Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 0271

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Ч.Даваачамба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Даваачамбад холбогдох эрүүгийн 1725001340052дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймаг, Цагаанхайрхан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн нарын хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянталын 4-17 А тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хиад Боржигон овгийн Цагааны Даваачамба, /РД:ИЭ73092667/,

 

Шүүгдэгч Ч.Даваачамба нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Ариунболорын гээгдүүлсэн Голомт банкны зэс картнаас 400,132 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ч.Даваачамба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:. Би хүнсний захаас виза карт олоод 400.132 төгрөгийн худалдан авалт хийсэн. Буруугаа хүлээж байна. Нуруу суулттай. Хохирлоо төлсөн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Ариунболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би энэ зун 6-р сард Голомт банкны зээлийн зэс карт авсан юм. Би нь 08 сарын 15-ны өдөр Номин супермаркетаар үйлчлүүлсэн юм. Тэгээд Номингоос гараад хүнсний зах руу яваад дараа нь гэртээ хариад усанд ороод гарч ирээд утасаа асаасан чинь картнаас мөнгө зарлагадсан тухай мессэж ирсэн. Тэгээд картаа хайгаад үзтэл карт алга болсон байсан. Тэгээд картаа алга болгосноос хойш 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг 04 минутанд 21200 төгрөгний гүйлгээ хийгдсэн, 21 цаг 33 минутанд 30,000 төгрөг, 22 цаг 02 минутанд 134,557 төгрөг, 22 цаг 04 минутанд 9,767 төгрөг, 22 цаг 29 минутанд 168,751 төгрөг, 22 цаг 32 минутанд 35,857 төгрөгний гүйлгээнүүд тус тус хийгдсэн байсан. Нийт 400,132 төгрөгний гүйлгээ хийгдсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

Гэрч Ц.Болорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай дүү Ариунболор нь 2017 оны 08 дугаар сарын 15-нд Номин супермаркетаар үйлчлүүлсэн юм. Тэгээд Номингоос гараад хүнсний зах руу яваад дараа нь гэртээ хариад усанд орчихоод гарч ирээд утсаа асаасан чинь картнаас нь мөнгө зарлагадсан мессэж ирсэн гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

 

            -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 7 ху/

            -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 8 ху/

            -Хохирол төлсөн баримт /хх 14 ху/

-Ч.Даваачамбыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1, 33-34 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23, 24 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ч.Даваачамба нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Ариунболорын гээгдүүлсэн Голомт банкны зэс картнаас 400,132 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Ариунболорын “...Тэгээд Номингоос гараад хүнсний зах руу яваад дараа нь гэртээ хариад усанд ороод гарч ирээд утасаа асаасан чинь картнаас мөнгө зарлагадсан тухай мессэж ирсэн. Тэгээд картаа хайгаад үзтэл карт алга болсон байсан”гэх мэдүүлэг /12 ху/, гэрч Ц.Болор /хх 18 ху/ нарын мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Ч.Даваачамбын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Энэ хэргийн улмаас хохирогчид 400.132 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.Даваачамбыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ч.Даваачамбад оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Ч.Даваачамба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Даваачамбад урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ