Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1180

 

 

 

 

 

 

 

 

 

                                           И.Т-ын нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00951 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч И.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “М Д” ХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 88 695 484 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч И.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И.Т-, Г.Болдбаатар нар нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “М Д” ХК-тай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар тохирсон. Даатгуулагч Г.Болдбаатар нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд Г.Болдбаатарын эхнэрийн хувьд И.Т- би 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “М Д” ХК-нд хандаж “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-ний дагуу даатгалын нөхөн төлбөр авах тухай хүсэлт гаргасан. Гэтэл “М Д” ХК-аас 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 18/2827 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Улмаар “М Д” ХК нь даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг гаргуулж өгөхийг хүсэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 9/533 дугаартай албан бичгээр үндсэн, эсхүл хамтран зээлдэгчид даатгалын тохиолдол учирсан нөхцөлд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг аль нэгд нь 100 хувиар тооцож олгогдохоор байна. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл үүссэн эсэхэд талууд маргаж байх тул шүүхийн байгууллагад хандаж тогтоолгох нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Миний нөхөр Г.Болдбаатар нь өвчний улмаас нас барсан бөгөөд даатгалын нөхөн төлбөр авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул даатгалын нөхөн төлбөр 88 695 484 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М Д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгчийн гэнэтийн ослын №1603010996 тоот даатгалын гэрээний даатгуулагч Б.Т-аас ирүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн нөхөн төлбөр олгуулахыг хүссэн хүсэлт, түүнд холбогдох материалуудыг судлан үзэхэд даатгуулагч И.Т-ын нөхөр хамтран зээлдэгч Г.Болдбаатар нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 09:40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 10 дугаар байр 125 тоотод өөрийн гэртээ усанд орж байгаад зүрхний архаг ишмет өвчин улмаас нас барсан байсан.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 210 тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3.8.1-д Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан бол зээлийн үлдэгдэл дүн гэж заасан, Даатгалын гэрээний 8-д Гэнэт ослын даатгалын хамгаалалт түүний “Нөхөн төлбөр” хэсэг даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож төлнө. Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнд тусгасан үүргийн хувиар тооцно гэх заалтыг тус үндэслэн нөхөн төлбөрийн тооцооллыг гаргана. Харин нас барсан хамтран зээлдэгч Г.Болдбаатарын зээл хариуцах хувь 0% буюу Голомт банкны орон сууцны зээлийн хурлын шийдвэр, өрхийн орлогын мэдээлэл хэсэгт зээлдэгч И.Т- нь өөрийн орлогын хэмжээг 2 251 638 төгрөгөөр нотолж тус зээлийг 100% дангаараа хариуцахаар тогтоосон байх бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Голомт банкны №04/184 тоот зээлдэгчид олгогдох даатгалын нөхөн төлбөрийн хувийг тодруулах тухай албан бичигт үндсэн зээлдэгч: Иванов овогтой Туул 100%, хамтран зээлдэгч: Гомбосүрэн овогтой Болдбаатар 0% гэж тодорхойлсны дагуу нас барсан зээлдэгч Г.Болдбаатарт оногдох нөхөн төлбөрийн хувь 0% байх тул Даатгалын компани нөхөн төлбөр хариуцах үүрэггүй болно.

Мөн БЗД-ийн Прокурорын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2227 тоот тогтоолд Г.Болдбаатар нь зүрхний архаг ишмет өвчний улмаас эмчийн байнгын хяналтад байж байгаад гэртээ нас барсан гэж тогтоосон байх тул Даатгалын гэрээний 8 дугаар хэсгийн нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 7 дугаар зүйлд Архаг хууч өвчний улмаас үүдэх хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн байна.

Иймд даатгалын гэрээний 8 гэнэт ослын даатгалын хамгаалалт түүний Нөхөн төлбөр хэсэг Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож төлнө. Даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнд тусгасан үүргийн хувиар тооцно гэх заалт болон 8 дугаар хэсгийн нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 7 дугаар зүйлд Архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол нөхөн төлбөр олгохгүй гэх заалтыг үндэслэн хамтран зээлдэгч Г.Болдбаатарт нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй юм. Иймд И.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Т-ын хариуцагч Мандал даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 88 695 484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар И.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч И.Т-, түүний өмгөөлөгч Г.Б нар давж заалдах гомдолдоо:

... И.Т-ийн нэхэмжлэлтэй, МД ХХК хариуцагчтай даатгалын нөхөн төлбөрт 88 695 484 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00951 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. И.Т-, Г.Болдбаатар нар нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 215 тоот орон сууцыг Төрийн банкны зээлээр авсан. Тухайн үед Голомт банкны шаардлагын дагуу 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр өдөр Мандал даатгал ХХК -нд И.Т-, Г.Болдбаатар нар нь амь насаа даатгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Голомт банкнаас зээлдэгчдээ тавьж байгаа шаардлага, стандарт нөхцөлийн хүрээнд даатгалын гэрээ байгуулсан бөгөөд өөрөө хүсч байгуулаагүй, Мандал даатгал ХХК-аас ч даатгалын гэрээний агуулгыг тайлбарлаж ойлгуулаагүйгээс шалтгаалан И.Т-, Г.Болдбаатар нар нь амь насаа л даатгуулж байна гэж ойлгосон байдаг. Гэтэл Мандал даатгал ХХК нь өөрийн эрх ашгийг хамгаалсан, даатгагчид илт байдал байгуулсан гэрээг тулган байгуулж түүнийг нь анхан шатны шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй", зохигчид орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэж тайлбарлаж байгаад гомдолтой байна.

1.И.Т-ын хувьд ямар шалтгаан гэдгээс үл шалтгаалан амь нас эрсэдсэн тохиолдолд даатгал үйлчлэн гэж ойлгосон бөгөөд даатгагчийн зүгээс дээрх байдалд тодруулга хийж тайлбарлаж өгөөгүй, амь насны даатгал л гэж ойлгуулсан байдаг.

2. М Г.Болдбаатарын хувьд нас барсан шалтгаан нь архаг ишмет өвчин цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэт нас барсан нь гэнэтийн осол буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад хамаарч байхад шүүхээс хамааруулах үндэслэлгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00951 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч И.Т- “М Д” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 88 695 484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч байгууллагатай “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ” байгуулсан бөгөөд даатгуулагч гэнэтийн осол өвчний улмаас нас барсан тул нөхөн төлбөр гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд И.Т- Г.Болдбаатар нар нь Голомт банктай 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Орон сууцны зээлийн гэрээ”, “М Д” ХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-г тус тус байгуулсан байна.

 

            Талуудын хооронд байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”, “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”-нүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

            Анхан шатны шүүх Даатгалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... даатгуулагч нас барах эсхүл хөдөлмөрийн чадвараа алдсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрөөс хассан дүнгээс тооцно гэж заасан бөгөөд Г.Болдбаатарт оногдох нөхөн төлбөрийн 0% гэж тодорхойлсон тул нөхөн төлбөр төлөхгүй, мөн тэрээр зүрхний архаг ишмет өвчний улмаас байнгын эмчийн хяналтад байсан тул даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 7-д заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн гэж тайлбарлажээ.

 

            Гэрээний 2.1-д даатгуулагч гэнэтийн осол өвчний улмаас амь насаа алдах, 2.2-т гэнэтийн ослын улмаас зээлдэгч хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах тохиолдолд даатгалд хамрагдахаар тохиролцсон байна.

 

            Даатгуулагч Г.Болдбаатар 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан байх бөгөөд анхан шатны шүүх талийгаач Г.Болдбаатар нь зүрхний архаг ишмет өвчний улмаас нас барсан эмчийн байнгын хяналтад байдаг болох нь прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22/27 тоот тогтоолоор тогтоогдсон байх бөгөөд дээрх өвчний улмаас нас барсан нь нөхөн төлбөрт олгохгүй нөхцөлүүдийн 7-д хамаарч байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

 

            Учир нь талийгаачийн нас барсан шалтгаан өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдсон байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул хариуцагч байгууллагаас даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Г.Болдбаатар нь орон сууцны зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч байх тул зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй үнийн дүнгийн 50%-ийг талийгаачид ногдох хувь гэж үзэж 44 347 742 төгрөгийг даатгалын байгууллагаас гаргаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах боломжтой юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00951 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М Д” ХК-аас 44 347 742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44 347 742 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн 2 дахь заалтад “... хариуцагч “М Д” ХК-аас 379 688 төгрөгийг гаргуулж И.Т-д олгосугай” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Т-аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

      ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО