Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т.Х /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г;

Хариуцагч: Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л нарын хооронд үүссэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу С дүүргийн 19 дүгээр хороо, С замаас хойш С гудамжны ******* дугаар хашаа хүртэл 1 км хатуу хучилттай авто зам нь Т.Хын эзэмшил газартай давхацсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх шаардлага[1] бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Нны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:

1.1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа: С дүүргийн 19 дүгээр хороо, С замаас хойш С гудамжны ******* дүгээр хашаа хүртэл 1 км хатуу хучилттай авто замын чигийг зөвшөөрсөн зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа С дүүргийн 19 дүгээр хороо, С замаас хойш С гудамжны ******* дүгээр хашаа хүртэл 1 км хатуу хучилттай авто зам нь Т.Хын эзэмшил газартай давхацсан болохыг тогтоолгох гэж тодорхойлж, үүнийгээ бичгээр гаргаж шүүхэд ирүүлсэн.

1.3.Шүүхээс нэхэмжлэгчид хандан захиргааны хэргийн шүүх нь газар давхацсан гэх шийдвэр гаргадаггүй, зөвхөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-103.3.14-т заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргадаг болохыг сануулж, нэхэмжлэлийн шаардлагаа уг хуулийн заалтын альд хамааруулж шийдвэрлүүлэх гэж байгаа болохыг тодруулахыг шаардахад, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр тодруулахгүй гэж мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй гэж тайлбарласан болно.

1.4.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг албадан, эсхүл хүч хэрэглэн тодруулах, бичгээр гаргуулах эрхгүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан зөвлөмжид заасан аргачлалаар нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн болно.

1.5.Хариуцагчаас уг өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан газар давхацсан болохыг тогтоох эрх бүхий этгээд нь шүүх биш тул нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүнгээр зүйлийн 54.1.1, 54.1.2, 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахыг шүүхээс шаардсан боловч шүүх хүлээн аваагүй, нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

1.6.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу 1 км хатуу хучилттай авто зам нь Т.Хын эзэмшил газартай давхацсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэж үзээд хариуцагчийн маргаж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн.

1.7.Учир нь шүүхийн шаардсанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөөгүй нь нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах, хэргийг шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийн дагуу гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд түүний шүүхээр сэргээлгэхээр шаардаж буй хүсэл зориг нь өөрийнх нь эзэмшиж буй газар дээр нь давхцуулан зам тавьсны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хянах нь зүйтэй гэж үзэн хэргийг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж байна.

1.8.Хариуцагчаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийг уг газар дээр 2020 онд зам тавьж эхлэхэд Т.Х нь Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж гомдлоо гаргаж, гомдлыг нь шийдвэрлэж хариу өгсөн байсан учраас уг хугацаанаас тооцож нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэх агуулгаар шүүхээс шаардсаныг хүлээн авах үндэслэлгүй байна.

1.9.Учир нь нэхэмжлэгч Т.Х нь С дүүргийн 19 дүгээр хороо, С гудамж нэртэй газарт эзэмшиж байгаа газартай нь шинээр тавьж буй зам давхацсан гэдгийг мэдээгүй, шүүхийн шинжээчийн дүгнэлт гарснаар мэдсэн гэж тайлбарлаж байгаа ба Т.Хаас 2020 он, 2021 онд хандаж гаргаж байсан гомдлуудаас дүгнэвэл, тэрээр өөрийн эзэмшиж буй газартай давхацсан тул давхцалыг арилгуулах, нөхөн олговор авах зэрэг асуудлаар гомдол хүсэлт гаргаж байгаагүй, гомдлын агуулга нь хөрш газар эзэмшигчийг газраа хууль бусаар хашсанаас үүдэн замын трасс нь өөрийнх нь эзэмшиж буй газар руу орсон, замын трасс буруу тавигдсан гэх агуулгаар маргаж байснаас үзвэл уг авто замыг өөрийнх нь эзэмшил газартай давхацсан зөрчлийг арилгуулахаар буюу замын трассыг өөрчлүүлэхээр шаардаж байсан байна.

1.10.Нөгөө талаас Нийслэлийн Засаг дарга болон Н нь Т.Хын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гомдлыг хянаад 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шийдвэрлэсэн гэдэг Бүртгэл хяналтын карт /ХХ-1-н 46-49 дэх талд/ байна.

1.11.Хариуцагчаас Т.Хын уг гомдлыг шийдвэрлээд хариу гарсан талаар гар утсанд нь мессеж илгээж мэдэгдсэн тул 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн гэж тайлбарласан бол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуг өгсөн талаар мэдэгдээгүй, бид мэдээгүй байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс гомдлын хариуг хэзээ авсан талаарх нотлох баримтаа хавсаргахыг шаардсаны дагуу бид хүсэлт гаргаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Бүртгэл хяналтын картыг хуулбарлан авснаар хариу гарсныг мэдсэн гэж маргасан.

1.12.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасан байна.

1.13.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т.Хын гомдлыг шийдвэрлээд өгсөн хариугаа хэрхэн мэдэгдсэн талаар баримтжуулсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул гомдлын хариуг мэдэгдсэн гэдгээ шүүхэд нотолж чадаагүй гэж үзэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх гомдлыг хүлээн аваагүй болно.

Хоёр. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Т.Х нь С дүүргийн 19-р хороо С гудамж нэгж талбарын 305705826 дугаартай зуслангийн зориулалттай газрыг 2012 оноос хойш 15 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа. Уг газартай холбоотой газрын цэг өөрчлүүлэхээр 3 шатны шүүхэд хандахад 2012 онд авсан кадастрын цэгээр газраа эзэмших нь зүйтэй байна гэсэн агуулгаар шийдвэр гарсан. С дүүрэг С замаас хойш 1 км хатуу хучилтай авто замын чиг Хын газар дээгүүр дайрч өнгөрсөн учраас үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга, С дүүргийн Засаг дарга зэрэг холбогдох албан тушаалтнуудад 2021 оны 03, 05 саруудад гомдол гаргаад явахад шийдвэрлэхгүй байсан учраас 2021 онд Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэрэг үүсгээд явахад авто замын чигийг илт хууль бус болохыг тогтоолгох агуулгатай нэхэмжлэл гаргаад явахад хариуцагчийн зүгээс давхцаагүй гэдэг агуулгатай хариу тайлбар ирүүлдэг учраас давхцалтай байгааг тогтоож өгөөч гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэгт заасан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэсэн агуулгатайгаар шүүх шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Иймд С дүүргийн 19-р хороо С замаас хойш С гудамжны ******* тоот хашаа хүртэлх 1 км хатуу хучилттай авто зам иргэн Т.Хын эзэмшил газартай давхцалтай болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гаргуулах хүсэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэг бол эрх зүйн харилцаа байгаа эсэхийг хүлээн зөвшөөрөх гэсэн заалт байгаа. Давхцалтай эсэхийг тогтоох байгууллага захиргааны хэргийн шүүх мөн эсэхийг нягтлах хэрэгтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Н нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан чиг үүргийн хүрээнд ажил үүргийг хэрэгжүүлдэг. Иргэн Т.Хын зүгээс 2020 оны 05 сарын 30-ны өдөр болон хэрэгт авагдсан өргөдлүүдийг харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдож байна. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргадаг давхцалтай эсэх талаар тогтоодоггүй эрх бүхий захиргааны байгууллага тогтоодог учраас уг шүүхийн харьяаллын бус гэж үзэж байх тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү. : Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас ирсэн дүгнэлтээр газар давхцалтай гэдэг нь тогтоогдож байгаа. Гэхдээ тус замыг тавихаас өмнөх анхны зургийг үзэхэд Т.Х тухайн нэгж талбар дээр эргэлтийн цэг тэмдгийн дагуу хашаагаа бариагүй. Анхнаасаа зам байсан учраас түүн дээр зам барьсан нь тогтоогддог. Давхцалтай хэсэг дээрээ нөхөн төлбөр авах боломжтой гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэг.Маргааны үйл баримтад:

1.1.Энэ хэрэгт нэхэмжлэгч Т.Х нь өөрийн эзэмшлийн зуслангийн газартай давхцуулан авто зам-ыг тавьсан үйл баримтыг газрыг давхцуулсан эрх зүйн харилцаа байгаа болохыг шүүхээр хүлээн зөвшөөрүүлэх-ээр маргасан болно.

1.2.Иймд анхан шатны шүүхээс Т.Хын эзэмшил газрыг давхцуулан автозам барих хууль зүйн үндэслэл байсан эсэх, үүнийг шүүхээс хүлээн зөвшөөрөх шаардлагатай эрх зүйн харилцаа байгаа эсэхэд дүгнэлт хийж байна.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч Т.Х нь С дүүргийн 19 дүгээр хороо, С гудамж нэртэй газарт, 3******* дугаартай нэгж талбар бүхий 700 метр квадрат газрыг 15 жилийн хугацаагаар, зуслангийн зориулалтаар эзэмших эрхийг 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 0******* дугаар гэрчилгээ /ХХ-1-н 5 дахь тал/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний /ХХ-1-н 7-8 дахь тал/ үндсэн дээр олж авч, уг эзэмшил газрын хилийн заагийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн /ХХ-1-н 6 дахь тал/ байна.

2.2.Т.Х нь мөн газарт, 1******* дугаартай нэгж талбар бүхий 422 метр квадрат газрыг эзэмшдэг байна.

2.3.Нэхэмжлэгч Т.Хын дээрх газруудаас энэхүү маргаанд түүний 0******* дугаар гэрчилгээтэй, 3******* дугаартай нэгж талбар бүхий 700 метр квадрат газрын тухай хэлэлцэгдсэн болно.

2.4.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/125 дугаар захирамжаар /ХХ-1-ийн 178 дахь талд/ Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Гэр хорооллын авто замын ажлын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталсан байх бөгөөд хавсралтын 5-д Ц******* хойш үргэлжлэх 1.0 км авто зам /С*******,*******/ гэснээр дээрх чиглэлд автозамыг барьж байгуулахаар шийдвэрлэжээ.

2.6.Уг автозамын байгууламжийг барихад шаардлагатай Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Г******* дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар гарчээ.

2.7.Энэ төслийн ажлын захиалагч Нийслэлийн автозамын хөгжлийн газар нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зохих этгээдүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хот, С дүүрэг, 19 дүгээр хороо, Ц******* хойш үргэлжлэх авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөлд 1******* дугаар бүхий Магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулсан байна. /ХХ-1-ийн 146 дахь талд/

2.8.Эдгээр баримт бичгийг үндэслэн Автозамын зураг төсөл боловсруулах даалгавар гэх баримт бичиг үйлдэгдэн, Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн автозамын газрын дарга нар зөвшөөрч, тус тус С дүүрэг, 19 дүгээр хороо, Ц******* хойш үргэлжлэх автозамыг трассыг баталсан байна. /ХХ-1-ийн 217-220 дахь талд/

2.9.Энэхүү автозам нь 2020 онд бүрэн баригдаж дууссан байгаа ба талууд энэ талаар маргаагүй болно.

2.10.Харин Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2020 онд баригдсан С дүүргийн 19 дүгээр хороо, С гудамж дахь Ц******* хойш үргэлжлэх 1.0 км авто замын трасс нь Т.Хын эзэмших С дүүргийн 19 дүгээр хороо, С гудамж нэртэй газар дахь 3******* дугаартай нэгж талбар бүхий 700 метр квадрат газартай 57 метр квадратаар давхацсан болох нь Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /ХХ-2-н 97-100 дахь тал/, уг дүгнэлтийг тодруулах зорилгоор шүүхээс үзлэгийн журмаар шинжээч нараар тодруулж хэмжүүлсэн зураг /ХХ-2-н 162-165 дахь тал/ зэргээр нотлогдож үйл баримтууд тогтоогдсон байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газар давхацсан эрх зүйн харилцаа байгаа болохыг зөвшөөрүүлэх буюу тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хувьд энэ нэхэмжлэлээр эрх зүйн хамгаалалт шаардлагатай эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзсэн.

3.2.Өөрөөр хэлбэл, тодорхой асуудлаар эрх зүйн харилцаа байгаа эсэхэд талууд маргаж байгаа эсэх, талууд маргаж байгаа бол эрх зүйн хамгаалалт шаардлагатай эсэхийг шүүх шалгаж шийдвэрлэх юм.

3.3.Тухайлбал, эрх зүйн харилцаа гэдэг нь эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж тодорхойлогдсон, төрийн засаглалын хүч дэмжлэгээр хамгаалагдсан, уг харилцааны субъектийн эрх, үүрэг, хариуцлагын тогтолцооны нэгдэл, харилцан уялдаагаар илэрхийлэгддэг харилцаа юм.

3.4.Иймд нэхэмжлэгч Т.Х нь С дүүргийн 19 дүгээр хороо, С гудамж нэртэй газарт 700 метр квадрат газрыг эзэмшиж байгаа үйл баримт нь төр болон Т.Хын хооронд газрын эрх зүйн харилцаа үүссэн, тэдгээр нь газрын эрх зүйн харилцааны оролцогч мөн юм.

3.5.Хариуцагчаас Т.Хтай газрын эрх зүйн харилцаа байхгүй, үүсээгүй гэж, эсхүл аливаа байдлаар хэн нэгнийхээ өмнө эрх, үүрэг үүссэн, хариуцлага тооцох ёстой гэж маргаагүй, ийм эрх зүйн маргаан үүсээгүй байна.

3.6.Нөгөө талаас Т.Хын эзэмшиж буй С дүүргийн 19 дүгээр хороо, С гудамж нэртэй газарт 700 метр квадрат газраас 57 метр квадрат газар нь тус хорооны нутаг дэвсгэрээр явж өнгөрөх 1.0 км замын трасстай давхцаж байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

3.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг давхцалын талаар маргахгүй, шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцээгүй тул 57 метр квадрат газраар давхцуулан автозам тавьж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдэгтэй маргаагүй тул ийм эрх зүйн маргаан ч үүсээгүй болох нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн гаргасан хариу тайлбараар.

3.8.Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан тогтоох нэхэмжлэлийн шаардлагын дагуу тодорхой төрлийн эрх зүйн харилцаа байгаа эсэхэд талууд маргаж байгаа тохиолдолд уг эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан эзэмшил газар нь авто замтай давхацсан эрх зүйн харилцаа гэдэг эрх зүйн ойлголт байхгүй болно.

3.9.Өөрөөр хэлбэл, Т.Хын эзэмшил газар нь Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр тавьсан авто замын трасстай давхацсан эрх зүйн харилцаа гэдэг эрх зүйн ойлголт байхгүй тул ийм эрх зүйн харилцаа байгаа болохыг шүүхээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэгчид эрх зүйн харилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрөх нөхцөл бүхий эрх зүйн хамгаалалт шаардлагатай болоогүй байна.

3.10.Харин Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр тавьсан авто замын трассыг Т.Хын эзэмшил газартай 57 метрээр давхцуулсан үйл баримт, газрын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн буюу Т.Хын газар эзэмших эрхийг хөндсөн эрх зүйн зөрчилтэй үйл баримт юм.

3.11.Анхан шатны шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн эрх зөрчигдсөн, үүрэг хүлээсэн, эсхүл хариуцлага хүлээлгэх үндэслэлд хамаарах үйл баримтыг тогтоох эрх хэмжээтэй учраас дээр дурдсан дагуу нэхэмжлэгч Т.Хын эзэмших газрын 57 метр квадрат газартай автозамыг давхцуулан тавьсан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь давхацсан хэсгээр хөндөгдсөн болохыг тогтоож, дүгнэлт хийж өгөх нь зүйтэй гэж үзлээ.

3.12.Нэхэмжлэгч нь энэ хэрэгт газрыг давхцуулсны улмаас захиргааны актыг хүчингүй болгуулах, улмаар эзэмшил газрын давхацсан хэмжээгээр газрыг солих, эсхүл нөхөх олговор авах гэдгээр маргаагүй тул ийм асуудал анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй бөгөөд шүүх ийм асуудалд дүгнэлт өгөөгүй болно.

3.13.Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэжээ.

3.14.Нэхэмжлэгч Т.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаараа газар эзэмшихтэй холбоотой ямар эрхийн хамгаалалт хийлгэх гэж байгаагаа тодорхойлж чадаагүй боловч нэгэнт өөрөө газар эзэмших эрхтэй холбоотой эрх зүйн маргаантай гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцсон тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд нь дүгнэлт өгч, хэргийг шүүх шийдвэрээрээ шийдвэрлэж эцэслэх нь зүйтэй гэж үзсэн болно.

3.15.Дээрх хууль зүйн үндэслэл болон эрх зүйн ойлголтуудыг үндэслэн Т.Хын эзэмшил газрыг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр тавьсан автозамын трасстай давхцуулсан эрх зүйн харилцаа байгаа болохыг шүүхээс хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжгүй, ийм харилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид эрх зүйн хамгаалалт хийх шаардлага тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, захиргааны байгууллагын С дүүрэг, 19 дүгээр хороо, Ц******* хойш үргэлжлэх авто замын чиг тогтоосон үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

4.2.С дүүрэг, 19 дүгээр хороо, Ц******* хойш үргэлжлэх 1.0 км авто замын төслийн ажлын гүйцэтгэгчийг Тендер шалгаруулалтаар шалгаруулсан болох нотлох баримт хэрэг авагдсан байгаа боловч энэ нь маргаанд хамааралгүй үйл баримт тул шүүх нэмж нотлох баримт цуглуулах, тендер шалгаруулалтын талаар дүгнэлт өгөх, нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 60 дугаар 60.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Хын С дүүргийн 19 дүгээр хороо, С замаас хойш С гудамжны ******* дугаар хашаа хүртэл 1 км хатуу хучилттай авто зам нь Т.Хын эзэмшил газартай давхацсан эрх зүйн харилцаа байгаа болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нөхөн төлүүлэх шүүхийн зардал буюу шүүхээс урьдчилан төлсөн шинжээчийн зардал 851519 төгрөгийг нэхэмжлэгч Т.Хаас гаргуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Т.Хаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ