| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 106/2024/0110/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2115 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Г.Ариунзул,
иргэдийн төлөөлөгч Я.Э,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Б,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн, Л.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000342 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г-ын Т, Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн эцгийн хамт *** оршин суух хаягтай, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь "хамт явж байсан Ж.Б-ыг өмөөрч" амь хохирогч Н.У-ыг цохиж унаган, түүний хэвлийн тус газарт хөлөөрөө өшиглөж түүний биед нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулж алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн хувьд маргахгүй гээд 1-р хавтаст хэргийн 25-26, 47-48, 79-81, 83-85, 96-97, 100-103, 111-113, 129-140, 130-151, 241-250 дахь тал, 2-р хавтас хэргийн 37-38, 39-40, 55-56 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч С.Чинбат, Д.Доржсүрэн нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах байр суурьтайгаар 1-р хавтаст хэргийн 25-28, 41-42, 47-48, 55-56, 63, 66, 79-81, 83, 95-98, 100, 111, 129-140, 150-151, 180-183 дахь тал, 2-р хавтаст хэргийн 37, 216 дахь тал, 3-р хавтаст хэргийн хавтаст 214 дэх тал, 4-р хавтаст хэргийн хэргийн 59 дэх талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Т нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр *** тоотод "хамт явж байсан Ж.Б-ыг өмөөрч" амь хохирогч Н.У-ыг цохиж унаган, түүний хэвлийн тус газарт хөлөөрөө өшиглөж түүний биед нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулж алсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Иргэн О.Д-аас Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 1 дэх тал),
- 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 8-19 дэх тал),
- 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтаст хэргийн 194-197 дахь тал),
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 20-24 дэх тал),
- Гэрч О.Д-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 25-33 дахь тал)
- Мөрдөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 225 дахь тал),
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ийн “...Би талийгаачийн эхнэр нь бөгөөд бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч 2015 оноос хойш нас барах хүртэл нь эхнэр нөхрийн харилцаатай байсан. Бид хоёр дундаасаа нэг хүүтэй хүү маань 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Ч гэдэг хүү маань надаар овоглодог бөгөөд талийгаач бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүү маань ааваараа овоглож чадалгүй надаар овоглох болсон..." гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 13 дахь тал),
- Амь хохирогч Н.У-ын 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн "...2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хамт архи уусан Ц гэдэг ах хүү гэнэт нэг хүнтэй утсаар яриад байсан. Удалгүй гэрт байж байхад гэрт танихгүй хүмүүс ороод ирсэн гэрээс гараад хартал 10 гаруй залуучууд байсан. Тэр дунд урд нь 409-ийн шоронд хальт таарч байсан Ж-ын Б нь тэр залуучуудыг толгойлж байсан. Тэр дунд өндөр савхин куртиктэй жинсэн өмдтэй шардуу цагаан царайтай эрэгтэй нь намайг унагасан байхад гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг Ж-ын Б хавсарч унагасан. ... Өндөр шар царайтай залуу хэвлий рүү газар унасан байхад 2-3 удаа өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал),
- Гэрч Т.Б-гийн "...2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр найз Д-н гэрт хүүтэйгээ Баянгол дүүргийн Зурагтад байх гэрт нь явж очсон. Найз болон түүний нөхөр Д, У бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн юм ярьж суусан. Хамт сууж байсан нэг залуу хэсэг залуучуудыг дуудаж байгаа сонсогдсон тэгтэл удалгүй Д найзын гэрт арван залуу орж ирсэн. Үгийн зөрүүгүй Д, У, Д бид нарыг зодсон. Өндөр савхитай залуу У-ыг газар унагаж өшиглөж дэвсэлж цохисон..." гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55-56 дахь тал),
- Гэрч Т.Б-ийн дахин өгсөн "... Би 2023 оны 02 дугаар сарын 11-ний өглөө хүү А /9 нас, эр/ хамтаар найз Д-тай уулзахаар Зурагтад байдаг гэрт нь очих үед Д, Н, Э, У, Э-тын найз З, Д нар нь хашаан дотор гэртээ бөөндөө бүгд эрүүл байсан ба би гаднаас орохдоо 0,75 литртэй Хараа архи барьж ороод тэд нартай хамт хувааж ууж эхэлсэн. Тэр үед цаг 12-13 цагийн үе л байсан байх. Тэгээд дахиад 0,75 литртэй Хараа архи авсан ба гэр дотор Э ахын найз З ах гэнэт утсаараа дүрсээ хараад нэг эрэгтэй хүнтэй утсаар яриад байсан ба нөгөө утсаар ярьж байсан залуу хаягаа хэлээд өгчих гээд байсан ба Д гэрийнхээ хаягаа зааж өгөөд байсан. Удалгүй 15 цагийн үед байх хашааны хаалга нүдээд байх үед Д гадагшаа гараад баахан хүмүүс ирсэн байна шүү гэж хэлэхэд гэрт байсан бүх эрэгтэйчүүд гэрээс гарсан ба би араас нь хамгийн сүүлд хүүгээ дагуулаад Д ах байшингийн урд газар унасан байхад цайвар царайтай туранхайвтар хар савхин хүрэмтэй, 175 см орчим өндөртэй 20 гаран насны залуу болон саарал куртиктэй 175 см өндөртэй 20 гаран насны залуу хутга барьсан байхаар нь гүйж очоод болиоч хүн аллаа гэсэн чинь У ахыг гэрийн урд хэсэгт гадаа хэвтэж байхад нь очоод гэдэс болон нүүр нуруу хэсэг рүү өшиглөөд байсан, түүний араас нөгөө хар савхин хүрэмтэй, 175 см орчим өндөртэй 20 гаран насны залуу очоод У-ын гэдэс хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд байсан түүний араас ганц нэг өөр залуучууд ирээд У-ыг толгой нуруу руу нь өшиглөөд яваад байсан..." гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 96-97 дахь тал),
- Гэрч О.Д-ийн "... Тухайн үед манай хашаа руу миний ажигласнаар 7 орчим эрэгтэй хүн орж ирсэн байсан бөгөөд тухайн эрэгтэйчүүдийн өндөр нуруутай, бор хүрэн өнгийн богино хүрэм өмссөн, малгайгүй эрэгтэй миний нүүр лүү хар савтай шингэн зүйл цацахаар нь нүдээ гараараа дарсан байх үед манай нөгөө хэдийг бас цохиж зодоод байх шиг байхаар гараа автал хэн нэгэн нь миний дух руу хүрзний хугархай иш шидэхээр нь би хашаанаас гараад манай хашаа руу дайрч орон бид нарыг зодсон хүмүүсийн унаж ирсэн машиных нь улсын дугаарыг нь харахаар машин руу очтол 9*** УБН улсын дугаартай байх шиг харагдтал миний араас махлаг залуу хүрч ирснээ янхан минь машины дугаар харлаа гээд уурлахаар нь буцаж хашаа руугаа гүйгээд ортол У биеийнхээ баруун талаар газар хэвтэж байх үед түүнийг анх миний нүд рүү шингэн зүйл цацсан өндөр нуруутай, бор хүрэн өнгийн богино хүрэм өмссөн залуу хөлөөрөө гэдэс хэсэг рүү нь 2 удаа өшиглөөд холдоход У-ын хамраас нь цус гарсан байдалтай ёолоод байсан. Тэр үед нь би цагдаа дуудлаа гээд цэнэг нь дууссан гар утсаа халааснаасаа гаргаж ирээд худлаагаасаа ярьсан чинь нөгөө хүмүүс гараад явцгаахад бид нарыг зодсон залуучуудыг дагуулж ирсэн Ж-ын Б ганцаараа хашаанд үлдээд одоо больцгоо, хэдүүлээ ярилцъя, Нус Д-г таних уу? гээд юм ярьж байгаад хашаанаас гараад явчихаар нь би араас нь дагаад гартал анх 9***УБН улсын дугаартай ирсэн хар өнгийн суудлын автомашин улсын дугаараа тайлаад авчихсан, ирээд Ж.Б-ыг зам дээрээс аваад яваад өгсөн. Миний харснаар У-ын биед өндөр нуруутай, бор хүрэн өнгийн богино хүрэм өмссөн залуу ганцаараа халдсан. Намайг хашаанаас гарчхаад буцаж ороход У-ыг газар хэвтэж байхад нь өндөр нуруутай, богино хүрэмтэй залуу хэвлий рүү нь хоёр удаа өшиглөснөөс хойш У газраас огт босоогүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 108-109 дэх тал),
- Гэрч О.Д-ийн 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн “ ... Надад үзүүлж буй зурган дээрх элсэн дээр байгаа хугарсан хүрзний иш нь манайх хог шороо хамахдаа хэрэглэдэг юм. Тухайн үед уг хүрз нь бүрэн бүтэн, хугарч эвдрээгүй хашааны дотор хогны хажууд байрлаж байхад тухайн үед манай хашаанд дайрч орж ирэн зодоон үүсгэсэн залуучуудын нэг нь буюу талийгаачийг У-ыг зодож, гэмтэл учруулсан алсан эрэгтэй хүн хүрзийг авч, миний толгой руу цохих үед уг хүрз голоороо хугарсан. Тухайн үйл явдал болсны дараа манай хүрз хугарч, дахиж ашиглах боломжгүй болсон учир хугарсан хэсгүүдийг бүгдийг нь хогонд хаясан учир одоо хаана байгааг нь мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 199 дэх тал),
- Гэрч 3. Г-ын "... 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би унтаж байгаад сэрээд өдөр 15 цагийн орчимд "М" буудлаас гараад зогсоол дээр нь байсан өөрийнхөө унаж явсан 4*** УАУ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын машиндаа суугаад, машинаа халаагаад байж байтал зүс таних Б ах, Т хоёр М зочид буудлаас гарч ирээд Б ах намайг машиндаа сууж байхыг харснаа над дээр ирээд "ахын дүү бид нарыг ойрхон нэг газар хүргээд өгөөч" гэхээр нь зөвшөөртөл буудлаас Б гарч ирээд Б, Б хоёр миний машинд суугаад, явъя гэхээр нь бид гурав хөдөлсөн бөгөөд бид гурвыг хөдлөхөд Т зочид буудлын үүдэнд зогсож байсан /улсын дугаарыг нь санахгүй байна/ хар өнгийн Мерседес бенз загварын машин руу сууж байгаа харагдсан. Б ах машинд суучхаад гар утсаараа нэг эрэгтэй хүнтэй дүрсээ харж яриад байсан бөгөөд Б ах тухайн хүндээ "банди нь очиж явна" гэтэл ард сууж явсан Б гар утсыг нь авснаа "З хамаа юу байна?" гэтэл утсаар ярьж буй хүний цаанаас нь өөр эрэгтэй хүний хоолойгоор "алалцъя, хүрээд ир" гэхэд Б "юун алалцах вэ? явж очоод ганц шил юм ууя" гэснээ хаягаа хэлээч гэхэд утсаар ярьж байсан хүний цаанаас нэг эмэгтэй хүн Зурагтын хуучин билүү шинэ эцэс дээр гээд хаягаа зааж өгтөл Б ах намайг Зурагт руу явъя гээд Зурагтын хуучин эцэс рүү очоод гэр хороолол дундах засмал замаар явж байгаад гээд утсаа тасалсан. ... Тэгтэл Т халааснаасаа цацдаг газ гаргаж ирээд хашаан дотор байсан үл таних эрэгтэйн нүүр лүү цацсанаа Т, Б, С, Б нар хашааны дотогш явж ороод Мерседес Бензийн жолооч залуу бид хоёр хашааны гадна үлдсэн. Тэр хашаан дотор танихгүй 2 эмэгтэй, 4-5 эрэгтэй хүмүүс байсан. Т хашаа руу ороод дотор нь байсан эрэгтэй хүмүүс рүү дайрч давшлан хүн бүрийг ганц, хоёр удаа гараараа цохиж байтал хашаан дотор байсан хүмүүсийн нэг нь болох дээгүүрээ хувцасгүй, нүцгэн эрэгтэй хүн /хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй байна/ заазуур гартаа барьчихсан "ална шүү" гэж орилсон чинь Т "наад заазуур чинь миний бие рүү ордоггүй юм гэснээ үргэлжлүүлэн Б ахыг өмөөрсөн утгатай үг хэлээд" заазуур барьсан эрэгтэй хүн рүү явж очоод гараараа нүүр лүү нь цохиод ноцолдож байтал Б ах явж очоод хамт ноцолдож байгаад Т болингуутаа эргэж хараад ганцаараа зогсож байсан эрэгтэй хүний араас нь явж очоод нуруу руу нь хөлөөрөө тийртэл нөгөө эрэгтэй нь газар унасан чинь Т баруун хөлөөрөө гэдэс рүү нь нэг, хоёр удаа өшиглөөд үргэлжлүүлэн толгой руу нь бас нэг, хоёр удаа өшиглөнгүүтээ холдоод яваад өсгөн. Тэр үед Б халааснаасаа хутга гаргаж ирээд хашаан дотор байсан хүмүүс рүү очиж явахад нь Т боль гээд хутгыг нь авах гэхэд Б "шаахгүй бол болдоггүй юмаа" гэсэн утгатай зүйл хэлтэл Т түлхсээр байгаад хашааны үүд рүү дөхөөд ирэхээр нь би Б-ын гарт байсан хутгыг нь булааж аваад Т, С, Б болон Мерседес Бенз машины жолооч бид нар хашаанаас гараад машин машин руугаа явтал Б ах ганцаараа хашаан дотор нөгөө танихгүй хүмүүстэй үлдсэн. Би машин руугаа ганцаараа түрүүлж очоод машиныхаа хажуу талд байсан модон хашааны завсраар Б-ын гараас булаасан хутгыг шидчихээд машиндаа суугаад зам руу ортол Б ах зам дээр зогсож байхаар нь түүнийг аваад явсан..." гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 111-113 дахь тал),
- Гэрч 3.Г-ын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн "... Яг тэр үед Г.Т гартаа цацдаг газ барьчихсан, хашааны дотогш цацаад байсан. ....Хашаан дотор байсан монгол гэрээс цээж нүцгэн эрэгтэй хүн гартаа заазуур барьчихсан гарч ирээд заазуураа далайгаад алнаа гээд бүгдэд нь хандаж хэлэхэд Т тухайн эрэгтэй хүн рүү явж очоод наад заазуур чинь миний бие рүү ордоггүй юм гэж хэлээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон чинь нөгөө эрэгтэй нь газар унаад өгсөн. ... Т тэр үед анх цохиж унагаасан эрэгтэй хүний ар нуруу руу хөлөөрөө өшиглөж газар унагаагаад гэдэс рүү нь хөлөөрөө 1, 2 удаа өшиглөсөн. ...Б-ын хувьд хэн нэгэнтэй утсаар ярьж маргалдаад тухайн хашаанд очих шалтгаан болсон бөгөөд Т тэр хашаан дотор ороод хүмүүстэй зодолдож байхдаа Б-ыг өмөөрсөн маягтай үг хэллэг хэлээд зодоон хийгээд байсан. ...Анх Б машинд суугаад хэн нэгэнтэй утсаар ярихдаа банди нь очиж явна энэ тэр гэхэд би Б-ыг тухайн хүнтэй утсаар яриад ганц юм хамт ууя энэ тэр гэхээр нь би Б, Б нарыг таньж мэддэг хүмүүстэйгээ уулзаж архи уух гэж байгаа юм байна гэж бодсон. Яг тэр хашаанд болсон үйл явдлын хувьд олон хүнийг хамарсан зодоон цохион болоогүй..." гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 207-208 дахь тал),
- Гэрч Б.Б-ын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн "...Хашаан дотор ороод Т, У-той зууралцаад, хоорондоо олигтой цохилцож, зодолдож амжаагүй байж байтал Н, Д хоёрын нэг нь заазуур барьчихсан байж байхаар нь Том заазуур барьсан эрэгтэй рүү явж очоод ноцолдож эхлэхэд Б, У руу явж очоод хавирч газар унагаачхаад Т-той хамт заазуур барьсан эрэгтэйн гаран дахь заазуурыг нь тавиулах гээд хэсэг ноцолдож байгаад Т Б-ыг заазууртай эрэгтэйтэй хамт үлдээчхээд, У руу явж очтол У газраас босчихсон, нүүр нь цус болсон байдалтай, явган суучихсан "хамуудаа одоо болъё" гэж хэлтэл Т У-ын ар нуруу руу нь хөлөөрөө нэг өшиглөсөн чинь У биеийнхээ урд хэсгээр газар нэлээн хүчтэй унаад, босож ирэхгүй, хөдөлгөөн хийхгүй байтал Түргэлжлүүлэн У-ын нүүр лүү нэг удаа, дагз руу нь хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. ... Б-ын хувьд тэнд дагуулж очсон С, Т, Б болон приусын жолооч эрэгтэй нарыг хэл амаараа удирдаад, бас У-ыг хавирч унагаасан. Унагаагаад дараа нь яасан гэдгийг нь би мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 83-85 дахь тал),
- Гэрч Б.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн "... Анх би Б, Б, С, Т нартай уулзахад тэд нарт ямар нэгэн зэвсэг зэвсгийн чанартай зүйл байгаа гэх зүйл ажиглагдаагүй, харин би тухайн зодоон болсон хашаа руу очиход Б тэр хашаанд байсан хүмүүстэй зодоон хийх явцдаа нүүр рүү нь нулимс асгаруулагч цацаад байсан. ...Б нэг хүнтэй утсаар ярьж байгаад маргалдаж тэр хүнтэйгээ уулзахаар явахдаа намайг хүргээд өгөөч гэсэн болохоор би зөвшөөрч тэр газарт тэд нарыг хүргэж өгөх гэж тэр айлд очсон..." гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 210-211 дэх тал),
- Гэрч Б.С-ын "...надтай хамт явж байсан хүмүүс дундаас Б-оос өөр хүн ямар нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэснийг би хараагүй, Би Б-ыг тэр хутгыг хаанаас гаргаж ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Би анхнаасаа Б-ын биед хутга байгаа гэдгийг мэдээгүй, хутга байгааг мэдэх нь битгий хэл хаашаа явж байгаагаа мэдэхгүй дагаад тэр газарт очсон. Т тэр хашаанд ганцаараа тухайн хүмүүсийг зодсон бөгөөд бид нар олон нийт цугласан газарт биш тэр айлын хашаан дотор орсон байсан..." гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 216-217 дахь тал),
- Гэрч П.Н-н "...2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр миний төрсөн дүү Д бид нарын амьдардаг *** тоот гэртээ Д, түүний эхнэр Д, Д бид хоёрын найз Э, мөн түүний дагуулж ирсэн З, Д-ийн найз эмэгтэй гэх хүмүүсийн хамтаар архи ууцгааж байтал З гэх эрэгтэй гар утсаараа нэг нэг эрэгтэй хүнтэй дүрсээ харж ярьж байсан бөгөөд гэнэт Д З-ийн утсаар ярьж байсан эрэгтэй хүнтэй утсаар нь маргалдаад хүрээд ир гэсэн чинь нөгөө эрэгтэй хүн танай гэр хаана байдаг юм гэхэд Д, Д хоёрын нэг нь тухайн эрэгтэй хүнд гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Удалгүй би Д-ийн хамтаар дэлгүүр орох гээд хашаанаас гартал хашааны гадна 2 машин ирж зогсоод 5-6 орчим эрэгтэй хүн бууж ирээд манай хашаа руу орох гэхээр нь би хашааны дотор байсан хүрзийг аваад хашаа руугаа оруулахгүй гэхэд тухайн эрэгтэй хүмүүсийн нэг нь миний нүүр рүү газ цацахаар нь би зугтаагаад хашааны цаад буланд байрлах байшингийн араар орж нуугдах гэж байгаад бүдэрч унаад толгойгоороо хашаа мөргөчихсөн тэгтэл нөгөө хүмүүс хашаа руу орж ирээд бид нартай хамт архи ууж байсан У болон хүмүүсийг зодож цохиод байсан. Би гүйж байгаад унахдаа толгойгоороо юм мөргөж унасан учир толгой өвдөөд газар хэвтээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө эрэгтэй хүмүүс хашаанаас гараад явчихаар нь газраас босоод иртэл миний толгойноос цус гарчихсан байхаар нь би байшин руу орж цусаа цэвэрлэчхээд гэр рүү ортол У гэр дотор газар хэвтчихсэн гэдсээ дараад өвдөөд байна гээд хэвтээд байхаар нь Д цагдаа түргэн дуудаад эмнэлэгт ирсэн. ... Тэгээд би дараа нь Д-аас юу болсон талаар асуухад талийгаач У тухайн үед өөрийгөө тухайн залуучуудаас хамгаалах гэж хашаанд байсан заазуур барихаар нь Д заазуурыг нь булааж авах гэж байгаад гараа зүсчихсэн, би тухайн залуучуудын нэг нь У-ыг газар унагааж байгаад гэдсэн дээр нь дэвссэн гэж хэлж байсан. Миний хувьд нэлээн согтуу байсан бөгөөд бас зугтаах гэж гүйж байгаад бүдэрч унахдаа юм мөргөөд толгойгоо хагалчихсан болохоор толгой өвдөөд болсон үйл явдлыг огт хараагүй. ...У миний хуурай дүү байгаа юм. Харин тэр хашаанд ирсэн эрэгтэй хүмүүсийг би огт танихгүй. ... Би нүүр лүүгээ газ цацуулаад нүүрээ дараад зугтааж байгаад бүдэрч унахдаа юм мөргөчихсөн юм. Тэгээд толгойгоо хагалчихсан. Өөрөөр хэн нэгэн зодож цохисон зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 118-119 дэх тал),
- Гэрч П.Д-н “...Манай гэрийн гадна талд үүдэнд түлээний мод хагалахад ашигладаг бор өнгийн модон иштэй заазуур байнга гадаа байж байдаг бөгөөд хэрэг гардаг өдөр үл таних 4-5 залуучууд манай хашаа руу орж ирээд хоёр нь бид нарыг зодож нүдэж байх үед талийгаач У ямар зорилгоор гэдгийг мэдэхгүй байна, ямартай ч тухайн заазуурыг гартаа барьсан байхаар нь би заазуураараа амьтан хүн гэмтээчих вий гэж бодоод явж очоод У-оос тухайн заазуурыг булааж авах гэж байгаад зүүн гарын эрхий хурууныхаа хойд үе хэсэгт нэг удаа санамсаргүйгээр өөрөө зүсчихсэн юм. Түүнээс тухайн гэмтлийг хэн нэгэн надад санаатайгаар учруулсан зүйл байхгүй. Тухайн мэдүүлэг өгөхөд миний бие тэгж мэдүүлсэн байх. Түүнээс миний биед хэн нэгэн санаатайгаар хутгаар халдсан үйл явдал болоогүй..." гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 121 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 674 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Талийгаач Н.У-ын цогцост нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тогтоогдсон нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, үжлээр хүндэрч нас баржээ. 5. Талийгаач нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 35 минутад нас барсан. 6,7. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, цусанд спиртийн агууламж илрээгүй. 8. Цус нь 2-р бүлгийн харьяалалтай байна. 9. Цусанд спиртийн агууламж илрээгүй. 10,11. Талийгаачид шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 129-140 дэх тал),
- Шинжээч эмч Э.Б-ын "... Талийгаач Н.У нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл үжлээр хүндэрч нас барсан байдаг. ... Талийгаачийн биед 2 нүдний зовхи, цээжинд цус хуралт, хамар нуруунд зулгаралт нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Тухайн гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн битүү гэмтэл болох нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс чацархайн цус хуралт, хэвлийн хөндийн дэх бохир шингэн хуралдалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэрэгт, 2 нүд нь зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв нь талийгаач Н.У-д 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 55 минутад өвчний түүх нээж мэс заслын эмчилгээ болон үзлэгийг 12 хоногийн турш зохих журмаар үзүүлсэн боловч талийгаач нь уг гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, үжлээр хүндэрч нас барсан байна. Энэхүү гэмтлийг авсан хүн амь нас аврагдах боломжтой, боломжгүй эсэх нь харилцан адилгүй байдаг. ...Тухайн гэмтэл талийгаачид учирсны дараагаар эмнэл зүйн зовууриуд болох хэвлийгээр хүчтэй өвдөх, хэвлийн булчин чангарах мөн тухайн хүн олдмол байдалтай хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг зовууриуд илрэх бөгөөд тухайн гэмтлийг авсан тэр даруйд үхэлд хүргэхгүй..... Тухайн хэвлийн битүү гэмтэл болох нойр булчирхай, бүдүүн гэдэсний серозон бүрхүүл гэмтлийн улмаас хэвлийн хөндийд бохир шингэн /гэдэсний агууламжийн баас, нойр булчирхайн шүүрэл/ хуралдаж эхэлнэ. Үүний улмаас хэвлийн гялтан хальс цочирч хэвлийн гялтангаас эхлэн бүх биеэр үрэвслийн процесс явагдаж байгааг үжил гэж тусгасан..." гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 150-151 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаарp сарын 21-ний өдрийн 643 дугаартай "... Талийгаач Н.У-ын биед хийгдсэн Гэмтэл согог Судлалын Үндэсний төвийн 2023 оны 02 дугаар сарын 12, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн толгойн компьютер томограф шинжилгээний 2 ширхэг СД-г дүрс оношилгооны шинжээч эмчээр дахин уншуулахад тогтоогдсон баруун зулай, чамархайн ясны үргэлжилсэн шугаман хугарал нь хуучин гэмтэл байна. Талийгаачийн биед хийгдсэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн толгойн соронзон резонанст томограф шинжилгээгээр бага тархины зүүн талд голомтлог эдийн няцрал тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бага тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 241-250 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Амь хохирогч Н.У-ын биед нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирч хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, үжлээр хүндэрч 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 674 дугаартай шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т, амь хохирогч Н.У нар нь урьд бие биеэ танихгүй ба шүүгдэгч Г.Т нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ж.Б-ын “нэг айл руу хамт яваадах" гэж хэлсний дагуу гэрч Б.Б, 3.Г, Б.С, Э.Б болон Ж.Б нарын хамтаар *** тоот хаягт байрлах иргэн П.Д-н гэрт очсон байна.
Ж.Б, Э.З нар нь урьд өмнө хорих ял эдэлж байсан ба гэмт хэрэг гарсан өдөр Ж.Б, Э.З нар нь дүрсээ харан ярилцах явцдаа маргалдаж, улмаар маргаан зодоон хийх зорилгоор Ж.Б, Г.Т, Б.Б, З.Г, Б.С, Э.Б нар нь П.Д-н гэрт очихдоо нулимс асгаруулагч, хутга зэрэг зэвсэгтэй очсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Г.Т, иргэн Ж.Б, гэрч Б.Б, 3.Г, Б.С, Э.Б нар нь тус хаягт хэрүүл маргаан үүсгэж шүүгдэгч Г.Т нь “хэрэг гарах цаг хугацаанд хамт явж байсан Ж.Б-ыг өмөөрч" амь хохирогч Н.У-ын хэвлийн тус газарт өшиглөсөн үйлдлийн улмаас түүний биед учирсан гэмтэл, уг гэмтлийн улмаас амь хохирогч нас барсан болох нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Т нь амь хохирогч Н.У-той бусдыг өмөөрөн маргалдаж, маргааныг эв зүйгээр шийдвэрлэж чадалгүй, өөрийн идэвхтэй үйлдлээр амь хохирогчийн биед халдаж амь насыг нь хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Т нь амь хохирогч Н.У-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас муудалцан, биед нь нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд учруулж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлтийг танилцуулсан тул шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Т-с “... Амь хохирогчийг ганцхан би цохиж зодоогүй, надаас өөр хүмүүс цохиж зодсон, мөн би хэвлий тус газар луу цохиогүй, харин толгой хэсэг рүү нь цохисон. Ж.Б гэх хүн намайг ганцаараа цохисон гэж мэдүүлэг өгөхийг хүмүүсээр дамжуулж мөн өөрөө ч надад хэлж, эд мөнгөний амлалт өгч байсан. Мөн Ж.Б нь хамт явсан гэрч нартай мэдүүлгээ үгсэн нийлүүлсэн. Миний бие амь хохирогчийг цохиж унагасан, түүний биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ...” гэж, өмгөөлөгч С.Чинбатаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах хүсэлттэй байна...” гэж мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.
Тодруулбал, амь хохирогч Н.У-ын 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн "... 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хамт архи уусан Ц гэдэг ах хүү гэнэт нэг хүнтэй утсаар яриад байсан. Удалгүй гэрт байж байхад гэрт танихгүй хүмүүс ороод ирсэн. Гэрээс гараад хартал 10 гаруй залуучууд байсан. Тэр дунд урд нь 409-ийн шоронд хальт таарч байсан Ж-ын Б нь тэр залуучуудыг толгойлж байсан. Тэр дунд өндөр савхин куртиктэй, жинсэн өмдтэй, шардуу цагаан царайтай эрэгтэй нь намайг унагасан байхад гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг Ж-ын Б хавсарч унагасан. ... Өндөр шар царайтай залуу хэвлий рүү газар унасан байхад 2-3 удаа өшиглөсөн..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал),
Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд амь хохирогчтой хамт байсан гэх гэрч О.Д-ы “... Амь хохирогч Н.У-ыг өндөр савхитай залуу өшиглөж, дэвсэлж, хэвлий рүү нь 2 удаа өшиглөсөн ...” гэх (1-р хавтаст хэргийн 55-56, 108-109 дэх тал), Т.Б-ийн “... хар савхин хүрэмтэй, 175 см өндөртэй, 20 гаран насны залуу амь хохирогчийн гэдэс хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн, түүний араас ганц нэг өөр хүмүүс нуруу, толгой хэсэг рүү өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 96-97 дахь тал), мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатаас “өндөр шар царайтай, хар савхин куртиктэй, 20 гаран насны залуу” гэж хэнийг дүрслэн хэлж байна вэ гэхэд шүүгдэгч Г.Т нь “би” хэмээн тайлбарласан.
Амь хохирогчийн болон гэрч нарын мэдүүлэгтээ мэдүүлсэн үйл баримтаас дүгнэж үзэхэд Ж.Б нь амь хохирогчийг хавсарч унагаснаас өөрөөр ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийж түүнийг цохиж зодсон зүйлгүй, харин өндөр, шар царайтай залуу хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөсөн, өшиглөсөн гэх залууг таньж олуулах ажиллагаа явуулахад шүүгдэгч Г.Т мөн болохыг тогтоон тэмдэглэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т хэрэг учрал гарсан өдөр өөрийн өмсөж явсан хувцасны өнгө загварыг амь хохирогч болон гэрч нарын мэдүүлэгтэй тохирч байгааг хүлээн зөвшөөрч тайлбар мэдүүлсэн.
Дээрх тайлбар, мэдүүлэг, үйл баримтаас шинжлэн судалж үзэхэд амь хохирогч нь амьд сэрүүн ахуйдаа хэнд, хаана, хэзээ, хэрхэн зодуулсан талаараа мэдүүлсэн, гэрч Т.Б, О.Д нарын мэдүүлэгт хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр, зөрүүгүйгээр тогтвортой мэдүүлсэн болох нь тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Т-ын “би амь хохирогчийн хэвлий хэсэгт нь өшиглөөгүй, толгой хэсэг рүү нь өшиглөсөн, хамт явсан гэх гэрч нар Ж.Б-ын хэлсний дагуу мэдүүлгээ үгсэн нийлүүлсэн” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо, шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт этгээдийн гэмт үйлдэл, хор уршигтаа хандсан сэтгэхүй харьцаа, хохирогчид учирсан гэмтлийн байдал, хохирогч нас барсан шалтгаан нөхцөл зэргээс шалтгаалан ялгагдан зүйлчлэгдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах” гэмт хэргээс ялган зүйлчлэх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, “Хүнийг алах” гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, уг үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршгийг зориуд учруулсан байхыг ойлгоно.
Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь “Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүн түүний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй, эсхүл өөрийн үйлдлээр хохирогчийг үхэлд хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж гэмтэл учруулсан боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхүл гэмтэл учруулсан хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан...” байхыг ойлгоно.
Амь хохирогч нь нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирч хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, үжлээр хүндэрч 12 хоногийн дараа нас барсан ба талийгаачид Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийгдсэн эмчилгээ, оношилгоо, стандартын дагуу хийгдсэн бөгөөд эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй авсан боловч амь насыг аврах боломжгүй байсан үйл баримт харагдаж байх тул шүүгдэгч Г.Т-ын зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн обьектив шинж нь гэмт этгээдүүд бүлэглэн нэг нь нөгөөгийнхөө үйлдлийг дэмжих, уриалах, татан оруулах, өдөөн турхирах замаар аливаа шалтгаангүйгээр, эсхүл үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэх, айлган сүрдүүлэх, дарамтлах, бусдыг дорд үзэх, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхэд халдаж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчих зэргээр илрэн гардаг.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд иргэн Ж.Б нь Э.З гэх хүнтэй харилцаа холбооны хэрэгсэл ашиглан утсаар ярьж, маргаан үүсгэн улмаар шүүгдэгч Г.Т, гэрч Б.Б, 3.Г, Б.С, Э.Б нар нь иргэн Ж.Б-ын гуйлтаар П.Д-н гэрт очсон буюу анхнаасаа маргаан зодоон хийх зорилготойгоор зэвсэгтэй очсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулахтай холбоотой гаргасан зардалд хэрэгт авагдсан баримтаар 8,927,522 төгрөг, нэхэмжилснээс шүүгдэгч Г.Т нь 12,100,000 төгрөгийг төлж барагдуулсан (2-р хавтаст хэргийн 3-5 дахь тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогч Н.У бид хоёр дундаасаа Б.Ч гэх хүүтэй, хүү маань миний нэрээр овоглодог талаар мэдүүлсэн байх боловч гэм хорын хохиролтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлтэй үлдээв.
Амь хохирогч Н.У-ын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,599,700 төгрөгийн зардал гарсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг устгуулах саналтай... ” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбатаас: “... Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдэлдээ маргадаггүй. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Г.Т-д хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Шүүх боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэв ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д-ээс: “...Л.Чинбат өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 63 дахь тал), Нийслэлийн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх лавлагаа (2-р хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 59 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас бусдыг өмөөрөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршиг /хүний амь нас хохирсон, амь хохирогчийн оршуулгатай холбоотой зардлыг төлж барагдуулсан/, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй/ зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ын цагдан хоригдсон 428 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т-с иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Г-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ын цагдан хоригдсон нийт 428 (дөрвөн зуун хорин найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-с 2,599,700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ