Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/535

 

 

 

 

 

 

     

 

Г.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал,   

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/494 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Од холбогдох эрүүгийн 2006045450191 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

/;

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ….. иргэн Т.Цтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстын тархмал цус харвалт, баруун хөмсөгний язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Т овогт Г Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О /РД: /-аас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 231.309 төгрөг гаргуулан хохирогч Т.Ц /РД: /-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 Шүүгдэгч Г.О давж заалдах гомдолдоо: “...Хохирогч нь шүүх хуралд суугаагүй буюу огт ирээгүй. Аав, хүү хоёр нийлж зодчихоод хэрэгт оруулаагүй. Намайг мөргөсөн гэж худал гүтгэж байна. Нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад худал хэлсэн. Удаа дараа худал хэлээд байгаа тул хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шийтгэх тогтоол нь хзргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Хэрэг болсон өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзурх дүүргийн 17 хороо Эрдэнэтолгойн 29-745 тоот хашааны ны гадна Г.О, Т.Ц нар нь маргалдаж улмаар хохирогч гэх Т.Ц нь Г.О-ын биед халдаж чулуу шидсэн. Мөн Г.Оын унаж явсан 08-71УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуферийг өшиглөж хагалсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой харагддаг болно.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Г.Оын биед учирсан гэмтэлтэй холбоотой болон тээврийн хэрэгслийн гэмтлийг завсарлахад шаардлагатай баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гарган өгч, хэргийг тал бүрээс шалгуулах хүсэлт гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгч талаас баримт гаргаж өгсөн нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж аваагүй байх тул гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг нотцойгоор зөрчсөн бөгөөд гэмт этгээдийн хийсэн үйлдэлд эрүүгийн хариуцпага оногдуулахаас чөлөөлсөн нь талуудыг тал бүрээс мэтгэлцэх нөхцөл бололцоогоор хангаагүйгээс гадна шүүгдэгчийн биед учирсан гэмтлийг шүүгч өөрөө дүгнэлт хийсэн нь боломжгүй юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудад үнэлэлт хийж шийдвэрийнхээ эх сурвалж болгодог. Гэтэл анхан шатны шүүхийн тогтоолд дурдагдсан нотлох баримтууд нь дараах процесс хуулийг зөрчсөн. Үүнд:

- 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Г.Өлзийдэлгэрээс гэрчээр мэдүүлэг авсан. /хх-20/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “тэмдэглэлд ажиллагаа явуулсан, тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтан гарын үсэг зурна” гэх заалттай байтал мөрдөгч н.Нэхийт мэдүүлэгт гарын үсэг зураагүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан нотлох баримт гэж үзэхгүй.

- Хавтас хэргийн 13-11 дүгээр талд мөрдөгч нь 2021 оны 12 дугаар сарын 22- ны өдөр Т.Цыг хохирогчоор тогтоож, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг авсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “он, сар, өдөр”-г бичих хуулийн заалтыг ноцтой зөрчсөн нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ оруулсан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн шаардлагыг хангахгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо автомашины үнэлгээний талаар маргаж байна. Тухайн гэмт хэрэг гарсаны дараа автомашины урд гуферт үнэлгээ хийлгэхэд 190.000 орчим төгрөг болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдогчийн хохирол учруулсан автомашин Г.Ө-ийнх байсан учир прокурорын зүгээс тогтоогдсон үнэлгээтэй танилцуулж, уг үйлдлийг нь зөрчлөөр шалган шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Дараа нь анхан шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс автомашины эвдрэл гэмтлийг засуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан баримтуудаар Г.Оын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, дэмжиж байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Од холбогдох эрүүгийн 2006045450191 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Оын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29-745 тоот хашааны гадна хашааны хаалга хааж машин тавилаа гэснээс шалтгаантайгаар Г.О, Т.Ц нарын хооронд маргаан үүссэн, улмаар харилцан бие биенийхээ биед хүчээр халдаж, Г.Оын “...Т.Цын нүүрэн тус газар нь цохисон...” үйлдлийн улмаас Т.Цын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстын тархмал цус харвалт, баруун хөмсөгний язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь:

хохирогч Т.Цын: “...Огэх хүн манай хүү А-тай маргалдаж байх үед нь би гараад салгах гэж очоод Огэх хүнтэй маргалдаж, тухайн хүн миний зүүн мөрөн дээр цохисон. Би буцаагаад мөргөх гэсэн боловч оноогүй. Харин Охамар руу 1 удаа мөргөж, миний хамраас цус гарсан. Мөн баруун нүдний хөмсөг орчимд гараараа 1 удаа, баруун нүд рүү 1 удаа цохисон. Тухайн үед баруун нүдний хөмсөг задарсан, мөн нүдний доод талд яс нь цөмөрсөн,  хамар хавдсан байна гэж шинжээч эмч хэлсэн. ...” /хх-12-13/,

 гэрч Г.Ө-ийн: “...аав Г-ийн гэрт зочилж ирсэн байсан. Би өөрийн 08-71 УБВ улсын дугаартай автомашинаа хажуу айлын хашааны хаалган дээр тавьж, ойролцоогоор 10-15 минут орчим болоод гарч ирэхэд хажуу айлын гэх залуу нэлээд ууртай цаг гаруй хүлээсэн “та нарыг, ахиж ингэвэл яах вэ” гэх зэргээр хэрүүл маргаан хийгээд байсан тул дүү Омашинаас бууж очоод тухайн залуутай маргалдаад зогсож байхад залуугийн аав нь гэх хүн гарч ирээд маргалдаж байгаад манай дүү Отгонжаргалыг цохисон, хаана яаж цохисныг нь хараагүй, намайг машинаас бууж очих үед Ц гэх хүний уруул орчим болон толгой орчмоос нь цус гарсан байсан. ...” /хх-15-16/,

гэрч Г.Ө-ийн: “...Хашааны хаалгаар гарч ирэхэд тухайн айлын зүс таних залуу бүтэн цаг та нарыг хүлээлээ хамаг ажил алдууллаа гэж ах О-тай маргалдах үед тухайн залуугийн аав гэх хүн гарч ирээд ах О-ын нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиод бие биенийхээ энгэрээс зуурсан. Тухайн хүний хүү нь аавыгаа салгах гээд ахын гарыг зулгаасан тул би тухайн залуугийн үснээс зулгааж доошоо дарсан, эгч Ө ахтай зууралдаж заамдаж авсан хүнийг салгах гээд зогсож байсан. Өөрөөр хэлбэл ах Озүүн гараараа 50 орчим насны эрэгтэйн хүүгийн гарын бугуй хэсгээс, би хүүг нь баруун гараараа үснээс нь доош дарж, зүүн гараараа тухайн залуугийн ах Оаав хоёрыгоо салгах гээд зуурсан гарыг нь салгах гээд барьсан. Эгч Ө Оахын энгэр хэсгээс зуурсан 50 орчим насны эрэгтэй хүний гарыг салгах гээд зуурсан байдалтай байсан. Оах тухайн хүнийг цохихыг нь хараагүй. ...” /хх 17-18/,

гэрч Ц.Болор-Эрдэнийн: “...ээж гадаа аав чинь бөөн юм болж байна, цагдаа дуудъя гэж орж ирэх үед би ээжид цагдаагийн дугаарыг нь өгөөд гадагшаа гарах үед аав нөгөө залуутай бие биеийнхээ энгэр хэсгээс зуурсан байдалтай ах Анхбаяр чихээ барьсан байдалтай хажууд нь тухайн залуугийн хамаатан 2 эмэгтэй байсан. ...намайг гадагш гарах үед аавын нүүр орчим цус болсон тухайн хүнтэй зууралдсан байдалтай байсан. ...тухайн өдөр аавын толгой нь өвдөж байна гэж байсан. Нүүрний баруун хэсэг нь  хавдаж цус гарсан байдалтай байсан. ...” /хх 20/,

гэрч Ц.Анхбаярын: “...Бид хоёр бие биеэ заамдсан байдалтай манай хашаанаас гарцгаасан. Удалгүй тухайн эрэгтэйн хашаанаас 2 эмэгтэй гарч ирээд нэг эмэгтэй нь миний зүүн чихнээс татаж, үснээс зулгааж, доош дарсан. Тухайн үед аав гэрээс гарч ирээд тухайн эрэгтэй бид хоёрыг салгах гэж голоор орж ирсэн. Аав салгах гэж үзсэн боловч салахгүй байсан. Тухайн залуу аавыг 2-3 удаа мөргөж гараараа 2 удаа цохисон. Миний харснаар аавыг цохисон гарт нь машины түлхүүр байх шиг байсан. Тэгээд аавын нүүр орчмоос цус гараад хоёр тийшээ салцгаасан. ...би доош тонгойсон байдалтай байх үед аав тухайн хүнтэй харилцан бие биенээ цохиод байх шиг байсан. ...” /хх 22/,

гэрч О.Уранчимэгийн: “...Би гадагшаа утсаа бариад гартал манай нөхөр Цын нүүр нь цус болсон байдалтай газар сууж байсан удалгүй босоод уурласандаа тухайн хүний машин дээгүүр цусаа гоожуулаад явж байсан. ...” /хх 25/ гэх мэдүүлгүүд, 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн: “...1.Т.Цын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстын тархмал цус харвалт, баруун хөмсөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх №13267 дугаартай /хх-46-48/ дүгнэлт, тус шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Н.Энхцолмонгийн: “...Т.Цын биед үүссэн гэмтэл мохоо зүйлийн цохих хүчний үйлчлэлээр үүснэ. Өөрийн биеийн жингээр бусдыг мөргөх тохиолдолд дух болон зулайн хэсгээр мөргөж гэмтэл учруулдаг. Т.Цын биед баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун хөмсөгний язарсан шарх гэмтэл учирсан нь мөргөхөөс илүүтэйгээр цохиход үүсэх боломжтой гэмтэл байна. ...” /хх-52/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.  

Шүүгдэгч Г.Оын хохирогч Т.Цтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна.

Харин Т.Цын үйлдлээс Г.Оын биед гэмтэл учраагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 114 дүгээр сарын 30-ны өдрийн 13266 дугаартай “...Г.Од духанд цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй зэрэг тогтоохгүй. ...” шинжээчийн дүгнэлт /хх 50/ -ээр тогтоогдож байх тул Т.Цын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас шүүх торгох ял сонгож, зургаан зуун нэгжээр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.    

Хохирогч Т.Цын эмчилгээний зардал 223,309 төгрөг /хх 39-41/ болон шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 8000 төгрөгийг /хх 45/ тус тус, нийт 231,309 төгрөгийг Г.Оын үйлдлээс учирсан гэм хорын хохирол гэж үзэж, Г.Оаас гаргуулан хохирогч Т.Цд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.   

Г.Ө-ийн эзэмшлийн Hyundai Sonata7 загварын 0871 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 82,000 төгрөгийн эвдрэл нь /хх35/ Т.Цын үйлдлээр учирсан гэдэг нь хангалттай нотлогдоогүйгээс гадна Эрүүгийн хуульд заасан гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу бага хэмжээнээс дээш хохиролд /300000 төгрөгөөс дээш биш/ хүрэхгүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Г.Өр нь 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн, гэрчийн мэдүүлэг авахдаа гэрчийн эрх, үүргийг мөрдөгч Ё.Нэхийт танилцуулсан /хх 19/, тус өдрөө мөрдөгч Ё.Нэхийт, Г.Ө-ээс гэрчийн мэдүүлэг авсан болох нь гэрчид эрх, эрх,үүргийг нь танилцуулж, хууль сануулсан талаархи баримт /хх 19/, гэрчийн мэдүүлгийг бэхжүүлсэн тэмдэглэл /хх 20/ зэргээр нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлийн төгсгөлд мөрдөгч гарын үсгээ зураагүй гэдгээр гэрч Г.Ө-ийн мэдүүлгийг үнэлэхгүй байх, нотлох баримтад тооцохгүй байх хууль зүйн үндэслэлгүй, энэхүү мэдүүлгийг бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаань тухайн  шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх...” талаархи давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/494 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ