| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1732/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2186 |
| Огноо | 2025-09-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч З.Бат-Амгалан,
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310008600601 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Т-ийн Э, Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, 4 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Э нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, *** гэх нэртэй дэлгүүрт хохирогч Б.Б-ийн эзэмшлийн цүнхнээс бэлнээр 400,000 төгрөг болон 2,990,000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфоне 13 про макс загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Б-д нийт 3,390,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “...дэлгүүрт ажилд орсон эмэгтэй хүн бэлэн мөнгө, гар утас хулгайлаад явсан байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал),
- Хохирогч Б.Б-ийн “...2023.02.05-ны өдөр 15 цагийн үед манай дэлгүүрт худалдагчаар ажилд орохоор *** дугаарын утаснаас эмэгтэй хүн холбоо бариад ирж уулзсан. Тухайн хүн өөрийнхөө нэрийг Э гэж хэлж байсан. Тэгээд тэр өдрөө надтай хамт бараа цэгцлээд орой 23 цаг өнгөрөөд манай дэлгүүрийн жижиг өрөөнд хоноод маргааш өдөр нь бараа тоолох гээд 14 цагийн үед би угаалгын өрөөнд байж байхад цүнхнээс алтан шар өнгийн айфоне 13 про макс маркийн гар утас болон бэлнээр 400,000 гаран төгрөг аваад гараад явсан байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
- Гэрч Х.Н-ын “...2025.02.06-ны өдрийн 14 цагийн орчимд намайг гэртээ байж байхад ээж Б над руу харуулын утсаар залгаад “утсаа алдчихлаа” гэж хэлэхээр нь би яваад очсон. Намайг очиход ээжийн гар утас болон цүнхэн дотор нь байсан бэлэн мөнгийг бүгдийг нь аваад явчихсан байна гэж хэлж байсан. Тэгээд би ээжийн хамт цагдаагийн байгууллагад ирсэн. Би ээжийг 2025.02.05-ны орой цүнхэндээ 400,000 төгрөгийг бэлнээр хийхэд нь би харж байсан. Ээж дараа нь камерын бичлэг шүүж үзээд шинээр ажилд орсон худалдагч Э гэдэг эмэгтэй хүн авч явсан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
- Дамно ХХК-ийн №ХУ1-23-257 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Iphone 13 pro max загварын, 2022.05 сард авч байсан, эвдрэлгүй, 1 ширхэг, үнэлгээний дүн 2,990,000 төгрөг...” гэх (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.Э-ийн үйлдэл нь идэвхтэй, хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг авсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Т.Э нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *** гэх нэртэй дэлгүүрт хохирогч Б-ийн эзэмшлийн цүнхнээс бэлнээр 400,000 төгрөг болон 2,990,000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфоне 13 про макс загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Б-д нийт 3,390,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Т.Э хохирогчийн өмчлөлийн эд зүйлсийг шунахайн сэдэлтээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,390,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Т.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцов.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Т.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас 3,390,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Т.Э-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна. Шүүгдэгчээс 3,390,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүхэд хүргүүлсэн иргэний бичиг баримт байхгүй. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...Надад хорихоос өөр ял оногдуулж өгнө үү. Би хохирогчид учруулсан хохирлоо 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлж барагдуулна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 2023/ШЦТ/1327 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 61-74 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 82-85, 108-110 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 93-94 дэх тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 99-103 дахь тал), хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 107 дахь тал), Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.06.11-ний өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 136-143 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 4 хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Шүүгдэгч Т.Э нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхэлж байгаа талаараа мэдүүлсэн, тэрээр ажил хөдөлмөр хийж хохирлыг нөхөн төлөх хүсэлтийг гаргасан, 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Э-т мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Т-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ийг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Э-т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас 3,390,000 (гурван сая гурван зуун ерэн мянга) төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР