| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2022/01102/И |
| Дугаар | 155/ШШ2023/00266 |
| Огноо | 2023-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2023/00266
| 2023 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2023/00266 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын 5, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Голомт банкны Хөвсгөл салбар,
Хариуцагч: Г.М
Хариуцагч: Н.О
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт 9,925,964.95 (есөн сая есөн зуун хорин таван мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг (ерэн тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2022/01102/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагч Г.М (цахимаар), Н.О (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.С шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М, Н.О нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт 9,925,964.95 (есөн сая есөн зуун хорин таван мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг (ерэн тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.М, Н.О нар нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж, дугаар ЗГ4905108554 зээлийн гэрээ байгуулан, 17,900,000 (арван долоон сая есөн зуун мянга) төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт төлбөр 9,925,964.95 (есөн сая есөн зуун хорин таван мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг (ерэн тав) мөнгийг хариуцагч Г.М, Н.О нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Голомт банкны Хөвсгөл салбарт харилцааны менежер ажилтай, Мэргэд овогт Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Г.М, Н.О нар нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нийт 17,900,000 төгрөгийн цалингийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй авсан байдаг. Харилцагч нар зээлийн гэрээний 2.3, 2.4 дэх заалтуудыг удаа дараа зөрчиж, 2022 оны 8 дугаар сараас хойш огт төлөлт хийхгүй болж, зээлийн хугацаа хэтэрч 278 хоног болсон. Энэ хугацаанд зээлээ төлөхийг биеэр очиж уулзах, бичгээр мэдэгдлүүд өгч, зөрчлөө арилгаад цаашид зээлээ хэвийн төлөх боломжийг олгож байсан. Монгол банкны шийдвэр, түүнтэй холбоотой Голомт банкны гүйцэтгэх захирлын гаргасан зээлийн хүүнд өөрчлөлт оруулах тогтоолын дагуу зээлийн хүүг бууруулж, Г.М 2017 онд зээл 1,4 хувийн хүүтэй, 2018 онд зээл 1,3 хувийн хүүтэй авч байсан. Сүүлд зээлийн хүү 1,2 хувь болсон гэж байна. 2018 онд цалингийн зээлийн дээд хугацаа 60 сар байсан. Үүнтэй холбоотой Монгол банкнаас зээлийн төлбөр, орлогын харьцааг арилжааны банкнуудад зааж өгдөг. Н.О нь Г.М тай нэг өдөр 18,000,000 төгрөгийн цалингийн зээл авч Г.М хамтран зээлдэгчээр орсон. Нэг өдөр гэр бүлийн хоёр хүн зэрэг цалингийн зээл авахдаа бие биедээ хамтран зээлдэгч болсон. Н.Оийг жирэмсний амралттай байх үед Г.М-ын зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй байсан. Энэ нь зээлийг 60 сарын хугацаатай авсан, мөн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А/83 тоот тогтоолыг зөрчиж байсан. Дараа нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэхээр 180 хоногоос дээш хугацаа хэтэрч, эргэлзээтэй ангилалд орсон тул зээлд өөрчлөлт оруулахыг манай журамд хориглодог. Хамтран зээлдэгчээр оруулж байгаа нь банк эрсдэлээ хааж байгаа нэг хэлбэр юм. Хамтран зээлдэгч өөрөө зээлийн үйл ажиллагаанд оролцож, зээлдэгч шиг хариуцлага хүлээдэг. Хамтран зээлдэгчийг тухайн зээл хэвийн төлөгдөж байгаа, зээлийн хугацаа богино буюу 12 сараас доош хугацаатай авсан, өрхийн орлогод өөрчлөлт оруулаагүй бол хүсэлт гаргаж чөлөөлж болно. Бусад тохиолдолд банк хамтран зээлдэгчийг чөлөөлөхгүй. Хариуцагч 12 сарын хугацаанд зээлээ 3 хувааж найдвартай төлөхийг мэдэхгүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас бөөн дүнгээр богино хугацаанд 4,962,000 төгрөг төлбөл хариуцагчаас Н.Оийг хасаж болно. Бусад тохиолдолд хамтран хариуцагчаас хасах боломжгүй.
Иймд хариуцагч Г.М, Н.О нараас үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт 9,925,964.95 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Голомт банкнаас 17,900,000 төгрөгийн зээл авч, эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Тус зээлээс 14,000,000 орчим төгрөг төлсөн. Анх 1,4 хувийн хүүтэй авсан зээлийн хүүг 1,2 хувь болгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулья гэхэд банк эхнэр чинь жирэмсний амралттай юм байна гээд хүлээн зөвшөөрөөгүй. Мөн эхнэр Н.О өөрийн цалингийн зээлээ хэвийн төлж байгаа тул хариуцагчаас хасаад өгөөч гэхэд зөвшөөрөөгүй. Үндсэн зээлдэгч нь зээлээ төлөхийг зөвшөөрөөд байхад хамтран зээлдэгчийг хасдагггүй ямар журам байдгийг мэдэхгүй байна. Н.Оийг хариуцагчаас хасвал 4,962,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд багтааж төлөөд үлдэгдэл төлбөрийг графикаар үргэлжлүүлэн төлнө. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Н.О гарын үсэг зурсан боловч тухайн зээлээс авч хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул эргэн төлөлт түүнд хамааралгүй юм.
Би Голомт банкны тооцоолж нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт 9,925,964.95 төгрөгийг төлнө. Надад хугацаа хэрэгтэй байна гэв.
4. Хариуцагч Н.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мтай санал нэг байна. Би өөрөө зээлтэй, сарын орлого бага ч зээлээ хугацаандаа төлж байгаа. Г.М зээлээ өөрөө төлнө гэж байгаа бөгөөд түүний орлого хангалттай хүрч байгаа тул намайг хариуцагчаас хасч өгөхийг хүсэж байна. Би энэ зээлээс төлөлцвөл өөрийнхөө зээлийг төлж чадахгүй болно, энэ байдлыг харгалзан үзээд банкыг уян хатан хандахыг хүсэж байна. Г.М-ын зээлээс төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс: Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000167393 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, А.Ц-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.М-ын зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар болон эх хувь, Г.М, Н.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Н-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-3, 4-7, 8-11, 12-13, 14-15, 72-73, 16, 71 дэхь тал)
6. Шүүх хариуцагч Г.М-ын зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, хугацаа хэтэрсэн хоногийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тооцоолол үнэн зөв эсэх талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, Монгол банкны Хяналт шалгалтын газрыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Мөн хариуцагч Г.М-ын өмгөөлөгч сонгон авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангасан. (хавтаст хэргийн 39, 45-48, 52-62 75, 79-80 дахь тал)
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М, Н.О нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт 9,925,964.95 (есөн сая есөн зуун хорин таван мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг (ерэн тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Г.М, Н.О нар нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нийт 17,900,000 төгрөгийн цалингийн зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний 2.3, 2.4 дэх заалтуудыг удаа дараа зөрчиж байсан ч зээлээ хэвийн төлөх боломж олгож байсан. Хамтран зээлдэгчээр Н.Оийг оруулж байгаа нь банк эрсдэлээ хааж байгаа нэг хэлбэр юм. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас богино хугацаанд бөөн дүнгээр 4,962,000 төгрөг төлбөл Н.Оийг хариуцагчаас хасаж болно. Хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт 9,925,964.95 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
5. Хариуцагч Г.М дараах үндэслэлээр тайлбар өгсөн. Үүнд: Би Голомт банкнаас 17,900,000 төгрөгийн зээл авч, эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Тус зээлээс 14,000,000 орчим төгрөг төлсөн. Н.Оийг хариуцагчаас хасвал 4,962,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд багтааж төлөөд үлдэгдэл төлбөрийг графикаар үргэлжлүүлэн төлнө. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Н.О гарын үсэг зурсан боловч тухайн зээлээс авч хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул эргэн төлөлт түүнд хамааралгүй юм. Би Голомт банкны тооцоолж нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт 9,925,964.95 төгрөгийг төлнө. Надад хугацаа хэрэгтэй байна гэж тайлбарлав.
6. Хариуцагч Н.О нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би өөрөө зээлтэй, сарын орлого бага ч зээлээ хугацаандаа төлж байгаа. Г.М зээлээ өөрөө төлнө гэж байгаа бөгөөд түүний орлого хангалттай хүрч байгаа тул намайг хариуцагчаас хасч өгөхийг хүсэж байна. Би энэ зээлээс төлөлцвөл өөрийнхөө зээлийг төлж чадахгүй болно, энэ байдлыг харгалзан үзээд банкыг уян хатан хандахыг хүсэж байна. Г.М-ын зээлээс төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.
7. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
Хариуцагч Г.М, Н.О нар нь Голомт банкны Хөвсгөл салбараас цалингийн зээл 17,900,000 (арван долоон сая есөн зуун мянга) төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан байна. Тус зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй байгаа үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, Голомт банкны Хөвсгөл салбар, үндсэн зээлдэгч Г.М, хамтран зээлдэгч Н.О нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ4905108554 дугаар зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ. (хавтаст хэргийн 72-73 дахь тал)
Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2022 оны 8 дугаар сараас хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зээлдэгч нарт Голомт банкны Хөвсгөл салбараас хүргүүлсэн мэдэгдэл, тайлбар, Г.М-ын зээлийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 12-13, 8-11 дэхь тал)
Зээл болон барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-т заасан Дараахь тохиолдолд банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна. Үүнд: Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол... гэх үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ4905108554 дугаар зээлийн гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцлагдсан байна гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Голомт банкны Хөвсгөл салбар, зээлдэгч Г.М, Н.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч болох банк зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд хариуцагч Г.М ...Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Н.О гарын үсэг зурсан боловч тухайн зээлээс авч хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул эргэн төлөлт түүнд хамааралгүй юм. Би Голомт банкны тооцоолж нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт 9,925,964.95 төгрөгийг төлнө..., хариуцагч Н.О ...Г.М зээлээ өөрөө төлнө гэж байгаа бөгөөд түүний орлого хангалттай хүрч байгаа тул намайг хариуцагчаас хасч өгөхийг хүсэж байна.... гэх тайлбар гаргаж байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар зээлдэгч нар хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь нэг үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргуулахаар заагаагүй тул Г.М, Н.О нарын хүлээх үүрэг тэнцүү байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарын тайлбарыг зөвшөөрөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болохыг хуулиар зохицуулжээ.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Г.М, Н.О нараас үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт 9,925,964.95 (есөн сая есөн зуун хорин таван мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг (ерэн тав) мөнгө гаргуулан, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,765.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 173,765.44 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож байна.
Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ4905108554 дугаар зээл болон барьцааны гэрээний хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт давхар авагдсан. (хавтаст хэргийн 14-15 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.М, Н.О нараас үндсэн зээлийн төлбөр 9,270,135.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 640,304.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,524.27 төгрөг, нийт 9,925,964.95 (есөн сая есөн зуун хорин таван мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг (ерэн тав) мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,765.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 173,765.44 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА