Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2022/01785

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2022/00695/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, . байр, ... тоотод оршин суух ... овогт А-гийн Б /РД: ..., Утас: .../,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум,  ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овогт Г-ийн О /РД: ...., Утас: .../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, .... сум, ... баг, ... сургуулийн дотуур байранд оршин суух ... овогт С-ын Д /РД: ..., Утас: .../,

Хариуцагч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... байр, ... тоотод оршин суух ... овогт Б-ийн С /РД: ...., Утас: .../ нарт холбогдох

"Хохирол 20,684,800 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням, иргэдийн төлөөлөгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б, Г.О нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш том хүү болох О.Б намайг унтаж байхад машины түлхүүр нуусан газраас олж миний машиныг гараашнаас авч гарсан байдаг. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үүрээр  С.Д гэх хүүхэдтэй явж байгаад осол гаргаж онхолдсон байдаг. Тухайн үед С.Д машин барьж явж байсан. С.Д гэдэг хүүхдэд холбогдуулан зөрчлийн хэрэг үүссэн боловч насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. С.Дий эцэг болох Б.Саас 20,684,800 төгрөгийн хохирлыг барагдуулахаар  нэхэмжлэл гаргасан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд татгалзаж байна. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн төрсөн хүү болох О.Б нь өөрийн аавын машиныг унаж байгаад хариуцагчийн насанд хүрээгүй хүүхэд болон хэд хэдэн хүүхэдтэй цуг явж байгаад машин нь унасан байдаг. Тухайн осолд орсон машины хохирлын үнэлгээ, хохирлын акт гарсан. Мөн цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээсэн. Хариуцагч Б.С тайлбарлахдаа С.Д гэдэг хүүхдийн үйлдэл биш нэхэмжлэгчийн насанд хүрээгүй хүүхдийн үйлдлийн улмаас хүүхэд минь машин барьсан. С.Д гэдэг хүүхэд машин унаагүй байсан бол манай хүүхэд осол гаргахгүй байсан гэж хэлдэг. Нэхэмжлэгч насанд хүрээгүй хүүхдээ хараа хяналтдаа байлгаж чадаагүй. С.Д гэдэг хүүхэд ... аймгийн Э сургуульд 9-р ангид суралцдаг ба сургуулийнхаа дотуур байранд байсан. 2020 оны оны 09 дүгээр сард ... аймгийн Э сургуулийн 8-р ангид суралцах гэрээ байгуулж суралцаж байсан. 2021-2022 оны хичээлийн жилд 6,998,000 төгрөгийг өгч суралцсан байдаг. С.Д нь зөрчил гаргасан үедээ эцэг, эхийн хяналтаас гадуур буюу сургуулийн дотуур байранд байсан. Тухайн үед сургууль асран хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Д болон Б.С нар хариуцах уу эсхүл сургуулийн захиргаа хариуцах талаар маргаантай байдаг. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Д Улаанбаатар хотын сургуульд сурдаг ба тухайн сургуулийн дотуур байранд байдаг. Мөн сургалтын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ,  ... аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 ширхэг зураг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зураг, зам тээврийн ослын талаарх магадалгаа, эрх бүхий албан тушаалтны тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тухай, насанд хүрээгүй холбогдогчоос мэдүүлэг авсан тухай, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тухай, В хөрөнгийн үнэлгээний тайлан, ... дугаартай тээврийн хэрэгслийн 8 ширхэг зураг, В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ машины гэмтлийн тайлбар, ... тээврийн хэрэгслийн гэрчилгээ, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол шуудан дугтуй, иргэний үнэмлэхийн хуулбар, ... аймгийн Цагдаагийн газар зөрчлийн ... хэргийг хүргүүлсэн албан бичиг, хх-ийн 69-116 дугаар хуудас зөрчлийн хэрэг, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ... дугаартай тээврийн хэрэгслийн 3 хувь гэрэл зураг, С.Гын хүсэлт, зам тээврийн ослын газрын тэмдэглэл, магадалгаа, Дархан-Уул аймгийн Э сургуулийн сургалтын гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б, Г.О нар нь хариуцагч С.Д, Б.С нараас зөрчлийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 20,684,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нь О.Б гэдэг хүүхэд машин унаагүй байсан бол манай хүүхэд осол гаргахгүй байсан гэж хэлдэг, нэхэмжлэгч насан хүрээгүй хүүхдээ хараа хяналтдаа байлгаж чадаагүй, С.Д гэдэг хүүхэд .. аймгийн Э сургуульд 9-р ангид суралцдаг ба сургуулийнхаа дотуур байранд байсан, С.Д нь зөрчил гаргасан үедээ эцэг, эхийн хяналтаас гадуур буюу сургууийн дотуур байранд байсан, тухайн үед сургууль асран хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Д болон Б.С нар хариуцах уу эсхүл сургуулийн захиргаа хариуцах талаар маргаантай байдаг, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргадаг.

3. Нэхэмжлэгч Г.Оийн өмчлөлийн Мерседэс бенз Жи-Класс 400 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч С.Д нь жолоодож яваад зам тээврийн осол гаргасан, энэхүү үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1, 51 дэх заалтад зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу холбогдогч насан хүрээгүй үндэслэлээр С.Дд холбогдох хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэсний дагуу А.Б, Г.О нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр  гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” зааснаас үзэхэд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, буруутай этгээд болох С.Д нь түүнийг арилгах үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас энэхүү зам тээврийн осол гарсан гэдгийг ... дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад нотлон тогтоосон, хариуцагч тал осол гаргасанд маргадаггүй, насанд хүрээгүй хүнийг харж хандах үүргээ биелүүлээгүй сургуулийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсаныг бид хариуцахгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Зөрчлийн ... дугаартай хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нас тоолсон тэмдэглэлээр С.Д нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 нас, 8 сар, 10 хоногтой байсан.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т “7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана.” гэж зааснаас үзвэл С.Д нь 14 буюу түүнээс дээш настай байх үедээ зам тээврийн осол гаргасан, үүнийг сургуулийн захиргаа буюу Э сургууль хариуцах үүрэггүй байна.

6. Харин Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар хохирлыг С.Дий эцэг Б.Саас гаргуулахаар шаардлагаа тодруулсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч С.Д нь насанд хүрээгүй бөгөөд одоо Ерөнхий боловсролын Н.н сургуульд суралцдаг болох нь хэрэгт авагдсан сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа болно.

Иймд С.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүү О.Б-од унах боломжийг олгосон, нэхэмжлэгч Г.О тээврийн хэрэгслийн түлхүүрийг нуусан гэсэн нь тухайн тээврийн хэрэгслийг О.Б жолоодохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн авсан гэж үзэх боломжгүй байх тул хохирол учрахад нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэж 50 хувиар нэхэмжлэлийн шаардлагыг багасгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад В ХХК-иар авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг гаргуулсан бөгөөд дээрх үнэлгээгээр “шууд зардал 18,740,000 төгрөг, шууд бус зардал 1,126,800 төгрөг” гэж гарсан байна. Зохигч дээрх үнэлгээний үнийн дүн дээр маргадаггүй. Нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд “маш хатуу төмөртэй тул тээврийн хэрэгслийг засах боломжгүй учир зарсан” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд шууд бус зардлыг шүүх гаргах боломжгүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхээр байна. Иймд шууд зардал 18,740,000 төгрөгийн 50 хувь 9,370,000 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 818,000 төгрөгийн 50 хувь 409,000 төгрөг, нийт 9,779,000 төгрөгийг хариуцагч Б.Саас гаргуулж нэхэмжлэгч Г.О, А.Б нарт олгох нь зүйтэй.

9. Иргэдийн төлөөлөгч Б.У “хариуцагч талын насан хүрээгүй С.Д нь замын хөдөлгөөнд оролцож гэм буруутай гэдэг нь тогтоогдсон учир түүний эцэг эх, асран хамгаалагч болох Б.С нь нэхэмжлэгч талын 20,684,800 төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

10. Нэхэмжлэгч А.Б-т шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 37 минутад мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, зохигч шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогчийн эрх байх тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төслөн 261,374 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдах үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 171,414 төгрөгийг хариуцагч Б.Саас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Саас 9,779,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О, А.Б нарт олгож, үлдэх хэсэг болох 10,905,800 төгрөг гаргуулах тухай болон С.Д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,374 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдах үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 171,414 төгрөгийг хариуцагч Б.Саас гаргуулан нэхэмжлэгч Г.О, А.Б нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЖАВХЛАНТӨГС

 

          ШҮҮГЧИД                              Д.АЛТАНТУЯА

 

                                                            М.ОЮУНЦЭЦЭГ