б-д 10,000,000 төгрөгийг *** банкны ********** дугаартай дансанд эвлэрлийн гэрээ байгуулснаар шилжүүлж байна. Хохирогч Б.Б нь яллагдагч Б.Б-н 5 хүүхдийг, ар гэр, амьдралыг өрөвдөж хохирлын 8,380,000 төгрөгийг Б.Батжаргалаас авахгүйгээр тохиролцож эвлэрсэн болно...” гэх (2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудас) гэрээг бичгээр мөрдөгч Ц.Г, өмгөөлөгч Д.Содномдорж нарын хажууд байгуулсан байх тул шүүгдэгч Б.Б-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж “...Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал (хорт хавдартай), ар гэрийн нөхцөл байдал (5 хүүхэдтэй), хохирол төлбөрийг төлсөн (эвлэрлийн гэрээний үндсэн дээр хохирлын дийлэнхийг төлсөн, хохирогчийн зүгээс үлдэгдэл хохирлыг авахгүй гэдгээ илэрхийлсэн), гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа газар болох “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-н 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 86 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 10 (арав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 хоногийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги руу даруй шилжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б*** овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 (хоёр) жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 86 (наян зургаа) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 10 (арав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 (хоёр) жил 10 (арав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 (жар) хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 10 (арав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 (найм) хоногийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Б-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги руу даруй шилжүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Г.ЗОЛБОО