Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2023/00063

 

 

 

 

 

2022 12 26

181/ШШ2023/00063

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Ж ,

 

Хариуцагч: Д.О  нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30,172,073.60 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Д.Ч,

Хариуцагч болоод хариуцагч Д.О гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н.Ж , Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,172,073.60 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...зээлдэгч Н.Ж , Д.О нар нь Х тай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1510016455 дугаар зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн буюу 365 хоногт 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар холимог зориулалтаар зээл авсан. Банк нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1510016455 дугаар зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг зээлдэгч Н.Ж ы Х дахь 5002553399 дугаартай дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээнд Д.О нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 14,251,166.64 төгрөг, зээлийн хүүд 4,187,356.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 656.79 төгрөг, нийт 18,439,179.94 төгрөгийг банкинд төлсөн. Зээлдэгч Н.Ж , Д.О нар нь 1510016455 дугаар зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг төлөхгүй 1097 хоног хугацаа хэтрүүлсэн, Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч хоорондоо тохиролцож, эвлэрч чадаагүй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1510016455 дугаар зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөр нэг талын санаачлагаар тасалбар болгон цуцалж, төлөгдөөгүй төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 15,748,833.36 төгрөг, зээлийн хүү 13,142,204.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,281,036.14 төгрөг, нийт 30,172,073.60 төгрөгийг Н.Ж , Д.О нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харилцагч хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэндийн байдлаа баталгаажуулаад хүсэлт гаргасан тохиолдолд төв алба руу илгээгээд шийдвэрлүүлдэг. Харилцагчид хандаж хүсэлт гаргаж өгөх талаар хэлэхэд ах нь бага багаар төлөөд болгоно гэж хэлдэг байсан. Эвлэрүүлэн зуучлалд хандаад зээлийн хүүг 50 хувиар хөнгөлж өгье, төлбөрөө төлнө үү гэхэд би энэ төлбөрийг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Банк зээлийн хүүг 100 хувь хөнгөлсөн тохиолдол байдаггүй. ... гэв.

2. Хариуцагч болоод хариуцагч Д.О гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Миний бие Х наас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1510016455 дугаар зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг аваад төлж байгаад үлдэгдэл 14,500,000 төгрөгт зээлийн хүү 4,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 656,700 төгрөг, нийт 18,439,179 төгрөгийг төлсөн. Одоо болохоор надаас 15,478,833.36 төгрөг, эхний хүүд 13,142,204.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,281,035.14 төгрөг, нийт 30,172,073.60 төгрөг нэмж зовоогоод байна. Тухайн үед төлбөрөө төлж чадахгүй байгаагаа хэлж, удаа дараа гуйж байхад намайг загнаж, үг сонсохгүй сэтгэл санааны хүнд байдалд оруулж байсан. Би ядаж үндсэн зээлээ төлье гэж удаа дараа гуйсан. Би Хаан банкнаас тэтгэвэр авдаг. Уг байгууллагад зээлтэй болохоор миний тэтгэврээс аваад надад жаахан мөнгө үлдээдэг. Өөр орлого байхгүй учраас ийм хүнд байдалд орсон. Миний бие ам бүл 4, эхнэр маань олон жил үе мөчний өвчтэй, том охин маань ходоодны шархтай, бага охин маань Отгонтэнгэр сургуульд ороод 1 жил суралцаад төлбөрөө төлж чадахгүйн учир гарсан. Одоо хүртэл тэр сургуульд 2,100,000 төгрөгийг төлөөгүй, бичиг баримтаа аваагүй, ажилд орж чадахгүй байгаа. Ингээд өөрийн гэсэн орох оронгүй түрээсийн байраар амьдарч байна. Ийм учраас өдий хүртэл төлбөрөө төлж чадахгүй явна. Үндсэн мөнгөө сард 100,000 төгрөгөөр төлье гэж гуйгаад дийлээгүй. Харин ч загнуулаад хүнд байсан. Миний энэ амьдралыг бодоод нааштай хариу өгөх байх гэж хүлээж байя. Ядуу амьдрахын зовлонг нүдээрээ үзэж, бие сэтгэлээрээ мэдэрч явна, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдаг юм байна. Ядраад ирэхэд ах дүү, найз нөхөд бүгд зайгаа барьж байна. Миний бие 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хоёрдугаар эмнэлэгт чихний хагалгаанд орсон. Зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрнө. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй. ... гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Х ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Н.Ж , Д.О нартай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1510016455 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, мөн өдрийн Н.Ж тай байгуулсан 1510016455-01 дүгээр Барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, хамтран өмчлөгчийн зөвшөөрлийн хуулбар, Х дахь Н.Ж ы 5002553399 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансны хуулга /2018.10.15-2018.10.15/, бичил зээлийн 1510016455 дугаартай дансны хуулга /2016.07.06-2022.07.06/, зээлийн өргөдөл, зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, шаардах хуудас /хувилсан хувь/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 ны 8 дугаар сарын 01-ний өдрийн 121 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 4-22/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Хаан банктай байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 202248965478 дугаар Тэтгэврийн зээлийн гэрээ болон Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Эмнэлгээс гарах үеийн эпикриз-н хувилсан хувиуд /хх 36-37/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н.Ж , Д.О нараас үндсэн зээлийн төлбөрт 15,748,833.36 төгрөг, хүү 13,142,204.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,281,036.14 төгрөг буюу нийт 30,172,073.60 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч болоод хариуцагч Д.О гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр болох 15,748,833.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсэг болох хүү 13,142,204.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,281,036.14 төгрөгийг ...би тэтгэврээс өөр орлогогүй, тэтгэврийн зээл суутгагдаад надад жаахан мөнгө үлддэг, ажил хийх чадваргүй болсон, эхнэр Д.О нь үе мөчний өвчтэй болоод олон жил болж байна, том охин маань ходоодны шархтай, бага охин маань төлбөр төлөөгүйн улмаас их сургуулиасаа гарсан, бичиг баримтаа авч чадахгүй байгаа тул ажилд орж чадахгүй байна, бид өөрсдийн гэсэн гэр оронгүй түрээсийн байранд амьдарч байгаа... гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Х ХХК болон Н.Ж , Д.О нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1510016455 дугаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Х ХХК нь холимог зориулалтаар 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээг зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч Н.Ж , Д.О нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд сар бүр тогтоосон хэмжээгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Зээлийн гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байх тул шүүх энэхүү гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэлбэрийн болон хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдүүлэгч Х ХХК нь зээлийн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлдэгч Н.Ж ы 1510016455 дугаар дансаар шилжүүлэн олгосон болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэргээр нотлогдсон, зээлдэгч нар нь үндсэн зээлд 14,251,166.64 төгрөг, зээлийн хүүд 4,187,356.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 656.79 төгрөг буюу нийт 18,439,179.94 төгрөгийг хуваарь зөрчин буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд үүнд маргаагүй.

Гэрээний үүргийн зөрчлийг арилгуулах талаар зээлдүүлэгч нь 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр шаардах хуудас хүргүүлж байсан боловч тогтоосон хугацаанаас өмнө зөрчлийг арилгаагүй, эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч үр дүн гараагүй тул зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөр цуцалсан нь зээлийн гэрээний 5.1.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь зохицуулалтад нийцжээ.

Зээлийн гэрээ ийнхүү цуцлагдсанаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдахгүй, гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр хадгалагдах тул шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн үндсэн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн зээл 15,748,833.36 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар бодогдсон хүү 13,142,204.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,281,036.14 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэж үзлээ.

Хариуцагч болоод хариуцагч Д.О гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нь нэхэмжлэлээр шаардсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ болон төлөгдсөн төлбөрийн хэмжээнд маргаагүй боловч ...би тэтгэврээс өөр орлогогүй, тэтгэврийн зээл суутгагдаад надад жаахан мөнгө үлддэг, ажил хийх чадваргүй болсон, эхнэр Д.О нь үе мөчний өвчтэй болоод олон жил болж байна, том охин маань ходоодны шархтай, бага охин маань төлбөр төлөөгүйн улмаас их сургуулиасаа гарсан, бичиг баримтаа авч чадахгүй байгаа тул ажилд орж чадахгүй байна, бид өөрсдийн гэсэн гэр оронгүй түрээсийн байранд амьдарч байгаа... гэх үндэслэлүүдээр хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, харин үндсэн зээлийн төлбөр 15,748,833.36 төгрөгийг төлнө гэсэн тайлбар гаргав.

Гэвч хариуцагч нар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогогүй болсон нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд зээлийн гэрээний нөхцөлтэй холбоотой асуудлаар хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлсэн хүсэлтийг зээлдэгч байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх арга хэмжээг аваагүй байна.

Үүний зэрэгцээгээр хариуцагч шүүхэд гаргасан тайлбараа хуулийн шаардлага хангасан баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчим Иргэний эрх зүйн харилцаанд үйлчилдэг тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч нараас нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүлээдэг тул хариуцагч нар 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Н.Ж , Д.О нараас үндсэн зээлийн төлбөрт 15,748,833.36 төгрөг, хүү 13,142,204.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,281,036.14 төгрөг буюу нийт 30,172,073.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Ж , Д.О нараас 30,172,073.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 308,811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН