| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 195/2025/2091/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2264 |
| Огноо | 2025-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Г |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2264
2025 9 30 2025/ШЦТ/2264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,
улсын яллагч Б.Гантулга,
шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д*** овогт Н.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508031391428 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д*** овогт Н.Г (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн ** дугаар гудамж ** тоотод 2025 оны 6 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Э.Э-г хардалтын улмаас маргалдан түүний нүүр, нуруун тус газарт цохиж, бие, гар, хөлнөөс базах зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун бугалга, баруун, зүүн гуя, зүүн шуу, зүүн шилбэ, нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Н.Г нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн ** дугаар гудамжны ** тоотод хохирогч Э.Э-тэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун, зүүн гуя, зүүн шуу, зүүн шилбэ, нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),
Хохирогч Э.Э-н биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас),
Хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас),
Гэрч Я.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0725/8056 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас),
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 79-82 дугаар хуудас),
Аюулын зэргийн үнэлгээ “...Өндөр 8-11...” (хавтаст хэргийн 85 дугаар хуудас),
Шүүгдэгч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 96-102 дугаар хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Н.Г нь 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн ** дугаар гудамжны ** тоотод хохирогч Э.Э-тэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун, зүүн гуя, зүүн шуу, зүүн шилбэ, нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Харин энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Г нь өөрийн хамтран амьдрагч Э.Э-н биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “Тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус тус ойлгоно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Г, хохирогч Э.Э нар нь хамтран амьдрагч болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн “...Би Г гэх хүнтэй 2018 онд танилцаад хамт амьдарч эхэлсэн, бид хоёр хамт амьдрах хугацаандаа дундаасаа хоёр хүүхэдтэй болсон, гэр бүлийн баталгаа байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.Г нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Н.Г нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Г-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, мөн хохирогчийн “...Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй би сэтгэцийн хор уршиг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Г-г энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид 149,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд тус төлбөр нөхөн төлөгдөөгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Г-с 149,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Н.Г-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Г-т 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д*** овогт Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Г-с 149,000 (нэг зуун дөчин есөн мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЗОЛБОО