| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2022/04862/И |
| Дугаар | 183/ШШ2023/00251 |
| Огноо | 2023-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2023/00251
| 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр | Дугаар **/******/**** | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ************************* тоотод байрлах, ********************* ХХК /рд:***********, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ***********/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, ********************************* оршин суух, ****************************, Боржигон овогт ******************** ************* /рд:**********/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9 459 452 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********,
Хариуцагч Ж.*************,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********************* ХХК нь Ж.*************эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 459 452 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Хариуцагч Ж.************* нь тус компаниас 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №**-********* тоот зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээл авснаас хойш хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 260 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 885 000 төгрөг, нийт 1 145 000 төгрөгийг төлж барагдуулсан. Дээрх төлбөрийг зээлийн хүүд тооцсон бөгөөд зээлдэгчийн зээл төлөх эцсийн хугацаа нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Бид алдангийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу нийт 290 хоногийн хугацаагаар тооцоход 1 980 000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 6 000 000 төгрөг, хүү 1 479 452 төгрөг, алданги 1 980 000 төгрөг, нийт 9 459 452 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус байгууллагатай №**-********* тоот зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг зээлж авсан минь үнэн. Тухайн үед миний бие тус компанид гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Энэхүү зээлийг төлөхгүй байсан шалтгаан нь намайг анх ажилд орох үед 6 сар тутамд урамшуулал өгнө гэж компанийн ерөнхий захирал надтай тохиролцсон боловч өгөөгүй тул өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үндсэн зээл, хүүг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд алдангийг төлөхөөс татгалзаж байна. Хүүгээсээ өндөр алданги тооцдог байгууллага Монгол улсад байхгүй бөгөөд алдангийг хүүгийн 50 хувийн хэмжээнд тооцох ёстой. Иймд шүүхээс алдангийг 50 хүртэлх хувиар бууруулж өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, талуудын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан №**-********* тоот ажиллагсдын хэрэглээний зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, зээлдэгчийн анкет, мөн өдрийн зээл олгосон баримт, зээл хүүгийн тооцооллын баримт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч Ж.************* нь тус компаниас 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээл авснаас хойш хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 260 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 885 000 төгрөг, нийт 1 145 000 төгрөгийг төлж барагдуулсан. Дээрх төлбөрийг зээлийн хүүд тооцсон бөгөөд зээлдэгчийн зээл төлөх эцсийн хугацаа нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Бид алдангийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу нийт 290 хоногийн хугацаагаар тооцоход 1 980 000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 6 000 000 төгрөг, хүү 1 479 452 төгрөг, алданги 1 980 000 төгрөг, нийт 9 459 452 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тухайн үед миний бие тус компанид гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Энэхүү зээлийг төлөхгүй байсан шалтгаан нь намайг анх ажилд орох үед 6 сар тутамд урамшуулал өгнө гэж компанийн ерөнхий захирал надтай тохиролцсон боловч өгөөгүй тул өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үндсэн зээл, хүүг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин хүүгээс өндөр алданги тооцож байгаа тул алдангийг 50 хүртэлх хувиар бууруулж өгнө үү” гэв
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ********************* ХХК болон хариуцагч Ж.************* нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №**-********* тоот “Ажиллагсдын хэрэглээний зээл”-ийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар олгохоор тохиролцжээ.
Нэхэмжлэлд хавсаргасан *************** хувийн хэргийн дугаартай, нэхэмжлэгч ********************* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй талаар тусгагдсан байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.
5. Хариуцагч тус гэрээгээр 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 110 000 төгрөгийн хүү, 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 150 000 төгрөгийн хүү, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүү 150 000 төгрөг нийт 410 000 төгрөгийн хүүг үндсэн зээл 6 000 000 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй тул түүний төлсөн 1 145 000 төгрөгийг дээрх үнийн дүнгээс хасаж тооцоход хариуцагчийн төлөх дүн 5 265 000 төгрөг байна.
6. Талууд гэрээний 2.12 дахь заалтаар “...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцэх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 5 265 000 төгрөгөөс алданги тооцоход 2 632 500 төгрөг болж байна.
7. Иймд, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.*************ээс үндсэн зээлийн үлдэгдэл 5 265 000 төгрөг, алданги 2 632 500 төгрөг, нийт 7 897 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********************* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 561 952 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********************* ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.*************ээс 7 897 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********************* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 561 952 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********************* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ