| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 101/2022/05160/И |
| Дугаар | 181/ШШ2023/00654 |
| Огноо | 2023-02-28 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2023/00654
2023 02 28 181/ШШ2023/00654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОЦК ХХК -д холбогдох,
104,615,062 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2021.09.06-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ОЦК ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр №2021\9\6 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулж нэхэмжлэгч ХХ ХХК -иас V4 маркийн сапуд хоног тутам 135 төгрөгөөр тооцож 400 ширхэг, 10x10 хэмжээтэй пум хоног тутам 150 төгрөгөөр тооцож 69 ширхэг, 1.2 м хэмжээтэй гадар булан хоног тутам 150 төгрөгөөр тооцож 27 ширхэг, V5 маркийн сапуд хоног тутам 225 төгрөгөөр тооцож 700 ширхэг, V6 маркийн сапуд хоног тутам 250 төгрөгөөр тооцож 500 ширхэг, 2.4 м хэмжээтэй гадар булан хоног тутам 150 төгрөгөөр тооцож 200 ширхэг, 1.2 м хэмжээтэй гадар булан хоног тутам 150 төгрөгөөр тооцож 64 ширхэг, 60x12 хэмжээтэй пум хоног тутам 230 төгрөгөөр тооцож 220 ширхэг, 50x12 хэмжээтэй пум хоног тутам 230 төгрөгөөр тооцож 76 ширхэг, 40x12 хэмжээтэй пум хоног тутам 230 төгрөгөөр тооцож 211 ширхэг зэрэг нийт 3497 ширхэг эд зүйлийг түрээслэсэн.
Хариуцагч ОЦК ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нэхэмжлэгч компанид түрээсийн төлбөрт 92,756,675 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10,527,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 5,186,300 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 4,800,000 төгрөг нийт 20,513,300 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 72,243,375 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Барилга угсралтын материал түрээслэх гэрээнд заасны дагуу хариуцагч нь түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч компанид түрээсийн эд зүйлийг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч ОЦК ХХК нь ажил үүрэг гүйцэтгэж байсан барилгын талбайд барилгын захиалагч талд орхиж явсан байсан болно.
Хариуцагч нь нэхэмжлэгч компаниас барилга угсралтын бараа түрээслэхдээ эд зүйлийг гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд төлөх үүрэг хүлээж 8,000,000 төгрөгийг урьдчилан барьцаалсан бөгөөд хариуцагч нь нэг ширхэг нь 75,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 5,250,000 төгрөгийн үнэтэй V6 маркийн сапуд 70 ширхэгийг эвдэж төмрийн хогонд тушаасан байдгаас гадна 60x12 хэмжээтэй пумны фанерыг эвдэлж цөмөлсөныг засварлахад 250,000 төгрөгийг зарцуулсан бөгөөд эдгээр төлбөрийг барьцааны 8,000,000 төгрөгөөс тооцохоор хариуцагчтай тохиролцсон.
Иймд хариуцагч ОЦК ХХК -иас барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүрэгт 72,243,375 төгрөгнөөс барьцаа төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хасаж 69,743,375 төгрөг, гэрээнд заасан алданги 34,871,687 төгрөг нийт 104,615,062 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ОЦК ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь П.Дагвасүрэнг тухайн үед барилга хариуцсан захиралд гүйцэтгэх захиралын тушаалаар томилон ажиллуулж байсан болно. Түрээсийн гэрээ байгуулах ямар нэгэн эрх олгоогүй болно. Тухайн үед гэрээ байгуулах талаар мэдээгүй, шүүхээс нэхэмжлэлийн хувийг авахдаа хэргийн материал танилцаж мэдсэн болно. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан тоо ширхэгээр пум сапудын барилгын талбайд хэзээ буулгасан болон хэзээ авч явсан талаарх асуудлыг мэдэхгүйн зэрэгцээ түрээсийн төлбөр хэдэн төгрөг шижлүүлсэн одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа зэргийг мэдэхгүй байна. Барилга хариуцаж байсан П.Дагвасүрэн одоо манай компанид ажиллахгүй байгаа холбогдож тооцоо нийлэх гэсэн боловч утсаа авахгүй байгаа болно гэжээ.
Хариуцагч ОЦК ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ХХ ХХК нь 2021 оны 9 сарын 6-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г хийжээ. Уг гэрээний толгойн хэсэгт захирал П.Дагвасүрэн гэж бичсэн ч Номин хэмээн гарын үсэг зурж, баталсан байна. Гэтэл ОЦК ХХК -д Номин гэж захирал байхгүй юм.
Гэрээний хавсралт-1 буюу материал хүлээн авсан гэсэн хэсэг дээр П.Дагвасүрэн гэж гарын үсэг зурсан байна. ОЦК ХХК -ийн зүгээс Дагвасүрэнд компанийг төлөөлөн эд зүйл хүлээн авах эрх олгоогүй болно. Иймд гэрээ байгуулсан талаар ОЦК ХХК-ийн удирдлага огт мэдээгүй. Дагвасүрэн ч ийм гэрээ хийлээ шүү гэж хэлээгүй. Харин ХХ ХХК -ийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа л мэдсэн байдаг.
Компанийн тухай хуульд зааснаар ОЦК ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал юм. ОЦК ХХК -ийн гүйцэтгэх захирал нь Л.Цэнд-Аюуш болно.
Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлд Хүчин төгөлдөр бус байх хэлцэл-ийг тодорхойлсон бөгөөд 56.1.8-д ... хуүльд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан.
Компанийн тухай хуульд заасан төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх удирдлагын зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан байдаг.
Мөн уг гэрээний баталгааны хэсэгт ОЦК ХХК -ийг төлөөлөн хэн нэгэн гарын үсэг зураагүй буюу баталгаажуулаагүй. Тиймээс уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэхэмжлэгч ХХ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ ХХК нь ОЦК ХХК -ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал Л.Цэнд-Аюушийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Т-10 дугаартай итгэмжлэлийг үндэслэн тус компанийн хангамж хариуцсан ажилтан Г.Номинтой 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2021\9\6 тоот Барилга угсралтын материал түрээслэх тухай гэрээ"-г байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч ОЦК ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа П.Дагвасүрэн нь барилга хариуцсан захирлаар ажиллаж байсан талаар хүлээн зөвшөөрсөн байдаг.
ХХ ХХК -ийн зүгээс ОЦК ХХК -ийн захирал Л.Цэнд-Аюуштай удаа дараа түүний 99609095 дугаартай утсаар холбогдож түрээсийн төлбөр шаардаж байсан болно.
Иймд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2021\9\6 тоот Барилга угсралтын материал түрээслэх тухай гэрээ"-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2021.09.06-ны өдрийн 2021/9/6 дугаар Барилга угсралтын материал түрээслэх гэрээ, гэрээний хавсралт 1, 2, бараа материалын зах зээлийн үнэлгээний жагсаалт, Үлдэгдэл төлбөрийн баталгаа, ХХ ХХК -д гэх ОЦК ХХК-ийн захирал П.Дагвасүрэнгийн гараар бичсэн 2021.1.22 болон 2022.01.28-ны төлбөр, тооцооны баримт, иргэн Л.Нямтулгын Худалдаа, үйлчилгээтэй, оффисын барилгын барилга угсралтын ажлын календарчилсан график 2, ХХ ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ОЦК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.09.01-ний өдрийн Т-10 дугаар Итгэмжлэл олгох тухай тушаал, Ганболдын Номин-той фэйсбүкийн мессенжер чатаар харилцсан баримт, зэргийг нотлох баримтаар өгсөн. Хариуцагч талаас ОЦК ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тооцоо нийлсэн акт 2021 он, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХ ХХК нь хариуцагч ОЦК ХХК -д холбогдуулан гэрээний үүрэгт 104,615,062 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь 2021.09.06-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч ХХ ХХК нь барилга угсралтын материал түрээслэх гэрээний дагуу түрээсийн төлбөрийн зарим хэсгийг төлөөгүй гэх үндэслэлээр 69,743,375 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 34,871,687 төгрөг нийт 104,615,062 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ОЦК ХХК нь гэрээг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. ХХ ХХК нь ОЦК ХХК -тай 2021.09.06-ны өдрийн 2021/9/6 дугаар Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г байгуулж, гэрээний хавсралт 1, 2-д заасны дагуу пум, труба, сапуд, гадар, дотор булан зэргийг ашиглуулах, түрээслэгч нь ашигласан тоо, ширхэг, хоногоор түрээсийн төлбөрийг тооцож төлөх, эвдрэх, дутагдах тохиолдолд төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. /хх-3-8х/
Уг гэрээнд ОЦК ХХК -ийн тамгыг дарж, Г.Номин гарын үсэг зурсан байх бөгөөд ОЦК ХХК -ийн гүйцэтгэх захирал Л.Цэнд-Аюушийн 2021.09.01-ний өдрийн Т-1 дугаар Итгэмжлэх олгох тухай тушаалаар тус компанийн бараа материалын хангамж хариуцсан ажилтан нярав Г.Номинг хэв хашмал түрээслэхэд компани төлөөлж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгожээ. Уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан шаардлагыг хангасан байна. /хавтаст хэргийн 62 хуудас/
Г.Номин нь ОЦК ХХК -ийг төлөөлж, 2021.09.06-ны өдрийн 2021/9/6 дугаар Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г байгуулсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-д заасантай нийцсэн байна.
Гэрээний төслийг боловсруулахдаа толгойн хэсэгт захирал П.Дагвасүрэн гэж бичсэн нь гэрээг П.Дагвасүрэн байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд уг хэсэгт Г.Номин гарын үсэг зурж, компаний тамга дарж гэрээг баталсан. Мөн гэрээний хавсралт-1 буюу материал хүлээн авсан Г.Номин гэж гарын үсэг зурсаны ард /Дагвасүрэн/ гэж бичиглэл хийснийг гэрээг П.Дагвасүрэн байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Дээрхи үндэслэлээр гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ОЦК ХХК -ийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй байна.
2021.09.06-ны өдрийн 2021/9/6 дугаар Барилга угсралтын материал түрээслэх гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ-ний зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна.
2. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
а/ Нэхэмжлэгч ХХ ХХК нь гэрээний дагуу V4 маркийн сапуд 10x10 хэмжээтэй пум, 1.2 м хэмжээтэй гадар булан, V5 маркийн сапуд, V6 маркийн сапуд, 2.4 м хэмжээтэй гадар булан, 1.2 м хэмжээтэй гадар булан, 60x12 хэмжээтэй пум, 50x12 хэмжээтэй пум, 40x12 хэмжээтэй пум зэрэг эд зүйлийг ОЦК ХХК -ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Тооцоо нийлсэн акт 2021 он, гэрээний хавсралт 1, 2-оор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6, 7, 79 хуудас/
б/ Гэрээний 2.1, 2.2-д зааснаар гэрээний хугацаа Түрээслүүлэгчээс барилга угсралтын материалыг Түрээслэгчид хүлээлгэн өгснөөр эхэлж, Түрээслэгч нь түрээсийн эд зүйлсийг Түрээслүүлэгчид буцаан өгч, түрээсийн төлбөрийг төлснөөр дуусгавар болох, мөн гэрээний 4.2, 4.5-д Түрээслэгч нь түрээсийн 30 хоногийн төлбөрийг урьдчилан төлж, эд зүйлийг хүлээн авах, түрээсийн төлбөрийг 30 хоног тутамд Түрээслүүлэгчид төлөх, түрээсийн зүйлийн үнийн 5 хувиар тооцож, барьцааны мөнгийг барьцаалуулахаар талууд тохиролцжээ. /хавтаст хэргийн 5, ар тал/
Нэхэмжлэгч ХХ ХХК нь гэрээний дагуу ОЦК ХХК -ийг 2021.09.06-ны өдрөөс 2022.01.28-ний өдрийг хүртэл барилга угсралтын материалыг эзэмшиж, ашигласан, түрээсийн төлбөрт нийт 92,756,657 төгрөг төлөхөөс 2021.09.06-ны өдөр 10,527,000 төгрөг, 2021.09.08-ны өдөр 5,186,300 төгрөг, 2021.09.29-ний өдөр 4,800,000 төгрөг нийт 20,513,300 төгрөгийг төлж үлдэгдэл 72,243,375 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч ОЦК ХХК-ийн барилга хариуцсан захирал П.Дагвасүрэнгийн 2022.01.28-ны өдрийн гараар бичсэн Үлдэгдэл төлбөрийн баталгаа-нд 2022.1.28-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөрийг 68,382,700 төгрөг болохыг баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч тал уг баримтыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн бөгөөд түрээсийн зүйл болох барилга угсралтын материалыг хэзээ хүлээлгэн өгч, хэзээ хүлээн авсан талаар нарийн тооцоолсон баримтыг болон уг баримтаар үлдэгдэл төлбөрийг дутуу тооцсон болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх уг баримтаар түрээсийн төлбөрийн үлдэгдлийг тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
в. Гэрээний 5.1.4, 5.2.4-д заасны дагуу түрээслэгч нь эд зүйлд эвдрэл гэмтэл учруулсан тохиолдолд сэргээн засварласан төлбөр, үрэгдүүлсэн эд зүйлийг Гэрээний хавсралт №2-д заасан зах зээлийн үнэ ханшаар тооцож барьцааны мөнгөнөөс суутгах, барьцааны зүйл хүрэхгүй тохиолдолд учирсан хохирлыг төлж барагдуулахаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, ...ыг хохиролд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгч ХХ ХХК нь Түрээслэгч ОЦК ХХК -ийг нэг ширхэг нь 75,000 төгрөгийн үнэлгээ бүхий V6 маркийн 70 ширхэг сапудыг эвдэж төмрийн хогонд тушаасан, гадна 60x12 хэмжээтэй пумны фанерыг эвдэлж цөмөлсөн гэх үндэслэлээр урьдчилан барьцаалсан 8,000,000 төгрөгөөс 5,500,000 төгрөгийг суутгасан гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар V6 маркийн 70 ширхэг сапуд эвдэрсэн, гадна 60x12 хэмжээтэй пумны фанерыг эвдэлж цөмөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч ХХ ХХК энэхүү нөхцөл байдлыг нотолсон баримыг шүүхэд гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд ХХ ХХК нь эд хөрөнгийн дутагдал, гэмтлийн хохиролд 5,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй тул ОЦК ХХК -ийн урьдчилан барьцаалсан 8,000,000 төгрөгөөс 5,500,000 төгрөгийг эвдэрсэн эд хөрөнгийн хохиролд суутгасан нь үндэслэлгүй байна.
3. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч ОЦК ХХК -ийн үлдэгдэл төлбөр 68,382,700 төгрөгөөс урьдчилан барьцаалсан 8,000,000 төгрөгийг хасч, 60,382,700 төгрөгийг гаргуулж ХХ ХХК -д олгох үндэслэлтэй байна.
4. Алданги 34,871,687 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Нэхэмжлэгч ХХ ХХК нь 2022.01.28-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2022.08.15-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг нэхэмжилсэн.
2021.09.06-ны өдрийн 2021/9/6 дугаар Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-ний 5.1.7, 5.2.7-д Түрээслэгч нь гэрээнд заасан нөхцлөөр түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг Түрээслүүлэгч талд төлөх үүрэгтэй гэж заажээ.
Гэрээний 4.5-д зааснаар Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 30 хоног тутамд Түрээслүүлэгчид төлөх үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгч нь уг үүргийг зөрчсөн өдрөөс эхлэн алдангийг тооцоогүй, харин хариуцагч ОЦК ХХК-ийн барилга хариуцсан захирал П.Дагвасүрэн 2022.01.28-ны өдөр Үлдэгдэл төлбөрийн баталгаа гаргаснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алданги тооцон нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.
Уг төлбөрийн үлдэгдлийн баталгаанд ...Дээрхи үлдэгдлийг 2022 оны 02 сарын 15-ны өдөр 23,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгт бартер тооцож улсын дугаар 94-41 УБТ, ISUZU-FORWARD цагаан өнгийн автомашиныг өгөхөөр тохиролцов гэжээ.
Талууд гэрээгээр алданги төлөх нөхцлийг тусгасан хэдий ч дээрхи 2022.01.28-ны өдрийн Үлдэгдэл төлбөрийн баталгаа-гаар тодорхойлсон нийт 68,382,700 төгрөгийн төлбөрийн үүрэгт, алданги багтаагүй, төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн шаардсан 34,871,687 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Хариуцагч ОЦК ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ компанийг гүйцэтгэх захирал Л.Цэнд-Аюуш төлөөлөх эрхтэй, Номин гэж захирал байхгүй, Дагвасүрэнд компанийг төлөөлөн эд зүйл авах эрх олгоогүй, гэрээ хийсэн талаар мэдээгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд Хүчин төгөлдөр бус байх хэлцэл-ийг тодорхойлсон бөгөөд 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.
ХХ ХХК -тай байгуулсан 2021.09.06-ны өдрийн 2021/9/6 дугаар Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г ОЦК ХХК -ийн гүйцэтгэх захирал Л.Цэнд-Аюушийн 2021.09.01-ний өдөр олгосон Итгэмжлэлээр Г.Номин төлөөлж байгуулсан, итгэмжлэл, гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр талаар дээр дүгнэсэн.
Иймд 2021.09.06-ны өдрийн 2021/9/6 дугаар Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч ОЦК ХХК -ийн 2021.09.06-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6. Хариуцагч ОЦК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвцэцэг, өмгөөлөгч Б.Баттөмөр нар энэ шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ОЦК ХХК-иас 60,382,700 /жаран сая гурван зуун наян хоёр мянга долоон зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ ХХК -д олгож, нэхэмжлэлээс 44,232,362 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу 2021.09.06-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч ОЦК ХХК -ийн 2021.09.06-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681,100 төгрөгийг, хариуцагч ОЦК ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,585 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оргилцамхаг констракшг ХХК-иас 459,863 /дөрвөн зуун тавин есөн мянга найман зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулж ХХ ХХК -д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА