Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/00666

 

 

 

2023 оны 03 сарын 01 өдөр    Дугаар 183/ШШ2023/00666        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, нарны зам-62, Юнион бюлдинг, А корпус, 0000 тоотод байрлах, С.Э.М.Г ХХК /РД:000000-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,11 дүгээр хороо, гэрэгэ вилла хотхон, 000-000 тоотод байрлах, Т.П ХХК /РД:0000000/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15.092.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Э.М.Г ХХК нь Т.П ХХК /РД:0000000/-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 00/00 тоот Нефтийн бүтээгдэхүүн буюу тос тосолгооны материал зээлээр худалдах гэрээг байгуулж, гэрээний дагуу 10.551.500 төгрөгийн үнийн дүн бүхий тос, тосолгооны материалыг нийлүүлсэн. Худалдан авагч Т.П ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 490.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх төлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэхэд бэлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийн дүнгээс 10.061.600 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өдийг хүртэл төлөөгүй байна.Ийнхүү худалдан авагч үүргэ гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Худалдан авагч нь төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг Нийлүүлэгчид төлнө гэж харилцан тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцэх 5.030.800 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байх ба үндсэн төлбөрийн үлдэгдэл 10.061.600 төгрөг нийт 15.092.400 төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 15.092.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Харин алданги 5 030 800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн гэрээний тооцоо нийлсэн актыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, хавсралтаар 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн. Үүнээс хойш үлдэгдэл төлбөр болох 10 668 000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэрээний 4,2 дахь хэсэгт зааснаар алданги тооцсон. Манай компани уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Тухайн үед ковидын цар тахлын нөхцөл хөл хорионы дэглэмд орж санхүүгийн хүндрэл гарсан тул алдангийн зарим хэсгээс чөлөөлж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын бүртгэлийн гэрчилэгэ, улсын тэмдэгтийн хураамж, 2022.12.08-ны өдрийн итгэмжлэл, 2020.08.05-ны өдрийн 181/ШШ2020/00000 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.10.25-ны 00/00 дугаар өдрийн Нефтийн бүтээгдэхүүн буюу тос тосолгооны материал зээлээр худалдах гэрээ, Тооцоо нийлсэн акт, 2019.03.26-ны өдрийн 00/000 Төлбар барагдуулах тухай, 2019.06.26-ны 00/000 Төлбөр барагдуулах тухай шаардах, 2019.08.22-ны өдрийн 00/000 Төлбөр барагдуулах тухай шаардах, Тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: 2022.12.18-ны өдрийн 00/00 итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э.М.Г ХХК хариуцагч Т.П ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15.092.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т.П ХХК 10.061.600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 5.030.800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд 2018.10.25-ны өдөр нефтийн бүтээгдэхүүн буюу тос тосолгооны материал зээлээр худалдах 00/00 тоот гэрээ байгуулж, тос тосолгооний материалыг зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцож, Т.П ХХК нефтийн тос тосолгооны материал зээлээр авч, 2019.09.30-ны байдлаар тооцоо нийлэхэд 10.061.600 төгрөгийг үлдэгдэлтэй талаар зохигч тооцоо нийлсэн байна.

Хариуцагч 10.061.600 төгрөгийн үлдэгдэлтэй, төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алданги 5.030.800 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Т.П ХХК алданги 5.030.800 төгрөгийг төлөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч энэ гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

Зохигчын хооронд байгуулсан гэрээний 4.3-т худалдан авагч нь энэхүү гэрээний 4.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг нийлүүлэгчид төлнө. Энэхүү алданги үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тохиролцжээ.

Худалдагч, худалдан авагч нар гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгаа өөрсдөө тодорхойлсон бөгөөд худалдан авагч Т.П ХХК алданги 5.030.800 төгрөгийг төлөхгүй гэх талаарх баримтаа ирүүлээгүй тул хариуцагч Т.П ХХК-иас 15.092.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Э.М.Г ХХК-нд олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Т.П ХХК-иас 15.092.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Э.М.Г ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 233.420 төгрөгөөс төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.П ХХК-иас 233.420 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Э.М.Г ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ           Г.СОЛОНГО