| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/03949/И |
| Дугаар | 101/ШШ2023/01348 |
| Огноо | 2023-03-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2023/01348
| 2023 03 16 | 101/ШШ2023/01348
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Л.Энхжаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Зүүн салаа 5 дугаар гудамж, 14 тоот хаягт оршин суух Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр-Орд 601-709 тоот хаягт оршин суух, М-д холбогдох,
Гэм хорын хохиролд 6,366,934 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч М.М, иргэдийн төлөөлөгч Х.Баянзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.******* нь 2021 оны 12 сарын 30-аас 31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 24-32 тоотод М.Мөнх-Эрдэнэд зодуулсан.
М.Мөнх-Эрдэнэ нь Э.*******гийн үснээс татаж газар унагаж нүүр рүү нь өшиглөж гараараа цохиж алгадаж толгойгоор шал мөргүүлж зүүн талын чамархайн ясны хөхлөг сэртэнгээс дээш гадна болон дунд чихний хөндий рүү үргэлжилж зүүн чихний алх ясны толгой хэсгийг дайрсан шугаман хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт, 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн чихний үлэмж хэмжээний сонсгол бууралт бүхий хүнд гэмтэл учруулсан. Түүний дээрх хүнд гэмтэл учруулсан хэргийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд шийтгэх тогтоол гарсан.
Дээрх гэмтлийн улмаас Э.*******гийн зүүн чихний сонсгол муудсаар байгаа бөгөөд мөн хамрын хөндийд үүссэн битүү гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа хэдий ч эмчилгээний зардал байхгүй.
М.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх ажиллагааны явцад өөрийн гарсан зардлын баримтыг гарган өгч тухайн үед гаргасан бодит зардлыг гаргуулан авсан. Одоо цаашид гарах зардлыг нэхэмжилж байна.
ЭМЖЖ чих хамар хоолойн эмлэнгийн үзлэг оношилгоогоор хамар болон чихний хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн бөгөөд чихэндээ хагалгаа хийлгэсэн. Одоо харин хамарт хагалгаа хийлгэх шаардлага үүсээд байгаа.
Дээрх хоёр хагалгааны төлбөр 6,366,934 төгрөг болж байгаа болохыг тус эмнэлгээс гаргаж өгсөн нэхэмжлэхээр нотлогдож байгаа болно.
Одоогоор чихэндээ хагалгаа хийлгэсэн байгаа бөгөөд чихний хагалгааны төлбөрт хариуцагчаас 2,700,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр багасгаж байна.
Иймд хариуцагчаас хамарын мэс засал хийлгэх төлбөр болох 3,668,332 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна гэв.
2.Хариуцагч М.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч бид хоёр 2022 оны 12 сарын 30-ны өдөр муудалцаад 12 сарын 31-ний өдөр анхны тусламж үзүүлээд шүүх эмнэлэг дээр очиход гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Хэрэг үүсэхэд хамарт нь гэмтэл учирсан талаар огт яригдаагүй. Би өөрөө эмнэлэг дээр хамт очиж эмнэлгийн тусламж үзүүлэхэд хамт байсан. Хэрэгт хуучин гэмтэл гэсэн дүгнэлтүүд ч байгаа. Э.*******гийн хамар өмнө нь гэмтэлтэй байсан.
Би нэхэмжлэгчийн чихэнд гэмтэл учруулсан үйлдэлдээ маргахгүй. Тийм ч учраас эмчилгээний зардалд нь 2,700,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч чихэндээ хагалаа хийлгээгүй. Харин өнгөрсөн 12 сард хамрын гоо сайханы хагалгаанд орсон. Өөрөө надтай уулзахдаа ямар нэг мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэдэг. Одоо хүртэл чихний хагалгаанд ороогүй байгаа.
Миний хувьд хамарт нь гэмтэл учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: Хэрэг үйлдэгдэх болсон шалтгаанаас болж хувь хүн өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн бол хохирлыг төлөх үндэслэлгүй, хариуцагч тал өөрөө түрүүлж гар хүрсэн бол аливаа хохирол төлбөрийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гэмтлээ эмчлүүлсэн гэх баримт байхгүйд эргэлзээ төрж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
4.Нэхэмжлэгчээс: ЭМЖЖ эмнэлгийн шинжилгээний хуудас, үзлэгийн баримт, нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоол,
Хариуцагчаас: Банкны гүйлгээний баримтыг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 1361 дугаар, 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, ЭМЖЖ эмнэлгийн үзлэгийн хуудас, дүрслэл оношилгооны хариу зэрэг бичгийн баримтуудыг бүрдүүлсэн байна.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч М.Мөнх-Эрдэнэд холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 6,366,934 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... хариуцагчийн гэм буруутай үйлдийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол буюу хамрын мэс заслын зардал 3,668,332 төгрөг, чихний мэс заслын зардалд 2,698,602 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон ба шүүх хуралдаан дээр хариуцагчаас чихний мэс заслын зардал 2,700,000 төгрөг төлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг уг дүнгээр багасгаж хамрын таславч мурийсанд мэс засал хийлгэх зардалд 3,668,332 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага буюу хамрын мэс заслын зардал 3,668,332 төгрөгт хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Хариуцагч М.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.*******тэй маргалдаж түүнийг газар унагаж өшиглөх, гараар цохих, алгадах, толгойгоор нь шал мөргүүлэх зэргээр зодож биед нь зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгээс дээш гадна болон дунд чихний хөндий рүү үргэлжилж зүүн чихний алх ясны толгой хэсгийг дайрсан шугаман хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт, зүүн чихний дэлбээ, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалагны цус хуралт, зүүн гуяны түлэгдэлт, зүүн дээд үүдэн шүдний эмтрэл, зүүн чихний үлэмж хэмжээний сонсгол бууралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/241 дугаар шийтгэх тогтоолоор М.Мөнх-Эрдэнийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд уг үйл баримттай талууд маргахгүй байна. /х.х-ийн 9-11 дүгээр тал/
Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Э.*******гийн биед зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгээс дээш гадна болон дунд чихний хөндий рүү үргэлжилж зүүн чихний алх ясны толгой хэсгийг дайрсан шугаман хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт, зүүн чихний дэлбээ, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалагны цус хуралт, зүүн гуяны түлэгдэлт, зүүн дээд үүдэн шүдний эмтрэл, зүүн чихний үлэмж хэмжээний сонсгол бууралт бүхий хүнд гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол болон 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 1361 дугаар, 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, ЭМЖЖ эмнэлгийн үзлэгийн хуудас, дүрслэл оношилгооны хариу зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 52-67 дугаар тал/
Хариуцагчаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд буюу түүний сонсголын эрхтэнд гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч, харин хамарт ямар нэг гэмтэл учруулаагүй, тухайн гэмтэл нь хуучин гэмтэл тул хамарын мэс заслын төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... зүүн талын чамархай ясны хөхлөг сэртэнгээс дээш гадна болон дунд чихний хөндий рүү үргэлжилж зүүн чихний алх ясны толгой хэсгийг дайрсан шугаман хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт, зүүн чихний дэлбээ, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалагны цус хуралт, зүүн гуяны түлэгдэлт, зүүн дээд үүдэн шүдний эмтрэл, зүүн чихний үлэмж хэмжээний сонсгол бууралт /302db/ гэмтэл тогтоогдлоо гэж, эмч С.Чулуунсүхийн дүрс оношлогооны хариуд ...хамрын таславч зүүн тийш бага зэрэг хуучин мурийлттай, ...хамар ясанд гэмтэлгүй, таславч зүүн мурийлттай, дайвар хөндийнүүдэд агууламжгүй... гэж, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1361 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...чамархайн КТГ-н СД-г дүрс оношлогооны эмчээр давтан уншуулахад 2022 оны 1 сарын 04-ний чамархайн КТГ-р ...хамрын таславч мурий /хуучин/ гайморов, дух этмойд хөндийнүүдийн агааржилт хэвийн, суурийн хөндийн зүүн хэсгээр салст бага зузаарсан... гэж, ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгийн хамрын ясны хугарал, дунд чихний үрэвсэл /гэмтлийн гаралтай/ ...чих болох хамрын КТГ авахуулах, тэнцвэрийн эмчид үзүүлэх, сонсголын бичлэг, мэдрэлийн эмчид үзүүлэх, давтан үзүүлэх... гэжээ.
Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хамрын таславч мурийсан гэмтэл нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас шалтгаалж шууд учирсан гэмтэл гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
Тодруулбал, 2021 оны 12 сарын 30-аас 31-нд шилжих шөнө болсон хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбогдуулан Э.******* нь ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт 2022 оны 01 сарын 03-ны өдөр үзүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд ЭМЖЖ эмнэлэгийн 2022 оны 1 сарын 04-ний өдрийн чамархай ясны КТГ-н шинжилгээнд ... хамрын таславч зүүн тийш бага зэрэг хуучин мурийлттай... гэж дүгнэснээс үзэхэд нэхэмжлэгчийн хамрын таславч мурийсан тухайн гэмтэл нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүн, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Тайлбарлавал, хариуцагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан учруулсан хохиролг тодорхойлохдоо гэм хор учруулсан үйлдэл, тухайн үйлдлийн улмаас учирсан хохиролын хооронд шалтгаант холбоотой байх учиртай.
Хэдийгээр, хариуцагч М.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э.*******гийн эрүүл мэндэд тодорхой хэмжээний хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардсан хамрын мэс заслын зардал 3,668,332 төгрөгийн хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дурдсан үндэслэлүүдээр 3,668,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ Хэрэг үйлдэгдэх болсон шалтгаанаас болж хувь хүн өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн бол хохирлыг төлөх үндэслэлгүй, хариуцагч тал өөрөө түрүүлж гар хүрсэн бол аливаа хохирол төлбөрийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гэмтлээ эмчлүүлсэн гэх баримт байхгүйд эргэлзээ төрж байна гэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******гийн хариуцагч М.Мөнх-Эрдэнээс 3,668,332 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧИД Л.ЭНХЖАРГАЛ
Т.ЭНХЖАРГАЛ