Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/565

 

 

                 

 

Д.О, Н.О, Г.З нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Б.Ганболд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.О, Н.О, Г.З нарт холбогдох эрүүгийн 1702001240022 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. /,

2. /,

3. /,

Нийтийн тээврийн газрын дарга Д.О нь бусадтай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Машин цагийн зардлын задаргаа батлах” тухай А/591 тоот захирамжинд зааснаар сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “С” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн  нутаг дэвсгэрт буюу Нийслэлийн тээврийн газар гэрээ байгуулж, давуу байдал олгосон,

 тус гэмт хэргийг үйлдэхэд Сити баз консалтинг ХХК-ны ерөнхий захирал Н.О, мөн компанийн гүйцэтгэх захирал Г.Знар дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.   

Нийслэлийн прокурорын газраас: Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.З, Н.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.З, Н.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн оролцсон гэж өөрчилж, шүүгдэгч Б овгийн Д Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Г.З, Б овгийн Н.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 5.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000/таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, Н.О нарт нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч байгууллага нь шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нарын үйлдлийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 Шүүгдэгч Д.О давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллдагдагчаар татагдан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 5.800 нэгжээр торгуулсан билээ. Үйлдсэн хэргийн талаар товч дурдвал: Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Машин цагийн зардлын задаргаа батлах” тухай А/591 тоот захирамжинд зааснаар сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Сити баз консалтинг” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 18-ны гэрээ байгуулсан гэж намайг буруутгах үндэслэл болсон. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.”, 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй" гэж хуульчлан заасан байх бөгөөд миний үйлдэл эс үйлдэхүйн улмаас улсад ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй болох нь хавтас хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байгаа. Мөн Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 6-1/3791 тоот албан бичигт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д “худалдан авах бараа, ажил үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах" гэж заасан ба тухайн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэр тодорхойгүй тул худалдан авах ажиллагааг зохион байгуулах боломжгүй байна.” гэжээ.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.                                                 

Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 2 дугаар бүлэгт заасан зарчмуудыг шийтгэх тогтоол бүрэн хангаж чадаагүй. Зөвхөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар буруутгасан агуулгатай яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол гарсан. Нийслэлийн Засаг даргын захирамж нь хуульчилсан акт болохоос биш хууль биш. Тийм учраас Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчмын дагуу захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг Эрүүгийн хуулийг хэрэглэх болон тайлбарлахад ашиглаж болохоос биш гэмт хэргийн шинжид тооцож авч үзэх хууль зүйн үр дагавар байдаггүй. Ийм учраас шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Прокурор анхнаасаа Д.Оыг яллахдаа яг ямар хуулийг хэрхэн, яаж зөрчсөн гэдгийг тодорхой заагаагүй. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн ямар заалтыг, яаж зөрчсөн гэдгийг яллах дүгнэлтэд тодорхой тусгаагүй. Үүнийг шийтгэх тогтоолыг уншиж үзэхэд ч мөн харагддаггүй.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар гэрээ байгуулахдаа гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг даалгасан захирамж гарсан. Гэтэл гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх гэхээр уг үйлчилгээтэй холбоотой төсөвт өртөг нь тодорхой биш. Ийм учраас нээлттэй сонгон шалгаруулалт явуулах бодит байдлын үндэслэл энэ хэрэгт бүрдээгүй.

Улмаар Нийслэлийн тээврийн газрын даргын хувьд шууд гэрээ байгуулсан байдаг. Шууд гэрээ байгуулсан шалтгаан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7, 31 дүгээр зүйлүүдэд зааснаар нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын нэг хэлбэр нь шууд гэрээ байгуулах явдал юм. Гэтэл үүнийг ойлгохгүйгээр сонгон шалгаруулалт явуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1.5-д нээлттэй болон хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг журмын дагуу тендер хүлээн авах хугацаа боломж байхгүй бол шууд гэрээ байгуулах тендер сонгон шалгаруулалтын аргыг хэрэглэхийг зөвшөөрсөн. Энэ нь тээврийн салбарын өөрийнх нь онцлогтой холбоотой. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээ 30 минут зогсоход аюул үүсэх эрсдэл тулгардаг. Нөгөө талаараа Д.О даргыг ажиллаж байх хооронд шүлхий өвчин гарсан, одоо “Ковид-19” өвчин гарсан. Ийм үед бэлэн байдлын зэрэгт байх ёстой төрийн үйлчилгээ. Тиймээс иймэрхүү гэнэтийн нөхцөлд шууд гэрээ байгуулж, тендер сонгон шалгаруулдаг практик тогтсон салбар гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Энэ хэргийн хувьд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах боломжгүй, ийм нөхцөл байдал үүссэн гэдэг талаараа яам, Тамгын газарт удаа дараа мэдэгдэж, энэ талаар чиглэл өгөхийг хүсэж хандсан байдаг. Үүний дагуу давж заалдах гомдолд дурдагдсан албан тоот ирсэн бөгөөд уг албан тоотод нээлттэй сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байна гэх хариу ирсэн. Нэгэнт нээлттэй сонгон шалгаруулалт явуулах боломжгүй учраас шууд гэрээ байгуулах тендерийн аргыг хэрэглэсэн байдаг. Ийм учраас худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй гэж үзэж буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шууд гэрээ байгуулсан явдлыг буруутгахдаа өөртөө болон хэн нэгэнд давуу байдал олгосон байх гэсэн шинжийг заавал шаардана. Гэтэл Д.О албан тушаалын байдлаа ашиглаж буюу хэн нэгний нөлөөнд орж гэрээ хэлцэл байгуулсан байдал тогтоогдоогүй. Үүнтэй холбогдуулж нэг субъектийг хамааруулан шалгасан боловч нөхцөл байдал тогтоогдохгүй байна гээд прокурорын газраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, хэн этгээд нөлөөлж гэрээ байгуулаагүй, зөвхөн санал өгсөн компанитай шууд гэрээ байгуулсан нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон учраас шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд бодит байдлын үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн эрх зүйн онолоор гэмт хэрэг болон эрх зүйн зөрчлийг ялгахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг гол үндэслэл болгодог. Анхан шатны шүүх “төрийн санд энэ хэргийн улмаас бодит хохирол учраагүй, бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэнтэй өмгөөлөгчийн хувьд санал нийлж байна. Хэдийгээр шүүх зөв дүгнэсэн ч шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг буруу ойлгож хэрэглэснээрээ шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаж чадаагүй. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Оыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Оын зүгээс материаллаг хор уршиг учраагүй тул тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд заавал материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй. Бусдад давуу байдал бий болгосон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг агуулдаг. Д.Оын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тухайн тендер сонгон шалгаруулалтыг зарласны үндсэн дээр гэрээ байгуулах үүрэгтэй байсан. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч Эрдэнэтуяа, Адъяасүрэн нарын мэдүүлгээр тогтоогддог. Яагаад сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд гэрээ байгуулсан асуудлын талаар хэлэхэд тухайн компанийг анхнаасаа шалгаруулах зорилготой байсан талаар мэдүүлдэг. Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Нийслэлийн Засаг даргын захирамжид зааснаар сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “Сити баз консалтинг” ХХК-д Нийслэлийн тээврийн газар гэрээ байгуулж, давуу байдал бий болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.О, Н.О, Г.З нарт холбогдох 1702001240022 дугаартай эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Д.Оын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.О нь бусадтай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Машин цагийн зардлын задаргаа батлах” тухай А/591 тоот захирамжинд зааснаар сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Сити баз консалтинг” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн  нутаг дэвсгэрт буюу Нийслэлийн тээврийн газар гэрээ байгуулж, давуу байдал олгосон, тус гэмт хэргийг үйлдэхэд Сити баз консалтинг ХХК-ны ерөнхий захирал Н.О, мөн компанийн гүйцэтгэх захирал Г.Знар дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Д.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Г.З, Н.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн 1702001240022 дугаартай Д.О, Н.О, Г.З нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг эргэлзээгүй, бүрэн нотолж чадаагүй байх тул:

1. Гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал болох шүүгдэгч Д.О, Н.О, Г.З нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд ямар хэлбэрээр урвуулан ашиглаж, хийх ёсгүй ямар үйлдэл хийж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон болохыг шалгах,

2. Д.О, Н.О, Г.З нарын үйлдлийн улмаас Монгол Улсын холбогдох ямар хуулийн зүйл, заалт, хэсэг хэрхэн яаж зөрчигдсөн эсэх,

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нийтийн тээврийн үйлчилгээний нэг хэсэг болох зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих үйл ажиллагаа нь 2017 оноос өмнө нийтийн тээвэр эрхлэгч төрийн болон хувийн бүх нийтийн тээвэр эрхлэгчдийн явуулж ирсэн ажиллагаа байх ба 2017 оны төсвийн жилийн дундуур нэгэн бүхэл багц үйл ажиллагаанаас “Зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих ажиллагаа”-г салгахаар шийдвэрлэж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/591 дугаартай захирамж /1 хх 10/ гарсан байна. Хэрэгт авагдсан 2017 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгагч гэрээгээр ажиллуулах түр журам /1 хх15-18/, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17/нтг-06 дугаартай Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ /1 хх 19-24/ зэргийг гаргах болсон үндэслэлдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 6/22 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар гэжээ. Мөн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17/нтг-06 дугаартай Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ /1 хх 19-24/ нь тодорхой хугацаатай буюу “2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацаатай байгуулагдсан” гэрээ байна.

Иймээс тус захирамжийн хууль зүйн үндэслэл, төсвийн жилийн дундуур гүйцэтгэлээр санхүүжүүлэх үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт явуулах хууль зүйн боломж бий эсэх, үндэслэлтэй эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулах.

4. Шүүгдэгч нарыг гэрээ байгуулах цаг хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийн “...давуу байдал бий болгосон...” гэсэн шинжийг Авлигын эсрэг хуулийн давуу байдал гэдгээр тайлбарлаж байсан. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “...давуу байдал гэж ...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ...” гэсэн ба гүйцэтгэлээр санхүүжүүлэх уг гэрээг байгуулснаар “Сити баз” ХХК-д эсвэл Д.От эдийн болон эдийн бус ямар ашигтай байдал үүссэн нь тодорхойгүй байна гэж тус тус давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэрийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. 

 Түүнчлэн, дан ганц захиргааны хэм хэмжээний акт болох  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Машин цагийн зардлын задаргаа батлах” тухай А/591 тоот захирамжинд заасан сонгон шалгаруулалт явуулаагүй үндэслэлээр шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх нь эргэлзээтэй тул гэмт хэргийн шинжтэй үйлдэл үү, захиргааны эрх зүйн хэм хэмжээний зөрчил үү /захиргааны шүүхийн харъяаллын асуудал/ гэдгийг эргэлзээгүй нотлох нь зүйтэй.

Мөн нийтийн албан тушаалтан биш Г.З, Н.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн хамжигч” гэснийг хэрэглэн прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж өөрчлөн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.О, Н.О, Г.З нарт холбогдох 1702001240022 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.О, Н.О, Г.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХӨӨ

              ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ