Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 126/ШШ2023/0059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхид хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М.Ч,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э,

Гомдлын шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э-ийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №0046922 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гомдол гаргагч М.Ч, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.У, хариуцагч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын талаар.

1.1. Гомдол гаргагч М.Ч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э-ийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №0046922 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Мөрөн сумын нутаг дэвсгэрт мод, модон материал боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамтарсан хяналт шалгалт явуулсан байна.

2.2. Улмаар уг хяналт шалгалтын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э нь иргэн М.Ч-ыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр зүсмэл мод, модон материал боловсруулж үйл ажиллагаа явуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №0046922 дугаартай шийтгэлийн хуудсаар 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

2.2. М.Ч нь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

Гурав. Гомдол гаргагч М.Ч шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. М.Ч миний бие Мөрөн сумын 3 дугаар багийн 10-14 тоотод Алтангазуу ХХК-тай бөгөөд ойд арчилгаа цэвэрлэгээ хийх чиглэлээр 2020 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн учир би гайхаж учир явдлыг асууж сураглахад Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Ц.Э нь надад 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 0046922 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай шийдвэр гаргасан байна.

3.2. Би энэ шийдвэрийг огт мэдээгүй байхад зөрчлийн холбогдогч болоод мэдүүлэг өгөөд гарын үсэг зураад энэ шийдвэр нь баталгаажсан байх юм. Иймд дээрхи эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0046922 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудастай холбогдогч гэх М.Ч миний бие танилцаж гарын үсэг зураагүй.

2. Тус эрх бүхий албан тушаалтан Ц.Э нь холбогдогч буюу М.Ч-аас мэдүүлэг авсан гэх бодит байдал дээр би мэдүүлэг, тайлбар өгөөгүй мөн гарын үсэг зураагүй.

3. Аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтарсан хяналт шалгалтаар шалгаад тогтоосон мөн холбогдогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тус зөрчлийг үйлдсэн нь тогтоогдож байна гэх боловч ийм шалгалт хийгээд зөрчилтэй байсан бол шалгалтын материал болон тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй танай хуулийн этгээд ийм зөрчил үйлдсэн байна, торгох шийтгэл оногдуулж байна гэж огт ярьж хэлж мэдэгдээгүй байж хялбаршуулсан журмаар шийтгэл журмаар шийтгэл оногдуулсан зэрэг нь Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэй Ц.Э зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3.2.2.1-т ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн мөн зөрчлийн хэрэгтэй танилцах эрхийг хангаагүй мөн тус хуулийн 6.6 дугаар зүйл хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхдээ 6.6.1.2-т Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогчзөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл холбогдогч ямар хэрэгт холбогдсон талаараа мэдээгүй байж сайн дураараа зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөх боломжгүй байтал хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж торгох шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл юм.

3.3. Иймд 2021 оны 10 дугаар сарын 16-нд Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Ц.Э-ийн 0046922 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Дөрөв. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

4.1. Хариуцагч Ц.Э-ийн тайлбар хэрэгт авагдсан. Хууль зөрчиж хүний эрхийг хязгаарласан акт гаргасан. Ц.Э нь хөрөө рам ажиллуулж үйл ажиллагаа явуулаг М.Ч-т Зөрчлийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар 3 сая төгрөгөөр торгож, 0046922 дугаартай зөрчилд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан. Тус шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйл заалт зөрчсөн байна.

4.2. Холбогдогч гэж хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ. Холбогдогч нь зөрчлийн хэрэг материалтайгаа танилцах эрхтэй гэж заасан. Уг зөрчлийг холбогдогч М.Ч-т огт мэдэгдээгүй ба зөрчил гаргасан байдлыг тодруулаагүй. Холбогдогч М.Ч-д эрх, үүрэг тайлбарлаж, тайлбар баримт гаргаж өгөх эрхийг нь эдлүүлэх ёстой байсан. Хэрэв М.Ч нь зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй бол энэ талаар тэмдэглэлд тусгах ёстой байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох шаардлагатай. М.Ч захиралтай Алтан газуу ХХК-нд шийтгэл оногдуулахдаа хууль болон журмыг зөрчиж нотлох баримтуудыг цуглуулсан, зөрчил гаргагчид мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл зөрчилд огт хамааралгүй хүнээр гарын үсэг зуруулж баримт бүрдүүлсэн нь хариуцагчийн тайлбараас нотлогдож байна. Цагдаагийн газар, прокурорын газартай хамтарч хяналт шалгалт хийсэн гэх боловч хэргийн материалд энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй гэх зэргээр бүхэлдээ хууль зөрчсөн шийдвэр байна. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Тав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

5.1.Мөрөн сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Э миний бие 2021 оны 10 дугаар сард аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтарсан хяналт шалгалт хийхэд Алтан газуу ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн.

5.2.Уг зөрчил илэрсэн тухай тайлбар, мэдэгдэл өгөхөөр Алтан газуу ХХК-ийн захирал М.Ч-ыг хашааны сахиулаар дуудуулсан боловч хөдөө ажлаар яваа ирэх боломжгүй гэсэн тул түүний эхнэр болох Г.С гэх эмэгтэйг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын газрын Байгаль орчны тасгийн өрөөнд 99019205 утсаар нь дуудаж ирүүлээд хяналт шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн, уг зөрчилд арга хэмжээ тооцож материалыг ирүүлэх үүргийг надад аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Батзориг өгсөн тул уг зөрчилд шийтгэл оногдуулах тухай танилцуулсан М.Ч эхнэр гэх П.С нь энэ тухай миний хажууд байхдаа Ч луу залгаж зөрчлийн тухай танилцуулсан. Ч: би оноос өмнө очино тэрнээс өмнө амжихгүй, тийм учраас чи гарын үсэг зур гэж ярьсан. Тухайн үед ойн мэргэжлийн байгууллагад адестачилал хийгдэж байгаа, зөрчилтэй ойн мэргэжлийн байгууллагуудын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээтэйг аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын мэргэжилтэн Нямдаваа танилцуулж байсан тул энэ тухай би Г.С-д танилцуулсан. Алтан газуу ХХК нь Мөрөн суманд түлшний мод нийлүүлэх тендерт шалгарч гэрээ байгуулах болон бусад бичиг баримтыг Ч-ын эхнэр гэх Г.С бүрдүүлж байсан тул би хамаарал бүхий хүн мөн гэж үзсэн. Энэ тухай би Ч-ын 99138134 утсанд мэдэгдэхэд би Баянзүрх суманд барилгын ажилтай явна, очих боломжгүй гэж хэлсэн. 2022 шийтгэлийн төлбөрийг барагдуулахаар 3,4 удаа утсаар холбогдож байсан ба тэр үед бусад мэргэжлийн байгууллага төлбөрөө төлсөн үү, одоохондоо төлбөр хийх мөнгөгүй байна гэх тайлбар өгч байсан гэжээ.

Зургаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

6.1. 2021 оны 10 дугаар сард аймгийн прокурорын газар, аялал жуулчлалын газраас гэнэтийн шалгалт хийх боллоо гэж намайг хамтран гүйцэтгүүлэхээр Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудад хяналт шалгалт хийсэн. Гол агуулга нь ойн мэргэжлийн байгууллагуудын нийтлэг зөрчил нь үйлдвэрлэлийн нэг цэгт төвлөрөөгүй зөрчилтэй байсан. Бүх байгууллагад адестатчилал хийгдсэн эсэх дээр хяналт шалгалтын ажлыг хамтарч гүйцэтгэсэн. Үйлдвэрлэлийн бүсэд төвлөрөөгүй зөрчил байсан. Манай мэгэжилтэн манай аймагт шаардлага хангасан мэргэлжийн байгууллага байхгүй гэдгийг хэлж байсан.

6.2. Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хяналт тавих эрх бүхий байгууллага юм. Тухайн үед Алтан газуу ХХК-нд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх явцдаа тухайн компаний захирлыг дуудсан боловч ажлаар хөдөө явж байна гээд ирээгүй. Хяналт шалгалтын дараа би тухайн байгууллагын захирлын эхнэр болох хүнийг өрөөндөө дуудаж ийм зөрчил илэрсэн гэдгийг тайлбарлаж хэлсэн. Энэ талаар М.Ч-тай өөртэй нь бас утсаар холбогдож хэлсэн байгаа. Тухайн компани нь Мөрөн суманд түлшний мод нийлүүлэх тендерийн ажил авсан байсан. Гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан хүн бол эхнэр нь гэсэн учраас би эхнэрт нь танилцуулаад үр дүнг богино хугацаанд шийлвэрлэж хариу өгөхийг аймгийн прокурорын газраас үүрэг болгосон учраас эхнэрт нь танилцуулсан. Тухайн үед эхнэр нь миний хажууд нөхөр лүүгээ залгаж ярьсан. М.Ч нь нэгэнт зөрчил илэрсэн учраас шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тул эхнэр нь гарын үсэг зурж, би шийтгэл оногдуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э-ийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №0046922 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1.  Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг ...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан... гэх зөрчлийг гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан байна.

2.  Гомдол гаргагчаас ...надад огт мэдэгдээгүй атлаа зөрчлийн холбогдогч болгоод мэдүүлэг өгөөд гарын үсэг зурагдсан баримт байна ... манай компани нь хөрөө рамны чиглэлээр 3 дахь жилдээ 20 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2021 оны 8 сард байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж байсан байхад үүнийг нягтлаагүй ... гэж, хариуцагчаас ... гомдол гаргагчтай биечлэн уулзаагүй ч утсаар холбогдсон бөгөөд түүний эхнэрээр дамжуулан мэдүүлэг авсан, аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтарсан хяналт шалгалт байсан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн талаар тодруулах ажиллагаа хийсэн... гэсэн үндэслэлээр тус тус маргажээ.

3.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн хэсгийн 1.5-д Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ, 2 дахь хэсэгт Холбогдогч дараах эрхтэй, мөн хэсгийн 2.1-д ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, 2.7-д өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах гэж тус тус заасан.

4.  Уг зохицуулалтуудын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдогчийн хуулиар олгосон эрхийг зайлшгүй эдлүүлж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах учиртай.

5.  Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь гомдол гаргагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй, өөр этгээдээс тайлбар авч, хэргийн материалыг танилцуулсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан ...хамаарал бүхий этгээд болох эхнэрийг нь дуудаж ирүүлэн тайлбар авсан гэх тайлбараар нотлогдож байхын зэрэгцээ хариуцагчаас гомдол гаргагчтай утсаар холбогдсон гэж шүүх хуралдаан дээр тайлбарлах боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт хавсаргаагүй, хариуцагчаас уг байдлыг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

6.  Мөн хэргийн оролцогчдоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд авагдсан гомдол гаргагчийн гэх гарын үсгүүдийг М.Чулуунбаатарын гарын үсэг биш гэдэгтэй маргаагүй болно.

7.  Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгч оролцуулах талаар заасан байхад эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлгүй, энэ талаар хариуцагчаас ...түүний эхнэр болох Г.С гэх эмэгтэйг ... утсаар нь дуудаж ирүүлээд ...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй зөрчилд шийтгэл оногдуулах тухай танилцуулсан гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.

8.  Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу аливаа этгээд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол эрх бүхий этгээд нь тухайн этгээдийнхууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоорзаасан.

9.  Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь гомдол гаргагчийг үйл ажиллагаагаа явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх талаар баримтыг холбогдох байгууллагаас шалгаж тогтоох ажиллагааг огт хийгээгүй болох нь зөрчлийн хэргийн материал болон хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

10.  Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал бүрдүүлэх үүрэгтэй.

11.  Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, мөн хэсгийн 1.1-д Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчил гаргагчийн зөрчил үйлдсэн талаар нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг заавал тогтоох ёстой.

12.  Хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал болон хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан ...Хөвсгөл аймгийн Прокурорын газар, Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газартай хамтарсан шалгалт байсан тул Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас амаар тодруулсны үндсэн дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн гэж тайлбарлаж байгаагаас үзвэл хариуцагч нь эрх бүхий албан тушаалтан болохынхоо хувьд хуулиар хүлээсэн нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

13.  Нөгөөтэйгүүр гомдол гаргагчаас хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх талаар тодруулаагүй, манай компанийн хувьд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хос нахиа ХХК-иар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгүүлсэн гэж тайлбарлан уг баримтаа шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагчаас уг баримтыг няцаасан тайлбар, баримтыг гаргаж өгөөгүй болно.

14.  Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байтал маргаан бүхий шийтгэлийн хуудсаар иргэн М.Чулуунбаатарт 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн заалттай нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

15.  Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагч М.Чулуунбаатарын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд ньхангаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №0046922 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч М.Ч-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э-ийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №0046922 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч М.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР