| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/01453/И |
| Дугаар | 101/ШШ2023/01461 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2023/01461
| 2023 03 22 | 101/ШШ2023/01461 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Ө /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л. Г /рд:/-д холбогдох
2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.С нь 2021 оны 12-р сарын 17-ны өглөө 10:00 цагийн орчимд над уруу утсаар ярьж манай ажлын Г гэдэг залуу 2,000,000 төгрөг олоод өгөөч гэсэн маргааш болтол түр 2,000,000 төгрөг зээлээч гэсний дагуу удалгүй Голомт банкны ,,, тоот данс уруу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. 2 хоноод Сээс ажлын хүн уруу чинь шилжүүлсэн 2 сая төгрөгийг авъя гэхэд энэ 7 хоногтоо багтааж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Би байнга мөнгө асуухад нөгөө хүн маань удахгүй өгнө гэсэн гэж хэлсээр 3 сарын дараа Г ажлаасаа гарсан чиний мөнгийг ямар ч байсан олж өгнө гэж хэлсэн. Гэвч одоо хүртэл өгөөгүй. С нь Гтой холбогдож чадахгүй байгаагаа хэлсэн. С хэлэхдээ Г нь мөрийтэй тоглосон юм шиг байна гэж нэг удаа хэлсэн. Ингээд С миний 2,000,000 төгрөгийг Л.Гийг шүүхэд өгсөн боловч шүүхээр миний данснаас мөнгө шилжүүлсэн учраас О.Сийг бусдын өмнөөс мөнгө шаардах эрхгүй мөнгө шилжүүлсэн эзэн шаардах эрх нээлттэй гэж дүгнэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд О.Сээр дамжуулан надаас авсан 2,000,000 төгрөгийг Л.Гоос гаргуулж өгнө үү.
1а. 2021.12.17-нд найз С утсаар манай цуг ажилдаг хүн гуйсан тул түр 2 сая төгрөг зээлээч гэсэн. Дугуйны тендерт орно маргааш нөгөөдрөөс өгнө гэсэн. Тэгээд хэлсэн Гийн данс уруу 2 саяыг шилжүүлсэн. Тэгээд маргааш маргааш гээд яваад байсан. Мөнгө орж ирээгүй байна гэсээр өнөөдөр болсон. Тэр хооронд Г нь ажлаасаа гарсан байсан. Ингээд холбоо барих боломжгүй болсон. Стэй л ярьдаг байсан. Сээс мөнгөө нэхэж байсан. Иймд энэ хүнээс 2 саяа нэхнэ гэв.
2. Хариуцагч Л.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О.Сээс мөнгө зээлсэн нь үнэн юм. Харин Ө гэдэг хүнийг танихгүй. С нь энэ хүнээс мөнгө авч надад зээлснийг шүүхэд гаргасан нэхэмжлэлээс танилцлаа. Иймд 2 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хөдөө ажиллаж байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй тул байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00602 дугаар шийдвэрийн хуулбар /хх4-6/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх7/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Ө нь зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн.
4. Нэхэмжлэгч нь өөрийн найз О.Сийн хүсэлтээр зээл олгохыг зөвшөөрч, улмаар түүний хэлсэн дансанд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь Хаан банк дахь түүний дансны хуулгаар тогтоогдож байна. /хх7/
4а. Хариуцагч нь О.Сээр дамжуулан нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөгийн зээл авсан талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурджээ. Өөрөөр хэлбэл, 2,000,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй. /хх18/
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь олгосон зээлээ буцаан шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь буцаан төлөх үүрэгтэй.
6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж, хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Л.Гоос 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Өод олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД