Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/00841

 

 

 

 

 

2023 03 17

181/ШШ2023/00841

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О ХХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Н.А , түүний өмгөөлөгч Ш.Самал,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө , түүний өмгөөлөгч О.Батсүх, Б.Өлзийцэрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч О ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...миний бие 2008 оноос өдийг хүртэл (2022) Далд уурхайн бүтээн байгуулалт, хөндлөн нэвтрэлт, агуйлан олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ашиглалтын эхний шат хүртэл О н уурхайн талбарт нийтдээ 15 дахь жилдээ Далд уурхайн Өрөмдлөг, боолт, бэхлэгээний сургагчаар ажиллаж ирлээ. Р болон О н далд уурхайн хөндлөн нэвтрэлтийн төсөлд далд уурхайн тоног төхөөрөмжийн оператор-уурхайчнаар ажиллаж орчин үеийн дэвшилтэт шинэ техник технологийг эзэмшин өөрийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэн үр бүтээлтэй, аюул осолгүйгээр ажиллаж байсан. Мөн далд уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажилтнаас ахлах ажилтан (Lead) хүртэл ажиллаж засварын багтаа О н стандарт, бодлого журамд нийцсэн засвар үйлчилгээний үр дүнтэй амь хамгаалах дүрэм журамд нийцсэн аюулгүй үр бүтээлтэй багийн ажиллагааны соёлыг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

Одоогийн ажиллаж буй О ХХК далд уурхайн өрөмдлөг боолтны сургагч нь далд уурхайн өрөмдлөгийн мэдлэг ур чадварыг бусдад өвлүүлж, О н стандартуудыг мөрдлөг болгож далд уурхайн тоног төхөөрөмжийн операторуудыг өндөр ур чадвартай, үнэлгээг хийхэд залуусыг сурган дадлагажуулж ур чадварын үнэлгээг хийж ирлээ. Далд уурхайн бүтээн байгуулалт нэвтрэлтийн өрөмдлөг, туслах тоног төхөөрөмжөөс олборлолт үйл ажиллагааны өрөмдлөг хийх хүртэл жигд ажиллагааг хангах үүднээс агуйлан олборлох үйлдвэрлэлийн сургалтын багцуудыг шинэчлэх, боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүгээр ч зогсохгүй агуйлан олборлох үйл ажиллагаанд уртын өрөмдлөгийн үйл ажиллагаатай холбоотой аюул эрсдэл, хяналтыг сайжруулах талаар өөрийн туршлага хүч бололцоо мэдлэгээ бусад инженер техникийн ажилчид, операторуудад ур чадвараа дээшлүүлэхийн ач холбогдол цаашид учирч болох эрсдэл, амь хамгаалах дүрэм журам бодлого хэрхэн хамаатай болохыг таниулан сургаж, үр дүнтэй өрөмдлөгө ирээдүйд өөрчлөгдөх шинэ техник технологи нөхцөл байдлыг ойлгоход нь туслах зорилгоор өрөмдлөгийн арга техникийг операторуудад эзэмшүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн.

Ийнхүү ажиллаж байх хугацаандаа миний бие аюулгүй ажиллагаа, амь хамгаалах дүрэм журам, кемпийн дотоод дүрэм журам, ёс зүйн алдаа, харилцааны зөрчил зэргийг гаргаж байгаагүй. О уурхайн талбарт ажиллаж амьдарч байгаа хугацаа миний хувьд хоёр дахь гэр минь бөгөөд энд байх хугацаанд аюулгүй ажиллагаа, дотоод дүрэм журам, ёс зүйн харилцаа хандлагад хэрхэн хандах талаар маш сайн суралцаж дагаж мөрдөхийг эрхэм болгож хичээсээр ирсэн билээ.

Харамсалтай нь шөнийн ээлжинд 7 хоног ажиллаад өдрийн ээлж рүү шилжиж сургалтын багийн хамтрагч Ё.Д болон Б.Б нарын хамт автомат өрөмдлөгийн сургалт явуулахаар болж 2022 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 6 цагийн үед Чандмань оффист ажилдаа ирсэн чинь миний суудаг ширээнээс хоёр ширээ алгасаад хайрцагтай ажлын усны гутал байсныг хамт ажилладаг манай залуусын нэгнийх байх хэмээн бодож өөрийн ширээ, жижиг шүүгээ хоёрын завсар хямгадан тавьсан юм. Ингээд хоёр өдрийн дараа аюулгүйн албаны ажилтан надтай надтай холбогдон тодруулга авах шаардлагатайг мэдэгдэн тэр даруй би тус хэсэгт очиж тодруулга тайлбараа хэлж мөн бичиж өгсөн. Хоёр өдрийн хугацаанд автомат сургалт уурхайн нэн чухал сургалт байсан учир бид өглөө эрт түрүүнд нь далд уурхай руу орж орой нь оройтож гарч ирж байсан билээ. Энэ хугацаанд хэн нэг нь гуталны талаар асууж сурагласангүй, би ч сургалтандаа анхаарал хандуулаад хэний гутал вэ гээд явах завгүй 5 хоног өнгөрсөн байсан.

Хэн нэгний гутал алга болсон ба гомдол гаргаснаар тус алба камер шүүж үзэн намайг авсныг мэдэж надтай холбогдсон нь тэр юм билээ. Тэгээд тус албаны хүн гутал хаана байгаа талаар лавлаж надтай хамт Чандмань оффист очиж миний ширээн доор байгаа гуталны зураг хөргийг нь авч мөн гутлыг аваад явсан. Ингээд би тэрхүү гутал манай залуусынх биш юм байна гэдгийг ойлгон өөрсдийн залуусаас асууж лавлан бидний суудаг хэсэгт тур сууж байсан залуугийнх болохыг олж мэдэн тухайн залуугаас дахин дахин уучлалт гуйсан.

Тэрхүү ажлын усны гутлыг өөртөө завших ашиг хонжоо олох ч гэх юм уу, өөртөө ашиглая гэсэн өчүүхэн төдий атгаг адын бодол байсангүй бөгөөд зөвхөн манайхны хэн нэгнийх байх гэсэн бодлын үндсэн дээр хямгадсан нь ийм үл ойлголцох байдалд хүргэлээ. Өмнө нь залуусын маань мэр сэр зүйл алга болчихдог байсан учраас түүнээс сэргийлж хямгадсан. Залуус гадны мэргэжилтэнгүүд маань өөрсдийн эд зүйлсээ орхиод амрахаар буугаад явах үед нь би бээр орхиод үлдээгээд явсан зүйлийг нь хямгадаад хадгалаад ирэхээр нь надад миний тумбочконд байгаа тэнд хүлээлгээд өгсөн байгаа шүү гэх мэтчилэн хэлж сануулаад л явдаг, үүн шигээ санасан. Энэ мэт олон жишээ бий л дээ. Хэрэв би өөрөө тийм ажлын усны гуталтай болъё гэж гэмээ нь ийм аргаар биш хувийн хамгаалах хэрэгслийн агуулахад хандан захиалж эсвэл цахилгааны залуусын хэн нэгэнд хандахад би тийм гуталтай болж болно. Тэгээд ч миний хоёр дахь гэр болсон О н уурхайн талбарт амьдралынхаа 15 жилийн тэн хагаст амьдарч ажиллаж байгаа хүнийхээ хувьд мөн өөрийн нэр төрийг бодсон ч тэр ийм үйлдэл хийхгүй билээ. Мөн байрны үндсэн өчнөөн сая төгрөгний зээлтэй, гэр бүл хоёр сайхан хүүхдийнхээ ирээдүй, өөрийн ажлын карьерыг бодсон ч гутлаар бүхэл бүтэн амьдралаа золиослохыг хэн хүсэх билээ. Миний итгэдэг зүйл ч надад ингэж сургаагүй, О ч намайг ингэж төлөвшүүлээгүй.

Дээр дурдсанаас хойш 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 08:00 цагт хүний нөөцийн ажилтан онлайнаар уулзаж надаас тодруулга авах талаар манай хэлтсийн ахлах мэргэжилтэн хоёр өдрийн өмнө хэлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүний нөөцийн ажилтан Улаанбаатар хотоос, манай хэлтсийн ахлах мэргэжилтэн мөн миний бие хамт уурхайн талбараас онлайнаар оролцож тодруулга ярилцлага болсон. Үдээс хойш нь мөн дахин уулзаж өглөө онлайнаар болсон ярилцлагыг цаасан дээр хөрвүүлсэнтэй танилцаж гарын үсэг зурсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 27 хүртэл хянан шалгах үйл явц дуустал түр ажлаас чөлөөлж байгаа мэдэгдэл өгч орой нь би уурхайн талбараас Улаанбаатар хот руу буусан. Ингээд 4 дүгээр сарын 25-ны өдөр оффис дээр өдрийн 14:00 цагт дуудагдаж ноцтой зөрчил (Хөдөлмөрийн тухай хуулийн 80-1-4 зааснаар) гаргасан учир ажлаас чөлөөлөх Б/8810 тоот тушаал гаргасныг надад дуулгасан билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлдийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөделмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ., 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасны дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор оролгүйгээр шууд шүүхэд хандаж байна. Учир нь, манай байгууллага дээр ХЭМТК 1999 оны хуулиар байдаг боловч түүхэндээ нэг ч маргаан шийдвэрлэж байгаагүй бүгд шүүхээр шийдвэрлэгддэг байсан болно. Мөн шинэ хууль Хөдөлмөрийн хуулиар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс шинээр байгуулах ёстой боловч өнөөдрийг хүртэл байгуулаагүй байна. Иймээс тус шүүхэд шууд хандаж шийдвэрлүүлэхээр хандаж байгаа болно.

Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан О ХХК-ийн Далд уурхайн өрөмдлөг, боолт, бэхэлгээний сургагчийн албан тушаал дээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин хөлсний олговорт ажлаас халагдсан 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртлэхээр гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ... гэжээ.

 

2. Хариуцагч О ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн Ажлын байран дахь бэхэлгээ болон өрөмдлөгийн машины сургагч Н.А нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр уурхайн талбарын Чандмань оффис бусдын ширээн доороос компанийн өмчлөлийн эд зүйл болох цахилгааны ажлын зориулалттай, хар өнгийн усны гутал (хайрцагтай, шинэ, өндөр үнэтэй)-ыг зөвшөөрөлгүйгээр авч өөрийн ширээн дор нууж тавьсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ үйлдлийг компанийн холбогдох журамд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил хэмээн тооцохоор тодорхой заасан байсан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан болно.

Хариуцагч О ХХК-ийн зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны едрийн Б8810 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь дараах үндэслэлээр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

а. Хавтаст хэргийн 105-107 дугаар хуудсанд авагдсан Н.А ын О ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл Ажилтны хүлээх үүргийн б дэх заалтад ажилтан компанийн аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, сахин биелүүлэх, в дэх заалтад ажилтан компанийн бодлого, журам, дүрмүүдэд заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх хэм хэмжээг сахин ажиллах үүрэгтэй гэж заасан байна.

б. Хавтаст хэргийн 79-90 дугаар хуудсанд авагдсан Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.5-д ...Компанийн эсвэл бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах...-ийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзэж, уг зөрчил бүхий үйлдлийг журмын 19.3-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцохоор заасан.

в. Хавтаст хэргийн 66-78 дугаар хуудсанд авагдсан Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.7.4-д ...компанийн эсвэл бусдын өмчлөлийн эд хөрөнгө, бараа материалыг зөвшөөрөлгүй авах үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан.

г. Хавтаст хэргийн 105-107 дугаар хуудсанд авагдсан Н.А ын О ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и-д ...компанийн бодлого, дүрэм, журам, стандарт (үүнд: ...Кэмпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм, ...ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам,)-д Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасан. гэж заасны дагуу бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах нь Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдоно.

д. Хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд авагдсан Хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтаар Н.А нь О ХХК-ийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, холбогдох бусад дүрэм журмуудтай уншиж танилцан, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.

е. Хавтаст хэргийн 61-63 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Н.А тай хийсэн ярилцлагын тэмдэглэлд: ...усны гутлыг авсан гэдэг нь үнэн энэ дээр бол би өөрийгөө зөвтгөх тийм юм байхгүй. ...шөнийн ээлжинд явж байгаад тэнд гутал байна гэдгийг харсан юм. Гэхдээ би хоосон хайрцаг байна уу гээд тэрийг мэдэхгүй. ...тэр ширээний хажууд онгойсон гутал байхаар нь за манайхны гутал байх гэж бодоод авсан юм. Аваад би ширээн доороо тавьсан. гэсэн байна.

ё. Хавтаст хэргийн 91-99 дүгээр хуудсанд авагдсан Хянан шалгах ажиллагааны тайланд ...хянан шалгах ажиллагаагаар Н.А нь бусдын өмчлөлийн эд зүйл болох шинэ хайрцагтай усны гутлыг зөвшөөрөлгүйгээр авч өөрийн ширээн доор тавьсан нь ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр болон бусад ажилтны өгсөн тайлбар зэргээр нотлогдсон болно. Н.А нь М.А ий суудаг ширээн доороос хайрцагтай гутлыг зөвшөөрөлгүй авсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн болно гэж хянан шалгах ажиллагаагаар илэрсэн зүйл, холбогдох баримтуудыг хянан шалгах ажиллагааны тайланд тусган бичсэн. Хариуцагчийн зүгээс холбогдох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу гэрч асуулгах, үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг гарган шүүхийн журмаар баримтуудыг бүрдүүлсэн.

ж. Хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан М.А ийн Аюулгүй байдлын багт 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бичиж өгсөн тайлбарт ...би 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Цахилгааны гүний усны гутал хүнээс авч өөрийн ширээн доор хадгалсан. Хайрцагтай шинэ байсан. Би 3 дугаар сарын 10-ны орой ростерийн амралтаар буугаад 24-ний орой ирээд 25-ны өглөө ажилдаа ирсэн. Тэр үед 25-нд гутал байсан 26-ны өглөө ажилдаа ирэхэд хайрцагтайгаа алга болсон байсан. 26-ны орой гутлын эзнээс авсан эсэхийг тодруулаад аваагүйг нь мэдээд камер шүүлгэх хүсэлт гарган шалгуулсан. 3 дугаар сарын 28-ны өглөө Аюулгүй байдлын албанаас надтай холбогдоод баруун талын ширээний доод хэсгийг үзэх хүсэлт гаргасан. Би баруун талын ширээний доод хэсгийг үзэхэд хайрцагтай, шинэ миний алдсантай ижил гутал байсан. Энэ ширээн дээр одоогоор сургалтын хэлтсийн сургагч багш Амгаланбаатар суудаг гэсэн байна.

з. Хавтаст хэргийн 163-165 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр М.А ийг гэрчээр асуусан тэмдэглэлд: ...Бүх ажилчдад өгдөггүй, зөвхөн цахилгааны багийнханд тусгайлан гаргаж өгдөг цоо шинэ, урт түрийтэй хайрцаг сав баглаа боодолтой гутал байсан. ...миний ширээний доор байсан ...цоо шинэ хайрцагтай гутал ширээний цаана буланд байсан. Яагаад гэвэл суухад хөл тээглээд байсан болохоор булан руу нь хөлөөрөө түлхээд тавьсан байсан ...миний ширээ сандал зөвхөн миний нэртэй, над дээр бүртгэлтэй байдаг. Миний байнгын суудал. ...би эхлээд ойр тойрныхноо хүмүүсээс асууж байсан. Зааланд ерөнхийд нь асуусан. Дараа нь Н.А бид 2 тааралдсан. Тэр үед өөрөөс нь асуугаагүй ч гутал хайж байгаа гэдгээ хэлсэн. Ойр зуурын ажил ярилцаж байх үедээ гутал алга болсон талаар хэлсэн. ...Амгаланбаатар над дээр ирээд камер түр авсан. Тэр үед гутал алга болсон талаар хэлсэн. ...хулгайд алдагдсан гэвэл шууд аюулгүй байдлын албанд мэдэгддэг. Мэдсэн даруйд мэдэгдэж аюулгүй байдлын албанд бүртгүүлдэг. ...алга болсны дараа бэлэн байдлын багт мэдэгдээд бэлэн байдлын баг над руу хэд хоногийн дараа гэдгийг санахгүй байна. Надруу утасдаад гутлаа аваарай гэж хэлсэн. Тэндээс гутал аваад авах ёстой гадаад мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн гэсэн байна.

и. Хавтаст хэргийн 168-172 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Т.Т ийг гэрчээр асуусан тэмдэглэлд: ...О ХХК-ийн олборлолтын багийн инженер А-ий ширээнээс эд зүйл алга болсон зөрчил гарсан. Энэ зөрчлийг хянан шалгах ахлахаар ажилласан. ...А ширээн доороос гутал алга болсон талаар аюулгүй байдлын албанд мэдэгдсэн. Аюулгүй албаны тайлбарт үндэслэн хянан шалгасан. ...О ХХК-ийн ажилтны ширээ болгон өөр өөрийн гэсэн эзэнтэй, А ий ширээнд тухайн ажилтны нэр, албан тушаалыг хаяглаад ширээний хаалтны гадна нүдэнд ил харагдахаар бичсэн байдаг. ...А ширээн доор байсан гутал алга боллоо гэдгийг мэдэгдсэн. Аюулгүй албанаас тухайн мэдүүлгийг үндэслээд шалгалт хийсэн. Дээрээс нь М.А энэ гутлыг авсан гэдгээ хэлсэн. ...ширээний доор шүүгээний ард байсан. Хүн харахад харагдахааргүй хэцүү байдалтай байсан. Зураг нь байгаа. ...О ХХК-д тухайн ажилтны хувийн орон зай маш чухал, буюу түүнийг хүндэтгэдэг маш том соёл байдаг. Нэг бал байсан ч зөвшөөрөлгүй авдаггүй. Нэн шаардлагатай үед цаасан дээр бичээд ширээн дээр үлдээдэг ихэнхдээ утсаар холбоо барьж зөвшөөрөл авдаг. Гэхдээ хүний ширээн дээрээс юм авах тохиолдол ер нь ховор гэсэн байна.

й. Хавтаст хэргийн 184-195 дугаар хуудсанд авагдсан Хянан шалгах ажиллагааны тайлангийн хавсралтад Чандмань оффисын 2 давхарын хойд хэсгийн камерын бичлэгээс буулгасан зураг-1 (Н.А нь М.А ийн ширээ рүү ойртож буй нь), Чандмань оффисын 2 давхарын хойд хэсгийн камерийн бичлэгээс буулгасан зураг-2 (Н.А нь М.А ийн ширээ рүү нь бөхийж буй нь), Чандмань оффисын 2 давхарын хойд хэсгийн камерийн бичлэгээс буулгасан зураг-3 (Н.А нь өөрийнхөө ширээ рүү буцаж буй нь), Чандмань оффисын 2 давхарын урд хэсгийн камерийн бичлэгээс буулгасан зураг-4 (Н.А нь М.А ийн ширээ рүү тонгойж буй нь), Чандмань оффисын 2 давхарын урд хэсгийн камерийн бичлэгээс буулгасан зураг-5 (Н.А нь М.А ийн ширээнээс холдож буй нь), Чандмань оффисын 2 давхар Н.А , М.А нарын суудаг хэсгийг харуулсан зураг-6, М.А ийн суудаг ширээний хаалт дээрх түүний нэр бичигдсэн хаягийг харуулсан зураг-7, Н.А ын суудаг ширээний хаалт дээрх түүний нэр бичигдсэн хаягийг харуулсан зураг-8, Н.А ын ширээн доороос М.А ийн алдсан хайрцагтай гутлыг олсон үеийн зураг-9, Н.А ын ширээн доороос М.А ийн алдсан хайрцагтай гутлыг олсон үеийн зураг-10, Н.А ын ажлын үнэмлэхийн зураг-11, 2022 оны 3-дугаар сарын 26-ны өдрийн Чандмань оффисын 2 давхарын урд, хойд хэсгийн хяналтын камерын бичлэгийн холбогдох хэсгийг хуулж хадгалсан тухай зураг тус тус авагдсан байна.

к. Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 03-р сарын 15-ны өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэлд ...өрөөний буланд байрлалтай хяналтын камерт бичигдсэн үйл явдлыг харуулах бөгөөд улаан өнгийн дүрсээр тэмдэглэгдсэн хэсэгт ажлын хувцастай, цагаан өнгийн амны хаалттай, малгайгүй эрэгтэй хүн зэргэлдээх 2 ширээг алгасан яваад, 3-4 секундэд дараагийн ширээнд очиж тонгойв. 08 секундэд дээш өндийн гартаа ямар нэг зүйл барьсан байдалтай анх өөрийн боссон ширээндээ буцаж ирээнд 15 секундэд гартаа барьсан зүйлээ ширээн доороо тавиад сандал дээрээ суув. Бичлэгээс уг эрэгтэйн царай танигдахгүй, зөөж авчирч буй зүйл харагдахгүй байна. Дээрх 2 бичлэг нь уг үйл явдлыг нэг цаг хугацаанд 2 өөр талаас бичсэн бичлэг байна. гэсэн байна.

л. Хавтаст хэргийн 115 дугаар хуудсанд авагдсан Цахилгаанчны хамгаалалтын түрийтэй гуталны тухай албан бичигт ...Оливер брэндийн, 65697-10 эдийн дугаартай цахилгаанчны хамгаалалтын түрийтэй гутлыг 706,960 төгрөгөөр худалдан авдаг гэсэн байна.

Нэхэмжлэгч Н.А нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр уурхайн талбарын Чандмань оффис дахь М.А ийн ширээ рүү очин тонгойж, өөрийнх нь багийн гишүүн биш, төслийн инженер М.А ийн ширээн доороо хадгалж байсан 706,960 төгрөгийн үнэтэй цахилгааны ажлын зориулалттай, хар өнгийн шинэ, хайрцагтай усны гутлыг зөвшөөрөлгүй авсан болох нь дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Иймд нэхэмжлэгч Н.А ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ... гэжээ.

 

 3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: О ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын асуудал хариуцсан Ерөнхий менежерийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ажлаас түр чөлөөлснийг зогсоох тухай мэдэгдэл, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн мөн өдрийн Б8810 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, Гүний уурхайн төслийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн HR3932/17 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай тушаал, мөн өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хувилсан хувь/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Голомт банк дахь 1609215875 дугаартай дансны 2022 оны 1 дүгээр сарын 08-наас 2022 оны 4 дүгээр сарын 25-ныг хүртэл хугацааны хуулга, О ХХК-ийн Уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 27/22 дугаартай мэдэгдэл, Н.А ын зан байдлын талаар Ж. Р, Ё.Д нараас гаргасан тодорхойлолт /орчуулгын хамт/, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичиг, О ХХК-ийн талархлын бичгийн хуулбар, /хх 4-33, 155-161/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 51/20 дугаар Ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаалын хуулбар, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 289 дугаартай О ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай тогтоолын хуулбар, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 12/22 дугаар Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай тушаалын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б8810 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Н.А тай хийсэн ярилцлагын тэмдэглэлийн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтын хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр М.А ий Аюулгүй байдлын тайлбар авах хуудсанд бичиж өгсөн тайлбар, Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 54/21 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтаар Сахилгын шийтгэл ногдуулах журмын хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 15/21 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтаар Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн хуулбар, Компанийн Хянан шалгах ажиллагааны тайлан /эх хувиар/, ажилчдын суудаг өрөө тасалгааг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын дүрс бичлэг бүхий DVD, цахилгаанчны хамгаалалтын түрийтэй гуталны тухай тодорхойлолт /хх 36-40, 57-100, 173,174, 184-195, 215/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2022/12272 дугаар захирамжаар О ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, сахилгын шийтгэл ногдуулах журам, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох журам /хуулбарууд/, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Н.А тай хийсэн ярилцлагын тэмдэглэлийн хуулбар, Н.А ын уурхайн гүн рүү 2022 оны 3 дугаар сарын 27-ноос 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд орсон, гарсан цагийн бүртгэл, Н.А ын зөрчлийг хянан шалгасантай холбоотой баримтууд, Н.А тай байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар зэргийг, шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/03470 дугаар захирамжаар Ё.Д аас авсан гэрчийн мэдүүлэг /хх 61-100,105-153, 205-208/ зэргийг,

- хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/14582 дугаар захирамжаар Т.Т , М.А нараас авсан гэрчээр мэдүүлэг, шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/03470 захирамжаар ажилчдын өрөөний доторх хяналтын дүрс бичлэг бүхий DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх 163-172, 210-214/ зэргийг тус тус шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь

ҮНДЭСЛЭХ нь

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардлагаа тодорхойлсон. Үүнд: ...миний бие 2008 оноос өдийг хүртэл О н уурхайн талбарт нийтдээ 15 дахь жилдээ Далд уурхайн өрөмдлөг, боолт, бэхлэгээний сургагчаар ажиллаж ирлээ. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа аюулгүй ажиллагаа, ёс зүйн алдаа, харилцааны зөрчил зэргийг гаргаж байгаагүй. ... 2022 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 6 цагийн үед Чандмань оффист ажилдаа ирэхэд миний суудаг ширээнээс хоёр ширээ алгасаад хайрцагтай ажлын усны гутал байсныг хамт ажилладаг манай залуусын нэгнийх байх хэмээн бодож өөрийн ширээ, жижиг шүүгээ хоёрын завсар хямгадан тавьсан юм. Ингээд хоёр өдрийн хугацаанд ... далд уурхай руу орж оройтож гарч ирж байсан. Энэ хугацаанд хэн нэг нь гуталны талаар асууж сурагласангүй, би ч сургалтандаа анхаарал хандуулаад хэний гутал вэ гээд явах завгүй 5 хоног өнгөрсөн байсан. Хэн нэгний гутал алга болж, гомдол гаргаснаар аюулгүйн алба камер шүүж үзээд намайг авсныг мэдэж надтай холбогдон тайлбар авсан. ... би тэрхүү гутлыг ... бидний суудаг хэсэгт тур сууж байсан залуугийнх болохыг олж мэдэн тухайн залуугаас уучлалт гуйсан. Тэрхүү гутлыг өөртөө завших бодол байгаагүй. Зөвхөн манайхны хэн нэгнийх байх гэсэн бодлын үндсэн дээр авч хямгадсан нь ийм үл ойлголцох байдалд хүргэлээ. ... гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Н.А нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр уурхайн талбарын Чандмань оффист өөрийн багийн гишүүн биш, төслийн менежер ажилтай М.А ий ширээн доороос компанийн өмчлөлийн эд зүйл болох цахилгааны ажлын зориулалттай, хар өнгийн усны гутал (хайрцагтай, шинэ, 706,960 төгрөгийн үнэ бүхий)-ыг зөвшөөрөлгүйгээр авч, улмаар өөрийн ширээн доор нууж тавьсан болох нь хянан шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд энэ үйлдлийг компанийн холбогдох дүрэм, журамд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил хэмээн тооцохоор тодорхой заасан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. ... гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Н.А нь 2008 оноос хариуцагч О ХХК-д ажиллаж эхэлсэн гэх бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс тус ХХК-ийн Хүний нөөц-Сургалтын хэлтэст гүний уурхайн тоног төхөөрөмжийн сургагч багшаар, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс Үйлдвэрийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн Ажлын байран дахь бэхэлгээ болон өрөмдлөгийн машины сургагчийн албан тушаалд тус тус томилогдон ажилласан болох нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

4.2. О ХХК-ийн Гүйцэтгэх захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б8810 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8 (1), ажилтан Н.А тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и, 10.4, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9 дүгээр зүйл Ёс зүйн зохисгүй хэм хэмжээ-ний 9.1.5, 19.1, 19.3, 19.4 дэх заалтууд, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 13.1.4, 17.1, 17.2, 17.2.7.4, 17.3, 18.7.1, 18.7.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Үйлдвэрийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн Ажлын байран дахь бэхэлгээ болон өрөмдлөгийн машины сургагч Н.А нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр О н уурхайн талбарын Чандмань оффисын бусдын ширээн доороос компанийн өмчлөлийн эд зүйл болох цахилгааны ажлын зориулалттай, хар өнгийн усны гутал (хайрцагтай, шинэ, өндөр үнэтэй)-ыг зөвшөөрөлгүйгээр авсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай. ... гэсэн үндэслэлийг заажээ.

5. Талууд ажилтнаас хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчсөн эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл хуульд нийцсэн эсэх талаар маргаж байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Н.А ын уурхайн гүн рүү 2022 оны 3 дугаар сарын 27-ноос 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд орсон, гарсан цагийн бүртгэл, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Н.А тай хийсэн ярилцлагын тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр М.А ий Аюулгүй байдлын тайлбар авах хуудсанд бичиж өгсөн тайлбар, Н.А ын зөрчлийг хянан шалгасантай холбоотой баримтууд, Компанийн Хянан шалгах ажиллагааны тайлан /эх хувиар/, ажилчдын суудаг өрөө тасалгааг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын дүрс бичлэг бүхий DVD, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М.А , Т.Т , Ё.Д нарын мэдүүлэг, цахилгаанчны хамгаалалтын түрийтэй гуталны тухай тодорхойлолт /хх 61-63, 65, 91-100, 104, 163-166, 168-172, 174, 184-195, 205-208, 210-215/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

 

Н.А нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр уурхайн талбарын Чандмань оффист өөрийн багийн гишүүн биш, төслийн менежер ажилтай М.А ий ширээн доороос цахилгааны ажлын зориулалттай, хар өнгийн усны гутал (хайрцагтай, шинэ, 706,960 төгрөгийн үнэ бүхий)-ыг зөвшөөрөлгүйгээр авч, улмаар өөрийн ширээн доор далдалж тавьсан болох нь тогтоогдож байна.

 

Тэрээр бусдын ширээн доороос гутал авах болсон шалтгаанаа ...хамт ажилладаг манай залуусын нэгнийх байх хэмээн бодож хямгадсан... хэмээн тайлбарладаг боловч энэ нь бодит үнэнд нийцээгүйн гадна, ийнхүү гутлыг авснаас хойшхи хугацаанд эзнийг нь олж тогтоох идэвхитэй үйлдэл хийгээгүй, өөрөөр хэлбэл болсон үйл явдал, түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч М.А ий ...би эхлээд ойр тойрныхоо хүмүүсээс асууж байсан. Зааланд ерөнхийд нь асуусан. Тэр дунд Н.А байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Дараа нь Н.А бид хоёр тааралдсан. Тэр үед өөрөөс нь асуугаагүй ч гутал хайж байгаа гэдгээ хэлсэн. Н.А над дээр ирээд камер түр авсан... гэх, гэрч Ё.Д ын ...3 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Н.А тай хамт ажиллаж байсан. Энэ гуталны талаар надад ярьж байгаагүй... гэх мэдүүлгүүдээр түүний дээрх санаа зорилго үгүйсгэгдэж байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болох үндэслэл буюу урт хугацааны гэрээнээс ажил олгогч татгалзаж болох хүндэтгэн үзэх үндэслэлүүдийг тодорхой зааж өгсний дотор ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх тохиолдлууд хамаардаг.

Хөдөлмөрийн гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд чухам ямар зөрчлүүдийг хамааруулах, ямар тохиолдлыг, ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож, энэ тухай хөдөлмөрийн гэрээндээ тодорхой заасан байх шаардлагатай бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцож, тодорхойлсон нөхцөлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох учиртай.

8. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ /хх 105-107/-ний 8 дугаар зүйл Ажилтны хүлээх үүрэг-ийн б-д компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, в-д компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх хэм хэмжээг ханган ажиллах гэж,

- 10 дугаар зүйлийн 10.2.1 Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох Ноцтой зөрчлүүд-ийн и-д компанийн аливаа бодлого, дүрэм, журам, стандарт (үүнд: ...Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм...)-д ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар ... заасан зөрчил гаргасан гэж, 10.4-т хэрэв ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, эсхүл энэхүү гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлах талаар ажилтанд урьдчилан мэдэгдэхгүй бөгөөд гэрээг шууд цуцална гэж,

 

Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм /хх 79-90/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 Дараах үйлдлүүдийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзнэ. Үүнд:-ийн 9.1.5-д Компанийн эсвэл бусдын өмчлөлийн зүйлийг зөвшөөрөлгүй авах ... гэж,

- 19 дүгээр зүйл Хариуцлага-ийн 19.3-т журмын 9.1.1-9.1.15-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно гэж,

 

Сахилгын шийтгэл ногдуулах журам /хх 66-78/-ын 17 дугаар зүйлийн 17.2 Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно. Үүнд:-ын 17.2.7.4-д компанийн эсвэл бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө, бараа материалыг зөвшөөрөлгүй авах ... гэж,

- 18 дугаар зүйлийн 18.7 Ажилтны эрх үүрэг, хариуцлага-ын 18.7.1-д журмыг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх, 18.7.3-т журамд заасан сахилгын зөрчлийг ямар ч үед гаргахгүй байхыг эрмэлзэн ажиллах гэж тус тус заажээ.

 

Ажилтан Н.А нь О ХХК-ийн дээрх дүрэм, журам болон холбогдох гарын авлагуудыг хүлээн авч, уншиж танилцаж ойлгосноо мөн дүрэм, журмуудтай холбогдуулан гаргасан компанийн аливаа шийдвэрийг цаашид дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч байгаагаа Хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримт /хх 64/-аар баталгаажуулсан ба энэ талаар маргаагүй байна.

 

9. Ажил олгогчийн зүгээс ажилтан Н.А ыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зөрчин, ийнхүү сахилгын ноцтой зөрчил гаргасан нь хянан шалгах ажиллагаа болон ажилтны өөрийн тайлбар зэргээр тогтоогдсон хэмээн үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан явдлыг буруутгах боломжгүй байна.

10. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан О ХХК-ийн Далд уурхайн өрөмдлөг, боолт, бэхэлгээний сургагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх боловч уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан О ХХК-ийн Далд уурхайн өрөмдлөг, боолт, бэхэлгээний сургагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Н.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН