Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/00568

 

аж 

 

 

 

 

 

 

 

2023 02 14 181/ШШ2023/00568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БШУЯ,

Хариуцагч: НЕБ сургууль нарт холбогдох

Гэрээний үүрэгт 12,064,930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч НЕБ сургуульлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НЕБ сургуульийг дулаанаар хангадаг халаалтын зуухны ашиглалтыг гэрээний үндсэн дээр хариуцан гүйцэтгэж байсан билээ.

Биднийг уг ажлыг хариуцан ажиллах хугацаанд БШУЯ болон Сайрын Харгана ХХК нарын хооронд байгуулагдсан 2018.05.14-ний өдрийн БСШУЯ/201801194 тоот НЕБ сургуульийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ны дагуу 2018.05.20-2018.10.20-ны өдрийг хүртэл хугацаанд спорт заалны өргөтгөлийн барилгын ажлыг хийж дуусгахаар болсон байсан. Барилга угсралтын ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгөх болоход спорт заалны өргөтгөлийн барилгын дулааныг огт шийдэлгүй орхигдуулсан байсан.

БСШУЯам /хуучин нэрээр/-ны ҮХ-ийн мэргэжилтэн Б.Эрдэнэбулаг болон СХД-ын 67-р ЕБС-ын захирал Б.Чойдорж нар нь манайд хандаж өргөтгөлийг дулаанаар хангаж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан. Манай уурын зуухнаас гарсан дулааны шугам нь ф100-нх тул дулаан нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй бөгөөд энэ шугамын төгсгөлд байгаа 117-р цэцэрлэгийн дулаан доголдох эрсдэлтэй гэж үзээд дулаанаар хангахаас татгалзсан байдаг.

Улмаар 2018.10.18-ны өдөр БШУЯ, Барилгын хөгжлийн төв, Сайрын Харгана ХХК, Ану Сервис ХХК-ийн төлөөлөлүүд яаманд уулзалт зохион байгуулж, ажлыг хариуцан гүйцэтгэхийг хүсч, гарсан зардлыг БШУЯ болон НЕБ сургуульийн удирдлагууд 2019 онд хийгдэх ажлын төсөвт оруулан зардлыг тооцож, тус оны төсвийн хөрөнгөөс гаргуулж өгөхөө амласнаар манайх уг ажлыг хариуцан гүйцэтгэхээр болж талууд тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Манай компани дулаанаар хангах ажлыг өөрийн зардлаар 100 хувь хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 12,064,930 төгрөгийн зардал гарч, ажлыг 2018.11.02-ны өдөр Гадна дулаан, цэвэр ус хангамжийн систем угсарсан, сорилтоор шалгасан акт-аар сургуульд хүлээлгэн өгч, дулааны шугамд холбосон. Дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэн сургуульд хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд дулааны шугам хэвийн ажиллаж байгаа ба 67-р сургуулийн спорт заал нь дулаанаар хангагдсаар, шугамыг ашигласаар байгаа юм.

Дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэснээс хойш ажлын хөлсөө авахаар БШУЯ, НЕБ сургуульь руу удаа дараа албан тоот явуулж төлбөрөө төлөхийг шаардсан боловч удахгүй шийдүүлнэ, энэ ч төсөлтэй хамт шийдвэрлүүлнэ, тэр ч төсөлтэй хамт шийдвэрлүүлнэ гэж тайлбарлаж явсаар шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн тул арга буюу тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд БШУЯ, НЕБ сургуульиас нийт 12,064,930 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэв.

 

Хариуцагч БШУЯ шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын маргаантай холбоотой баримт бичиг яаманд хадгалагдаагүй бөгөөд хэрэгт нотлох баримтаар хүргүүлэх ямар ч баримт бичиг байхгүй тул тайлбар өгөх боломжгүй байна. Нэхэмжлэгч талын хийж гүцэтгэсэн ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн байх тул тус хэрэгт нэхэмжлэгч талд олговол зохих ажлыг хөлсийг олгоход манай яам маргахгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч НЕБ сургуульшүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны зун Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар НЕБ сургуульийн Спорт заалны гүйцэтгэлийн барилгыг барьж ашиглалтад оруулахаар Улсын комисс ажиллах явцад дулаан хангалт доголдолтой байсан. Иймд дулааны шугамыг өргөтгөх шаардлага үүссэн. НЕБ сургуульь нь халаалт бүрэн гүйцэт халдаг Спорт заал хүлээн авах шаардлага тавьж Ану сервис ХХК-д халаалтын шугамаа өргөтгөх хүсэлтийг тавьсан нь үнэн болно. 2018.10.18-ны өдөр БШУЯ, Барилгын хөгжлийн төв, гүйцэтгэгч Сайрын харгана ХХК, Ану сервис ХХК нарын төлөөллүүдийн уулзалтад 67 сургууль оролцоогүй, өргөтгөлийн хөрөнгийг хэрхэн хаанаас санхүүжүүлэх тухай шийдвэрийг мэдэхгүй байна.

2019 онд НЕБ сургууль дээр нийслэлийн хөрөнгө оруулалтаар ямар ч ажил төсөвт тусгагдаагүй, төлөвлөгдөөгүй, хийгдээгүй болно. Ийм учраас Спорт заалны улсын комисст хүлээлгэн өгөх явцад гарсан зардлыг манай сургуулиас гаргах үндэслэл огт байхгүй. Манай сургууль нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Спорт заалыг ашиглагчийн хувьд хүлээж авсан бөгөөд түүнийг ашиглалтад оруулахад гарсан аливаа нэмэлт зардлыг төлөх үндэслэлгүй. Заал хүлээн авсанаас хойшхи хугацаанд АС ХХК-иас хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар албан бичиг ирээгүй гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НЕБ сургуульийн Спорт заалны барилгын дулааны шугамын өргөтгөлийн талаар хурлын тэмдэглэл, 2018.11.02-ны өдрийн 18/05 дугаар Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, СХД-ын 8 дугаар хороонд байрлалтай, НЕБ сургуульийн спорт заалны өргөтгөлийн гадна дулаам шугам өргөтгөлийн ажлын зураг, АС ХХК-ийн 2018.12.19-ний өдрийн 18/388 дугаар албан бичиг, 2019.03.26-ны өдрийн 19/77 дугаар албан бичиг, 2021.11.24-ний өдрийг 21/386 дугаар албан бичиг, 2022.04.08-ны өдрийн 22/57 дугаар албан бичиг, нэхэмжлэх, 2018.09.12-ны өдрийн Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ, тусгай зөвшөөрөл 5 хуудас, Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага 12 хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч нараас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АС ХХК нь хариуцагч БШУЯ, НЕБ сургуульнарт холбогдуулан гэрээний үүрэгт 12,064,930 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч АС ХХК нь БШУЯ болон НЕБ сургуульийн удирдлагуудтай тохиролцсны дагуу НЕБ сургуульийн гадна дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажлын төсөвт өртөг 12,064,930 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсныг, хариуцагч БШУЯ нь уг ажлын баримт хадгалагдаагүй, ажлыг хүлээлгэж өгсөн тул ажлыг хөлсийг олгоход маргахгүй гэж, хариуцагч НЕБ сургуульль нь Ану сервис ХХК-д халаалтын шугамаа өргөтгөх хүсэлтийг тавьсан, хаанаас санхүүжүүлэхээр шийдвэрлэснийг мэдэхгүй, Спорт заалыг ашиглагчийн хувьд хүлээж авсан, түүнийг ашиглалтад оруулахад гарсан аливаа нэмэлт зардлыг төлөх үндэслэлгүй гэх үндэслэлээр маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Захиалагч БСШУСЯ, гүйцэтгэгч Сайрын харгана ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05-р сарын 14-ний өдрийн БСШУСЯ/201801194 дугаар бүхий гэрээгээр Улаанбаатар хот, НЕБ сургуульийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, 2018 оны 10-р сарын 20-нд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байх явцад 67-р сургуулийг дулаанаар хангадаг халаалтын 58 м урттай ф100 мм-ын хос шугамаар ажлын үр дүн болох спорт заалны өргөтгөлийн барилгыг дулаанаар хангах боломжгүй, хос шугамыг ф125 мм-ын диаметртэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн байна.

Уг нэмэлт ажил нь БСШУСЯ/201801194 дугаар бүхий гэрээний зураг төсөвт тусгагдаагүй, магадлашгүй ажлын зардлаас гүйцэтгэх боломжгүй болсон тул Захиалагч БСШУСЯ нь 67-р сургуулийг дулаанаар хангадаг халаалтын зуухны ашиглалтыг хариуцан ажилладаг АС ХХК-иар НЕБ сургуульийн гадна дулааны 58 м урттай ф100 мм-ын хос шугамыг ф125 мм-ын диаметртэй болгон өргөтгөх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгүүлж, уг ажлын төсөвт өртөг 12,064,930 төгрөгийг улсын төсөвт багтаан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь 2018.10.29-ны өдрийн НЕБ сургуульийн Спорт заалны барилгын дулааны шугамын өргөтгөлийн талаар хурлын тэмдэглэл-ээр тогтоогдож байна. /хх-7 хуудас/

 

БСШУСЯ нь АС ХХК-иар НЕБ сургуульийн гадна дулааны 58 м урттай ф100 мм-диаметрийн хос шугамыг ф125 мм-ын диаметртэй болгон өргөтгөх ажлыг гүйцэтгүүлж, уг ажлын төсөвт өртөг 12,064,930 төгрөгийг улсын төсөвт багтаан шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

АС ХХК нь НЕБ сургуульийн ДХ-1-ээс эхлэн ДХ-2-р худаг хүртэл 58 м газарт ф100 мм-ын хос шугамыг ф125 мм болгон өргөтгөж, хуучин сувагт нь угсарах ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэж, шалган гадна дулааны өргөтгөлийн систем угсралтыг чанарын Сайн дүнтэй гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн болох нь 2018.11.02-ны өдрийн 18/05 дугаар Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, СХД-ын 8 дугаар хороонд байрлалтай, НЕБ сургуульийн спорт заалны өргөтгөлийн гадна дулаам шугам өргөтгөлийн ажлын зураг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 8-10 хуудас/,

 

3. Талууд НЕБ сургуульийн гадна дулааны 58 м урттай ф100 мм диаметрийн хос шугамыг ф125 мм диаметртэй болгон өргөтгөх ажлын төсөвт өртөг 12,064,930 төгрөг, уг ажлыг БСШУС яамны даалгавараар АС ХХК хийж гүйцэтгэсэн, өргөтгөсөн дулааны шугамаар НЕБ сургуульлийг дулаанаар хангаж байгаа талаар зохигч маргаагүй. /хх-17-20, 54-71 хуудас/

 

4. Нэхэмжлэгч АС ХХК нь шугам өргөтгөх ажлын хөлс 12,064,930 төгрөгийг гаргуулахаар БСШУСЯ, сайд, БШУЯ сайд нарт удаа дараа хандаж байсан болох нь хэрэгт авагдсан АС ХХК-ийн 2018.12.19-ний өдрийн 18/388 дугаар албан бичиг, 2019.03.26-ны өдрийн 19/77 дугаар албан бичиг, 2021.11.24-ний өдрийг 21/386 дугаар албан бичиг, 2022.04.08-ны өдрийн 22/57 дугаар албан бичиг, нэхэмжлэхээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 11-16х/

 

5. Хариуцагч НЕБ сургуульль нь Спорт заалыг ашиглагчийн хувьд шугам өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэхэд болон ажлыг хүлээн авахад оролцсон байх бөгөөд ажлын төсөвт өртөг 12,064,930 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр БШУЯнаас НЕБ сургуульийн гадна дулааны 58 м урттай ф125 мм диаметртэй хос шугамыг өргөтгөх ажлын хөлс 12,064,930 төгрөгийг гаргуулж АС ХХК-д олгож, НЕБ сургуульльд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч БШУЯнаас 12,064,930 /арван хоёр сая жаран дөрвөн мянга есөн зуун гучин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АС ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч НЕБ сургуульльд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч АС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БШУЯнаас 207,990 /хоёр зуун долоон мянга есөн зуун ерэн/ төгрөгийг гаргуулж АС ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА