2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар    2025/ШЦТ/2242

 

 

        2025                 9                  26                                                            2025/ШЦТ/2242

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч С.Алтай,

хохирогч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Минжмаа (цахимаар),

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А*** овогт Б.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510015471033 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А*** овогт Б.Э (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн байранд тус компанийн ээлжийн мастераар ажиллаж байхдаа ажилтан Н.Т-н ажлын байрыг өөрчлөх үедээ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.7, 4.8, 4.9 дэх заалтын дагуу ажлын байр өөрчлөгдөх үед анхан шатны зааварчилгааг өгөөгүй. “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М-н 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Ажлын байрны тодорхойлолт”-ын 7.Мастерын эрх үүрэг 7.2, 7.3, 7.7 дахь заалтын дагуу ХАБЭА-н давтан зааварчилгаа өгөх, анхан шатны үзлэг хийх, ажиллагсдыг дамжлагуудад хуваарилах, дамжлага хоорондын уялдаа холбоог нарийн тооцоогүй, техник ашиглалт, технологийн горим мөрдөлтөд хяналт тавьж ажиллаагүй. “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М-н баталсан “Дайкат машин дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа” YA-AA3-22:2015-ын 3. Ажиллаж байх үед анхаарах, хориглох зүйлс: 3.1, 3.3 дахь заалтын дагуу дайкат машин дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаагүйн улмаас Н.Т нь Дайкат машины эд ангид баруун гараа хавчуулсны улмаас түүний баруун гарын бугалгын дунд 1/3 хэсгээр бүрэн тайрах мэс засал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан, өөрөөр хэлбэл Б.Э нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Т мэдүүлэхдээ “...Байгууллагаас тодорхой хэмжээний төлбөрийг өгсөн. Шүүгдэгчээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-д ээлжийн мастераар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан “ХАБЭА-н давтан зааварчилгаа өгөх, анхан шатны үзлэг хийх, ажиллагсдыг дамжлагуудад хуваарилах, дамжлага хоорондын уялдаа холбоог нарийн тооцоогүй, техник ашиглалт, технологийн горим мөрдөлтөд хяналт тавьж ажиллаагүй”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.7, 4.8, 4.9 дэх заалтын дагуу ажлын байр өөрчлөгдөх үед анхан шатны зааварчилгааг өгөөгүй, “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М-н баталсан “Дайкат машин дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа” YA-AA3-22:2015-ын 3.“Ажиллаж байх үед анхаарах, хориглох зүйлс:3.1, 3.3 дахь заалтын дагуу дайкат машин дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаагүй” гэж заасныг тус тус зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Н.Т нь дайкат машинд баруун гараа хавчуулж улмаар эрүүл мэндэд нь баруун бугалга, тохой, шуу, сарвуу хэсгийн яс, булчин, шөрмөс ил гарсан хууларсан том шарх, баруун бугалгын дунд 1/3 хэсгээр бүрэн тайрах мэс засал бүхий хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

Хохирогч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),

Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),

          Гэрч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

          Гэрч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас ),

          Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

  Гэрч А.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0725/4231 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0825/2583 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),

Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэшсэн мэргэжилтний 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №84/25-03 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 58-64 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),

“****” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай журам (1 дүгээр хавтаст хэргийн 175-194 дүгээр хуудас),

“****” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам (1 дүгээр хавтаст хэргийн 206-225 дугаар хуудас),

“**** ХХК”-ийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/0228 дугаартай захирлын “Албан тушаалд томилох тухай” тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар хуудас),

“****” ХХК-ийн “Ээлжийн мастер” албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас),

“****” ХХК болон шүүгдэгч Б.Эрдэнэбат нарын хоорондоо байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 229-233 дугаар хуудас),

Дайкат машин дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа (1 дүгээр хавтаст хэргийн 249 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 7 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгийн жагсаалт (2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас), Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Б.Э нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-д ээлжийн мастераар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан “ХАБЭА-н давтан зааварчилгаа өгөх, анхан шатны үзлэг хийх, ажиллагсдыг дамжлагуудад хуваарилах, дамжлага хоорондын уялдаа холбоог нарийн тооцоогүй, техник ашиглалт, технологийн горим мөрдөлтөд хяналт тавьж ажиллаагүй”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.7, 4.8, 4.9 дэх заалтын дагуу ажлын байр өөрчлөгдөх үед анхан шатны зааварчилгааг өгөөгүй, “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М-н баталсан “Дайкат машин дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа” YA-AA3-22:2015-ын 3.“Ажиллаж байх үед анхаарах, хориглох зүйлс:3.1, 3.3 дахь заалтын дагуу дайкат машин дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаагүй” гэж заасныг тус тус зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Н.Т нь дайкат машинд баруун гараа хавчуулж улмаар эрүүл мэндэд нь баруун бугалга, тохой, шуу, сарвуу хэсгийн яс, булчин, шөрмөс ил гарсан хууларсан том шарх, баруун бугалгын дунд 1/3 хэсгээр бүрэн тайрах мэс засал бүхий хүнд хохирол учирсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай журам, хөдөлмөрийн дотоод журам, Дайкат машин дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг бөгөөд шүүгдэгч Б.Э нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, “Дайкат машин дээр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм зэрэгт заасан холбогдох үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч Н.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль” гэж хууль тогтоох дээд байгууллагаас баталсан нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн эрх зүйн баримт бичгийг, “захиргааны хэм хэмжээний акт” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг, “хэлцэл” гэж иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Шүүгдэгч Б.Э нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй боловч “****” ХХК-аас 69,990,909 төгрөгийг хохирогчид олгосон байна.

Харин тус гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0825/2583 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд хохирогч Н.Т шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ”, 3.4-д “... Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно”, 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, ... шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал ... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл хохирогч Н.Т-н сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 төгрөгийг шүүгдэгч Б.Э-с гаргуулж хохирогч Н.Т-т олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөн хохирогч Н.Т нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хохиролтой холбоотойгоор цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Э-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Э-н нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А*** овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн  хугацаагаар хасаж, 4000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-с 15,173,400 (арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Т-т олгосугай.

6.Хохирогч Н.Т нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Г.ЗОЛБОО