| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/02034/И |
| Дугаар | 183/ШШ2023/00639 |
| Огноо | 2023-02-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2023/00639
2023 оны 02 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2023/00639 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, комфорт плаза, 0 давхарт байрлах, М ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Кинг тауэр хотхон, 000 дүгээр байр, 000 тоотод оршин суух, Бовогт Ц.Б /РД:ЧМ00000000/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 21.590.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 18.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Ц.Б нар 2021.09.07-ны өдөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, Наран сургуулийн барилга, 3 давхарын 13 өрөө үйлчилгээний зориулалттай талбайг тавилга эд хогшлын хамт Наранмандал эмнэлэгт эмнэлэгийн зориулалтаар нэг сарын 8 сая төгрөгийн төлбөртэй 60 сарын хугацаагаар ашиглуулахаар болж, түрээслүүлэгч талд гэрээнд заасны дагуу нэг сарын төлбөрийг барьцаа мөнгөний хамт, нийт 17 сая төгрөгийг Ц.Бат хаан банкны 0000000000 тоот дансанд 2021.09.08-ны өдөр шилжүүлсэн. Гэвч түрээслүүлэгч Ц.Б нь түрээсийн гэрээний 4.1-д зааснаар талбайг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй бөгөөд түүний улмаас үүсэх үр дагаврыг хуулийн дагуу шийдвэрлэж түрээслүүлэгч Ц.Бгаас нэг сарын түрээсийн мөнгө 8.000.000 төгрөг, барьцаа мөнгө 9.000.000 төгрөг буюу нийт 17.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан 17.000.000 төгрөгийг буцаан шилжүүлж өгөөгүйгээс учирсан алдагдал болох 4.590.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тэрээр өөрөө гэрээний үүргийг хэрэгжүүлээгүй гэв.
2. Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн иргэн Ц. Б, /РД:ЧМ00000000/ 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, Наран сургууль байрлах 3 давхар барилгад 3 давхрын 340 м.кв талбайтай бүхий 13 тооны өрөөг М ХХК-ийн захирал О.Г-тай эмнэлэгийн үйлчилгээ явуулах зорилгоор түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн компани нь гэрээ байгуулах талаар ярилцах үедээ манай байрыг ирж үзээд өрөө тасалгаа бүрт телевизор, телевизорын төхөөрөмж түүний удирдлага, модон ор, матрас дэр, хөнжил, гудас, бүтээлэг, цагаан хэрэглэл, тумбочка, ширээ, сандал, гал тогооны бүрэн хэрэгсэл болон коридорт шилэн хаалт хийлгэх, түүнчлэн 00 өрөөг нэг бүрчлэн тохижуулах зэрэг эмнэлэгт хэвтэх эмчлүүлэгчдэд зориулж, тав тухтай орчин бүрдүүлэх талаар шаардлага тавьсан. Үүний дагуу бид байрныхаа 13 тооны өрөөнүүдээ эмнэлэгийн зориулалтаар бүрэн тохижуулах ажлыг эхэлж, дутуу байсан эд хөрөнгө болон эд хогшлийг албан байгууллага болон хувь хүнээс худалдаж авсан. Мөн эмнэлгийн зориулалтаар ажиллах стандарт шаардлагын дагуу эмнэлгийн ажлын байрны засвар, үйлчилгээг хийж, коридорын шилэн хаалтыг бүрэн хийлгэхдээ барилгын засвар үйлчилгээний мэргэжлийн багаар хийлгүүлсэн. Иймд М ХХК нь ямар ч шалтаг, шалтгаангүй гэрээний үүргээ биелүүлээгүй, бидний ажилд хүндрэл учруулсан, тухайн компанитай хийсэн гэрээнээс шалтгаалж, өнөөдрийг хүртэл бидний олох ёстой байсан ашиг байхгүй, алдагдалд ороод байгаа учир ажлын байрны түрээсийн тооцонд өгсөн мөнгийг бүрэн төлөх үндэслэлгүй байна гэв.
3. Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М ХХК-тай 2021 оны 9 сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулах хэлэлцээрийн шатанд тухайн компаниас эмнэлэгийн зориулалтаар ашиглахдаа тухайн байрны үйлчилгээний талбайг өөрчилж, угтах өрөөг томсгож, шилэн хаалт болон хаалга хийлгэж, эмнэлэгийн ажлын байрыг тусгаарлах мөн өрөө тасалгаа бүрт эмнэлгий зориулалтын дагуу тавилга, эд хогшил байрлуулах шаардлага тавьсаны дагуу 2021 оны 9 сарын 18/25-ны өдрүүдэд Хөх болд ХХК-ийн мэргэжлийн ажилтнуудаар 22 м/кв хэмжээтэй, шалнаас тааз хүртэлхи талбайд өндөр давтамжийн шилэн хаалтны үнэ болон засвар, үйлчилгээ хийж, ажил гүйцэтгэсний төлбөрт 17.600.000 төгрөг, мөн шилэн хаалганы үнэнд 900.000 төгрөг, нийт 18.500.000 төгрөг төлсөн. Үүнээс гадна эмнэлэгийн угтах өрөөг тохижуулах зорилгоор үүдний гипсэн ханатай жижиг өрөөг нурааж, тухайн өрөөний ханыг рек модоор өөрчилж, дуу тусгаарлах хавтан наасан, өрөө бүрийг тохижуулах шаардлага тавьсаны дагуу үйлчлүүлэгчийн 3 өрөөг модон ор, матрас, тумбочка, ширээ, сандал, телевизор, түүний дагалдах хэрэгсэл, ор, хөнжлийн цагаан хэрэгсэл, бие засах 00 өрөө болон гал тогооны эд хэрэгслийг Наранмандал эмнэлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор худалдан авсан боловч эдгээр зардлуудыг нэхэмжлээгүй болно. Иймд дээрх компани нь түрээсийн гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй зөрчсөн байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу 18.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.10.29-ний өдрийн итгэмжлэл, 2021.09.07-ны өдрийн түрээсийн гэрээ, 2021.09.20-ны эд хөрөнгө хүлээлцсэн баримт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.02.23-ны өдрийн 26е2-3/0000 албан бичиг, /хэргийн 5-11 дүгээр талд авагдсан баримтууд хуулийн шаардлага хангаагүй/, 2022.03.30-ны өдрийн 000 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2021.09.07-ны өдрийн түрээсийн гэрээ, 2022.02.23-ны өдрийн 26ё2-3/0000 албан бичиг, 2021.09.10-ны өдрийн эд хөрөнгө хүлээлцсэн баримт, Хаан банкны 2021.009.08-ны өдрийн шилжүүлэгийн баримт гаргаж өгсөн.
Хариуцагчаас: 2022.06.08-ны өдрийн итгэмжлэл, 2022.06.05-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тайлбар, 2021.09.20-ны өдрийн эд хөрөнгөр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл, 2022.12.05-ны өдрийн итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зарлагын баримт, 4 хуудас фото зураг гаргаж өгсөн.
Шүүх: нэхэмжлэгчийн хүсэлтээр БНХАУ-ын иргэн Hasibagen-аас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
М ХХК түрээсийн гэрээний үүрэг, хохирол нийт 21.590.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Ц.Бд холбогдуулан гаргасан, хариуцагч гэрээ зөрчсөний хохирол 18.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Зохигч 2021.09.07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Энгельс гудамж, Наран сургуулийн барилга, 3 давхарын 13 өрөөг үйлчилгээний зориулалттай түрээслэх, 60 сарын хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөр 8.000.000 төгрөгөөр тохирсон байна.
Нэхэмжлэгч М ХХК түрээсийн гэрээний үүрэгт 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 17.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Бгийн дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй, 2022.02.22-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Зохигчын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Б нэхэмжлэгч М ХХК гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэж маргах боловч энэ байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй түрээсийн гэрээг Ц.Б хэрэгжүүлээгүй болох нь гэрч Hasibagen-ийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрөө шаардах эрхтэй байна.
2021.09.07-ны өдрийн түрээсийн гэрээний 7.1-д Хэрэв түрээслэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцлах санал гаргаж, цуцлаж байгаа тохиолдолд барьцаа төлбөр дээр нэмж 2 сарын төлбөр нэхэмжлэнэ гэх заалтын дагуу 17.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхгүй гэж хариуцагч маргаж байгаа боловч түрээсийн гэрээ хэрэгжээгүй, М ХХК ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй талаар маргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Ц.Бгаас 17.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Түрээсийн гэрээ хэрэгжээгүйн улмаас инфляцийн түвшин 13.2 хувь байгаа бөгөөд 17.000.000 төгрөгөөс алдагдлаа тооцоход 4.590.000 төгрөгийн алдагдалд орсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж хуульчилсан боловч нэхэмжлэгч нь 4.590.000 төгрөгийн хохирол учирсан гэх байдлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн 4.590.000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч гардаж аваад хариу тайлбар авах шаардлагагүй, хуралд дээр мэтгэлцэх хүсэлтээ илэрхийлснийг дурдав.
Хариуцагч Ц.Б түрээсийн гэрээ байгуулах үед түрээсийн талбай, байранд өөрчлөлт хийх хүсэлт гаргасны дагуу манай талаас засвар үйлчилгээг мэргэжлийн компаниар 22 м.кв талбайд засвар үйлчилгээ хийсэн ба засвар үйлчилгээний төлбөрт 17.600.000 төгрөг, шилэн хаалт 900.000 төгрөг нийт 18.500.000 төгрөгийг М ХХК-иас шаардажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд түрээсийн талбайд засвар үйлчилгээ хийлгэх талаар дурдаагүй, амаар тохиролцсон гэх боловч энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн н.Гантуяа болон Хятад захиралтайгаа хамт надад хүсэлт тавьсны дагуу би захиралтайгаа ярилцаад засвар үйлчилгээ хийсэн гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараар няцаагдаж байна.
Учир нь М ХХК, Ц.Б нарын хооронд засвар үйлчилгээ хийлгэх талаар тохиролцоогүй, гэрээндээ тусгаагүй, сөрөг нэхэмжлэлд хавсаргасан зарлагын баримтуудаар түрээсийн байранд засвар хийсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй
Эдгээр үндэслэлээр хариуцагч Ц.Бгаас 17.000.000 төгрөг гаргуулж, М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.590.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 18.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.4-т зааснаар хариуцагч Ц.Б-гаас 17.000.000 төгрөг гаргуулж, М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.590.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.4-т зааснаар М ХХК-иас 18.500.000 төгрөг гаргуулах тухай Ц.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331.340 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-гаас 242.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО