Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар  2021/ДШМ/552  

 

 

 

 

 

 

 

 

Н.Д, Ч.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Н.Д өмгөөлөгч  Д.Баттөмөр,

шүүгдэгч Ч.А-ын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

шүүгдэгч Н.Д, Ч.А нарын өмгөөлөгч Д.Цэндсүрэн,

хохирогч Г.М, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Цогтбаатар,      

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч  Д.Баттөмөр, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, шүүгдэгч Н.Д, Ч.А нарын өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Цогтбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Д, Ч.А нарт холбогдох эрүүгийн 1809037231252 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.,

2.,

Шүүгдэгч Н.Д нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.1.3 дахь заалт, 9.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8 дахь заалт, шүүгдэгч Ч.А нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсэг, 27.3.1, 27.3.3, 27.3.4 дэх заалт, ажлын байрны тодорхойлолтын 1.3, 1.4, 1.5, 1.6 дахь хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бьюлдингс текноложи" ХХК-ийн байранд тус компанийн туслах ажилтан Г.М нь лист төмөр таслагч машинд зүүн гарын 1 дүгээр хуруу /эрхий хуруу/ уг хэсгээр, 2 дугаар хуруу /долоовор хуруу/ угийн шивнүүрийн дээд хэсгээр тасдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Д, Ч.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч  Ч.А, Н.Д нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус бүрийг тооцож,  тус зүйлд зааснаар шүүгдэгч Ч.А, Н.Д нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ялаар тус бүрийг шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Мын нэхэмжлэлийн 136.492.506 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин шүүгдэгч Н.Д, Ч.А нараас нэхэмжлэх эрхтэй, мөн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч Г.М нь шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тэдэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Н.Д, Ч.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

 Шүүгдэгч Н.Д давж заалдах гомдолдоо: “...Би 2013 онд урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад бөөрний хорт хавдартай гэж оношлогдож, одоо зүүн бөөрнийхөө талыг тайруулсан. Хорт хавдрын хагалгаанаас хойш миний бие бүрэн сайжраагүй, байнга эмчилгээ хийлгэж байсан. Одоо бөөрний дутагдал, нойрон дунд амьсгал тасалдах хам шинж, даралт ихсэх зэрэг өвчний эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтанд байдаг. Өнөөдөр хорих ангиудад тархаж буй цар тахлын улмаас тусгаарлалтад байна. Цаашид ялыг биеэр эдлэх явцад шаардлагатай эмчилгээг бүрэн хийлгэх боломжгүй, өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа тул сэтгэл зүйн гүн хямралтай байна. Миний үүсгэн байгуулсан компаний хамт олон өнгөрсөн хугацаанд амралтгүй ажиллаж, шагналууд авч байсан. Мөн дүүргийн шилдэг татвар төлөгч байгууллагаар 6 удаа, нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллагаар удаа дараа шалгарч Татварын ерөнхий газрын дээд шагнал болох цэнхэр дэвтрээр шагнуулж байсан. Миний бие осол болсны маргааш Г.Мтай эмнэлэгт уулзаж суралцаж инженер болох, цаашид компанидаа зураг төслийн инженерээр ажиллах санал тавьсан. Мөн 2020 онд амьдрах нөхцөлийг сайжруулж хотын төвд 2 өрөө байр олгох санал тавьсан боловч хохирогч хүлээн аваагүй. Би хохирогчид учирсан хохиролд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа ба хэргийн зүйлчлэлтэй ямар нэг маргаан байхгүй. Гагцхүү оноосон ялыг өөрийн биеэр эдлэхэд эрүүл мэндийн ноцтой эрсдэлд байгаа тул ялыг биечлэн эдлэх ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.  

Шүүгдэгч Ч.А давж заалдах гомдолдоо: “...Г.Мын зүүн гарын 2 хуруу угийн шивнүүрийн түвшинд тасарч, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсанд маш их харамсаж байгаа бөгөөд цаашид түүний хурууны протез хийлгэхэд шаардлагатай зардлыг бүрэн төлж барагдуулах болно. Миний хувьд автоматикийн инженер мэргэжилтэй ба компанидаа тогтвор сууршилтай ажиллаж, компанийхаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны асуудлыг хариуцан ажиллахдаа урьд өмнө ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй боловч тухайн өдөр Г.Мт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй алдаа зөрчил гаргаж, улмаар ажилтны эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их харамсаж гэмшиж байна. Миний хувьд өндөр настай, бие муутай ээж, эхнэр, охины хамт амьдардаг ба ажил хөдөлмөр хийж олсон орлогоороо гэр бүлийнхээ амьдралыг авч явдаг жирийн нэгэн гэр бүлийн, өрх гэрийн тэргүүн. Ээж Г.Оюун маань 60 настай, 4 удаа тархинд нь цус харвалт өгснөөс баруун тал мэдээгүй болсон, тахир дутуугийн группэд байдаг учир миний асрамжинд байдаг, зүрхний титэм судасны бөглөрөл оноштой хагалгаанд орох заалттай байгаа бөгөөд Ковид-19 цар тахал өвчнөөс болоод хагалгаа нь хойшилсон бөгөөд эмчийн байнгын хяналтанд байдаг, сар болгон эмнэлэгт хэвтдэг хүнд өвчтэй хүн. Би дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, алдсан алдаан дээрээ том сургамж авч, хууль тогтоомжийг ажил хөдөлмөртөө чанд мөрдөн ажиллах болно.

Иймд миний хувьд анх удаа хөнгөн гэмт хэргийг тохиолдлын чанартай үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, миний үйлдсэн гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, өндөр настай ээжийн минь хүнд архаг өвчний байдал, ар гэрийн амьдралын гачигдалтай байдлыг  харгалзан үзэж анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Дийг шүүхээс гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрсөн боловч 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэлүүд байна.

1. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан хувийн болон "Бьюлдингс Техноложи" ХХК-ийн үйл ажиллагааны талаархи баримт болон шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу төлсөн, шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэж дүгнэлтээ гаргахыг хүсье.

2. Н.Д нь эрүүл мэндийн байдлын хувьд дээрхи ялыг биечлэн эдлэх боломжгүй хүнд өвчтэй ба эмнэлгийн байнгын хяналтад байдаг: Эрүүгийн 1809037231252 дугаартай хавтас хэрэгт Н.Д өвчний түүхийн талаар нэг ч баримт байхгүй ба хувь хүн нь өөрөө хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой хэргийг шүүх хурал болох гэж байгаа гэж бодон өөрийнх нь өвчний талаар хэлэлцэхгүй байх гэсэн үзэл бодлоор хандаж хэрэгт энэ талаар дурдаагүй ба нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг анхаараасай.

2021.03.31-ний өдөр цагдан хорих 409 дүгээр ангиас биеийн эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих 461 дүгээр ангид Н.Дийг шилжүүлж эмчилгээ хийж байгаа ба өмгөөлөгчийн хүсэлтээр биеийн байдлыг тодорхойлсон Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн 2021.04.14-ний өдрийн 174 дугаартай тодорхойлолтоор Н.Д өвчний онош нь зүрхэнд цус хомсрох архаг өвчин, артерийн даралт ихсэх өвчин II зэрэг эрсдэл өндөр, чихрийн шижин өвчний хэв шинж-2, таргалалт III зэрэг, бөөрний архаг дутагдал II-III зэрэг, бүсэлхий нурууны мэдрэлийн ёзоорын эмгэгшил L5, зүүн бөөрний хавдар авахуулах мэс заслын дараах үе /2013 он/ гэсэн олон төрлийн суурь өвчтэй болох нь тогтоогдсон байна. өөрний архаг дутагдал II-III зэрэг нь: 2019 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн А/152, А/366 дугаартай Хууль зүй, дотоот хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтын 2.1.15.5-д заасан хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтанд багтдаг. Цаашид өвчтөн Н.Д нь ковидын халдвар авах эрсдэл өндөр, хавсарсан өвчин, бөөрний болон бусад суурь өвчнөөс шалтгаалж түүний биеийн байдал хүндэрч амь нас эрсдэлд ч орох аюултай нөхцөл бий болж буй тул Цагдан хорих 461-р хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс 2021 оны 4 сарын 22-ны өдөр Улсын клиникийн 1 дүгээр эмнэлгийн төрөлжсөн эмнэлэг болох бөөрний “ICU” эмнэлэгт шилжин эмчлүүлж байна.

3.    Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хор уршгийг харгалзан хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй ба хор уршигийг арилгах арга хэмжээ авч байгаа шүүгдэгч нарын
тодорхой үйлдэл, санал, хохирогчийн нэхэмжилж байгаа нотлох баримтын
шаардлага хангахгүй тодорхой бус баримт, үйлдэл, хувийн байдалд нь дүгнэлт
хийгээгүй орхигдуулж эрх зүйн байдлыг нь дордуулсан. Шүүгдэгч нар тухайн үеийн хор уршгийг арилгасан ба хохирогчийн ирээдүйд гарах зардлыг иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх хэлэлцэхгүй орхисон байгаа нь шүүгдэгч нар шүүхээс тогтоогоогүй хохирлыг төлөх хууль зүйн үндэслэл алга байна.

4.      Н.Д, Ч.А нар хохирогчид нийт 17.239.994 төгрөг /3хх-н 53-р тал/ төлсөн ба Н.Доос төлбөрийг нь төлж инженерийн чиглэлийн
сургуульд сургаж, үргэлжлүүлж өөрийн компанидаа ажиллуулах санал, нөхөн
сэргээх эмчилгээ болон эрүүл мэндээ сайжруулахад зориулж 10,0 сая төгрөг өгөх, 2
өрөө байр өгөх зэрэг гэм буруугаас үүдэлтэй хор уршигийг арилгах талаар гаргасан
саналуудыг хүлээж аваагүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дээрхи санал гаргаж
байсныг үгүйсгээгүй.

  1. Шүүгдэгч нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээж, хохирлыг төлсөн ба хор уршгийг мөнгөн дүнгээр тооцож бодит хэмжээгээр нэхэмжилж түүнийг шүүх тогтоосон тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсээр байтал хорих ял оногдуулж байгааг болон хохирогчийн нэхэмжилсэн хохирлын дүн нь хууль бус, бодит байдалтай нийцээгүй, хийсвэр мөнгөн дүнг төлөөгүй нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
  2. Н.Д аав болох 1929 онд төрсөн 92 настай Ц.Намсрай өөрийн хүүгийн эрүүл мэндийн байдлаас болж сэтгэл зүйн хямралд орсон.

7.   Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго
нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас
зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Н.Д нь 59 настай, дулааны инженер мэргэжилтэй, Монгол улсын зөвлөх инженер цолтой, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд зураг зүйн төрийн бус байгууллагын тэргүүний алба хашдаг, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 34 жил улсад болон хувийн хэвшилд ажиллахдаа Монгол улсад анхны усны тоолуурын төслийг хэрэгжүүлж цэвэр усыг хэмнэх ажлыг эхлүүлсэн, дулааны хэмнэлтийн талаар судалгаа туршилт явуулж, дулааны тоолуур тавих, ногоон барилгын төсөл дэвшүүлж, саарал усны хэрэглээ, нар, салхи, газрын гүний дулаан зэрэг байгалийн сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэж байшин барилга барих төсөл хэрэгжүүлж, хэд хэдэн сургууль цэцэрлэг барьж ашиглалтанд оруулж эх орныхоо төлөө хувь нэмрээ оруулсан. "Бьюлдингс техноложи" ХХК 200 гаруй ажилтантай, "Шилдэг татвар төлөгч байгууллага"-ийн өргөмжлөл, татварын албаны дээд шагнал болох "Хөх дэвтэр" цом, "Дэвшилтэт технологи нэвтрүүлэгч" шилдэг компани, "Барилгын агааржуулалт, салхижуулалтын системийн шинэ шилдэг технологи" -ийн зураг төслийн шилдэг аж ахуйн нэгж, 2014 оны шилдэг байгууллага өргөмжлөл зэрэг шагнал хүртэж байсан хувийн байдлыг харгалзан үзнэ үү.

                  8. Н.Дийг хорихоос өөр төрлийн ял буюу торгуулийн ял
оногдуулах саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа ба Үндсэн хуульд заасан
амьд явах эрхийг нь хангаж өөрийн эрүүл мэндийг сайжруулах эмчилгээ, байнгын
эмчийн хяналтанд байх эрхээр хангаж хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн Шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.
...” гэв.

Шүүгдэгч Ч.А-ын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.А нь уг хэрэгт холбогдон шалгагдаж, анхны мэдүүлэгээ өгөх үеэс эхлэн хохирогчид гэмтэл учирсанд харамсаж  байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлж, учирсан хохирлыг төлж, хор уршгийг арилгах талаар захирал Н.Дтой зөвшилцөн ярилцаж, тохиролцон санал, санаачилга гарган тэдний зүгээс хохирогч Э.Мт хохирлыг төлж, хор уршгийг арилгах талаар тодорхой саналууд тавьсан боловч хохирогчийн зүгээс хүлээж аваагүй. /Шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа/.

Шүүгдэгч нарын зүгээс хохирлыг төлж, хор уршгийг арилгах талаар санал, санаачилга гарган, тодорхой биелэгдэх боломжтой, бодит саналуудыг хохирогчид гаргаж, хор уршгийг арилгах идэвхтэй үйлдлүүд хийсэн боловч хохирогч зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, /хохирогч лист төмөр таслагч машиныг 3 жил ажиллуулж, ажил хийж гүйцэтгэх явцдаа өдөр дутам хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллах ажиллагааны талаар зааварчилгаа, зөвлөлгөө авч байсан мөртлөө тухайн засвар хийхдээ лист төмөр таслагч машиныг цахилгааны эх үүсвэрээс бүрэн салгаагүй/, хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлогдоогүй, хохирогчийн тодорхой бус баримт, үйлдэл, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүй орхигдуулж, хорих ял оногдүулсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дордуулсан. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан, хор уршгийг мөнгөн дүнгээр, бодит хэмжээгээр шүүх тогтоосон тохиолдолд нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгч нар хохирогчид учирсан, баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн, тухайн үеийн хор уршгийг тодорхой хэмжээгээр арилгасан, хохирогчийн ирээдүйд гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмийн дагуу нэхэмжлэх эрхийг нь нээлтэй үлдээж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь шүүгдэгч нар шүүхээс тогтоогоогүй, баримтаар нотлогдоогүй хохирлыг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэдгийг баталж байна.

...Ч.А нь 36 настай, инженер мэргэжилтэй, 16 жил ажиллах хугацаандаа Барилга, Хот Байгуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 201 дүгээр тушаалаар "Мэргэшсэн инженер болсон, 2016 онд "Шилдэг залуу" инженер, 2018 онд Барилга Хот Байгуулалтын Яамны "Жуух бичиг, өргөмжлөлөөр тус тус шагнуулж, жил дараалан байгууллагын шилдэг ажилтнаар тодорсон, мэргэжлийн өндөр ур чадварыг эзэмшсэн, хамт олондоо нэр хүндтэй, аливаа зүйлийг бүтээх чин эрмэлзэлтэй, хамт олноо гэсэн сэтгэлтэй, шинэлэг зүйлс, амьдралын шинэ хэв маягт уриалан дуудаж, үлгэрлэн дагуулдаг шилдэг инженер, манлайлагч залуу бөгөөд тархинд цус харвалтын дараах үлдэц, баруун гар, хөлийн саажилт, архаг зүрхний дутагдал, артерийн даралт ихсэх өвчин 2 дугаар зэрэг, өндөр эрсдэл өвчтэй, байнгын асаргаа, сувилагаа хийлгэж, эмчийн хяналтанд байдаг 60 настай ээж Г.Оюун, эхнэр Д.Лхагвадулам, 6 настай охины хамт амьдардаг, гэр бүлээсээ ганцаараа ажил, хөдөлмөр эрхэлж, ам бүлээ тэжээдэг тул нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулахад энэ хуулийн заалттай харшлах зүйл байхгүй.

Ч.А-ын хүнд өвчтэй, бусдын асрамжинд, байнгын эмчийн хяналтанд байдаг, өндөр настай ээж нь ганц хүүгийнхээ төлөө сэтгэл, санааны гүн хямралд орж, эрүүл мэндийн байдал нь эрс муудаж байгаа.

Давж заалдах шатны шүүх Ч.А-ын зүгээс анх удаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчид учирсан баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн, хор уршгийг арилгах талаар хохирогчид тодорхой саналуудыг тавьж, идэвхтэй үйлдэл хийсэн, шүүхээс тогтоосон хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн зэргийг  харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч, торгуулийн ял оногдуулж өгөх саналыг өмгөөлөгчийн болон шүүгдэгч Ч.А-ын зүгээс гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Д, Ч.А нарын өмгөөлөгч Д.Цэндсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа хүнлэг энэрэнгүй хандах, нийгмээс тусгаарлахгүй байх, хэдий гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх улмаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцсэнгүй гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч нар нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах үедээ хохирогч Г.Мын биед болгоомжгүй үйлдлийн улмаас хүнд гэмтэл учирсанд маш ихэд харамсаж байгаа ба гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид учирсан хохирлыг барагдуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлаар өөрсдийн боломж бололцоогоор хандаж ирсэн болно. Хохирогч Г.Маас  нэхэмжилсэн  хохирлыг  нотлох баримтын  шаардлага  хангасан хэмжээнд бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжилсэн бусад хохирлын асуудлыг шүүгдэгч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсэн нь хууль ёсны шийдвэр болсон.

Шүүгдэгч нарын зүгээс анх энэ үйлдвэрлэлийн осол гарсан үеэс хохирогч Г.Мт туслаж дэмжин, залуу хүний эрүүл мэнд, ирээдүй хойчид нь санаа зовж хүнлэг энэрэнгүй хандаж түүнд туслая, дэмжье гэсэн сэтгэлээр хандаж байсан боловч хохирогч саналуудыг нь хүлээж аваагүй. Мөн манай улсад тархсан Ковид-19 цар тахалтай холбоотой компанийн үйл ажиллагаа 2 жил гаруй доголдож мөнгө санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал тулгарсан тул Г.Мын эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгах үүднээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Ялалтын талбайн орчим байрлах 2 өрөө байрыг Г.Мыг аваач гэж санал болгосон боловч тэрээр уг байрыг авахгүй гэж татгалзсан. Хохирогчийн энэ байдлаас шалтгаалан түүний хурууны протез хийлгэх зардлын асуудал шийдвэрлэгдээгүй явж ирсэн.  

Шүүгдэгч Н.Д нь урьд өмнө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчиж үйлдвэрлэлийн осол гаргаж байгаагүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ хуульд заасан олон хэм
хэмжээг зөрчсөн гэж дүгнэн ял шийтгэлийг хүндрүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байгаа
боловч цаашид тус компанийн удирдлагын хувьд гаргасан алдаа, зөрчилдөө зөв
дүгнэлтийг хийж, холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа ягштал мөрдөх, дахин ийм төрлийн гэмт хэрэг компанийн хэмжээнд гаргахгүй байх талаас анхаарч, хичээн ажиллаж байгаа.

Шүүгдэгч нарын хувийн болон эрүүл мэндийн байдал, ар  гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэхийг хүсч байна.

Миний үйлчлүүлэгч Н.Д нь 59 настай, бөөрний хорт хавдар өвчин тусч 2013 онд Герман улсад хагалгаа хийлгэж нэг бөөрөө авахуулсан. Одоо бөөрний дутагдалд орсон, нойрон дунд амьсгал тасалдах хам шинжтэй, зүрх нь хатгуулж өвдөж, дэлсдэг, артерийн даралт нь байнга ихэсдэг цусан дахь сахарын хэмжээ нь өндөр, диабетийн хүнд хэлбэрээр өвчилсөн, элэг нь өөхлөлттэй зэрэг маш олон хүнд өвчний оноштой.

Цагдан хоригдох хугацаанд Н.Д биеийн эрүүл мэнд муудсаны улмаас ...түүний амь насанд эрсдэлтэй байдал үүссэн. Мөн Н.Д төрсөн эцэг Намсрай нь одоо 92 настай, зүрх судасны хүнд өвчтэй ба хүүгээ цагдан хоригдсоноос хойш сэтгэл санаа нь хямарч эрүүл мэнд нь дордож, тун ч хэцүү байдалд ороод байна.

Ч.А-ын хувьд өндөр настай, хүнд өвчтэй ээж, эхнэр, охины хамт амьдардаг.  Ээж Г.О нь 60 настай, 4 удаа тархинд нь цус харвалт өгсөн, харвалтын улмаас баруун тал мэдээгүй болсон, тахир дутуугийн группэд байдаг учир хүүгийнхээ байнгын асрамжинд байдаг, зүрхний титэм судасны бөглөрөл оноштой хагалгаанд орох заалттай байгаа бөгөөд Ковид-19 цар тахал өвчнөөс болоод хагалгаа нь хойшилсон, эмчийн байнгын хяналтанд байдаг хүнд өвчтэй хүн байгаа юм аа.

Иймд миний үйлчлүүлэгч Н.Д.Ч.А нарын анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлсөн болон цаашид гарах хохирлын зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, Н.Д хүнд өвчтэй, ар гэрийн гачигдалтай байдал буюу өндөр настай аавынх нь эрүүл мэндийн байдал, шүүгдэгч Ч.А-ын ар гэрийн гачигдалтай байдал, цус харвалтын улмаас группэд байдаг өндөр настай ээжийнх нь эрүүл мэндийн хүнд байдал зэргийг давхар харгалзан үзэж, шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Цогтбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрт дутуу олгосон 775.731 төгрөг, мөн хуульд заасан үндэслэлээр 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 7.795.731 төгрөг, протез хийлгэх зардал 110.000.000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 26.4925.506 төгрөг, цалингийн зээл 4.848.142 төгрөг, нийт 150.345.110 төгрөг, хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд сэтгэл санааны хохиролд нэмж 50.000.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүхээс дээрх нэхэмжлэлээс 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний зөрүү 775.731 төгрөгийг хангах үндэслэлтэй, харин бусад хэсгийг шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

1. Хэрэгт авагдсан шинжээчийн 5 удаагийн дүгнэлтээс үзвэл Г.Мт учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 25, 35, 40 хувь болж нэмэгдсэн тул Улсын Дээд шүүхийн тогтоол болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт дахин 7.795.728 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлд холбогдуулан ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилах боломжгүй боловч шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох талаар Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д зохицуулсан.

Хэрэгт Солонгос улсад протез хийлгэх 41.200.000 вон-оор цахилгаан хуруу протез "mouchbionic", силикон хиймэл гарны үнийг Монгол банкнаас зарласан ханшаар тооцож үзвэл 104.236.000 төгрөг болж байна. Үүн дээр Солонгос улс руу явах, буцаж ирэх замын зардалд 2.840.000 төгрөг, зочид буудалд дунджаар нэг хоногт 50 ам.доллараар тооцоход нийт 15 хоногийн 750 ам.доллар болж байна. Ингээд Солонгос улсад протез хийлгэх, мөн тээврийн зардалд нийт 110.000.000 төгрөг болсон. Хэрэгт үүнтэй холбоотой баримтуудыг хавсаргасан боловч шүүхээс уг баримтуудыг үндэслэл бүхий дүгнэлтээр няцааж чадаагүй.

3. Г.М нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, нийт 659 хоног ажилгүйбайгаа тул хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс болох 26.925.506 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн. Шүүх “хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авсныг нотлох баримт байхгүй" гэх үндэслэл зааж хэлэлцэхээс татгалзсан.

Гэтэл хэрэгт Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны "Маягт загвар батлах тухай" 18\03 тоот хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралт "Тэтгэмж олголт" гэх баримт авагдсан. Уг баримтад Г.Мыг ямар хэмжээний тэтгэмж авсан болохыг тогтоосон. Түүнчлэн, "Бьюлдингс техноложи" ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох жагсаалт гэх баримтыг хавсаргасан байтал шүүхээс "хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авсныг нотлох баримт байхгүй" гэх үндэслэлээр тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисонд гомдолтой.

4. Шийтгэх тогтоолд "цалингийн зээлийн үлдэгдэл болох 4.842.142 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл нь хамааралгүй, түүнд гэмтэл үүссэн гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов" гэжээ. Хохирогчийн зүгээс цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлээгүй болно. Г.М нь хөдөлмөрийн чадварын тогтонги 69 хувь хүртэл алдсантай холбоотойгоор нийгмийн даатгалаас орж ирсэн тэтгэмжийг дээрх цалингийн зээлд банк татаж авсан гэх үндэслэлийг зааж, 2018 оноос хойш хохирогчийн данс руу орсон тэтгэмжийг цалингийн зээлд татсан хэмжээгээр нэхэмжилсэн.

6. Сэтгэл санааны хохирлыг зохицуулсан хуулийн тодорхой зохицуулалт байхгүй тул хүлээн авах боломжгүйг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар Г.Мт учирсан сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон боловч шүүхээс үүнд дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрт дутуу олгосон 775.731 төгрөг, мөн хуульд заасан үндэслэлээр 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 7.795.731 төгрөг, протез хийлгэх зардал 110,000,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 26,4925,506 төгрөг, цалингийн зээл 4,848,142 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, нийт 200,345,110 төгрөгийг Н.Д, Ч.А нараас гаргуулж, хохирогч Г.Мт олгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д "шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг зөв тодорхойлж чадаагүй.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг маш ихтэй. Миний үйлчлүүлэгч Г.М нь гэмт хэргийн улмаас гар хуруу, эд эрхтнээсээ хагацаж насан туршдаа эрүүл мэндээрээ хохирсон. Эмчилгээний зардал гэж хэдхэн төгрөг авсанаар энэ хүний эд эрхтэн бүрэн нөхөгдөж, сэргэхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Н.Д нь хууль бус үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорын үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд мөн тул Г.М нь эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ. Г.М нь протезны үнэ 110 сая төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин 26.492.506 төгрөг болон бусад хохирлыг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй. Протезны үнэ нь эмчилгээний зайлшгүй зардалд орно.

Анхан шатны шүүх цалингийн зээлийн үлдэгдэл 4.842.142 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл нь хэрэгт хамааралгүй, гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Г.М цалингийн зээлээ төлж чадахгүй болсон нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар мөн учир гэмт хэргийн хор уршигт тооцогдоно, цалингийн зээлийн үлдэгдэл 4.842.142 төгрөгийн хохирол нь гэм хорын хохирол гэж дүгнэхээр байна.

2-р хавтас хэргийн 168-169-р хуудасд авагдсан Солонгос улсад эмчлүүлэх ...нотлох баримтуудыг шүүх үнэлэхгүй, протез хийлгэх зардлыг хохирогч өөрөөсөө урьдчилан бүрэн болон хэсэгчлэн заавал төлсөн байх ёстой гэж үзэж хохирлын баримт шаардсан, протезны үнийн тодорхой хувийг урьдчилан төлөөгүй гэсэн үндэслэлээр протезны үнэ 110 сая төгрөг гаргуулах талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Төлбөрт дутуу олгосон 775.731 төгрөг, мөн хуульд заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 7.795.731 төгрөг нэхэмжилсэн тухайд бол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 33 дугаартай тогтоолын "... 25.1 "ажил олгогч энэ хэсэгт заасан хугацааны нөхөн төлбөрийг " нэг ба түүнээс дээш удаа олгоно" гэдэг нь 1 удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд 1-ээс дээш удаа олгоно." гэж тайлбарлан заасны дагуу нөхөн төлбөр дахин олгогдох ёстой. Г.Мт учирсан гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хувь хэмжээ 25, 35, 40 хувь болж нэмэгдсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хөдөлмөрийн чадварын алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэргээр нотлогдон тогтоогдсон тул дутуу олгосон төлбөр болон 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 , мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хохирогч Г.Мын хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 26.492.506 төгрөг, төлбөрт дутуу олгосон 775.731 төгрөг, хуульд заасны дагуу 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 7.795.731 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 4.848.142 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, протез хийлгэх нийт зардал 110.000.000 төгрөг, нийт 200.345.110 төгрөгийг гэм буруутай этгээд Н.Д, Ч.А нараас гаргуулсан өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би тус компанид 2012-2018 оныг хүртэл 6 жил тасралтгүй ажиллахдаа ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй чин үнэнчээр ажилласан. Сэтгэл санаа, бие махбодын хувьд маш хүнд байгаагаа илэрхийлмээр байна. ...” гэв.      

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирлын асуудлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай яригдсан бөгөөд хохирлыг “ажил олгогч талаас нэг буюу түүнээс дээш удаа тусламж олгоно” гэдгийг заавал гэж ойлгохгүй. Нэг удаа тэтгэмж олгосон байдаг. Солонгос улсад протез хийлгэх асуудалтай холбогдуулж баримт гаргаж өгдөг боловч тухайн баримтын дагуу ямар нэг үйлчилгээ авсан гэх баримт байдаггүй, ирээдүйд гарах зардлыг тусгасан байсан. Мөн цалин хөлсний зөрүү мөнгийг хохиролд тооцож нэхэмжилсэн байдаг боловч нийгмийн халамжаас авсан тэтгэмж, өвчтэй байх үеийн ажил олгогчоос олгосон акт хоорондын зөрүүг тооцох баримт байдаггүй. Дансны хуулга гэж ярьдаг болохоос улсаас тэтгэмж тогтоосон хэмжээ байгаагүй тул шүүх уг нэхэмжлэлийг хангах боломжгүй гээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Мөн хохирогч талаас сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн ч энэ талаар зохицуулсан хуулийн зохицуулалт Монгол улсад байхгүй учраас уг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага болон гэм хорын хохирлыг асуудлыг хууль зүйн үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн. Харин хохирогчийн хуруу анхны байдалдаа орох боломжгүй, 2018 оноос хойш хохирогчийн асуудлыг шийдвэрлэх, хохирогчтой уулзаж эрүүл мэндийн байдлын талаар арга хэмжээ авах боломж шүүгдэгч нарт байсан ч “шүүхийн шийдвэр гарсны дараа болно” гээд өөрсдийн зүгээс дорвитой арга хэмжээ аваагүй тул хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж санал гаргасныг шүүх шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Д, Ч.А нарт холбогдох эрүүгийн 1809037231252 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилгүй байна.

 Шүүгдэгч "Бьюлдингс текноложи" ХХК-ийн захирал, ажил олгогч Н.Д нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1(Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюуд учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна. 9.1.3 машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх)-ыг зөрчиж мэргэжлийн байгууллагаас гэрчилгээ аваагүй. 9.5 (Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.) гэж заасан шаардлагыг хангаагүй, 28 дугаар зүйлийн 28.1.4 (ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх) гэснийг зөрчиж эрсдлийн үнэлгээ хийлгээгүй, 28.1.8 (аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх)-ийг зөрчсөн,  

“Бьюлдингс текноложи" ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан Ч.А нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 (Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх)-ийг зөрчиж засвар, үйлчилгээ хийх үеийн дүрэм, зааврыг боловсруулаагүй, 27.3.3 (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;)-ыг зөрчиж энэ хууль болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийлгээгүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ аваагүй, 27.3.4 (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;)-ыг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэгцээг тогтоож төлөвлөн зохион байгуулаагүй, зааварчилгаа өгөөгүй, ажлын байрны тодорхойлолтын 1 дэх хэсгийн 3 (удирдан ажиллаж буй өөрийн компанийн ажиллагсад болон туслан гүйцэтгэгч компаниудын хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах), 5 (ажлын явцад хэрэглэж байгаа багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийн хангалтад байнгын хяналд тавих), 6 (ажиллагсдын ажлын байрны тав тухтай ажиллах нөхцөлийг хангуулах ажлыг хариуцах)-д заасан үүргээ зөрчиж мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөл, гэрчилгээгүй, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлын байрны эрсдлийн үнэлгээгүй, доголдолтой Q11-4x2500 загварын Лист төмөр таслагч машинаар 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтан Г.Маар ажил гүйцэтгүүлсний улмаас тэрээр зүүн гарын 1 дүгээр хуруу (эрхий хуруу) уг хэсгээр, 2 дугаар хуруу (долоовор хуруу) угийн шивнүүрийн дээд хэсгээр тасдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Мын “...Миний ажилладаг таслагч машин байнга гацдаг, аюултай ажилладаг байсан. Тухайн үед Ариунболдод таслагч машин гацаад байна гэж байнга хэлдэг байсан. Ариунболд нь дээд шатны дарга нарт байнга хэлсэн гэж ярьдаг. Таслагч машин нь хуучирсан машин. ...Ажилд гарахаас өмнө нь хөдөлмөр хамгаалалт хариуцсан Ариунболд нь ажил хийх явцад аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх талаар зааварчилгаа, зөвлөмж өгөөгүй, гарын үсэг зуруулсан юм байхгүй. Д нь намайг дуудаад таслагч машин дээрээ төмөр тасдаад байснаа таслагч төмрийн хэмжээс хий гэсэн. Ажиллаж байхад таслагч машин гацаад, гацааг гаргах гэж байгаад зүүн гарын долоовор болон эрхий хуруу хэсгээ тасдуулсан...” /1-р хх 14-17/, 

гэрч Б.Бат-Эрдэнийн “...Уг өдөр намайг ажилд гарахаас өмнө нь Ариунболд нь надад аюулгүй ажиллах талаар заавар зөвлөгөө өгөөгүй. Тэгэхээр нь би ажлынхаа машинаа унаад ажилдаа гарсан. Ачаагаа буулгачихаад өдөр буцаад ажил дээрээ ирэхэд М гэдэг манай ажлын залуу хуруугаа тасдагч машинд тасдуулсан гээд гэмтлийн эмнэлэг явсан байсан...” /1-р хх 18-19/,

гэрч Л.Дугаржаргалын “...Ариунболдоос нимгэн төмөр таслагч машин дээр ажиллах хүн дутсан байнаа хүн өгөөч гэж хэлсэн чинь Ариунболд нь зөвшөөрсөн. Мын ажиллаж байсан таслагч машин гацсан. ...Төмөр таслагч машин нь гэнэт дуу гараад явахаар нь гайхаад очоод хартал М нь таслагч машины араа хэсэгт гараа хавчуулан хуруугаа тасадсан байсан. ...Мын ажиллаж байсан таслагч машин гацдаг талаар 3 жилийн өмнөөс мэдэж байсан. Таслагч машиныг гацаад байгаа талаар Ариунболд нь удирдах алба тушаалтан хүмүүст хэлж байсан байх сайн мэдэхгүй байна...” /1-р хх 25-27/,

гэрч Б.Батсайханы “...Тухайн өдөр манай ажлын хүн болох Г.М, Дугаржаргал нар нь таслагч төхөөрөмж дээр төмөр тасдаад зогсож байсан. Би тэр хавиар төмөр хоолойны амалгааг төмөр суурин таслагчаар тасдаад байж байхад Мын ажиллаж байсан таслагч төхөөрөмжийн дуу чимээ нь гарахгүй чимээгүй болчихсон. Тэр хавиар хүмүүс бөөн юм болоод байсан чинь М таслагч төхөөрөмжид хуруугаа тасдсан байсан. ...ХАБ-ын инженер Ариунболд хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллах талаар заавар зөвлөгөө өгч дэвтэр дээр гарын үсэг зуруулж гаргаагүй. Маргааш нь гарын үсэг нөхөж зуруулсан...” /2-р хх 46-48/,

гэрч Б.Төмөрчулууны “...09 цаг өнгөрөөд 10 цаг болох гэж байхад манай ажлын залуу М нь “тус компанийн үйлдвэр дээр таслагч төхөөрөмж дээр ажиллах хүн байхгүй байна. Намайг дуудаад байна” гэж хэлээд миний ажиллаж байсан газраас явсан. Барилга дээр байж байхад цайны цагаар Г.Мыг таслагч төхөөрөмжид хуруугаа тасадсан талаар ажлынхаа хүнээс мэдсэн...” /2-р хх 52-54/ гэх мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10244 дугаартай “...Г.Мын биед эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд, долоовор хуруу дунд үений түвшинд тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 25% алдагдуулна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 40/, 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 627 дугаартай “...Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн гаргасан №10244 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Г.Мын биед зүүн гарын 1 дүгээр хуруу /эрхий хуруу/ уг хэсгээр 2 дугаар хуруу /долоовор хуруу/ угийн шивнүүрийн дээд хэсгээр тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.81.4, 4.15.87.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх 58-59/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 863 дугаартай “...Мын зүүн гарын эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд, долоовор хуруу дунд болон угийн шивнүүр ясны үелэх үений түвшинд тасарсан нь тогтоогдож байна. ...Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014.12.05-ны өдрийн 214/422 тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр буюу 35-100% тогтонги алдагдсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байх бөгөөд энэ журмын 4.1-д ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг хүснэгтэд заасны дагуу тогтооно хэмээн заасан байдаг. Энэ хүснэгтийн 81.4-д эрхий хуруу угаараа тасарсан бол ерөнхий хөдөлмөрийн чадвар 25%, 87.2-д долоовор хуруу дунд шивнүүр буюу дунд үений түвшинд үгүй болсон бол ерөнхий хөдөлмөрийн чадвар 15% тогтонги алдагдана гэж заасан байх бөгөөд энэ хүснэгтээр тооцон үзвэл хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар 40% тогтонги алдагдах тул дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014.12.05-ны өдрийн 214/422 тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна. ...ШШҮХ-ийн шинжээчийн 10244 дугаартай дүгнэлтэд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хувь хэмжээг болон гэмтлийн зэргийг буруу тогтоосон байна. ШШҮХ-ийн шинжээчдийн 627 дугаартай дүгнэлтэд гэмтлийн зэргийг зөв тогтоосон боловч ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг буруу тогтоосон байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх 25-29/, 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай “...Г.Мын биед зүүн сарвууны эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд долоовор хуруу 2-р үений үелэх түвшинд тасарсан гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.91.1-д эрхий, долоовор хуруу хамтдаа тасрах /1+2/ гэсэн заалтад хамаарч байна. Г.Мын биед учирсан зүүн гарын эрхий хуруу угийн шивнүүрийн түвшинд долоовор хуруу дунд болон угийн шивнүүр ясны үелэх үений түвшинд тасарсан гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А216/422 тоот тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.91.1-д эрхий, долоовор хуруу хамтдаа тасрах /1+2/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 40% хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10244 тоот дүгнэлт ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хувь хэмжээг болон гэмтлийн зэргийг буруу тогтоосон тул үндэслэлгүй. Бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын гаргасан 627, 863 тоот дүгнэлтүүд нь гэмтлийн зэргийг зөв тогтоосон боловч ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийг буруу хэрэглэсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх 100-103/,

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №ХАБ-15 дугаартай “...1. “Бьюлдингс текноложи” ХХК-ийн захирал Н.Д нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюуд учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна. /9.1.3 машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх-ыг зөрчиж мэргэжлийн байгууллагаас гэрчилгээ аваагүй. /9.5 Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно./ гэсэн шаардлагуудыг хангаагүй байна. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн /28.1.4. ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/-ийг зөрчиж болзошгүй осол аюулыг илрүүлэн тогтоож, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн /28.1.8. аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг зөрчиж аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.

2. “Бьюлдингс текноложи” ХХК-ийн автоматикийн инженер Ч.А нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чих үүргийг хэрэгжүүлнэ: /27.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх/-ийг зөрчиж засвар үйлчилгээ хийх үед дүрэм, заавар боловсруулж гаргаагүй;  /27.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/-ыг зөрчиж энэ хууль болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгээгүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ аваагүй байна; /27.3.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах/-ыг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тогтоож төлөвлөн зохион байгуулаагүй, зааварчилгаа өгөөгүй байна.

2.2. Г.Мын ажиллаж байсан гэх Q11-4x2500 моделийн Лист төмөр таслагч машин нь стандарт шаардлага хангаж байсан, МКМ маркийн ЕSМ Моdel:Q11-4x2500 техникийн паспортой, 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдөр БНХАУ-аас Голомт банкны 1-р салбарын Гадаад төлбөрийн даалгавар №152-аар дамжуулан нийт 15788$, үүнээс Q11-4x2500 лист таслагч машиныг 5296$-аар худалдан авсан байгаа нь ашиглалтын хугацаа нь дуусаагүй байна, засвар үйлчилгээ хийгдсэн талаар тэмдэглэл /техник ашиглалтын паспорт хөтөлж байсан эсэх/ хэрэг материалд авагдсан эсэх нь тодорхойгүй, тухайн осол гарах өдөр лист төмөр тасдагч нь техникийн гэмтэл саатлын улмаас гацаж зогссон байсан. Харин техникийн гэмтэл саатлыг арилгахын тулд тасдагч машиныг цахилгааны эх үүсвэрээс бүрэн салгаж, хаалт хамгаалалтыг авч засвар үйлчилгээг аюул осолгүй хийх боломжтой байсан.

2.3. “Бьюлдингс стекноложи” ХХК-ийн захирал Н.Д нь Г.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөл болох Эрхлэх ажил, албан тушаал-Туслах ажилтан-аар ажиллуулахаар тохиролцсон бөгөөд мөн 54/2013 тушаалаар туслах ажилтны албан тушаалд авч ажиллуулахаар тушаал гаргасан нь тухайн техник хэрэгсэл /лист төмөр тасдагч/ дээр ажил үүргийн хуваарь ажлын байрны тодорхойлтод заагдаагүй байна.

2.4. Дээрх үйлдвэрлэлийн осолд тус компаний хөдөлмөрийн аюулгүй үйл ажиллагаа хариуцсан албан тушаалтнаас өөр албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байхгүй болно. Г М нь 18.2.Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: /18.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ гэж заасныг зөрчсөн бөгөөд “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага MNS 4930:2000 стандартын 3.29 /Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ажиллаж байх үед нь үзлэг, засвар үйлчилгээ хийхийг хориглоно./ гэж заасныг мөрдөж ажлаагүй /тоног төхөөрөмжийг цахилгаан тэжээлээс салгаж бүрэн зогссоны дараа гацсан гэмтэлтэй хэсэгт засвар үйлчилгээ хийх ёстой/ байна. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн /18.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх/ гэж заасан үүргийн дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй байна. ...”  /2-р хх 84-86/ гэх шинжээчийн дүгнэлт,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 102-108/,

“Building’s Technology” ХХК-ийн захирлын №11 дугаартай “Ажилд авах тухай” тушаалд “...Тус компанийн инженерээр Чулуунбат овогтой Ариунболдыг 2005 оны 6 дугаар сарын 13-наас авч ажиллуулсугай...” гэжээ /1-р хх 72/, Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ “...Намсрай овогтой Доржийг захирлаар томилсныг бүртгэв...” гэжээ. /1-р хх 75/, ажлын байрны тодорхойлолт /1-р хх 73-74, 76-79, 2-р хх 95-97/,  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1-р хх 95/, өвчний түүх /1-р хх 111-116/, хөдөлмөрийн гэрээ /1-р хх 150-153/ гэрээ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч “Бьюлдингс текноложи” ХХК-ийн захирал Н.Д ажил олгогч атлаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.1.3 дахь зааль, 9.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8 дахь заалтад заасанг зөрчиж, шүүгдэгч “Бьюлдингс текноложи” ХХК-ийн инженер, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтан Ч.А Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсэг, 27.3.1, 27.3.3, 27.3.4 дэх заалт, ажлын байрны тодорхойлолтын 1.3, 1.5, 1.6 дахь хэсэгт заасанг зөрчиж эвдрэлтэй төмөр таслагч машин дээр ажиллуулсны улмаас ажилтан Г.Мын биед “...зүүн гарын 1 дүгээр хуруу уг хэсгээр, 2 дугаар хурууны угийн шивнүүрийн дээд хэсгээр тасарсан...” хүнд гэмтэл учирсан үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээр зүйлчилж хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээр зааснаас шүүгдэгч Н.Д, Ч.А нарт шүүх хорих ялыг сонгон, тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зохих заалтуудыг зөрчиж ажлын байрын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд анхаараагүй атлаа гацаад байдаг, эрсдэл бүхий техник дээр ажил гүйцэтгүүлсээр байсан нөхцөл байдалд буюу гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, хор уршгийн хэм хэмжээ, тэдний хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаархи давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх, хохирогч шаардах эрхтэй бөгөөд уг эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилж өгсөн байна.

Гэхдээ эргэлзээгүй, хуулийн шаардлага хангасан нотлох баримтад үндэслэн  нэхэмжлэх нь нэхэмжлэлийн шаардлагад тавигдах хуулийн шаардлага тул хохирогч Г.Мын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаархи 136,492,506 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх ба хохирогчийн нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн нь зөв байна. Ингэж шийдвэрлэснээр хохирогчийн эрх зөрчигдөхгүй, нэхэмжлэл гаргах эрх нь хаагдахгүй.

Харин шүүх хохирогчийн нэхэмжлэлийн 9 сарын цалингийн нөхөн төлбөр 7,795,731 төгрөгийн, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул мөн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолын 5 дахь заалтад нэмэлт өөрчлөлтийг оруулж, хохирлын нэхэмжлэлийг гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Мын нэхэмжлэлийн /110.000.000+26.492.506=136.492.506/ 136.492.506 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин шүүгдэгч Н.Д, Ч.А нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Мын 194,288,237 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч  Д.Баттөмөр, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, шүүгдэгч Н.Д, Ч.А нарын өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Цогтбаатар нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ